АН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. АН-ын даргад нэр дэвшигчийн үнэмлэхээ авсных нь дараа түүнтэй уулзахаар очиход ажлынхаа өрөөнд хандивын буцаалтаа хийгээд сууж байхтай таарав.


-Эхлээд АН-ын даргын сунгаанд нэр дэвшиж өрсөлдөж байгаа явдалд баяр хүргэж, амжилт хүсье.

-Баярлалаа.

-Өмнө зарлагдсан сунгаанд нэр дэвшихээр бүртгүүлсэн нөхөд сая зарласан сунгаанд орж ирсэнгүй. Ингээд хоёр тусдаа сунгаа явчихаар таны өмнө зарласан сунгаанаас нэрээ татсаны үр дүн гарах болов уу?

-Эцэстээ аль нэг нь дээд шүүхэд бүртгэгдэж л таарах байх л даа. Миний хувьд ямар ч байсан сунгаандаа оролцьё гээд эхэлж зарласан сунгаанд бүртгүүлсэн. Яалт ч үгүй дэнчингийн мөнгөө төлөх дээр ирээд хуулиндаа хавчигдаад, тамганы асуудлаас болоод сунгааг үргэлжлүүлж чадаагүй. Тийм учраас тамга тэмдэг бүх зүйлийг нь асууж тодруулж байгаад сая зарласан сунгаанд бүртгүүлж байна.

-Тамга тэмдэг нь энэ талдаа байна гэж үү?

-Надад бол тэгж л харагдаж байна.

-Ц.Туваан АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг өгсөн учраас сунгаа зарлах эрхгүй гэсэн үг үү?

-И.Мөнхжаргал гэдэг хүний гарын үсэг зурсан цаасан дээр хүчингүй болсныг нь зарлачихсан тамга дарагдаад байна. Сунгаа дууссаны дараа сонгуулийн дүнг баталгаажуулсан тогтоол гарна. Хүчингүй тамгатай тогтоолыг хаана ч хүлээж авахгүй болов уу л гэж санаа зовоод байна л даа.

-Ц.Тувааны зарласан сунгаанд 17 хүн бүртгүүлсэн ч дөрвөөс бусад нь нэрээ татсан байсан. Тэд ч гэсэн тийм шалтгаанаар нэрээ татсан уу?

-Тэр хүмүүсийн шалтгааныг би мэдэхгүй шүү дээ. Би бол шалтгаанаа ил зарлаад нэрээ татсан. Т.Энхсайхан бас шалтгаанаа хэлсэн, дэнчингийн босго хэтэрхий өндөр байна гэж. Бусдынх нь шалтгааныг бол би мэдэхгүй. Зарласан ч байж магадгүй, гэхдээ би сонсоогүй.

-Нэрээ татлаа гэдэг мэдээлэл нь гарсан боловч яг тан шиг “Ийм шалтгаанаар нэрээ татаж байна” гээд ил тод хэлсэн хүн бол байхгүй л дээ.

-Тийм байх. Тунаж үлдсэн дөрвийг хараад л “аан, бусад нь нэрээ татсан юм байна” гэж ойлгосон шүү дээ.

-Өмнөх сунгаанд бүртгүүлсэн хүмүүс тэрбум гаруй төгрөгийг дэнчинд төлж байгаа. Сүүлийн зарлагдсан сунгаанд 35 сая төгрөгийн дэнчин тушааж байгаа. Сонгууль явуулах арга хэлбэрээсээ болж дэнчингийн мөнгө ийм хол зөрүүтэй гарсан юм байна гэж ойлгосон зөв үү? Нэг нь цаасаар санал өгнө, нөгөө нь цахим сонгууль явуулна гэж байгаа...

