Сангийн сайд Б.Жавхлангийн баасан гаригт хийсэн мэдэгдэл төр, хувийн хэвшил хоёрын түншлэлийн харилцаанд дахин гэгээ тусгав. Тэр энэ удаа “Оны эхний хагас жилийн байдлаар Хөгжлийн банкны 485 тэрбумын чанаргүй зээл төлөгдсөн. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан "Кью Эс Си" ХХК 191.1 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төллөө. Ингэснээр Хөгжлийн банкинд алдагдлын сан байгуулж өөрийн хөрөнгө нь буурах эрсдэл хаагдсан” хэмээн мэдээлэв. Үр дүнд нь олон улсын байгууллагаас Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг буруулалгүй хэвээр үлдээсэн тул балансаа дахин сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх боломж бүрдэж байгаа юм байна.

Мөн түүнчдэн Сангийн сайд Б.Жавхлан 2021 оны нэгдүгээр сараас эхлэн Засгийн газрыг төлөөлөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж асан “Монголын зэс корпораци”-ийн нөхөдтэй хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээнд суусан, хэлцлийн үр дүнд шат дараатай харилцан суутгах замаар төлбөрийг барагдуулахаар болсон. Өнгөрсөн лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Монголбанкнаас өмнө нь гарсан 160 тэрбумыг Засгийн газар буцаан дуудаж, харилцан суутгал хийснээр “Монголын зэс”-д төлөх ёстой 1.1 их наяд төгрөгөөс эхний ээлжид 160 тэрбумыг төлж барагдуулсан. Мөн хэмжээний хувьцаа Монгол Улс, Засгийн газрын мэдэлд шилжиж ирсэн гэдгийг батлав.

Мөн өдөр /2022.07.01/ ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан нэгэн захидлыг ирүүлсэн байна. Уг захидалд “Монголын зэс корпораци” нь ХХБ-ны санхүүжилтээр ОХУ-ын “Ростех” компанийн өмчлөлд байсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”-ийн 49 хувийг амжилттай худалдаж авснаар эдгээр үйлдвэрүүд 100 хувь Монголын талын өмч болж, улсын эдийн засагт онцгой хувь нэмэр оруулж байгааг дурьдсан байна. Ингэхдээ “Ростех” компанид төлсөн 400 сая ам.доллар нь одоогийн ханшаар 1,25 их наяд төгрөгтэй тэнцэж байгааг дурьдаж, энэ өр төлбөртэй холбоотой хэлцэл цаашид амжилттай үргэлжилж нэг мөр шийдвэрлэгдэх нь чухал болохыг онцлоод эцэст нь “Улс орны эдийн засгийн хөгжил дэвшил, үндэсний аж үйлдвэржилт, Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулах хүсэлтэй” байгаагаа илэрхийлжээ.

Сануулахад, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлтэй холбогдуулан шалгаж, шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон бөгөөд өнгөрөгч сард цагдан хорионоос суллаж, хилийн хориг тавьсан билээ. Дээрх үйлдвэрүүд нь Хөгжлийн банкнаас авсан хөнгөлөлттэй зээлээр ХХБ-наас авсан зээлээ төлсөн хэмээн буруутгаж, Д.Эрдэнэбилэгийг энэ хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан юм.

Гэвч түүнийг хоригдож байх хугацаанд Хөтөлийн “Цемент шохой” компани болон Дарханы Төмөрлөгийн үйлдвэрүүд Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан байна. Мөн өнгөрсөн хугацаанд Д.Эрдэнэбилэгийн “хамаарал бүхий” гэж нэрлээд байгаа “Кью Эс Си” компани хар төмөрлөгийн үйлдвэрт нийтдээ 380 сая ам.доллар буюу нэг их наяд гаруй төгрөгийн, Хөтөлийн “Цемент Шохой” компанийг хувьчилж авснаас хойших хугацаанд 160 сая ам.доллар буюу 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, үйлдвэрүүдийн хүчин чадал, технологийн түвшин хэрхэн өссөн талаар захидалд тодорхой бичсэн байна.

Товчхондоо “Монголын зэс” корпорацийн эзэмшиж байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд хураан авсанаас хойших шүүхийн олон шатны маргаан, үүний дараа эхэлсэн хөрөнгө оруулагч тал болон Засгийн газрын хооронд урт удаан үргэлжилсэн олон удаагийн хэлцэл хэр их хүнд бэрх замыг туулсан нь олон нийтэд хаалттай байсан боловч эцсийн бүлэгт хэлцэл амжилттай болж, хоёр талын харилцаа нааштайгаар эргэснийг Д.Эрдэнэбилэгийн Ерөнхий сайдад бичсэн захидал болон Сангийн сайдын хийсэн мэдэгдэл тодорхой болгов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо анх зарласнаас хойш “Эдийн засгийн сэргэлтийг бий болгоход төр, хувийн хэвшлийн түншлэл хамгийн чухал шүү. Төрөөс хамаарах бүх хүнд суртлыг бид хариуцаж арилгана. Харин хувийн хэвшлийнхэн маань хөрөнгөө гаргаад эрсдлээ тооцоод бүтээн байгуулалтанд оролцоорой” хэмээн уриалж ирсэн. Засгийн газрын тэргүүний бизнес эрхлэгчид, үндэсний хөрөнгө оруулагч нарт өгсөн энэ амлалт ажил хэрэг болж эхэлсний бас нэг нотолгоо нь  баасан гаригт болж өнгөрсөн эдгээр үйл явдлууд байв.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд МАН-аас явуулсан нэг алдаатай бодлого бол яалт ч үгүй ашигтай гэсэн бүх бизнес рүү төр орох, төрийн өмчийн компаниудыг бий болгох, хувийн өмчийг нийгэмчлэх бодлого явуулж ирсэн явдал. Үүнийхээ төлөө нийгмийн зүгээс нэлээдгүй шүүмжлэл хүлээж, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн итгэлийг алдахад хүрээд байсан билээ. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас зарласан Шинэ сэргэлийн бодлогын дараа тэнд тусгагдсан том төсөл хөтөлбөрүүдийг дан ганц төрийн компаниудын хүчээр хийх боломжгүй гэдэг нь тодорхой байсан тул Ерөнхий сайдын зүгээс хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид руу гараа сунгаж эхэллээ. Төр, хувийн хэвшил хоёр нэг зүгт харж байж түншлэл болно шүү дээ.

inews.mn