Цаг төрийн үймээн биш, цаг нь ирсэн үймээн гэж байдаг аж. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой ҮАБЗ-ийн зөвлөмж, түүний дүнд гарсан Засгийн газрын тогтоол, олныг цочирдуулсан нэвтрүүлэг, баривчилгаа, онц байдал энэ бүхнийг гаднаас “далд хүч” удирдаад байна гэх таамаглал бий. Цаг хугацааны хувьд ч тэгж үзэх сэжүүр бий. Учир нь ОХУ-ын “Ростех”-ийн “Монголын зэс корпораци” ХХК-тай хийсэн хэлцэлд онцлон заасан хатуу болзол нь “гурван жилийн дотор гуравдагч этгээдэд худалдахгүй. Худалдвал уг хэлцлийг хүчингүйд тооцож “Ростех”-ийн өмчлөлд “Эрдэнэтийн 49 хувь” буцаад шилжих буюу хатуухан хэлэхэд хураагдана гэсэн заалт байжээ. Энэ талаар Засгийн газрын нууц байснаа ил болсон тэмдэглэлээс “18 сар” гэдэг үг л олдоно. Хэн, яагаад 36 сарыг 18 сар болгосон юм бол. Ямар ч байсан 36 сар байсныг хэлцэл хийсэн “Монголын зэс корпораци” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар 2019 оны гуравдугаар сарын 5-нд ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын гадна мэдээлэл өгөхдөө батлан, тодотгон хэлсэн. Тэрбээр “Манай компани 51 хувийн асуудлаар хэд хэдэн удаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах хүсэлт тавьж байсан. Хариу өгөөгүй. ҮАБЗ-д 2018 оны зургадугаар сард 51 хувийн асуудалд санаа зовинож байгаагаа илэрхийлж, яаралтай шийдэх хэрэгтэй байгааг мэдээлж уулзах хүсэлт тавьсан. Өнөөдрийг хүртэл хариу аваагүй байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдах хэлэлцээр хийхдээ ОХУ-ын Ростех компанийн талаас Хэлцэл хийснээс хойш гурван жилийн хугацаанд гуравдагч этгээдэд худалдахгүй гэсэн болзлыг тавьжээ. Засгийн газрын “нууц” байснаа ил болсон тэмдэглэлд 18 сар гэж гардаг. Гэтэл М.Мөнхбаатар “Анхнаасаа 36 сар л гэж байсан. Бид хэн нэгэн гуравдагч этгээдэд зарахгүй “Эрдэнэт үйлдвэр”-ийг хэвийн ажиллуулна гэсэн зорилготой байсан учраас үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж байна. Энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноороо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь Оросын талд буюу ОХУ-ын “Ростех” корпорацийн өмчлөлд очно гэдгийг УИХ, Засгийн газар мэдэхийн дээдээр мэдэж байгаа” гэсэн юм.

Тэгэхээр эндээс энэ гурван жилийн хугацаанд ямар нэг арга саам хэрэглэн “Монголын зэс корпораци хэлцэлд заасан үүргээ зөрчих ёстой байсан юм биш биз. Тиймээс эсвэл Монголын төрийн өмч, эсвэл Сингапурт хувьцаагаа сэм худалдахаар завдсан болгож” хэлцэл зөрчүүлэн ОХУ-ын “Ростех”-д хураалгах тохироо хийсэн байж болох уу гэсэн хардлага төрж байна. 

Энэ тохиолдолд “Ростех” тун баяртайгаар хүлээж авна. Учир нь Эрдэнэт үйлдвэрээс ногдол ашгаа авч чадахгүй байсан, Монголросцветмет “Ростех”-т өртэй болсон, Эрдэнэт үйлдвэр он удаан жил эрх баригч намын сонгуулийн санхүүжилтийн нэг эх үүсвэр нь байсаар ирсэн гэхчлэн олон шалтгаанаар Ростех Эрдэнэт үйлдвэрээс салахын түүс болж байсан. Шалтгаан нь “Ашиггүй” учраас тэр. 

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэрүүлтэй ч гэсэн өрийг цэгцэлж, Компанийн засаглалтай ч болж, олон гэм дутагдлын идээ бээрийг шахаж ил тод болгоод зогсохгүй хамгийн гол нь “Стандарт” банкинд төлөх өрийг улсаараа, төрөөрөө хүлээн зөвшөөрч, чамлахааргүй ашигтай ажилллуулж “цэвэр” болох зүг рүү нь хандуулж өгсөн. Одоо ийм болсон 49 хувийг буцааж өмчлөлдөө хурааж авахдаа “Ростех” татгалзана гэж үү. Тэгэхээр хэн нэгэн улстөрчийн амлалтаар “Гурван жилийн хугацаанд гоё 49 хувь” Ростехт тушаах зорилготой байсан юм биш биз?

Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй тогтоолын биелэлтийг Л.Оюун-Эрдэнэ л хянах зүгээр үү?

Харин одоо “тохироо нь бүрдсэн тогтоол”-ын талаар тодотгоё. Засгийн газрын энэ сарын 6-ны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргав. Шийдвэрээ “өвөртлөөд” шууд “Эрдэнэт” үйлдвэрт давхиж очоод Тэргүүн дэд захирлыг, Хуулийн хэлтсийн даргыг орлогчтой нь хамт, мөн Ерөнхий нягтлан буюу Санхүүгийн хэлтсийн даргыг, Хүний нөөцийн албаны даргыг ажлаас чөлөөлж өрөөг нь битүүмжиллээ. Энэ бол Засгийн газрын онцгой бүрэн эрхийг өөртөө бичиж олгоод, тэр эрхийнхээ хүрээнд яаран хийсэн ажил нь. Эндээс ямар сэжиг төрсөн бэ гэвэл удахгүй болох Эрдэнэт үйлдвэрийн “51 хувийнхны” шүүх хурал, Стандарт банкны өртэй холбоотой арбитрын шүүх хурал зэрэгтэй өрсөж холбогдох баримт бичгүүдийг устгах вий гэсэн хардлага дагуулсан. Төмөр замын удирдлагыг солиход нягтлан нь цонхоор баримт бичгүүдээ шидсэн, С.Баяр намын байраа шатахад ганцаараа үлдэж бичиг баримт устгасан байж магадгүй гэхчлэн үлгэр домог шиг олон таамаглал хардлага дундуур туучсан олон нийтэд энэ зэргийн ойлгомжтой дүр зураг тийнхүү сэрдэхэд хүргэсэн хэрэг. 

Хэдийгээр дуртай үедээ татан буулгаж цуцалж болох ч яагаад зургаан сарын хугацаа тогтоов? Ер нь энэ цаг мөчид Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоох ямар шаардлага байсан юм бэ гэхчлэн асуудлууд урган гарч байна. 

Засгийн газар энэ шийдвэрийг гаргахдаа Улсын Бага Хурлаас 1991 онд баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэсэн байх юм. Гэтэл үнэн хэрэгтээ цаг үеийн шаардлагаар буюу Монгол Улс зах зээлийн харилцаанд дөнгөж шилжиж байсан үед буюу бараа бүтээгдэхүүний хомсдол бий болчихсон, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд доголдол гарч болзошгүй үеийн нөхцөл байдлыг зохицуулах зорилгоор 1991 оны 1 сард үед гарсан байдаг. Үүргээ ч биелүүлж гурил нэг хүний гарт, мах нэг үйлдвэрийн гарт орчихолгүй хүнд үеийг давж шинэ Үндсэн хуультайгаа золгож. Шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Үндсэн хуульд харшилсан хууль, эрх зүйн актууд хүчингүйд тооцогдоно гэж зааснаар 2019 онд 1991 оны хуулийг хэрэглэх боломжгүй байтал алдарт Засгийн газар маань одоо мөрдөж байгаа Үндсэн хуулиа зөрчөөд 1991 оны хуулийг хэрэгжүүлж Эрдэнэтийг “авлаа”. Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэрийн хууль зүйн үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд "хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр" гэж заасан нь Үндсэн хуульд "хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасантай харшилж байгаа учир Үндсэн хуулийн Цэцэд очих магадлалтай болоод байна. 

Онцгой дэглэмтэй холбогдуулан гарсан Засгийн газрын 91 дүгээр тогтоол батлагдан хэрэгжиж эхэлсэн. Ерөнхийдөө 1991 оны нэгдүгээр сарын 4-нд батлагдсан Засгийн газарт эрх олгох тухай хуультай уялдуулах гэхээсээ илүү “хуулах” гэж нэлээд хичээжээ. “Шинэ соргог” нь гэвэл Засгийн газрын 2019 оны 91 дүгээр тогтоолын Дөрөвдүгээр зүйлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 2016-2019 оны үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт шалгалт хийж дүнг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд л танилцуулахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгажээ.

Харахад гэмгүйхэн, зүй ёсны харагдах энэ заалтын цаана анх дэглэм тогтооход нь л хардаж байсан “Санхүүгийн баримт устгавал яах вэ” гэдэг хардлага дахин тодорно. Учир нь Ч.Хүрэлбаатар 2016 оныхыг шалгаж байна уу, 2007 оныхыг, 2011 оныхыг шалгаж байна уу гэдгийг хөндлөнгөөс хэн хянах вэ. Тэгээд гарсан үр дүнгээ өөр хэнд ч биш ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд л танилцуулна гэсэн тогтоол Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын гарын үсэгтэйгээр батлагдаад хэрэгжиж эхэлсэн. Товчхондоо У.Хүрэлсүхийн Засгийн газарт энэ Онцгой дэглэм нь нэр хүнд авчрахын сацуу “ЖДҮчидийн хэрэг” гэдэг шиг арилгаж, аргалж болшгүй “Хуулиар тоглосон хэрэг” болж мэдэх юм. Гэвч тэдэнд өнөөдрийн үр дүн, өгөгдсөн даалгавар байгаа бол тэр нь илүү чухал байгаа бололтой. 