-Би бол намын эв нэгдлийн төлөө бүх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. И.Мөнхжаргал анхны бүртгүүлсэн 16 хүнийг цуглуулаад ярихдаа “Нэг тэрбум 121 сая төгрөгийн нийт зардал гарч байна аа” гэж хэлсэн. Тэрийг нь 16 нэр дэвшигчдээ хуваахаар нэг нэр дэвшигчид 70 сая төгрөг ноогдож байсан. Тэгээд бид нараас анх 74 сая төгрөгийн дэнчин тушаана гэдэг гарын үсэг авсан. Нэг тэрбум 121 сая төгрөгөө 74 саяд хуваагаад үзэхээр 15 хүн болж байсан. Өөрөр хэлбэл, нэг хүнийг дэнчин төлөхгүй оруулчих хэмжээний мөнгийг бид нараас нэхсэн гэсэн үг. Удаа ч үгүй, дөнгөж хоёр цагийн дараа 93,7 төгрөгийн дэнчин төлөхөөр боллоо шүү гэсэн. Тэрийг нь нөгөө нийт зардалдаа хуваахаар 12 хүний мөнгө болж байсан. Дөрвөн хүн нэрээ татчихсан байсан уу, гурван хүн нэрээ татаад нөгөө нэг хүний запас нь явж байсан уу, бид мэдэхгүй. Бидэнд тэрийгээ хэлээгүй.

Тэгээд тэр 93 сая төгрөгийг нь босгосон. Олон нийтэд нээлттэй хандив зарласан, 24 цагийн дотор босгосон. Дэнчингээ тушаах гээд дансыг нь асуухад дансны дугаар ирсэн. Дансан дээр тавигдах тамга чинь ямар, нэг, хоёрдугаар гарын үсэг чинь хэнийх байх юм? гэж асууж захиа /e-mail/ бичээд хариу ирсэн чинь хүчингүй болчихсон тамганы дардас байсан. Тэгээд л би жолоогоо татсан. Хүчингүй болсон тамгатай газар луу мөнгөө хийчихвэл дараа нь авч болохгүй, хаяж болохгүй, гарсан тогтоол нь ч Дээд шүүхэд бүртгэгдэхгүй юм байна гэж үзээд нэрээ татсан.

-Нийслэлийн АН-ын даргын сонгуульд оролцсон уу?

-Намын гишүүний хувьд саналаа өгч оролцсон. Миний хувьд анхны цахим сонгууль байсан. Боломжийн санагдсан. Тийм ч учраас сонгууль явуулж байгаа процессийг нь хүлээн зөвшөөрөөд цахим сонгуульд оролцож байна.

-Цахим сонгуулийн давуу тал нь санал өгч байгаа хүмүүст хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэдгийг сонгууль зохион байгуулж байгаа хүмүүс ярьж байгаа?

-Яг тийм. Хайрцаглана гэж ярьдаг даа. Санал өгөх хайрцагны хажууд зогсч байгаа, санал өгүүлэх гэж унаа машинаар тээвэрлэж авчирч байгаа хүмүүс нь саналаа хайрцагладаг байхгүй юу. Хөдөө хээр малаа хариулаад явж байгаа хүмүүс чинь төв рүү ирж саналаа өгөхийн тулд заавал нэг хүний унаанд суух хэрэгтэй болно. Тэр хүн нь үнэгүй тээвэрлэх болно, тэгэх замдаа “хайрцаглах” ажлаа хийдэг. Тэр хүний машинд 10, 20 хүн суусан бол 10, 20-иулаа хайрцаглагдаж ирээд, багцаараа саналаа өгдөг. Тийм маягаар хүмүүсийг бөөгнүүлж хайрцаглах боломж өгөхгүй л гэсэн үг. Хүн малынхаа дэргэд явна уу, сумандаа, аймгийн төв дээр байна уу хамаагүй, утсанд нь мессеж ирээд л утсаараа саналаа өгчихнө. Тийм болохоор хүний нөлөөнд орохгүй, илүү зардал гарахгүй амар л юм байна лээ.

Гурван аргаар саналаа өгнө. Нэг нь интернэтээр вэб рүү ороод өгнө, нэг нь гар утсандаа аппликэйшн татаад өгчихнө. Би болохоор аппликейшн татаж чадахгүй байгаа, яагаад гэвэл аппликейш нь андройд юм шиг байна лээ. Тийм болохоор би вэбээр саналаа өгсөн. Гурав дахь хувилбар нь шууд утсаараа өгөх. Тийм маягаар хүмүүс бас их өгч байна лээ.

