Энэ жил би випашня буюу үлэмж үзэхүйн бясалгалд суухаар шийдлээ. Хэдийгээртэрхүү зун олимп болж байсан ч гэсэнби зурагтаар олимп үзэхгүйгээр зөвхөн энэ бясалгалд сууна хэмээн хатуу шийдэв.Энэхүү үлэмж үзэхүйн бясалгал Монголд арваад жилийн өмнө эхэлснийг би мэдэж байсан ч гэсэн амралтын хэд хоногоо ариун номын бясалгалаас харамладаг байлаа. Ээлжийн амралт эхлэнгүүт би нутгаа явж айраг хорхогоо зооглодог байлаа. Ариун номын бясалгалыг арваад жил хойшлуулчихжээ.Энэ бол миний буруу. Бясалгалын бүртгэл нийслэлийн нэгэн дээд сургуулийн танхимд явагдлаа.”Өдийд олимп эхэлж байна, Хүн цуглах болов уу даа” хэмээн бодож байтал зарласан цагт олон хүн цуглалаа. Хүмүүс анкет бөглөж зөвлөлгөө авч маргааш хаана очих замын зургаа аваад тарцгаалаа. 8-р сарын 1-ний зуны сайхан өглөө “Найрамдал” зуслангийн замаар явж төдөлгүй уулын бэлд байгаа бясалгалын төвийн байр харагдлаа.Өмнөх бясалгалын хүмүүс явж дуусаж байгаа бололтой, олон машинууд цувралдан нийслэлийн зүг тоос татуулан буцаж байлаа. Би үд хүртэл хүлээж байгаад бясалгалын төвд очиж бүртгүүлж байр, ороо олж авлаа.Маргааш өглөө хонхны дуунаар өглөөний 04 цагт босч 04.30 цагт бясалгал эхэллээ.Бясалгалыг Монголын Випашня Бясалгалын Төвийн тэргүүн Д.Ширэндэв багш англи, монгол хэл дээр хөтөлж эхэллээ.Энэ удаагийн бясалгалд гадаадын 4 хүн, нийт 60 эмэгтэй, 20 эрэгтэй цугларчээ. Алс холын европын Швейцарь улсаас ирсэн швейцарь залуу: “Энэ бясалгал бол гайхалтай бясалгал юм байна. Би хоёр дахь удаагаа дараалан сууж байна” хэмээн ярих аж. Энэ бясалгалд хамгийн залуу нь 15 настай Рэнцэн хэмээх хөвгүүн сууж байхад хамгийн ахмад нь наян настай нэгэн эмээ сууж байв. Бясалгалд нас хамаагүй, харин өөрийгөө ялах тэвчээр хэрэгтэй аж. Ширэндэв багш эртний энэтхэгийн пали хэл дээр “Buddhan saranan gachhaami, Dhamman saranan gachhaami, Sanghan saranan gachhaami” хэмээн гурван эрдэнэд аврал одуулаад бясалгал эхэллээ.Энэхүү гайхамшигт бясалгалыг 2500 жилийн тэртээ Будда багш анх нээж хүмүүст заажээ.Буддын сургаал дэлгэрсэн эхний 500 жил энэхүү бясалгалыг олон хүн хийжгэгээрэлд хүрч байжээ.Гэвч дараагийн зуунуудад хүмүүс ариун номыг мартаж, элдэв шашны хоосон цэцэрхэлд автаж, энэхүү бясалгал мартагджээ. Гэвч Бирма улсын их багш Леди Саядэв, Саяажи Тетжи нар 19 дүгээр зуунд энэхүү бясалгалыг сэргээн гаргаж хүмүүст зааж эхэлжээ. Випашня бясалгалын ариун дамжлагыг цаашид хорьдугаар зуунд их багш Саяажи Уба Хин, Сатьяа Нараяна Гоенка багш нар өдий хүртэл үргэлжлүүлжээ. Эдүгээ дэлхийн 120 гаруй оронд үлэмж үзэхүйн бясалгал дэлгэрчээ. Монголд энэхүү бясалгалыг Гоенка багшийн шавь, монголын випашня бясалгалын төвийн тэргүүн Д.Ширэндэв арваад жилийн өмнөөс ард түмэндээ зааж эхэлсэн байна.Түүнээс хойш Монголд гучаад мянган хүн энэхүү бясалгалд хамрагджээ. Багшийнхаа Ширэндэв хэмээх нэрийг шинжвэл самгардиар Шридэва буюу шри гэдэг нь гэрэлтэгч, дэва гэдэг нь бурхан гэсэн гүн утгатай нэр байлаа. 

