Төрөлх нийслэлийн маань яг зүрхэнд (төвд) байрлах ганцхан сургууль бий. Уг нь Төрийн ордны яг зүүн талд бас нэг 10 жилийн сургууль байсныг нүүлгэчихсэн.

Сургууль маань биднийг элсэн орж байх үед "Маршал Чойбалсангийн нэрэмжит лаборатори 1-р дунд  сургууль" гэсэн нэртэй байсансан. 

Одоо "Шинэ Монголын ууган дунд сургууль" гэдэг болжээ. Дугаар нь чухал, гэхдээ Монгол Улсын анхны дунд, бүрэн дунд сургууль гэдгээрээ алдаршсан нь бүр чухал.

Сурлага хичээл, хүмүүжил, төгссөний дараахи амжилт гээд ярьвал энэ сургуультай зэрэгцэх байтугай бараадах нэг ч сургууль улсын хэмжээнд байхгүй гэчихвэл арай хилсдүүлэлт болохгүй хэмээн зориглон бодном.

1964 онд төрөлх сургуулийнхаа алтан босгыг алхаад 1974 онд төгсгөсөн хэдэн арван сурагчдын нэг төлөөлөл нь би байна. Тэгээд ч 1974 онд төгссөн 10-ын гурван бүлгээ төлөөлөн энэхүү фото-нийтлэлээ baabar.mn сайтаараа уламжлан сургуулийнхаа хэдэн түмэн төгсөгчдөд, тэдний үр сад, ач гуч, дөч, жич нарт толилуулж байгаа хэмээн  зориглон бодном.  

1974 онд Чимидцэрэн багштай 10-ын А, Цагаан багштай 10-ын Б (тооны анги), Шондүк багштай 10-ын В гэсэн гурван бүлэг төгссөн. Анги удирдсан гурван багш нь гурвуулаа тоо-физикийн алдартай багш нар (Цагаан багшийн суу алдрыг улс даяараа мэднэ) байсан гэхлээр энэ сургууль аль шинжлэх ухаан руу түлхүү чиглүүлж байсан нь ойлгомжтой. Олон улсын тооны олимпиадаас алт, мөнгө, хүрэл медалийг энэ сургуулийн сурагчид л зөөж ирдэг байсныг бахдалтайя тэмдэглэе.


Сургуулийн ололт амжилт, нүүр царай болж явдаг хожмын эрхмүүдийг жагсаа гэвэл нэг нийтлэл байтугай нэг ном ч хүрэлцэхгүй. Тайлбар үгсээ ингэсгээд өндөрлөөд фото-найрууллаа толилуулъя. Зурагнаас Та бүхэн аав ээж, ах дүү, найз нөхөд, хань ижил, үр хүүхдээ олж үзэх болно. Та бүхэн миний нийтлэлийг facebook ба олон нийтийн бусад сүлжээгээр хуваалцана гэдэгт итгэлтэй байна.  

Төрөлх 1-р сургуулийн бүх төгсөгч, одоо суралцаж буй бүх сурагч, эрдмийн далайд хөтлөгч багш нартаа гал халуун баярын мэндийг уламжлая!  

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!