-Гэнэт яагаад намын даргад өрсөлдөхөөр болсон бэ? Уг нь та Ерөнхийлөгчид нэр дэвшихийн төлөө нам дотроо өрсөлдөнө гэдгээ зарласан ганц хүн шүү дээ?    

-Үгүй л дээ. Намын даргын сонгуульд оролцоно гэдгээ би бүр 2020 оны сонгуулийн дараа зарласан шүү дээ.

-Яагаад?

-АН хоёр удаагийн УИХ-ын сонгуульд ялагдчихлаа. Уг нь манай АН залуучуудыг хамгийн их татдаг, хамгийн дэвшилтэт үзэлтэй хүмүүс цуглардаг, хамгийн нээлттэй, өөдрөг өнгөлөг айл байсан. Гэтэл сүүлийн үед залуучууд АН-аас нүүр буруулах хандлагатай болоод ирэнгүүт “Аан, бид нар хоцрогдож байна, моодноос гарч байгаа юм байна” гэж мэдэрч эхэлж байна. Бид залуучуудад, эмэгтэйчүүдэд ээлтэй нам байх ёстой, тэр унаган төрхөндөө эргэж орох ёстой гэдэг үүднээс эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болж намын даргад өрсөлдөж байна.

-Тэгвэл дундуур нь яагаад Ерөнхийлөгчид өрсөлдөх болоод явчихав?

-2021 он гараад Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр шинэ боломж гарч ирсэн. Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгохоор болсон. Тийм учраас өөрийн хамгийн бүтээмжтэй цаг үеийг үүнд зориулья гэдэг шийдвэрт хүрсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж ярьж байгаа маань хэн нэг хүнтэй биш, зөвхөн өөрийн чадавхи, бүтээмжтэй холбоотой гаргасан шийдвэр. Яахав, манай намын даргын сонгууль, Ерөнхийлөгчийн сунгаа хоёр цаг хугацааны хувьд давхацчихлаа.

-Хэн нэг хүн биш... гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Хүмүүс гайхаад байгаа байхгүй юу. Ц.Оюунгэрэлийн ард нь хэн байна? Гэнэт яагаад нэрээ дэвшүүлчихэв? гээд. Уучлаарай, миний насыг тоолоод үзье л дээ. Одоо байгаа насан дээрээ зургаан жилийг нэмээд үзэхэд хамгийн өндөр бүтээмжтэй цаг үе нь өнөөдөр юм байна гэж үзээд нам дотроо нэрээ дэвшүүлсэн. Одоо би 54-тэй, зургаан жилийн дараа 60 хүрнэ. Тэр хүртэл би маш өндөр эрчимтэй ажиллаж чадна. Жар хүрснээс хойш бол баталгаа байхгүй шүү дээ, бурхан авах юмаа аваад л явчихна. Бурхан бидэнд өгөх юмаа хугацаатай өгдөг. Энэ хугацаандаа амжиж, эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болж хийх ёстой ажлуулаа хийе, улс оронд өөрчлөх ёстой юмнуудаа өөрчилье гэж бодсон. Цэвэр өөрийнхөө нас, бүтээмж дээр үндэслэж гаргасан шийдвэр.

-Өмнө 2017 онд АН-ын даргыг сунгаагаар тодруулахад таван эрэгтэй нэр дэвшигч өрсөлдсөн. Түүнээс өмнө АН-ын даргад эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөн түүх бий юу?

-Байхгүй.

-Ямар сонин юм бэ? Ардчилсан нам шүү дээ?

-Сонин байгаа биз. Гучин жилийн түүхэнд байгаагүй. Намын генсек бол хоёр ч байсан, Б.Дэлгэрмаа, Ц.Оюундарь. Намын дэд дарга нар ч байсан. Гэхдээ тэд нар нь сонгогддог албан тушаал биш, томилогддог албан тушаал.

-Хэрвээ АН-ын даргаар сонгогдчихвол Ерөнхийлөгч руу явахаа болих уу?