Анхны өдөр. Өглөөний 04 цагт босоход тэнгэрт одод гялалзана,гадаа харанхуй, анир чимээгүй. Удалгүй зааланд хүмүүс цугларч лаа асаахад тэрхүү ганц лаа том танхимын харанхуйг гийгүүлж,наян хүн бүгд ямар ч анир чимээгүй бясалгах нь гайхмаар. Ийнхүү бясалгалаа өглөөний 4 цагаас оройн 21.30 цаг хүртэл хийнэ.Нэг цаг тутам завсарлана. Эхний гурван өдөр Anapani буюу Амирлахуйн бясалгалыг заалаа. Эхний өдөр огт хөдлөлгүй завилж суух нь ихэд хэцүү байв.Завилж суунгуут миний нуруу чилж өвдөнө.Үүргэлж болохгүй,хана налж сууж болохгүй.Багшийн зааснаар зөвхөн өөрийн амьсгалын орж гарахыг ажиглана.Энгийн үед хүмүүс бид өөрсдийн амьсгалаа мэддэггүй. Хүмүүсийн бодол үргэлж өнгөрсөн цаг дээр, эсхүл ирээдүй цаг дээр эргэлдэж байдаг.Одоо цаг дээр зөвхөн амьсгал л байж байдаг.Хүмүүс уурлах эсхүл шунал төрөөд ирэнгүүт амьсгал нь түргэсдэг.Уурласан хүний амьсгал улам түргэсч нүүр нь чинэрээд ирдэг.Тэгвэл одоо бид энэхүү хүнийсэтгэлийн сөрөг хөдөлгөөнийг мэдрэнгүүт шууд зогсоож сурна.Эхний гурван өдөр бид амиралахуйн бясалгалыг хийж амьсгал дээрээ төвлөрч сурлаа, амьсгалаа ажиглаж сурлаа.Нүдээ аниад нуруу толгойгоо цэх байлган сууж сурлаа. Гурван өдрийн дараа намрын царцаа мэт энд тэнд үсчих чиний сэтгэл аяндаа дарагдаж номхроод ирнэ. Өөрийгөө удирдаж сурна гэдэг амар биш ажээ. 

Дөрөв дэх өдрөөс эхэлж бид випашня буюу үлэмж үзэхүйн бясалгалд орлоо. ”Vipassana” гэдэг пали үг нь “үнэнийг харах, үлэмж үзэхүй” гэсэн утгатай үг.Энэхүү бясалгалын гол арга нь биеэ ажиглах, биеийнхээ бүдүүн, нарийн мэдрэмжийг ажиглаж сурах юм. Өөрийн үйлдэл, бие,оюун ухаан, сэтгэл зүрхээ мэдрэх нь чухал.Алхахдаа хөл чинь хэрхэн газарт хүрэхийг мэдрэнэ,хооллохдоо өөрийгөө мэдэр, шүршүүрт орохдоо хүйтэн сэрүүн усны дуслыг хүртэл мэдэр.Нарны цацраг хэрхэн чам дээр тусахыг,сэвэлзүүр салхи чиний хацрыг хэрхэн илбэхийг мэдэр.Толгойноосоо эхлээд хөлийн ул хүртэл бүх биеийн хэсгийг дээрээс доошоо,дороос дээшээ урсгал явуулж ажиглаж эхлэв.Хүнд хоёр төрлийн мэдрэмж байдаг. Бүдүүн мэдрэмж : халуун оргих, хүйтэн оргих,загатнах, өвдөх гэх мэт. Нарийн мэдрэмж:долгилох, даралт хөдлөх, чичиргээ үүсэх гэх мэт.Ер нь хүнд таатай болон таагүй мэдрэмж төрдөг.Энэхүү мэдрэмжүүд хүнд үүсдэг,удалгүй устаад алга болдог.Үүнийг ажиглаад байх хэрэгтэй.Энэ бүхэн мөнх бус гэдгийг ойлгож, тэгш амгаланд бие, сэтгэлээ хандуулах хэрэгтэй. Шаталж үзүүлвэл: “Амьсгал- Мэдрэмж- Мөнх бус- Тэгш амгалан”. Таван цогц буюу нүд,чих,хамар,бие тусгагдахуунтай шүргэлцэхэд биед дохио ирдэг. Нүд сайхан зүйлийг,хамар таатай үнэрийг, чих сайхан дууг, бие зөөлөн зүйлтэй шүргэлцэхэд таатай мэдрэмж төрдөг.Иймд хүн өөрт нь таатай болон таагүй мэдрэмж төрөхөд хариу үйлдэл хийхгүй, тэгш амгалан байх хэрэгтэй. Гэтэл хүмүүс таатай болон таагүй мэдрэмж үүсэнгүүт шууд хариу үйлдэл хийж Самкара буюу Үйлийн үрээ бүтээж байдаг. Аливаа мэдрэмжинд хариу үйлдэл хийхгүй зогсооох хэрэгтэй. Ингэж үйлийн үрийг тасалдаг. Хүн болон бусад биет бол шунаад байх зүйл биш, харин эдгээр нь атом молекул юм, жижиг бөөмсийн урсгал, долгион юм. Үүнд сатаарч шунах хэрэг алга. 

