Мөнгө өөрийн гэсэн үнэ цэнэтэй.
Хэрэв зөв үнэлэхгүй бол АМЬДРАЛ ҮНЭГҮЙДНЭ.

Ердөө ганцхан өгүүлбэрээс болж монголчууд 188 сая ам.долларын буцалтгүй тусламжаас татгалзахаас өөр аргагүй байдалд хүрч байлаа. Тэр нь “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунины “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг юм” гэх ганц өгүүлбэр. Хэн анх хэлснийг нь бүү мэд. Ямар боловч В.И.Якунин монголчуудад анхлан зориулж, тэр нь ч “бай”-гаа оносон юмдаг. АНУ-ын Мянганы сорилтын корпорациас төмөр замын техникийн шинэчлэлд зориулж өгөх гэж байсан 200 шахам сая ам.доллараас “Улаанбаатар төмөр зам”-ын хувь нийлүүлэгч “орос ах”-ын шахалтаар татгалзаж байсан энэ түүхийг сөхсөн нь учиртай. Үнэхээр үнэгүй юм зөвхөн “хавханд” л байдаг уу гэх асуултад хариулт хайсан юм. 


“Монсуэль”

Гүн хямралд өртчихөөд буй эдийн засагтай Латин Америкийн Венесуэль улс Төв Азийн цээжин дэх Монголтой зарим талаар тун төстэй. Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэдэг. Венесуэлийн ард түмэн популист улстөрчдийг шахахын оронд сонгож, улмаар сонголтоо дахин дахин баталгаажуулж ирсэн нь өнөөгийн эдийн засгийн нуралтын үндэс нь болсон. Үндэсний валютынх нь ханш өдрөөс өдөрт унаж, бараа бүтээгдэхүүн хомсдож, инфляц нь 6000 хувьд хүрч, удахгүй 13000 хувь болно гэж ОУВС анхааруулж байна. Хагас жилийн өмнө үндэстнийх нь мөнгөн тэмдэгт боливарын ханш нэг ам.долларын эсрэг 2200 байсан бол өдгөө 228000 боливар ганц ам.долларын ханштай болжээ. Тэнд шуудай дүүрэн мөнгөөр өдрийн хоол идэх хэмжээнд инфляц хэтийдэж, хүн байтугай амьтад өлсч үхэж байна. 

Энэ бүхэн ерөөсөө л бүхнийг төрөөс үнэгүй авах гэсэн ард түмнийх нь хүсэл, шуналаас эхлэлтэй. Уг шунал дээр дөрөөлж боссон улстөрч нь Уго Чавес юм. Бас улам лавшаруулсан хүн нь одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро. Иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр, цахилгаан бараажуулах кампанит ажлаас эхэлсэн тэдний популизм эцэстээ утоп мөрөөдлөө гүйцэлдүүлэх, улсаа нураах суурь болсон гэж ажиглагчид дүгнэдэг. Үр дүнг нь хар. Үнэгүй юманд хэт шунасан ард түмэн нь өнөөдөр хамгийн их төлөөс төлж, өлсгөлөнд туйлдаж байна.

Барааг бараагаар солилцох бартерын систем Венесуэльд цэцэглэж, дундад зуун руу ухарсан ерөнхий дүр зураг “ноёлж” буй. 

Тэнд хэчнээн мянган хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хэдэн арваараа өлсгөлөнгөөр хорвоог орхиж буйг нотлох баримт бол “Туулай үржүүлж хүнсэндээ хэрэглэх тухай” Ерөнхийлөгчийнх нь санаачилгаас тодхон харагдана.

Мөнгө өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Хэрэв зөв үнэлэхгүй бол амьдрал ч үнэгүйддэгийн жишээ энэ.