-Явна штээ. Яагаад болохгүй гэж? Нөгөө намын даргатайгаа л өрсөлдөнө биз дээ. Ямар ялгаатай гэж. Хоёр том намын дарга л өрсөлдөнө. Хоёр намын дарга өрсөлдвөл харин ч илүү тэгш боломж олгогдоно биз дээ.

-Ингэхэд АН-аас залуучууд нүүр буруулаад байгаа шалтгаан нь юу байна?

-Залуу хүн бол үнэт зүйл, идеальд татагддаг. Ер нь залуу хүний натур тийм. Бид ч гэсэн залуу байхдаа АН-ын үнэт зүйл, идеальд татагдаж орж ирсэн. Бидний хамгаалдаг, тогтоохыг хүсдэг тэр үнэт зүйлийн төлөө, тийм нийгмийг байгуулахын төлөө хорин хэдхэн насандаа энэ намд орж байлаа. Одоогийн хорин хэдтэй залуучууд ч гэсэн яг тэр үед бидний хүсч байсан зүйлийг хүсч байна. Илүү нээлттэй, илүү ардчилсан, илүү өрсөлдөөнтэй, дэвшилтэт нийгмийг л залуучууд хүсэмжилдэг. Бид үргэлж тийм байж үе үеийн залуучуудыг өөртөө татаж чадна. Тийм ч байсаар ирсэн, уг нь.

Гэвч сүүлийн үед хориод насны залуус хамгийн романтик үедээ манай намыг хүлээн зөвшөөрч орж ирэхгүй байгаа бол манай намд асуудал байна аа л гэсэн үг. Тэгэхээр бид энэ асуудлаа шийдэх ёстой. Залуучуудыг соронз шиг татдаг тэр хуучин төрхөндөө эргэж орох ёстой. Залуу хүний хиргүй тунгалаг сэтгэл бол энэ нам зөв явж байна уу, буруу явж байна уу гэдгийн хамгийн том хэмжүүр. Түүнээс биш нам дотор байгаа 40, 50-иад насны хүмүүсийн “нам сайхан байна, муухай байна” гэдэг яриа бол тийм  ч обьектив хэмжүүр биш. Бид чинь нам дотроо өчнөөн олон жил яваад, тэрэндээ дасан зохицоод, муу сайныг нь олж харахаа байгаад, уусчихсан байдаг. Дөнгөж оюутны ширээнээс гарч ирээд сонголтоо хийж байгаа залуу хүн бол хамгийн обьектив хандаж, хамгийн шударгаар дүн тавьдаг. Залуучуудад хэр таалагдаж байна вэ гэдэг бол улс төрийн намын хувьд нийгмийн зүгээс авч байгаа дүн. Энэ дүн "Онц" байж чадахгүй байгаа учраас намаа өөрчилье, өөрчлөхөд нь гар бие оролцьё л гэж байгаа юм.

-Лидерүүдийнхээ зөрчилдөөнөөс болж нам уналаа, туслаа гэж танайхан их ярьдаг. Тэр зөрчилдөөнд бас шалтаг байдаг байлгүй дээ?

-Явцуу эрх ашиг. Нам бол нийтийн эрх ашгийн төлөөх байгууллага. Нийтийн эрх ашгийг давсан явцуу эрх ашиг гараад ирэхээр угаасаа зөрчилдөөн үүсдэг. Нийтийн эрх ашиг, үнэт зүйлээ урдаа тавиад АН анх үүсгэн байгуулагдсанаас хойш үе үеийнхний тэмцэж байсан үнэт зүйлээс хазайхгүй явж байж тэр зөрчил арилна л даа. Тэр зөрчил нь бүр хурцдаад хоёр тамгатай, хоёр намтай ч юм шиг болчихсон ийм нөхцөлд эцсийн дүнг намын гишүүд л тавина. Гишүүд ярьж л байна лээ. Энэ хоёр сонгуулийн алинд орох юм бэ? Нэгэнд нь ор, нөгөөд нь битгий ор гээд байх юм гэж. Өөрсдөө л мэд. Нэгэнд нь өгнө үү, хоёуланд нь өгнө үү гишүүдийн  шийдэх асуудал. Өөрсдийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо хий гэж бий хэлнэ.