Бид гурав хоног хийсэн Анапани бясалгалаас Випашня бясалгалд шилжих үед бие ихэд халуу оргиж байв.Сүүлийн долоо хоног бид зөвхөн випашня бясалгалыг эрчимтэй хийж байлаа. Багш завсарлага бүрээр бидэнтэй уулзаж биднээс бясалгалын байдлыг асууж заавар зөвлөлгөө өгч байлаа. Багшаас би нэг зүйл асуулаа. “Би Бурханы шашинтан тул манай сударт амьсгал авахдаа хамаг амьтны зовлонг өөртөө авч байна, амьсгал гаргахдаа хамаг амьтанд би буян гэгээрлээ өргөж байна хэмээн бясалгахыг сургасан байдаг. Одоо би ингэж бясалгаж болох уу?” гэхэд багш “Өөрийн шүтдэг шашны номлол, тарниа түр хойш нь тавиад зөвхөн өөрийнхөө амьсгалыг ажиглана, биеийн мэдрэмжээ ажиглана, өөр ямар нэг шашны тарни хэлж болохгүй. Тэр бясалгал бол бодьсадва нарын бясалгал. Бид энгийн хүмүүс шүү дээ” гэлээ. Бясалгалын 7,8 хоногийн дараа миний нуруугаар чилж өвддөг байсан явдал алга болов. Багшийн зааснаар бид хатуу шийдвэр гаргалаа. Энэ нь нэг цагт огт хөдлөлгүй бясалгал хийх. Би хатуу шийдвэрээ биелүүлж чадах болов уу хэмээн бодно.Тэгж байтал гэнэт нэгэн Бодьсадвагийн түүх миний санаанд орлоо.

Энэтэхэгийн нэгэн хааны хүү залуудаа хааны суудлаас татгалзаж тойн хувраг болжээ.Тэр хувраг номын ёсоор амьдарч нас сүүдэр нь жаран насыг давжээ. Гэнэт нэг өдөр тэрхүү тойн хувраг гадагшаа Хятад оронд очиж Бурханы сургаалийг дэлгэрүүлэхээр шийджээ. Нөхөд нь: “Та өндөр настай болж байна, харь оронд явах хэрэггүй” гэхэд “Би явах ёстой” хэмээгээд тэр хувраг явжээ.Тэр хуврагийг Бодидарма гэдэг байв.Бодидарма хятадын өмнөд нутгийн нэгэн агуйд бясалгахаар шийдэж тэндээ агуйн хана ширтэж огт хөдлөлгүй сууж, юу ч ууж идэлгүй 9 жил бясалгаад хоосон чанарыг онож гэгээрсэн гэдэг. Бодидарма болхятадын шаолины сүмийн ушуг үндэслэсэн агуу багш шүү дээ. Тэхлээр бид есөн жил биш, нэг цаг хөдлөлгүй сууж бясалгаж болох байлгүй дээ гэсэн бодол надад төрөв. Бид хатуу шийдвэрээ биелүүлсэн. 

Бид бясалгалын дараа орой бүр Ариун номын айлдвар сонсож байлаа. Гоенко багшийн айлдварын бичлэгийг сонсож байхадномлолоо ойлгомжтой, энгийн, заримдаа хошин шогийн мэдрэмжтэй их сайхан сургаалайлдаж байлаа. Ариун номын айлдвар сонсоод зарим сэтгэлд хоногшсон сайхан айлдваруудыг толилуулья. 