Тэгвэл Монголд ч үнэгүй болгох, үгүй ядахнаа үнийг нь тогтворжуулах алхмууд хийгдсээр ирсэн, Ардчилсан нам засагласан 2012-2016 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрт улсаас 3 их наяд төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй. Харин ч үнэгүй болго, үнэ хямдруул гэсэн иргэдийн шаардлага, сөрөг хүчний улс төрийг далимдуулж хэдхэн хүн хөрөнгөжөөд дууссан нь өдгөө хууль, хүчний байгууллагад хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Яагаад гэвэл хэсэгхэн хугацаанд л махны үнэ, бензиний үнэ тогтвортой байснаас бусдаар ямар ч үр дүн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс гараагүй. Харин ч импортоор хэрэгцээгээ хангасаар ирсэн бидэнд валютын ханшийн өсөлт эргээд дарамт болж буйг тодотгоё. Хэдхэн жилийн өмнө 1700 төгрөгийн ханштай байсан ам.доллар өдгөө 2500-д хүрч, долларын ханш тогтворжих биш тонгочсон он жилүүд үргэлжилж байна. Ханшийн энэ савалгааг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний ч дагаж “намирсан” он жилүүд үргэлжилж байна шүү дээ. Өнөөх л үнэгүй юманд шунасан, үнэгүй бол, үгүй ядахнаа үнийг нь буулга гэх иргэдийн тэмцэл, сөрөг хүчний шаардлага эцэстээ ийм л байдалд хүргэсэн нь бодит үнэн. 

Монгол “Монсуэль” руу дөхсөн үйл явдал үүгээр тогтохгүй олон бий. Дахиад жаахан урагш хөөж, ахиад өөр жишээ сануулъя.

Ардчилсан нам “Үнэ тогтворжуулж” тоглосон шиг Ардын нам үнэгүй мөнгө тарааж “найралцгаасан”.

2008 оны УИХ-ын сонгуульд АН-ынхан нэг сая төгрөгийн “Эрдэнийн хувь” амлахад Ардын нам бэлэн 1.5 сая төгрөгийн “Эх орны хишиг” амлаж ялалт байгуулж байлаа. Бэлэн мөнгөний амлалтаар сонгуульд өнгөлсөн тэд иргэн бүрт “Эх орны хишиг” болгон сардаа 21 мянган төгрөг тарааж байв. Ихэнх нь Эрээний “хог”, архины мөнгө болсон 21 мянган төгрөгүүдээр хэчнээн сургууль, хэдэн эмнэлэг барьж, хэчнээн хүний ажлын байр шинээр бий болгон, хэдэн км зам тавих боломжтой байсан бол. Үнэндээ иргэн бүртээ тарааж байсан 21 мянган төгрөгөөс өнөөдөр үлдсэн ганц юм “21 000” нэртэй шоу нэвтрүүлэг л байна. Өөр юу ч ялга. 

Бас нэгэн жишээ. Үнэгүй юманд дургүй хүн гэж байхгүй биз. Гэхдээ мөнгө ч бай, бараа ч бай тараасан шалтгаантай л байх ёстой. Гэтэл сонгуулийн өмнө малчдын саналыг татахын тулд УИХ-аас малчдад ямааных нь тооноос хамаарч бэлэн мөнгө хуваарилж байсан түүх бий. Өрх бүрийн хүүхдийн тоогоор үнэгүй мөнгө тараачихаад малчин бүрийн ямаанд зориулж бас л мөнгө цацаж байлаа. 

Хэрэв энэ бүх үнэгүй цацсан мөнгөөрөө бид хөрөнгө оруулалт хийсэн бол яах байсан бэ. Цаасан дээр л “сүндэрлээд” удаж байгаа V цахилгаан станцаа, шинэ цэвэрлэх байгууламжаа, зэс хайлуулах үйлдвэрээ босгочих л мөнгө шүү дээ. Харамсалтай нь өнөөдөр макет, санаа хоёроос өөр юм үлдсэнгүй. Ингээд бодохоор үнэгүй юм амлаж сонгогдсон улстөрчид нь “улсаа нураадгаараа” Монгол, Венесуэль хоёр яах аргагүй төстэй болчихоод байгаа юм. Тэнд нөхцөл байдал нь хэтэрхий гүнзгийрсэн бол энд азаар 60 сая мал, асар их баялаг, гуравхан сая хүн нь Монголын улстөрчдөд боломж үргэлж олгосоор ирлээ.