-Эсвэл ерөөсөө хоёуланд нь өгчихсөн нь дээр юм биш үү? Нэг нь бүтргэгдэхгүй байлаа ч нөгөөг нь Дээд шүүх бүртгэж авч магадгүй...?

-Тэр бол сонгууль өгч байгаа хүмүүсийн эрх чөлөө. Яг энэ байдлаар хоёр тусдаа сонгууль яваад, хоёр тусдаа шийдвэр гаргаад Дээд шүүх дээр очиход шүүх л эцсийн шийдвэрийг гаргана. Эсвэл намын Их хурал хайнааг нь хагалж өгч болно. АН-ын Их хурал гэж бас нэг даваа байгаа. Их хурал ёсчлохдоо аль нэгийг нь ёсчилж бас болно. Би бол нэр дэвшигч. Тэр сонгуульд нь ор, энэ сонгуульд нь битгий ор гэж ятгах эрхгүй хүн. Сунгаа дууссаны дараа энэ зөрчилдөөн нэг талдаа гарах байх л даа.

-Одоогийн Ерөнхийлөгтэй ямар харьцаатай вэ?

-Нэг их харьцаад байдаггүй штээ.

-Нам хуваагдаад байгаа шалтгаан ч гэсэн Ерөнхийлөгчөөс, Ерөнхийлөгчийн сонгуулиас болоод байна гэж хараад байгаа. Худлаа юу?

-Ц.Туваан, С.Эрдэнэ хоёр нэг нь нөгөөдөө тамгаа хүлээлгэж өгөөд эвтэй найртай явж байтал “Больё, болилоо” гээд тамга буцсан шүү дээ. Тэр асуудал бол Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой заалтаас болсон. Ц.Туваан намын Х Их хурлыг зарлаад, намын шинэчилсэн дүрмийг батлуулсан. Тэр дүрэм дээр намын Их хурлаар хэлэлцээгүй дүрмийн өөрчлөлт нэмж оруулаад дээд шүүхээр батлуулахыг оролдсон. Тэр нь одоогийн Ерөнхийлөгч нь дараачийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр шууд орно гэсэн заалт байсан. Энэ заалтыг намын гишүүд маш их эсэргүүцсэн. Үүнээс зөрчил эхэлсэн гэж би бодож байгаа. Хамгийн сүүлийн зөрчил эндээс эхэлсэн, үүнээс өмнө ямар зөрчил байсныг бол би мэдэхгүй. Би ч гэсэн энэ заалтыг эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг.

-Өмнө нь 2013 онд Ц.Элбэгдорж өрсөлдөгчгүй нэр дэвшиж байсан...

-ҮБХ-н дээр нэр дэвшүүлэлт явуулахад тухайн үеийн Ерөнхийлөгчтэй өрсөлдөж, нэрээ дэвшүүлэх хүн гараагүй санагдаж байна. Тэрийг нь намын Их хурал батламжлаад явсан. Өөрсдөө нэрээ дэвшүүлж өрсөлдөхгүй байх, “өрсөлдөгчгүй нэр дэвшинэ” гэж заалт оруулах хоёр чинь өөр штээ.

-Өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөнө гэж байгаа хүнээс асууж болж байна уу, үгүй юу? Үндсэн хуулийн нэг заалт байгаа шүү дээ, зөвхөн нэг удаа сонгоно гээд...

-Би хувьдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа болоход одоогийн Ерөнхийлөгч орж ирж нэрээ дэвшүүлэх байх л гэж бодож байгаа. ҮХЦ-ийн дүгнэлт цагаан дээр хараар “Х.Баттулга нэр дэвших эрхгүй” гээд гарчихдаггүй л юм бол намд энэ асуудал хамаарахгүй. Би өрсөлдмөөр байна аа гэвэл ил цагаан өрсөлдөөд л явах ёстой. Би ч гэсэн намынхаа дотоод сунгаанд Ерөнхийлөгчтэй өрсөлдөнө л гэж бодож байгаа. Гол нь өрсөлдөөнгүйгээр гарах ёсгүй. 

