"Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Засгийн газарт хүсэлт хүргүүлжээ. “Шалдаа бууж эвлэрэхийг хүслээ” гэж мэдээллийн сайтаас уншлаа. Бодит байдал дээр юу болсон бэ гэвэл төрийн махны машин ажиллаад эхэлснийг одоо л дөнгөж мэдэрч буй хоёр жилийн өмнөх “баатрууд” өнөөдрийн байдлаар далайн дээрэмчинтэй дүйцэхүйц аугаа луйварчид болох “Монголын зэс”-ийнхэн бизнесийн хүмүүсийн хувьд асуудлыг шийдэх гарц эрэлхийлсэн юм шиг байна. Ингээд өр тавиад Эрдэнэтийн 49 хувийг аваад ирсэн шигээ, гавьяа байгуулж тэврэлдээд Монголд ирсэн шигээ боловсон маягаар Ерөнхий сайдад хүсэлт гаргаж одоо доог тохуу болж байгаа нь энэ. Ёстой л Айн Рэндийн хэлснээр “Бүтээлч хүн бусдыг ялан дийлэх хүслээр бус амжилтад хүрэх хүслээр өдөөгддөг” гэсэн нь энэ. Биднийг хорьж саатууллаа, “хатаагдлаа” гэхийн оронд өдөөгдөж зорилгодоо хүрэхийн тулд "Төртэй ойлголцоё" гэсэн. Гэхдээ улстөрчдийн мэддэгээр цүнхтэй мөнгө бариад гүйсэнгүй. Данс руу нь хийж “гэнэт орсон гарсан” гэж зүүлэгтсэнгүй. Улстөрчдийн өөрсдийнх нь баталсан хуулийн дагуу, тухайлбал УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолоор Засгийн газарт тус компанитай хэлцэл хийх үүргийг биелүүлээгүйг нь биелүүлэх гэж тэр шүү дээ. Энэ тогтоол гарснаас хойш Засгийн газар УИХ-ын тогтоолоор өгөгдсөн үүргийг биелүүлэхгүй муйхарлан шүүхдэж удаа дараа ялагдсаар өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн байна. Хэлцэл хийсэн бол шүүхдэлцэх нь байтугай ерөөсөө 49 хувийн тал гэж байхгүй ч байж болох байж, тийм үү. Гэтэл Засгийн газар хэлцэл хийж биш дээрмийн аргаар 49 хувийн талыг байхгүй болгохоор шийдсэн. Аргаа бараад шүүхийн шийдвэргүй саатуулж одоо дээрмийн дараагийн арга болох хүчингүй болсон хуулийг ухраан хэрэглэж Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоочихоод байна. “Монголын зэс”-ийнхэн удаа дараа Ерөнхий сайд, холбогдох хүмүүстэй уулзах хүсэлт удаа дараа тавьсан гэнэ. Сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай холбогдуулан энэ удаа хэлцэл хийх хүсэлтийг нь хүлээж авна гэж итгэж байна гэж ярих юм.

Яасан ч гэнэн юм бэ  дээ. Шүүх дээр удаа дараа ялагдаад байхдаа хүсэлтийг чинь хүлээж аваагүй Засгийн газар Тагнуул, цагдаа, хүчний байгууллагыг бэлэн байдалд буу бариулж тэр 49 хувиа оруулсан гэх үйлдвэрт чинь Засгийн газраа байгуулчихаад байхад юу гэж та нартай уулзах вэ дээ. Ер нь “Монголын зэс”-ийн энэ залуусыг ойрын холбоотой байдаг бол "гаднын хэвлэл мэдээллийн байгууллагад ханд" л гэмээр байна. Монгол Улсад тэдэнтэй шальчигнаж Засгийн газартай тэрслэх хэвлэл мэдээлэл ховор болсон шүү. Энэ утгаараа МҮОНРТ-т дайран орсон тэр цаг үе давтагдаж байгааг даанч анзаарахгүй байна. 

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахалж байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яг одоогоор Засгийн газрын 91 дүгээр тогтоолын дагуу “Онцгой дэглэм”-ийн хамгийн гол хүн болоод та нарын 49 хувь эзэмшиж эхэлснээс хойшхи үеийн буюу 2016-2019 оны үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж Засгийн газарт шууд тайлагнах үүрэг хүлээгээд ажиллаж байна. Хэлцэл хийх үүргээс нь татгалзуулаад шалгалт хийх үүрэг оноосон гэсэн үг. УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоолын аль нь хүчтэй байна?