Гэхдээ бидний алдсан боломж, Венесуэлийн алсарсан амьдралтай нь дүйж мэдэх билээ.


Үнэгүйд нугасгүй монгол зан

“Үнэгүй бяслаг”-т зөвхөн монголчууд л дуртай юү гэвэл худлаа. Дэлхийн хаа сайгүй, өнцөг булан бүрт үнэгүйг үгүйлсэн сэтгэхүй байгаа, байсаар ч байх нь ойлгомжтой. Гэвч үнэгүйд дуртай “монгол зан”-г зориуд энд онцолъё. Өнгөрснийг орхиод одоогоо, хүнийг мартаад өөрсдийгөө харъя л даа. 

Улстөрчдийн үнэгүйг амласан амлалт даамжирч, улмаар төрийн үйлчилгээ нь үнэгүй болох хандлага сүүлийн үед хэд хэд гарлаа. Төр хүнд сурталгүй, үнэгүй үйлчлэх нь татвар төлөгчийн өнцгөөс харахад зөв мэт боловч зарим тохиолдолд хазаарлах ёстой мэт санагдана. Хамгийн сүүлд л гэхэд Улаанбаатар хотод байгаа музейнүүдийг үнэ төлбөргүй үзүүлэх “Нээлттэй хаалганы өдөр”-үүд тохиов. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “тохиолгосон” энэ өдрүүдэд хэтэрхий урт дараалал музей бүрийн үүдэнд үүсч, замын тэр хэсэг ачааллаа даахгүй цагдаагийн нэмэлт хүч гаргасан байсан зэргээс дүгнэвэл яах аргагүй нүдээ олсон шийдвэр мэт. Гэвч холбогдох статистик, зарим тоо баримтыг харахад үнэгүйд нугасгүй монгол зан нэвт харагдаж байх юм. Зөвхөн “Үлэг гүрвэлийн музей”-гээр жишээ татахад тэднийхээр жилд дунджаар 70 мянган хүн үйлчлүүлдэг байжээ. Музей үнэ төлбөргүй болсон долоохон хоногт жилийн үзэгчээс нь давсан буюу 79 000 хүний хөлд дарагдсан байна. Хэтэрхий их ачааллаас үүдэж тайлбарлагч хүрэлцэхгүй, хоёр гурван цаг хүйтэнд оочерлосон үзэгч нэг хаалгаар шахагдан ороод нөгөөгөөр нь түрэгдэн гарсан л дүр зурагтай байв. Сонирхолтой нь энэ урт дараалал, энэ өндөр ачаалал үүсэх ганц шалтгаан нь “Үнэгүй”-д дуртай монгол зангийнх байв. “Үлэг гүрвэлийн музей”-н тасалбарын үнэ хүүхэд ердөө 500 төгрөг. Ердийн үед хүүхдээсээ 500 төгрөг харамлах эцэг, эх гэж байхгүй л болов уу. Харин музей үзүүлэх тухай бодол л төрж байгаагүй гэвэл үнэнд ойртоно. Тиймээс ч “үнэгүй” гэсэн ганцхан үгийн хүч улаанбаатарчуудыг нийслэлд байх 11 музейд хуваагдаж оочерлоход хүргэсэн байх нь. 

Үнэхээр монголчууд бид үнэгүй юманд нугасгүй юү? Хариултыг нь жиргээнд @AngaragDarigang бараг л оноод хэлчихсэн байна лээ.

