УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санал нэгтэй дэмжчихлээ. Ганцхан гишүүн эсрэг саналтай байсан нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан байв. Түүний байр суурь нь “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-ийг бүрэн дүүрэн зөрчиж Үндсэн хуульд халдсан гэмт хэрэг үйлдэхгүй гэсэнтэй холбоотой. Түүнийхээр бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг одоогийн УИХ хийх эрхгүй. Ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчилгүй парламент хийх ёстой. Үнэхээр ч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”бол Үндсэн хуулийн гол хамгаалалт мөн. Уг хуулийн 5.4.1-т заасан “Дур зоргын шинжтэй байж болохгүй. Улс төрийн аль нэг намын эрх ашгийг хамгаалсан байж болохгүй.

Үндсэн хуулийг 8 жилийн хугацаанд өөрчилж болохгүй. Журмын тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хуульд юуны өмнө олон нийтээс санал авч хэлэлцүүлэгхийх ёстой гэж заасан. Ерөнхийлөгчийн саналыг 30 хоногийн дотор авсан байх, Засгийн газрын саналыг 30хоногт, Үндсэн хуулийн Цэцийн саналыг 30 хоногийн дотор авсан байх, шаардлагатай бол энэ хугацааг сунгаж болно гэжээ. Үүнээс гадна Үндсэн хуульд гар хүрч болох нөхцөл, үндсэн зарчим, Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тавих шаардлага гээд олон асуудал байна. Энэ бүхэн сонгуулийн пропорциональ тогтолцоотой болох, УИХ-ын гишүүний тоо нэмэх замаар хэсэг бүлэг хүмүүсийг УИХ-д орох хүслээс болж “хийгдэх” нь нам, бүлгийн эрх ашиг гэгч биш юм уу?.Тойрог дээр очиж өрсөлдөхгүйгээр, намаас жагсаалтад орж шууд УИХ-ын гишүүн болон сонирхолтой гишүүдийн эрх ашигт бол нийцнэ. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгчийг дарангуйлагч болох нь гэсэн айдас хүйдэс төрүүлж, Парламентаас “Ерөнхийлөгчийг сонгох нь зүйтэй” гэж үзээд байгаа. Ингэснээр Ард түмэн Ерөнхийлөгчөө сонгох маш том мандатаа УИХ-д алдах нь. Үүн дээр бол Т.Аюурсайхан гишүүний зөв.

Хувь хүнийхээ хувьд би ч гэсэн хардаж байсан. Сонгуулийн тухай хуулиа өөрчлөөд сонгуульд ялдаг. Улс төрийн намуудын тухай хуулиа өөрчлөөд дахиад сонгуульд ялчихдаг. Одоо бүр Үндсэн хуулиа өөрчилж байгаад дахиад сонгуульд ялах нь гэж хардаж байсан. Гэтэл бас учир шалтгаан байх шиг.

 МАНАН бүлэглэл гэгч хөгжлийн тушаанаас салахын тулд, хоёр нам л ээлжлээд засгийн эрх барьж сөрөг хүчинтэй мэт жүжигчилсэн тоглолтын цаана эрх ашгаараа нэгддэг энэ байдлаас салахын тулд ирэх сонгуульд олон намын тогтолцооны боломжийг нээж өгөх оролдогыг эрх баригч нам хийж байгааг өөгшүүлээд дэмжчихмээр санагдана. МАН ирэх сонгуульд ялагдвал мэдээж МАН-д төдийгүй, намын дарга Л.Оюун-Эрдэнэд “хохиролтой”. Гэтэл намынхаа ялалтаар дэнчин тавьж улсын хөгжлийг дээгүүрт тавьж байгаа нь үнэхээр түүний чин сэтгэлийн бодлого мөн бол Л.Оюун-Эрдэнийн зөв. 

 Ямар ч байсан 76 гишүүнтэй парламенттай байхад холимог тогтолцоо зохицдоггүй юм байна. Бидэнд түүх бий. Жишээ нь 2004 оны Улсын Их Хурлын сонгуульд шинээр намууд мэндэлж, улс төрийн 7 нам дангаараа, 3 нам эвсэл болж оролцсоноос МАХН 37, “Эх орон- Ардчилал” эвсэл 35, Бүгд найрамдах нам 1 суудал тус тус авч бие даан нэр дэвшсэн 3 нэр дэвшигч гишүүнээр сонгогдсон. Ингэж сонгуулийн дүнд улс төрийн томоохон хүчнүүдийн харьцангуй тэнцвэртэй төлөөлөл бүхий парламентын олонхи, цөөнхгүй өвөрмөц парламент бүрдсэн нь парламентад суудалтай улс төрийн гол хүчнүүдэд хамтран зөвшилцөж ажиллах түүхэн шинэ боломж нээж өгснөөрөө онцлогтой. Тухайн үед МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, улс нийгмийнхээ хөгжил дэвшлийн төлөө харилцан хяналттай, хамтран ажиллах улс төрийн зөвшилцөөнд хүрч, “Зөвшилцлийн гэрээ” байгуулан хамтарсан Засгийн газар байгуулж ажиллуулсан билээ.