-Би Ерөнхийлөгчтэй өрсөлдөнө гэж байгааг харвал одоогийн Ерөнхийлөгчийн өнгөрсөн дөрвөн жилийн ажилд “муу” дүн тавьж байна гэсэн үг үү?

-Одоо л өрсөлдөхгүй бол, дараачийн удааг хүлээвэл би 60 хүрчих гээд байна шүү дээ. Тийм болохоор би зөвхөн өөртэйгээ хамааралтай шийдвэр гаргаж байна гэж ойлго. Х.Баттулга сайн, муу байсан надад хамаагүй. Тэр бол АН дотор, дараа нь яригдах асуудал. Миний шийдвэрт нөлөөлөх асуудал биш. Сайн, муугийн тухайл нам дотроосоо хэнийгээ гаргах вэ? гэдэг дээр дараа нь яригдана. Ц.Оюунгэрэл гэдэг хүн “би өрсөлдөнө” гэдэг шийдвэр гаргаж байгаа нь Ц.Оюунгэрэлийн хувийн асуудал. Хувийн шийдвэр. Би энэ хувийн шийдвэрээ бурхнаас зааж өгсөн цаг хугацаанд л тааруулж гаргаж байна шүү дээ. Хуулинд заасан хугацаа, миний нас хоёр энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэсэн үг.

-Сая намын даргын сунгаанд оролцох дэнчингийн мөнгөө нээлттэй хандиваар босгосон явдал танд маш том оноо болсон гэж бодож байна. Танаас өөр хандиваар дэнчингээ босгож чадсан хүн гараагүй байх?

-С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа хоёр хандив зарласныг харсан. Яг хэдэн төгрөг босгосон гэдэг тайланг нь бол хараагүй.

-Тэр хэмжээний мөнгийг, бараг 100 сая төгрөгийн нэг хоногийн дотор хандиваар босгож чадна гэдэг улс төр хийж байгаа хүнд нийгмийн маш том дэмжлэг. Тийм итгэлтэйгээр хандивын аян эхлүүлэхэд ч гэсэн бас тэр хэмжээний итгэл, хамгийн гол нь хүсэл зориг хэрэгтэй байх?

-Яг үнэндээ 24 цагийн дотор ийм хэмжээний мөнгө босгож чадна гэдэгтээ би ч гэсэн итгээгүй. 832 хүн хандив өгсөн. 500 мянгаас доош хандив өгсөн хүн нь 700 гаруй. Одоо тэр хүмүүсийнхээ буцаалтыг хийгээд сууж байна. Дансандаа үлдсэн сүүлийн 10 мянгаа өгсөн хүн ч бий. Өөртөө байгаа хамгийн сүүлийн мөнгийг өгч байна гэдэг маш их сэтгэл гаргасан, итгэл хүлээлгэсэн зүйл. Тэр хүмүүстээ хамгийн түрүүнд “Баярлалаа” гэж хэлээд буцаалтыг нь хийж байна. Дэнчинд төлөх мөнгө маань 35 сая болж буурсан учраас илүү гарсан бүх мөнгөө буцаана. Надад өгсөн хамгийн бага хөндив 247 төгрөг. Маш гоё код байгаа биз дээ. Залуучууд тийм хөөрхөн зүйлээр дэмжлэгээ илэрхийлж байна.

-Ардаа тэгтэй биз дээ?

-Үгүй үгүй. Яг 247 төгрөг. Надад тийм хандив хоёр ирсэн.

-Зүгээр л “Хайртай шүү, амжилт хүсье” гэж байгаа юм байна, тийм үү?

-Яалт ч үгүй тэгж хэлээд байна шүү дээ. Дараачийн хандив нь 500, 1000 гээд өсөөд явж байна. Чамайг орж ирэхээс өмнө би 5000 төгрөгийн хадиваа буцаалт хийж дууслаа.   

-Яагаад заавал өөрөө хийж байгаа юм?