Хэнд ашигтай вэ? Онцгой дэглэм платформ мөн үү?

Юуны өмнө “Яагаад хэлцэл байгуулахад гурван жилийн дотор өөр этгээдэд эрх шилжүүлбэл хэлцэл буцна гэсээр байтал төр нь 100 хувь мэдэлдээ аваад зогсохгүй онцгой дэглэм тогтоох болчихов гэдгийг “Ростех” огт тоохгүй өнгөрнө гэж бодохгүй байна. Тиймээс эртнээс мэдэж байсан бол шалтагласан, хэрэв огт мэдээгүй байсан бол цочирдсон арга хэмжээ тэндээс ирнэ. 

Дотоодоосоо гэвэл Онцгой байдал тогтоосны маргааш нь буюу 2019 оны гуравдугаар сарын 7-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-ын дарга, дэд дарга нарын асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг мэдээлэхийн ялдамд “2019 оны гуравдугаар сарын 5-нд ҮАБЗ хуралдаж эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Зөвлөмж нь нууц учраас дэлгэрэнгүй “ярих боломжгүй гэж ярив”. Ингэхдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд авна гэсэн утгатай зөвлөмж гарсан гэж мэдэгдсэн. Хамгийн аймшигтай нь “ҮАБЗ-ийн зөвлөмжид Зөвхөн Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоох асуудлыг бичээгүй. Ерөнхийдөө эдийн засийн хувьд аюул учирч байгаа үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож болохыг зөвлөсөн. Энэ хүрээнд тодорхой хуулиудыг шинээр батлахыг зөвлөсөн” гэсэн юм. 

Гүйцээ! Эрх мэдлийн террор, хууль батлах замаар тонон дээрэмдэх гэж үүнийг хэлдэг юм. М.Энхболдод зориулж шахам хууль баталсан шигээ авахыг хүссэн төрийн өмчит үйлдвэрүүддээ онцгой дэглэм тогтоож, шаардлагатай бол хууль зохиож батлуулахын тулд ээлжит бус чуулганд яарч байгаа байх нь. Хэдийгээр “эдийн засийн хувьд аюул учирч байгаа үйлдвэрүүдэд” гэж байгаа ч эдийн засгийн аюулын хэм хэмжээг хэн тогтоох вэ, эдийн засаг нь хүндрээгүй төрийн өмчит үйлдвэр хаана байна гэж? Та бүхэн анзаарсан бол МАК-ийг мөн ч удаан хугацаанд оролдож байна. Салхитын мөнгөний ордод болсон гүйцэтгэх ажиллагаа Цагаан суваргад болбол хэн ч гайхахгүй. Ухаа худагийг, Асгатыг авахын тулд хуулийн төсөл тачигнатал бичиж өгөөд пижигнэтэл батлуулахад хэн, яах юм бэ? 

УИХ ямар “жижигхэн” болохыг бид харсан. УИХ бүрэн эрхээрээ шийдэж байгаа мэт боловч 2020 оны сонгуульд нэр дэвших эрх, намаас гарсанд тооцох зэрэгт л “эрхээ алдчихдаг” тийм л гишүүдтэй юм билээ. 1992 онд батлагдсан Ардчилсан Үндсэн хуулиа баталж, үүнийг дагалдан Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг олон хууль батлагдсан. Тэр бүхнийг “хэрэглэхийг хүсэхгүйгээр” шинээр хууль тогтоох, эсвэл Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд Онцгой дэглэм тогтоогоод явах жишиг тогтох нь зөв үү. Хэрэв хэн нэгэнд давуу эрх олгох зорилгоор хууль зөрчин бүлэг хүмүүс нэгдчихээд байгаа бол УИХ үүнийг таслан зогсоох ёстой. Эцэст нь Төр хариуцлага хүлээдэггүй учраас л Онцгой дэглэмээс Эрдэнэт үйлдвэрийг, улсын өмчөөр хайгуул хийсэн ордуудыг харамламаар санагдаж байна. Хардаад байвал урт холын замд хөтлөх тодоос тод зам дурайж буй ч энэ өдрүүдэд “ажил нь эхлээд” байгаа хүрээнд ийм л дүр зураг харагдаж байна.