2004-2008 оны парламентын үед УИХ-ын зарим гишүүний санаачилгаар Гэнэтийн ашгийн албан татварын тухай хуулийг батлан гаргаж, алт болон зэсийн баяжмалаас 68 хувийн татвар авдаг болсон билээ. Энэ орлогоос Хүний хөгжлийн санд төвлөрүүлж хүүхдийн мөнгө, иргэн бүрийн 21 мянга, оюутны 500 мянга, шинэ гэр бүлийн 500 мянга гэх мэтчилэн тухайн үед эрх барьж байсан хоёр том намын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэхэд зарцуулсан билээ. Гэвч чухам Гэнэтийн ашгийн татварын хэмжээг яагаад 70 биш, 50 биш 68 хувиар тогтоосон юм бэ гэдэг асуултад хууль тогтоогчид өөрсдөө ч удтал хариулт өгөөгүй бөгөөд эцэст нь “Татварын хувь хэмжээг ярьж байх үед Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аваргаар тодорсон Монголын бөх Д.Дагвадоржийн амжилтыг билэгдэж 68 хувийг тогтоожээ” гэсэн таамагт хүрсэн. Үүнээс өөр логик бүхий тайлбар ч тухайн үед олдоогүй юм.

Харин өнгөрсөн оны эцэст Монголын Засгийн газраас уул уурхайн баялгаа барьцаалан олон улсын зах зээл дээр борлуулсан бондын орлого 1,5 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Уг бондыг зах зээл дээр борлуулахдаа Засгийн газар “Чингис бонд” хэмээн нэрлэсэн нь монголчуудын “стандарт бус” сэтгэлгээ, шилдэг “фантаз”-ын бас нэг илрэл болсон билээ. Хөрөнгө оруулагчид чухам “Чингис” гэдэг брэндийг худалдаж авсан уу, эсвэл Монголд шинэ тутам хөгжиж байгаа уул уурхайн үйлдвэрлэл, ашигт малтмалын баялгад ач холбогдол өгсөн үү гэдэг ойлгомжгүй ч “Чингис бонд”-ын орлого 1,5 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь Монголын Засгийн газрын хувьд анхны томоохон амжилт болсон юм. Нөгөө талаар Засгийн газар бонд арилжих нэрээр гадаад зах зээлд өр тавих дээр тулсан нь нэг үе монголчууд руу ханарч байсан хөрөнгө оруулалчдын сонирхол буурч, итгэл суларсны бас нэг дохио ч гэж хэлж болно.

Үүнээс өмнө Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан 600 сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр арилжиж чадсан ч бондын орлогоор санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд бэлэн болоогүйн улмаас уг мөнгө төсвийн цоорхой нөхөх, нийслэлийн зам засвар гэх мэт төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ёстой ажил, үйлчилгээнд зарцуулагдаад дууссан.

Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд Монголын Засгийн газрын дансанд шилжиж орж ирсэн “Чингис бонд”-ын орлогыг юунд зарцуулах талаарх төсөөллийн чанартай мэдээллийг өнгөрөгч баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-д танилцуулсан юм. Уг мэдээллийг хийх үед парламентын сөрөг хүчин болох МАН-ын бүлгийнхэн чуулганд оролцоогүй ч дараа нь “Бондын хүүгийн төлбөр найман тэрбум төгрөгт хүрчихээд байхад Засгийн газар энэ мөнгийг эргэлтэд оруулж эхлээгүй байна” хэмээн шүүмжилсэн билээ.

Сануулахад, өнгөрөгч 2012 оны сонгуулийн дараа засгийн эрх авсан Ардчилсан намын Ерөнхий сайд ч бас тухайн үед Хөгжлийн банкинд байршаад байсан 600 сая ам.долларын бондын орлогыг өмнөх Засгийн газар зориулалтаар нь ашиглаж чадсангүй, “Санхүүжүүлэхээр төлөвлөгдсөн төслүүдийн ТЭЗҮ бэлэн болоогүй” гэдэг шалтгаанаар хоногийн 120 сая төгрөгийн /98 мянган ам.доллар/ хүү төлөөд хий дэмий хадгалж байсныг шүүмжилж байсан. Ялгаатай нь одоогийн Засгийн газар ”Чингис бонд”-оос ядахдаа хүүгийн алдагдал хүлээхгүйн тулд “санхүүгийн менежмент” хийхээр болсон байна. Нэг ёсондоо бондын орлогоор санхүүжүүлэх ёстой төсөл хөтөлбөрүүд бэлэн болтол энэ мөнгийг одоо ашгаа өгч байгаа аль нэг төсөлд оруулах юм уу, ядахдаа л арилжааны банкуудад байршуулан хүүлнэ гэсэн үг.

