МАН унаж болох доод хязгаар руугаар эрчимтэйгээр яаран унаж байна. Ингэж унахдаа өнгөрсөн 30 жилийн ардчиллын үр шимийг булааж аваад унах нь. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “хамтлагийнхан”-аа гайхширтал мэдэгдэл хийсэн нь өмч хувьчлалын тухай байв. Тэрбээр “Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой” гэж үзээд ажлын хэсэг байгуулснаа зарласан бөгөөд эхний хуралдааныхаа үеэр “Монгол Улс өнгөрсөн 28 жилд явуулсан өмч хувьчлалын ажлаа цогцоор нь дүгнэж, дараа дараагийн өмч хувьчлалаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдөр гартаа барихямар ч дүгнэлтгүй атал нийгэм бараг бүхэлдээ өмч хувьчлалд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл энэ шүүмжлэл бодитой үгүйг албан ёсоор аль ч Засгийн газар дүгнэлгүй өмч хувьчлалыг явуулсаар өнөөг хүрсэн. 1992 оноос эхлүүлсэн цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийг иргэддээ хувьчлах ажил үр дүнгээ өгсөн үү, үгүй юу гэдгийг Засгийн газар дүгнэх цаг нь болсон. Алдаа гарсан бол шалтгаан нөхцөлийг нь тогтоох ёстой” гэсэн байна.

1992 оноос эхлүүлсэн гээд байгаа тэр өнгөт тасалбарын үеэр өнөөгийн сайд Л.Оюун-Эрдэнэ 12 настай байжээ. Тэр хүү өмч хувьчлалын үнэ цэн, гол эзэд, үйл явцыг бүрэн мэдэх үү. “Гүүглээр” хайх уу. “Ах нар”-аасаа асуух уу. Харвардад “коммунист” намын нэрийн өмнөөс сураад ирсэн үү. Аль эсвэл ардчиллаас айгаад зугтсан нь тэр үү. Өмч хувьчлал бол нийгмийн том ололт амжилт юм аа. Иргэнээ баян болгох хамгийн оновчтой арга тэр үед өмч хувьчлал л байсан. Ямар бүгдээрээ л Харвардад сураад, хүүхэд залуусыг сургах бизнес хийгээд байх биш. Харин өнөөдөр өмч хувьчлалыг Л.Оюун-Эрдэнэ “дэнсэлнэ” гэхээр арай л гомдолтой санагдаж байна. 

Товч түүхэндээ “Өмч хувьчлалын тухай хууль анх 1995 оны 01 сарын 12-ны өдөр батлагдсанаас хойш дотоодын үйлдвэрлэлийн 50 гаруй хувь, худалдаа, үйлчилгээний газрууд үндсэндээ, мал сүргийн 90 гаруй хувь нь хувийн өмчид шилжин, Их хувьчлалын эрхийн бичгээр баталгаажих хөрөнгийн хувьчлал үндсэндээ дууссан байдаг. Өмч хувьчлалын явцад нийт 1,9 сая гаруй хүнд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг олгож, 17,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгө хувьчлагдан, 1,1 сая гаруй иргэд Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмшигч болжээ. Янз бүрийн шалтгаанаар 113 мянган хүн хөрөнгө оруулалтын эрхийн бичиг авалгүй үлдсэн байдаг юм. Энэ ажлын үр дүнд 466 хувьцаат компани, 1297 бүрэн бус хариуцлагатай компани, 1907 хоршоо, 850 хувиараа эрхлэх аж ахуй бий болсон” гэж тэмдэглэгдэн үлджээ. Бидэнд харагдах гол үр дүн нь хувийн хэвшил, тэдний бүтээсэн баялагт тулгуурлаж зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж чадсан явдал юм. Үүнээс цааших үр дүнг бид тооцож барахгүй. Гэхдээ эрхэм сайд “Өмнө нь хувьчлагдсан 928 төрийн өмч өнөөдөр ямар байдлаар ашиглагдаж байна, үндсэн зорилгоосоо гажсан уу, тэнд ажиллаж байсан албан хаагчдын нийгмийн асуудал шийдэгдсэн үү. Аж ахуйн нэгжүүд ногдол ашиг тараах хэмжээний ашигтай ажиллаж чадахгүй байна уу гэдэг дээр дүгнэлт хийнэ” гэлээ. Үүний дараагаар УИХ-д өргөн барьсан 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тогтоолын төслийг хэлэлцэхийн өмнө ажлын хэсэг байгуулж, холбогдох байгууллагуудад шалгалт явуулж УИХ-д танилцуулна” гэлээ. Магадгүй тэрбээр олон нийт 3000 төгрөгийн ягаан, 7000 төгрөгийн цэнхэр тасалбараараа юу худалдаад авчихав, “одоо байсан бол...” гэж бодож явдаг, тиймээс шалгалт хийе гэж бодсон бололтой. Гэтэл 1991 онд Баянгол зочид буудлын 70 ширхэг хувьцааг ягаан тасалбараараа аваад өнөөдөр харамсаад сууж байгаа хүн нь хаана байгаа юм бэ. Хүмүүс урагшаа харж амьдрахыг хүсч байна. Эргэж харах чухал. Гэхдээ зөв зүйлээ эргэж харах хэрэгтэй. Хэрэв өмч хувьчлалыг эргэж шалгах гэж байгаа бол 1991 оноос хойш дампуурсан банкуудыг, хэнээс болж дампуурсан, дампууруулагчид нь ямар хариуцлага хүлээснийг эргэж харах зайлшгүй шаардлагатай. 