-Нягтлан маань өнөөдөр сургалтанд сууж байгаа учраас зөвхөн өнөөдөр л би хийж байгаа юм.

-Дэнчингийн 35 саяас бусдыг бүгдийг нь буцаана гэхээр сурталчилгаагаа хувийн зардлаар хийнэ гэсэн үг үү?

-Би бол улс төрийн зардлыг маш хямдхан болгоно гэдэг уриатай улстөрч шүү дээ. Улс төрийн зардал буурвал улстөрчид сонгуульд орох гэж өр тавьдаг, өрөө төлөх гэж хулгай хийдэг байдал зогсоно.

-Яаж хамдхан болгох вэ?

-Хямдхан болгохын тулд л соошл гэж энэ үнэ төлбөргүй талбарыг ашиглаж сурч байна шүү дээ. Хамгийн хямд аргаар л үзнэ дээ.

-2024 оны сонгуулиас эхлээд УИХ-ын сонгуулийг ч гэсэн цахимаар явуулья гэдэг шийдэл рүү танай нам явах нь ээ дээ?

-Сая Нийслэлийн АН-ын даргын сонгуулийг цахимаар явуулсан явдал нь цэвэр манай Дотоод сонгуулийн хорооны шийдвэр. Би нэг юманд маш их олзуурхсан. Манай нам хэдийгээр дотроо зөрчилтэй байгаа ч гэсэн, тамга тэмдэгнийхээ учрыг олохгүй мунгинаад байгаа юм шиг боловч энэ адал явдлынхаа дундуур маш олон технологийн дэвшлийг бий болгож байна. Урьд өмнө хийж байгаагүй маш олон ажлаа өнөөдөр цаг хугацаатай уралдаад хийж байна.

-Жишээлбэл ямар?

-Жишээлбэл, цахим сонгууль, цахим хурал. Хэзээ манай нам цахим Их хуралтай, цахим ҮБХ-тай байлаа, хэзээ цахим сонгууль хийж байлаа. Хэзээ сонгуулийн зардлыг долоо хоногийн дотор гурав дахин бууруулж чаддаг байлаа. Урьд нь бол сонгуулийн зардлаа уралдаад л өсгөдөг байсан шүү дээ. Одоо өрсөлдөөд буулгаж байна. Энэ бол маш эрүүл үзэгдэл.

-Тэгвэл ядаж өрсөлдөөн илүү нээлттэй болно биз дээ?

-Яг тийм. Тэрбум 100 саяыг дөрвөн хүнд хуваагаад үз. 250 саяар хүн сонгуульд орох уу, 35 саяар сонгуульд орох уу? Улстөрч хүн бол юмыг байнга зөв чиглэлд нь оруулах талд зогсох ёстой. Энэ өрсөлдөөн чинь сайн юм байна. Олон жил яриад хийж чадаагүй ажил хийгдээд, сонгууль хямдраад байна. Үүний төлөө би олон жил дуугарсан боловч өрсөлдөөний дунд ийм болно гэж бодоогүй л байхгүй юу. Муу юманд ч гэсэн сайн тал байдаг гэдэг энэ. Хүн хараад “АН хуваагдчихсан, баабаа” л гэдэг. Гэтэл энэ хагарал чинь нэг бодлын өрсөлдөөнийг бий болгочихлоо.

Би сая нэр дэвшигчээр бүртгүүлэхээр нам дээр очоод үнэхээр гайхсан. Манай намын ХЭГ-ын доторх үйлчилгээ, ковидоос сэргийлсэн, хамгаалсан байдал л гэхэд өмнөх намын ажлаас бүр шат дээшилчихэж. Гуравдугаар сарын 4-нд Зоригийн хөшөөтэй байранд очиж Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Яг манай намын хуучин стилиэр л бүртгэсэн. Намын ажил хуучин яаж явдаг байсан, тэр уламжлалаараа л байсан. Сая Ардчиллын өргөөнд очиж бүртгүүлэхэд үүдэнд нь халуун хэмжээстэй, хамгаалах хувцас өмссөн хүн суугаастай, орсон гарсан бүх цагийг бүртгэж, ковидоос сэргийлэх мэдээллийг аваастай. Бүртгэлээ энд хийлгэ, зургаа энд авахуул, яриагаа энд өг, сэтгүүлчидтэй энд уулз гээд бүх зүйлийг журамлачихсан, институцийн хувьд зохион байгуулалт нь аягүй өсч яваа дүр зураг харагдаж байна лээ. Байгууллагын дотоод соёл бол шат ахиж. Юм бас өөрчлөгдөж болдог юм байна, бүх юм дандаа муу байдаггүй юм байна.