Хүмүүс бид гурван эрдэнэд аврал одуулж байгаа гэдэг нь хүний биед аврал одуулж байгаа хэрэг огт биш юм. Харин Бурханы нандин чанарт аврал одуулж байгаа хэрэг. Бурханд хүж зул өргөөд хэдэн тарни хэлээд ямар ч нэмэргүй, ач тусгүй. Харин Бурханы эрдэм, бодь сэтгэл, нандин чанаруудыг хүн өөртөө авч чадаж байвал тухайн хүнд өөрт нь тустай. Бурханы гэгээрэлд хүрсэн чанар, гэгээрэлд хүрсэн аргыг хэрэглэж, хүн өөрийн туршлагаар олсон үнэн бол хамгийн чухал юм. Аль нэг шашны онол, цэцэрхэл, тарни, зөвхөн судар унших төдий нь өөрийн туршлагаар олсон үнэнд хүрэхгүй аж. Хүмүүний сэтгэлд өмнөх болон энэ төрлийн хураасан нисваанис, сэтгэлийн хир улам зузаарсан байдаг.Сэтгэлийн өнгөн хэсгийн хир буртгийг хүн устгасан ч гэсэн сэтгэлийн гүнд байгаа сэтгэлийн хир буртгийг устгаж чадахгүй хэвээр хадгалагдан үлдсэн байдаг. Сэтгэлийн өнгөн хэсэг, сэтгэлийн гүн хэсгийн хооронд зузаан хана байдаг. Энэ зузаан ханыг нурааж сэтгэлийн гүн дэх нисваанисыг арилгахгүйгээрхүн гэгээрч чадахгүй.Хүн бүх насаараа буруу дадал зуршил болон урьд өмнөх төрлийн нисваанис, энэ насны нисваанист дадчихсан, уур хилэн, хүсэл шуналын эрхээр үйлийн үрээ улам зузаалж байдаг.Оюун санааныхаа хүчээр хүн заримдаа сэтгэлийн өнгөн хэсгийн нисваанисийг арилгаж чаддаг боловч сэтгэлийн гүн дэх нисваанис үүнийг огт мэдддэггүй, сэтгэлийн гүн дэх нисваанис гүн бат оршсоор байдаг. Випашня бясалгалаар хүн сэтгэлийн гүн дэх нисваанисийг арилгаж чадна. Випашня бясалгалыг хийсээр байвал сэтгэлийн гүн дэх Samkara буюу Үйлийн үр гарч ирээд устгагдаж байдаг. Хүн амьд байгаа дээрээ сэтгэлийн гүн дэх уур хилэн,хүсэл шуналын нисваанисийг устгаж чадахгүй бол хүн үхэх цагт сэтгэлийн гүнээс хамгийн хүчтэй Samkara нь гарч ирээд тухайн хүнийг шинэ төрөл рүү, гурван муу заяа руу түлхчихдэг.

Иймд хүн өөрийн мэдрэмжээрээ энэхүү нисваанисийг мэдэж үүсэл устгалыг ажиглаж нисваанисийг дарж чадаж байвал хүн сэтгэлийн гүн дэх хирээс салж мөнх бусыг ойлгож Мөнхийн амгалан буюу Нирваанд хүрч чадна. Хүн сэтгэлтийн хирээсээ салж чадвал сропотана буюу үл буцагчийн урсгалд орно, архатын зэрэгт хүрч чадна. Ариун номыг элдэв шашны зан үйлтэй хутгаж, шашны хүлээсэнд оруулж болохгүй. Ариун ном бол байгалийн жам хуультай салшгүй холбоотой.

Бурхан бол Шила-сахил, Самади-бясалгал, Пражня-билгүүн гэсэн энэ гурван эрдмийг л номлодог. Энэ гурван эрдэм бол хамгийн чухал. Энэ бясалгал дээр Бурхан багшийн нэгэн сонин түүхийг ярив. Үүнийгөгүүлсү.

Нэгэн удаа Бурхан багш дээр нутгийн залуу хүрч ирээд: “Бурхан багш та саяхан нас барсан миний эцгийн хойноос буян ном үйлдэж тэнгэрийн оронд мэндлэх замыг нь зааж өгөөч” хэмээн дахин дахин гуйж гэнэ. Бурхан түүнд: “За, та зах дээр очоод хоёр ширхэг ваар аваад ир” гэжээ. Нөгөө хүн захаас хоёр ваар худалдан аваад иржээ. Бурхан багш түүнд: “ Одоо та нэг вааранд нь тос дүүргэ, нөгөө вааранд нь чулуу дүүргэ” гэжээ. Өнөөх залуу: “Одоо л Бурхан багш миний эцгийн хойноос хүчтэй ном тарни үйлдэх нь дээ” хэмээн бодож хоёр ваарыг нэгийг нь тосоор, нөгөөг нь чулуугаар дүүргэжээ. Бурхан багш нөгөө залууд хандаж: “Та одоо хоёр ваарыг усан хий, дараа нь алхаар ваарыг цохиж хагал” гэжээ.Үүнийг нөгөө залуу сонсоод” Одоо л энэ үйлдлийн дараа миний эцэг тэнгэрийн оронд төрөх нь дээ” хэмээн баярлаж ваарыг алхаар хага цохив. Бурхан багш залуугаас: “Одоо усан дотор юү болж байна вэ?” хэмээн асуухад нөгөө залуу: “Байгалийн жам ёсоор вааранд байсан тос хөнгөн тул усан дээрхөвж, чулуу нь уснаас хүнд тул усанд живж байна даа” гэв. Бурхан багш: ”Та зөв хэллээ. Үүн лугаа адил аливаа хүн энэ яваа насандаа буян үйлдсэн бол тэнгэрийн оронд төрнө, нүгэл үйлдсэн бол доод муу заяанд төрнө.Үүнийг хэн ч зогсоож чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй. Иймд хүн энэ яваа насандаа буян үйлдэх нь зүйтэй” хэмээн Бурхан багш сургажээ. Нөгөө залуу ч учрыг сайтар ойлгож Бурхан багшид шавь оржээ. 