Энэ түүхэд “дэргэдэх эрдэнэс”-ээс чинь эхлээд л хамаарна. Эхэн үеийнх нь ч АН-д нааж болох л доо. Сүүлдээ банкны мөнгөөр казино тоглож ард нь “зохицуулагч” зарим банкуудад нөлөөлсөн том хэрэг болж өнгөрсөн. Т.Бадамжунай ба одоогийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар маань Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст сэжигтнээр “шалгагдаж” байгаад төдөлгүй “хэрэгсэхгүй болгогдож” билээ. Улмаар 2007 оны есдүгээр сарын 14-нд УЕПГ-аас тэдэнд холбогдох сэжигтнээр татсан тогтоолыгхэрэгсэхгүй болгосон байдаг. Түүнээс хойш “Хадгаламж” өөдлөөгүй. Хамгийн сүүлд “Жаст”-ын Ш.Батхүү “ясыг нь барьсан” даа. 

Хадгаламж банкийг 2006 онд өмч хувьчлалаар “Чингис хаан банк, Монгол даатгал компани болон ОХУ-ын Народный братский банк”-уудын консорцуим аваад дараа нь ОХУ-ын Коалка группт зарчихсан байсан. Коалка групп нь Хадгаламж банкийг буцааж зарах сонирхлоо ОХУ-ын Россельхоз банкаар дамжуулан Жаст группт 2008 оны эцсээр ирүүлсэн байдаг. Хадгаламж банкны тухайн үеийн нөхцөл байдлыг судалж үзэхэд 87 тэрбум төгрөгийн активтай, нийт зээлийн багцын 13,5 хувь нь чанаргүй ангилалд орсон, дөрвөн тэрбум төгрөгийн алдагдалтай, ердөө долоон тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан. Гадны эзэмшилд байсан ийм банкийг Монголдоо оруулж ирэх боломжийг ашиглан 2009 оны дөрөвдүгээр сард 39 сая ам.доллараар худалдаж авсан тэр гавьяатан нь Ш.Батхүү байлаа л даа. 

Яг энэ үетэй давхцан Монголшуудан банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн байдаг. Монгол шуудан банкны зүгээс Ш.Батхүүд хөрөнгө оруулалт хийх, худалдан авах санал тавьсан байдаг. Монголшуудан банкны давуу тал нь орон нутагт өргөн салбар сүлжээтэй байсан нь Монголшуудан банкийг Хадгаламж банкинд нэгтгэх гол хүчин зүйл болж Ш.Батхүү 58 тэрбум төгрөгийн чанаргүй зээл болон бусад өрийг нь барагдуудаад өөрийн болгочихож. Гэтэл Стандарт банкнаас “Жаст” группийн авсан зээлээс болоод Төр авчихсан. Өөрөө банкныхаа хувьцааны тодорхой хувийг бусдад худалдах тохиролцоог хэд хэдэн этгээдтэй хийж байсан бөгөөд тохиролцсон саналаа Монголбанкинд хүргүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар зөвшөөрөл өгөөгүй байдаг. Хадгаламж банкийг доголдуулах үйл ажиллагаа 2013 оны долдугаар сарын дундаас эхэлсэн гэдэг. Энэ үеэс Хадгаламж банкинд хадгалагдаж байсан Хөгжлийн банкны 35 тэрбум төгрөгийн хадгаламж, Өргөн хэрэглээний барааны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилтэд зориулж Монголбанкнаас Хадгаламж банкинд байршуулж байсан 54 тэрбум зээлийг, нийт 90 тэрбумыг нь татчихаад байхад хөл дээр зогсч л байсан банк. Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төрийн өмчийн хорооны даргын 2013 оны долдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр “Жаст” групп Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэхүү ажлын хэсгийн хурлын протоколд төрийн зарим албан хаагч ноцтой асуудал ярьсан байдаг” гээд яриа, тэмдэглэлүүдийг дурьдаад “Эндээс үзэхэд эрх бүхий албан тушаалтнууд Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлэхээр урьдчилан тохирсон гэж үзэх эргэлзээ төрж байна. Энэхүү үйлдлүүд нь бодит нөхцөл байдал дээр биелэлээ олж эхэлсэн. Монголбанкнаас 2013 оны долдугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш томилогдох шийдвэр нь албажсан банкны эрх хүлээн авагч нь мөн өдрийнхөө 14 цагийн орчим тамга тэмдгээ захиалан хийлгэж авсан байдаг. Хадгаламж банкинд хуульд заасны дагуу тодорхой хугацааны дотор үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээг авах ёстой. Гэтэл Эрх хүлээн авагч нь хуулийн хугацаа тоологдож эхлээгүй байхад шууд 22-ны өдрөө банкийг албадан татан буулгах саналаа Монголбанкинд хүргүүлсэн байдаг” гэхчлэн ярьжээ. Түүний үүрсэн хэрэг бол С.Баяртай холбоотой нь Ш.Батхүүгийн өөрийнх нь ярианаас ч, болсон үйл явдлуудаас ч илэрхий харагддаг.