-Юм дандаа муу байдаггүй гэдэг шиг дандаа бас сайн байдаггүй. Сая жишээ нь таны хандивын аяны дараа “Намын дарга болохын тулд яахаараа хүмүүсээс хандив авдаг юм, өөрөө зардлаа гаргахад яадаг юм, өөрөө орлоготой юм байж, номоо зардаг байж” гэх мэтээр сөрөг постууд ч бас явж харагдсан. Магадгүй явуулсан ч байх?

-Монголд 90 саяын орлоготой зохиолч байдаг юм уу? Байхгүй штээ. Америкт ном маань гараад бестселлэр болчихвол л би тийм баян болох байх. Хэрвээ би үнэхээр баян байсан бол мэдээж сонгуулиа өөрөө санхүүжүүлнэ. Баян биш л юм чинь одоо яах вэ.

-Би бол “Энэ хүн угаасаа нийтийн эрх ашгийн төлөө явдаг учраас, нийгэмд тустай, үр ашигтай зүйлийг байнга санаж сэддэг учраас хүмүүс итгэж дэмжиж байна. Ийм хэмжээний улс төрийн капиталтай хүн байна” л гэж харсан...

-Угаасаа л би нээлттэй хүн штээ. Мөнгөтэй байсан ч, мөнгөгүй байсан ч нээлттэй л байдаг. Ном маань бестселлэр боллоо гээд л зарладаг, борлуулалт уналаа шүү гээд л зарладаг. Миний номын орлогын 80 хувь нь “Жорлонгоо өөрчилье” төсөл рүү ордог. Өнгөрсөн аравдугаар сард татварын тайлан гаргаснаас хойш сүүлийн зургаан сарын хугацаанд номын орлогоосоо 19 сая төгрөгийн “Жорлонгоо өөрчилье” төсөлд оруулсан байна гэж нягтлан маань хэлсэн. Сая бол яалт ч үгүй 24 цагийн дотор 90 сая төгрөг босгох хэрэгтэй болоод, өөрт боломж байгаагүй учраас тэрийгээ ч гэсэн нээлттэй зарлаад л явсан. Тийм олон хүн дэмжинэ гэж үнэхээр төсөөлөөгүй. Ядаж нэг 100 хүн хандив өгнө дөө, тэгвэл надад мөн их урам болно доо л гэж бодож байсан. 

-Нэгэнт Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд шийдчихсэн юм чинь дахиад асууя. Ямар Ерөнхийлөгч болохыг хүсч байна?

-Одоогийнхоос лав өөр байхыг хүссэн. Бид чинь эрэгтэй Ерөнхийлөгч нартай их олон жил явлаа. Эрэгтэй Ерөнхийлөгч нар яаж удирдаж байна, ялангуяа манай үеийн эрчүүд яаж удирддаг вэ гэдгийг харлаа. Магадгүй өнөөдрийн 20, 30-тай залуучууд ирээдүйд ерөнхийлөгч болохоороо өнөөдрийнхөөс арай өөрөөр удирдах байх. Миний үеийн 60-аад оныхон, залуучуудын ярьдгаар “буумерүүд”-ын эрэгтэй Ерөнхийлөгч нар ямар байдаг вэ, ямар хэв шинжтэй вэ гэдгийг бид харчихлаа. Тэд нараас лав их өөр байна даа. Одоохондоо үүнээс илүү зүйл хэлж чадахгүй нь. Цаг нь болохоор...

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд дахин амжилт хүсье.