Ийнхүү бид бясалгалын төвд арван хоногийн турш таван сахил авч, арван хоног цагаан хоол зооглож хоорондоо юу ч ярихгүй, нэг үг ч дуугарахгүй арван хоног бясалгалаа. Таван сахил бол ихэд чухаг юм. Таван сахил бол хүнийг муу бүгдээс хамгаалах бат бөх хуяг юм. “Амьтны амь таслахгүй, хулгай хийхгүй, буруу хурьцал үйлдэхгүй, худал хэлэхгүй, архи тамхи, хорт бодис хэрэглэхгүй” гэсэн таван сахил хүнийг нүгэл хилэнцээс хамгаалж байдаг. Сахилаа сахивал буян номонд ахиц гардаг. Бясалгалд сууж байсан бид бүгд өдөр бүр цагаан хоол зооглож байсан тул ходоод хөнгөн, сэтгэл амар амгалан байлаа. Арав дахь өдөр нь Метта бясалгал буюу Энэрэл нигүүлслийн бясалгалыг багш бидэнд заалаа. Ертөнцийн хөл хөөрцөгнөөс хол, анир чимээгүй орчинд бясалгал үр дүнтэй боллоо. Бясалгагчид ходоодныхоо дөрөвний нэгийг цагаан хоол ногоогоор дүүргэж бясалгах нь зөв байлаа. Бид гар утас болон машины түлхүүрээхураалгаж, ахуй ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж зөвхөн өөрийн биеийн чимээг чагнаж сэтгэлийнхээ хирийг угааж ариусгаж байлаа. Арав хоног би юу ч дуугарахгүй, нэг үг ч хэлэхгүй байж сурсан тул сүүлд нь сахил тайлагдсны дараа үг дуугарахаас ч дургүй хүрч байв. Би огт өөр хүн болсон байлаа.

Энгийн хар хүмүүс бид ямар их дэмий чалчдаг юм бэ? Хэдий ихээр чалчих тутам төдий чинээ энергиэ алдаж чалчихын нүгэл хураадаг ажээ. Бидхудал хэлэх, хорон хатуу үг хэлэх,зальхай үг хэлэх, дэмий чалчих, хоосон магтах, хоосон амлах, омогтой үг хэлэх, заваан үг хэлэх, бусдыг муулах, доромжлох, хараах... гээдхэлний нүглийг ямар ихээр үйлдэнэ вэ. Бид ямар их иддэг юм бэ? Том аягаар махтай хоол яасан их иднэ вэ? Өдөржин идээд, өдөржин дэмий чалчих аж. Хүмүүн бид арван хар нүглийг үйлдэх гэж энэ хорвоод ирээгүй. Хүмүүн бид арван цагаан буяныг үйлдэж, авралт Бурханы зам мөрд орж, Сансарын хүлээснээс чөлөөлөгдөх гэж энэ хорвоод ирсэн бус уу. Энгийн хар хүмүүс бид таван сахилаа сахиж, сэтгэлийн хирээ арилгая. Бясалгалаа хийе. Нисваанисийг даръя. Самкарыг устгая. Дукха /зовлон/-гаас салж, Сукха /жаргал/ -г ольё. Бурханаа шүтэж, Буянаа хураая. Анничча - Мөнх бусыг ойлгож, Гэгээрэл Нирваанд хүрцгээе. 

Хамаг амьтан Бурхан багшийн сургаалтай учирч, Гэгээрэлд хүрч, Сансарын зовлонгоос гэтлэх болтугай. 

2016.08.15

Улаанбаатар хот