Харин Ерөнхий сайдын УИХ-д танилцуулсан төсөл хөтөлбөрүүдэд 1800 км урт төмөр зам барих, МИАТ компанийн парк шинэчлэлд зориулан онгоц худалдаж авах, 2013 ондоо багтаан зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох, нефть боловсруулах үйлдвэр барих, “Эрдэнэс Тавантолгой” компани болон Багануурын нүүрсний уурхайд хөрөнгө оруулж өргөтгөх, Цементийн үйлдвэрүүдийг дэмжих, Төмөрлөгийн үйлдвэрийг цогцолбороор барих, Сайншандын үйлдвэрийн паркийг барих, нүүрсний ордуудыг түшиглэсэн цахилгаан станц барих, Улаанбаатарыг метротой болгох гэх мэтчилэн мөрөөдлийн жагсаалт багтжээ. Засгийн газрын боловсруулсан төсөл хөтөлбөр гэхээсээ илүүтэй сонгуулийн амлалт мэтээр харагдаж байгаа эдгээр ажлыг санхүүжүүлэхэд нийтдээ 30 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэдгийг ч Ерөнхий сайд мөн дурьдсан байна.

Гэвч одоо Засгийн газарт олгогдоод байгаа боломж нь ердөө 1,5 тэрбум ам.доллар. Үлдсэн 18,5 тэрбум ам.долларыг эрх барьж байгаа гурван жилдээ олж чадна гэж итгэхэд хэцүү. Тиймээс энэ цаг үед хэрвээ эрх барьж байгаа нам энэ ажлаас үр дүн хүсч байгаа нь үнэн л бол мөрөөдлийнхөө жагсаалтыг эрэмбэлж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн цэгцтэй бодлого гаргах ёстой болж байна. Улаанбаатарын утааны тухай ярьж эхэлсэн бол ярьсан зүйлээ дуустал хийдэг, үүнийгээ тойруулаад эрчим хүч, барилгажилт, дэд бүтцийнхээ асуудлыг хамтатгаад шийдчихдэг, хэлбэл хэлсэн шиг хэлээд хийвэл хийсэн шиг хийчихдэг шийдэмгий байдлыг олон нийт эрх баригчдаас хүлээж байгаа. Шатахууны гачаалаас гарья гэж байгаа бол нефтийн үйлдвэрээ барь, барилгын үнийг бууруулья, нийлүүлэлтийг нэмэгдүүлье гэж байгаа бол цементээ үйлдвэрлэ л дээ.

Хэрэв тэгэхгүйгээр Засгийн газарт орсон сайд болгон нэг цаас барьж орж ирээд, бодлого зангидаж суугаа Ерөнхий сайд нь “эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй”-н тулд түүнийг нь барьж гүйгээд байвал өмнөх Засгийн газрууд шиг аймаг болгонд нэг шав тавьж, тууз хайчилсан үр дүнтэйгээр ирэх сонгуультай золгож магадгүй.

Өнгөрсөн сонгуулиас хойш хараад байх нь ээ, Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар өмнөх Засгийн газруудыг бодвол “Мөнгөтэй бол хийх ажил их байна” гэж санаа алдах бус, “Мөнгийг олж болно, харин хийх ажил чинь хаана вэ” хэмээн аархдаг болсон байна лээ. Хийх ажлаа мэдэхгүй байгаа бол хичнээн их мөнгө байгаад ч яах юм билээ. Элсэнд асгасан ус адил болж, эргэж төлөгдөхгүй өр л үлдэнэ шүү дээ. Эцсийн эцэст энэ мөнгө Засгийн газарт ажиллаж байгаа нэг хоёр сайдын нүүрний буянаар сул орж ирсэн мөнгч ч биш, тав, аравхан жилийн дараа эргүүлж төлөх ёстой өр. Тийм байхад мөрөөдлөө яриад суух уу, мөр гаргаж, ажил үлдээх үү гэдгийг сонгох цаг болсон байна. Юу яасан сайтын сэтгэгдэлтэй дайн зарлах, Цагаан сарыг “улаан сар” болгох энэ тэр вэ?