Үүнээс гадна ч С.Баярын Засгийн газрын үе бол банкны салбарын нэн сонирхолтой үе яах аргагүй мөн. Тэр үед Монголын төр нэг гараараа “Анод”-ыг дампууруулж нөгөө гараараа “Зоос”-ыг аварч Төрийн банк болгосон. “Зоос”-ын Ш.Чуданжий бүсгүйг ор тос мартагнуулж чадсан. Тэр ч байтугай Төрийн банк 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр Хятадын компанид 20 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн асуудал ч эрх баригч нам, банкийг хүнд байдалд оруулах шалтгаан байж чаддагийг баталгаажуулсан бөгөөд уг хэрэг одоогоор хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм билээ.

Дашрамд сануулахад “Анод”-ын Н.Даваа 2014 оны есдүгээр сард суллагдаж гарч ирээд хэвлэлээр дамжуулан банкныхаа лицензийг “гуйж” билээ. “Бээжинд салбараа байгуулах гэж байсан юм, үүнийгээ байгуулмаар байна. Хятадын тал “Танай талаас хүсэлтийг зогсоосон учир танай талаас хүсэлт гаргавал эргэж харах боломжтой гэсэн хариу өгсөн” гэсэн нь сонирхол татсан. Түүнчлэн сөрөг хүчний төлөөлөл хувийн банкнаасаа болж Засгийн газраа сөрөх бус дэмжихэд хүрч эцэст нь намаасаа хөөгдөхийг үзэв. Бизнесээрээ боомилуулж үзэл бодлоо тавиад туучихсан нь ганцхан тэр гишүүн биш л дээ. Гадны банк оруулах дургүй ч дотооддоо иймэрхүү аргаар л амь зууцгааж байгаагийн цаана төр гэдэг машин хэнийг, хэзээ, хэрхэн машинддагийг ч хангалттай харсан. Товчхондоо банкийг “алах” уу, аврах уу гэдэг нь улс төрийн шийдэл болчихсон нь буруу эргүүлэг юм. Энэ бүхний үүр уурхайг нэхэн сануулж, илрүүлэн гаргаж хариуцлага тооцож чадах уу. 

Тэгэхээр хувьчлалын түүхээс илүүтэй банк дампуурсан түүх чухал биш гэж үү. Яагаад гэвэл өмч хувьчлалын загвар бол тухайн үеийн улстөрчдийн тоглоомын дүрэм, тохиролцоогоор явагдаж ирсэн. Харин банк бол итгэлцэл дээр тулгуурладаг, иргэд харилцагчдын эрх ашигт шууд нөлөөлдөг, эдийн засагт өмч хувьчлалаас илүү хүчтэй доргилт онцлогтой. Ийм хоёр өөр зүйлээс аль нь чухлыг ялгаж салгаж чадахгүй аваас ЗГХЭГ-ын дарга маань их л дэмий зүйлд урт цаг хугацааг алдах нь дээ гэж харагдахаар байна. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ өөрөөс нь дээд албан тушаалд байгаа хүмүүсийн эрх ашгийг хөндөж тоглож түүнийгээ улстөржүүлж шоудаж үнэд хүргэх гэсээр байтал 2020 оны сонгуультай золгоно. Тиймээс “Өмч хувьчлагчдаа биш банк залгигчдаа илрүүл дээ, Л.Оюун-Эрдэнэ ээ!” гэж зөвлөн сануулъя!