 Улсын Их Хурал дахь “Эх орон-Ардчилал“ эвсэл 2004 оны 12 дугаар сард татан буугдсан хэдий ч төр, засгийн тогтвортой ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Ардчилсан намын болон ИЗБН-аас Улсын Их Хуралд сонгогдсон нийт 26 гишүүн Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт өөрсдийн саналаар нэгдэн орж ажиллажээ. Харин 2005 оны 7 дугаар сард Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг дангаараа ажиллах болсон тухай шийдвэр гаргаснаа мэдэгдсэнээр “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар” өөрчлөгдөн хамтарсан шинэ Засгийн газар байгуулагдсан юм. Ингээд таван өөр намын дарга Засгийн газрын гишүүнээр ороод Парламентыг удирдаж эхэлсэн. Тэгж бичигдээгүй ч бодит байдал тийм л байсан. Эндээс 76 биш түүнээс олон гишүүнтэй парламентад холимог тогтолцоо зохих юм болов уу гэсэн нэгэн ээдрээтэй бөгөөд сургамжтай түүх үлдсэн байдаг. 

Гэтэл түүнээс хойш дахиад л МАНАН үргэлжилсээр, МАН байсан ч парламентын гадна МАНАН-тай байх болсон. Одоо Засгийн газар нь парламентдаа шууд нөлөөлөх боломжгүй болсон тохиолдолд МАНАН-гаас сална, Парламент ч чадамжтай болно гэж тэд үзээд олон намын тогтолцоо болон парламентын гишүүний тоог нэмэх асуудлыг ҮХНӨ-д оруулж ирж байгааг үгүйсгэх аргагүй юм. 

ҮХНӨ-ийг өөрчлөх шаардлага хэзээ, ямар нөхцөлд хийх ёстой вэ гэдгийг зайлшгүй бодолцох ёстой. Хувьсгал хийгдэхээр юм уу, Засаглал урагшлахаа болиод гацаанд орчихсон тохиолдолд юм уу? Парламентын тоогоо нэмэхгүйгээр хоёр авторитари дэглэмтэй хөршийнхөө дунд амьсгалах аргагүй болох юм байна гэдгийг Украин, Оросын дайн харуулж байна. Украин бусдаас зэвсгийн тусламж авч чадаад байгаа ч хэрэв муугаар бодоход манайд ийм үйл явдал тохиолдвол бид гаднаас ширхэг сум ч авч чадахгүйгээр тушаатай нөхцөлд байна. Тиймээс парламентаа хүчирхэгжүүлэх ёстой гэдэг нь байж болох үндэслэл яах аргагүй мөн. 

Дараагийнх нь Засгийн газрын өртэй холбоотой асуудал. Үе үеийн Засгийн газрын зовлон нь өмнөх Засгийн газрынхаа тавьсан өрийг дарах гэж хамаг орлогоо шавхдаг, татвараар иргэд,ААН-ийг дарамталдаг боллоо. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт өр 33 тэрбум ам.доллар, Засгийн газрын нийт өр 8.3 тэрбум ам.доллар, энэ дөрвөн жилд 4.7тэрбум ам.доллар төлөх хуваарьтай. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ковидын хямралаас залгуулаад дайны хямралыг гэтлэж яваа “үйлийн үр”-тэйгээрээ онцлогтой гэх үү дээ. Дахин санхүүжилт хийх замаар төсвийнхөө даах хэмжээгээр л төлбөрөө хийж байгаа харагдана. Гурван жилийн хугацаатайгаар дунд хугацааны стратегиэ батлуулаад явдаг. Ирэх гурван жилийнхээ стратегийг саяхан батлуулсан. Стратегиэ сайн барьж ажилаж байгаа гэж үзэж болно. Гэхдээ энэ эмх замбараагүй, “өв залгамжлах” мэт “өр залгамжилдаг байдлыг халах ёстой. Наад зах нь эдгээр шалтгаанаар ҮХНӨ-ийг хийх нь зөв байх аа. 

Өнөөдрийн байдлаар ҮНХӨ-ийг Засгийн газар “өнө удаан” оршин тогтнох баталгаа юу, Төрийн тэргүүнээс ч хүчтэй байх эрх мэдлийн “нууц тамга” уу? Аль эсвэл АТГ-ын удирдлагыг атгах,  “давхар дээлтэй” сайдын тоог нэмэх зэрэг алдагдсан эрх мэдлийн төлөөх “зэвсэг” үү гэдэг нүдээр хараад байгаа болохоос алдарт Б.Чимэд агсны тодорхойлж хэлсэн “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэдгийг бодож хийх сэтгэл зориг байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж л байна. Энэ өөрчлөлтөөр Ерөнхий сайд эрх мэдлээ алдах бус хувь хувийн ашиг сонирхлын хууль, шийдвэрээ “халаасны гишүүдээрээ” дамжуулан шийдвэр гаргуулах тэр хэврэг парламентаас салах боломжтой гэж үзэх хүмүүс цөөнгүй. Энэ “айдсаас” салахын тулд УИХ-ын гишүүний тоог нэмэх саналыг дэмжмээр байгаа юм.