Нэгнийгээ бизнес эрхлээд хөлөө олж ядаж байхад найзууд болон таньдаг хүмүүс яаж энэнээс үнэгүй юм авчих вэ. Хэрхэн яаж энэ хүнийг ашиглах вэ л гэж бодохоос бизнесийг нь дэмжье, дэмжихгүй бол ядаж гай бололгүй явъя гэж бодох хүн тун цөөн нь сонин!

Эрх барьж байгаа улстөрчид нь ч бас энэ сэтгэл зүй дээр нь тоглоод сурчихжээ. Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотод нийтийн тээвэр үнэгүй үйлчлэв. Замын түгжрэл зохицуулах гэхээс илүүтэй холбогдох газруудынх нь ард түмэндээ барьсан бэлэг гэхэд болно. Гэвч үнэндээ “Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор баярлах биз” гэдэг шиг улс өөрөө татаасыг нь өгч байж л автобус компаниуд иргэдэд үнэгүй үйлчилсэн. Цаад утгаараа бол татвар төлөгчдийн, та бидний мөнгөөр л автобуснууд үнэгүй үйлчилсэн. 

“Үнэгүй” гэдэг үгээр зөвхөн төр, улстөрчид шоуддаг гэвэл бас үгүй юмаа. Гансүхийн Майцэцэг хэмээх нэгэн эмэгтэй монголчуудын үнэгүй юманд дуртай занг ашигласан үйл явдлыг санъя. “Exclusive” брэндийг үүсгэн байгуулагч тэрээр бараа бүтээгдэхүүнээ “Хүннү молл”, хорооллын “Номин” дэлгүүрээс үнэгүй аваарай гэх зарыг цахим сүлжээнд байрлуулсан нь сүрт жагсаалаас дутахгүй олон хүн цуглуулж, эцэстээ тухайн дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болгох хэмжээнд “үймээн” дэгдээсэн. Үнэгүйд дуртай ард түмнийхээ сэтгэхүйгээр тоглосон энэ үйл явдлын цаад зорилго харамсалтай нь өөр байсан. Хожим хэвлэлд гарсан мэдээллээр бол бусдад буян үйлдэх гэсэндээ бус, татварын байцаагчийн тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй, бас “Чингис” бондоос авсан мөнгөө хугацаанд нь төлөхгүй хойшлуулахын тулд улс төрийн бяцхан акцыг “үнэгүй”-д дуртай монгол занг ашиглан хийсэн байж таарсан.


Үнэгүй юм хамгийн үнэтэй!

Бид нийтээрээ үнэгүй юмны төлөө хошуурдаг энэ хандлагыг хамгийн овжин ашигладаг хүмүүс нь улстөрчид. Цагаан сарын баярын бэлэг болгон баллуур, харандаа, данх, аяга, сүү, будаа гэхчилэн төрөл бүрийн бэлгийг эрхэм гишүүд тойрог, тойрогтоо тараалаа. Бид Чингэлтэйд чихмэл тарааж байхад Сонгинохайрханд нүүрс, Баянхонгорт данх, Дундговьд гурил тараажээ гэж ярихаас яагаад тарааж байгаа талаар нь төдийлөн “шуугисангүй”. УИХ-ын гишүүд ч бас хүн. Үнэгүйд дуртай монгол зан нуугдаж л байж таараа. Харин үнэгүй юмаа “үнэлэх” үнэлэмж нь л ердийн биднээс ондоо байх. Танд хайртайдаа “Мартын 8”-аар цэцэг өгч, таныг мэддэгтээ “20 000 төгрөгийн нэгж” тарааж, таныг хүндэлдэгтээ сүү барьж “золгодоггүй”. Дөрвөн жилд ганцхан олддог төр барих эрхийг тань 20 мянган төгрөгөөр, хоёр удаагийн хоолны будаагаар сольж авч байгаа хэлбэр. Дахиж нэр дэвшихгүй гишүүн, дараа нь сонгуульд өрсөлдөхгүй улстөрчөөс авсан бэлэг Танд байна уу. Үгүй л болов уу.