Цаашилбал УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хар. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үе шүү. “Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголбанкны дэд ерөнхийлөгч, Татварын Ерөнхий Газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал. Тэд ажил, үүргийнхээ хүрээнд дэд ажлын хэсэг ажиллуулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, холбогдох шийдвэрийнхээ төслийг 2017 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах”-ыг ажлын хэсэгт үүрэг болгосон. Ингээд хэлцэл явагдах ёстой байсан Хэлцэл болоогүй. Өнөөгийн нөхцөл байдалд хүрч Ганцхудаг, гав, Онцгой дэглэмдээ хүрсэн. Одоо хэд хэдэн хувиар яаж хуваах тухай хэлцэл хийх тухай доромжлол мэт цуурхлын хэлбэрээр тараагдаж байна. Учир нь төр 100 хувь авчихсан болохоор тэр. “Монголын зэс”-ийн эзэд гаваа тайлуулсандаа талархаад өр зээлээ төлөөд явна. Гадагшаа захиалсан бараа таваар, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зээл чинь хэнд ч хамаагүй. Татвараа Онцгой дэглэмийн тухай тогтоолын 2.7-д заасны дагуу Эрдэнэт үйлдвэр бүхэлдээ төлөөд явна. Таны 49 хувь ч тэнд байгаа. Тэнд санхүүгийн баримт зохиомлоор оруулна уу, устгана уу бүү мэд. Бүх мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулах, “тодорхой чиглэл авч ажиллахыг” уг тогтоолоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасан байдаг. 

Онцгой дэглэмийг мөрдөх нь хууль ёсных эсэх нь эргэлзээтэй ч дэглэмийн 2.5-д “хүн хүч, тээврийн хэрэгслийг дайчлан шаардлагатай арга хэмжээ авахыг ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нарт даалгасан. Одоо 49 хувийн хувьцаа эзэмшигч байсан хэлцэлээ буутай цагдаа болоод гав, Ганцхудагаар сүрдүүлсний дараа хийнэ гэж бүү хүлээ! Монголын нийтлэг эрх ашигт хэчнээн хэрэгтэй байсан ч илүү ухаантай, илүү хөдөлмөрч, илүү авьяастай нь тийм биш олонхид шулуулж амьдрах тавилантайг ойлго. “Бодлын хулгайч” киноны гол сэдэв болсон “Ерэн саяын Гансүх” шиг сэтгэж ажилласан, луйврын схем зохиосон хүмүүс ардын аман зохиол, домгийн баатар мэт яригдаад өнгөрөхөд л хангалттай. Тэд хэзээ ч баатар болдоггүй. 

Бидэнд капитализмын туршлага, түүх байсангүй. Мухардалд ороод коммунизм руу алхаж үзэж байна. Тиймээс “Монголын зэс” золиосын жишиг болоход хүрэв. 

Юун “Bloomberg Awards 2017”-ын “Азийн шилдэг хэлцэл”, ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшиж байсан 49 хувийг Монгол Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэдэг байр сууриа илэрхийлсний дараа Хятадын болон Казахстаны компаниудтай "Монгол зэс" корпораци хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцож, ялалт байгуулж гадаад зах зээлд хийсэн Монголын түүхэн дэх хамгийн том худалдан авах ажиллагаа, хэлцэлд тооцов энээ тэрээ. Харин ч хаалгыг өшиглөж ордог, тамгыг булааж зугтдагаа бодвол засарчихаад байгаа нь энэ. Ном уншдаггүй Трампыг эрх чөлөөнд хайртай тэрбумтан гэж андуурч байсан нь олонтаа. Гэтэл 2016 онд сонгуулийн тойрогтоо санал болгосон зүйл чөлөөт зах зээлийг утгаар нь зөнд нь орхих амлалт байв. Харамсалтай нь амлалтын мөн чанар нь АНУ-ын төрийг худалдааны хэлцлийг хэлэлцэх, ажлын байрыг эргүүлэх авчрах зах зээлд идэвхтэй оролцогч болгох тухай байж. Олон нийтийн өмнө том компаниудад “шахалт” үзүүлж, Ford эсхүл агааржуулагч үйлдвэрлэгч Carrier-ийг үйлдвэрүүдээ АНУ-д байлгахыг шаардсан...

Харин одоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд уриалж оёсон пальтогоор нь загвар үзүүлж эргэлдээд байсан Ерөнхий сайдаа харцгаа! Харвардаар гоёсон Л.Оюун-Эрдэнээ харцгаа! Тэд хэлцэл хийнэ гэж үү.