Монгол хэлний их тайлбар тольд “Үнэгүй” гэх үгийн хамгийн эхний утгыг “үнэ байхгүй”, “үнэ хүрэхгүй”, “үнэ цэнэгүй” гэж тайлбарлажээ. Энэ утгаар нь хөөвөл хамгийн үнэ цэнэгүй зүйлс л үнэгүй байх ёстой. Гэтэл өнөөдөр бүх юмыг үнэгүй болгохыг бид шаарддаг, төр биелүүлдэг болж хувирлаа. Зах зээлийн эдийн засагт шилжсэн хэрнээ үнэтэй байсан зүйлсээ ч үнэгүй, хүндгүй болгож орхисон жишээ бишгүй олон. Өмнө нь хүүхдийн цэцэрлэг төлбөртэй байсан нь үүний нэг нь. Хэдийгээр шууд цэцэрлэгийн төлбөр гэж авдаггүй ч хүүхдийнхээ хоолны мөнгийг эцэг, эхчүүд сар бүр тушаадаг байлаа. Хэрэв энэ тогтолцоог халаагүйсэн бол хувь, улсынх гэж ялгалгүй цэцэрлэг хөгжих байсан ч юм бил үү. Ядаж л хавар, намартаа хонон өнжин дугаарладаг цэцэрлэгийн хүрэлцээний асуудал шийдэгдсэн байж мэдэх юм.

Үнэгүй учраас л улсын цэцэрлэг рүү, төлбөргүй болохоор төрийн цэцэрлэг рүү “дайрч” байгаа шүү дээ.

Цэцэрлэгийн багачуудаа үнэгүй хооллосон төр сургуулийн сурагчдаа ч бас үнэгүй хооллож эхэллээ. Бүр Өрхийн амьжиргааны төвшин тогтоох гэх судалгаа явуулаад зурагтгүй, хөргөгчгүй айл өрхүүддээ ч хүнийх нь тоогоор хүнсний талон олгож байна. Аав нь, ээж нь хүүхдээ хооллохгүй, бүр өөрсдөө хүртэл төрөөс хооллуулаад байвал эцэстээ ямар нийгэм байгуулагдах бол.

Хөдөлмөрлөхгүйгээр, амьдралын төлөө зүтгэхгүйгээр хүн болгон тэжээлгээд амьдарч болдог тийм нийгмийг Венесуэль ч “бодож” олоогүй байгаа биз.

Бусдаар үргэлж “тэжээлгэдэг” ийм хүмүүс олшрох хэрээр буцаад монгол хүний үнэлэмж ч унах нь гарцаагүй. Өнөөдөр Монголд хамгийн өндөр цалинг гаднын мэргэжилтнүүд авч байгаа гэх судалгаа бий. Харин эсрэгээрээ эх орондоо байгаа монголчууд нь гадагшаа явж хөдөлмөрөө үнэлүүлэх ганцхан зорилготой. Жилдээ нэг сумын хүн амтай дүйх хэмжээнд монголчууд Солонгосыг зорьж байна. Тэнд очоод хамгийн бага үнэлэмжтэй ажлыг нь хийхийн тулд эх орноосоо, гэр бүлээсээ холдон зүтгэсээр. Жендерийн үндэсний хорооны мэдээлснээр гадагшаа явсан залуусын 30 гаруй хувь нь ирээд гэр бүлээсээ салдаг гэх “гашуун” тоо ч байна. Гэвч ийм их золиос гарган Солонгосыг зоригсод, одоо Америкийг мөрөөдөгсөд олширсоор. Үнэгүй боловсрол, үнэгүй бэлэг, үнэгүй музей, үнэгүй нийтийн тээврээ дагасаар монгол хүний хөдөлмөр ч үнэгүйдсээр... Хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй, ирээдүйгээ хилийн цаана төсөөлөх монголчуудын хүрээ тэлсээр...

Сэтгүүлч Г.Анар

Үндэстний ТОЙМ №360