Дэлхий цар тахалд туйлдаж байна, зарим улс орон сөхөрч байна. Бид харин яадагтаа тулчихаагүй байнаа. Иддэгээ идэж, уудгаа ууж, биеэндээ хэгжүүрхэж, сонгуулиа ярьж, одоо наадам руугаа явж очиж байна. Ардын хувьсгалын 100 жилийн ой. Бүтэн 100 жилийн өмнөх Монгол улсын мандал бадрал хийгээд хатуу хөтүүгийн түүх бидний ой санамжинд бий. Зуун жилийн өмнө Монголын төрийн толгойд сайхан залуус гарч ирсэн. Бодоо, Данзан, Чагдаржав, Лосол, Догсом, Сүхбаатар, Чойбалсан… Тэд хэдтэй байсан гэж бодож байна, хамгийн ахмад нь дөнгөж л 40 нас шүргэж явсан юм шүү дээ. Сүхбаатар, Чойбалсан… яг л өнөөдрийн Оюун-Эрдэнэ, Амарсайханууд шиг явцгаасан. Тэр он жилүүд, энэ он жилүүдийн зовлон бэрхшээлийн агаар нэг болжээ. Зуун жилийн өмнө Монгол улс туурга тусгаарлах хүсэл хясал дунд үйлээ үзэж явлаа. Манжийн дарлалаас салаад 10-хан жил, залгуулаад Хятад-Орос хоёр гүрний хэт их нөлөөлөл… Өнөөдөр түүний сэлгээ Цар тахалын хөл хорио,халдвар, нас баралт дийлдэхгүй байгаа хүнд үед хэдэн залуу Монголын их хувь заяаг дааж гарах гэж чармайж байна. Гарцаагүй ирсэн үүрэг хариуцлагаас тэд бултах эрхгүй. Хүнд үеийг авч гарсан хүмүүст ард түмэн мөнхөд талархадаг. Тийм түүхийг бүтээхсэд байгаасай гэж тэднээс хүсч байна, өнөөдрийн Засгийн газраас хүсч байна. Өөр хэнээс гэж, АН засгийн эрхэнд байсан бол мөн адил л тэднээс хүсэх байсан. Ийм цаг үед хүмүүст ухаан заах шиг тэнэг хэрэг байхгүй. Зүгээр л эр зориг, шийдэмгий байдлыг шаардана, улс төрчдөөс харазим хүснэ. Хүнд үеийг даван туулсаны дараа гоё мөрөөдөл ярих цаг олдоно. Ухаантай үг үнэ цэнтэй сонсогдох үе ирнэ. Барьж аваагүй ажлаа барьж аваад барчих юм шиг амархан юм ярьцгаах улс төрчдөд хууртагдаад яахав. Тэд бол уулын орой дээр суучихаад гардан тулааныг харж, үнэлж дүгнэж суугаа хүмүүс. Улаан гар, улаан нүүрээрээ тулж буй улс төрчдийн хувьд, хүнд хүчир цаг дундуур явж байгаа ард түмний хувьд үнэн үг, бодитой үнэлэлт дүгнэлт л чухал.

Өнөөдөр ковидын эсрэг итгэл найдвар бол вакцин. Өөр юу ч биш. Нэг их мэргэн цэцэн хүн гарч ирээд, ухаалга юм яриад ковидыг дарахгүй. Ард иргэдээ вакцинжуулж дуусч байх шиг байна. Үр дүнг нь хүлээгээд сууж буй үндэстэн энэ дэлхийд Израйль, Монгол хоёр л байна. Нийслэлийн бүх иргэд 100 хувь нэгдүгээр тундаа хамрагдлаа. Хоёр дахь тунгийн үр дүн хурдан гараасай хэмээн бүгдээрэй залбирч байна. Ерөнхий сайдын дэнхэр толгой бүгдийн итгэл найдвар болсон цаг үед түүнээс дараа дараагийн алхамыг хүлээж байна. Цар тахалд ниргүүлсэн эх орны эдийн засаг хүнд асуудал. Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө замдаа гарсан. Яаж үр дүн гаргах вэ гэдэг дээр Засгийн газар нойр нь хүрэхгүй байгаа байх. У.Хүрэлсүхээс эхлүүлсэн энэ Засгийн газрын нэг сайн чанар бол хэлсэндээ хүрэх гэдэг чанар. Монголын эдийн засгийн нөөцийг ил болгож, сүүлийн 30 жилд ашиглаж үзээгүйгээр ард түмэндээ зориулан ашиглах бодлого явж байна. Бүгдээрэй өөрсдийн хувь амьдрал дээрээ бодоод үзье, та бид хүүхэддээ тус бүрд нь 300 мянган төгрөг шууд гаргаад өгөх нь басчиг асуудалтай биз. Яг үүн шиг Монгол улсын иргэн тус бүрт шууд 300 мянгыг өгөх нь амаргүй. Гэхдээ өгч чадаж байна, энэ нь Монголын эдийн засгийн нөөцийг ард түмэндээ бодитой зориулж буй үйл явц. Ухаалга төр иргэддээ өгөх талаа их бодож ажилладаг. Иргэдээсээ авах талаа бодож ажиллах нь буруу гэсэн төр хийгээд бизнесийн алтан зарчим бий. Өгч байж хариу нь түүнээс илүү ирнэ гэсэн зарчим Монголын өнөөгийн төрд байна. Өгсөөр байгаад гар тоссон ард түмэн болгочих бий гэдэг болгоомжлол ер нь бол зөв. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёрын “Халамж, тэтгэмж их ярих нь өнөөдөр хариуцлаггүй хэрэг шүү” гэж хэлсэн нь хазаар ногттой байгаа үйл явц шүү гэсэн хариулт, тэр хоёр чоно санаа... 

Хүүхдийн гэсэн юм бүгдэд хүндэтгэлтэй хандаж эхэлсэн нь Хүкийн ярьдаг байсан “Хүүхдийн төлөө фондыг сэргээе” гэсэн сэдэл санаа Л.Оюун-Эрдэнийн үед амилж, Монгол төрийн залгамж чанар сэргэж байгаагийн илрэл. Хэдэн тийшээ харж савласан улс төрчдийн хөлд Монгол үрэгдэх шахсан үе бий шүү дээ. Л.Оюун-Эрдэнийн ажлаас Хүк үнэртээд байгаа нь нууц биш. Энэ нь Монголын төрд гацаа гарахгүй юм байна гэсэн ойлголтыг өгч байгаа. Хожмын хойно хойтын маргаашид Сүхбаатараас Данзан, Чойбалсангаас Бодоо үнэртэдэг байсан түүх давтагдаж байгаа нь энэ. Ер нь “Монголын төр нийтийн эрх ашгийн төлөө авах ёстой юмаа заавал эргүүлж авна” гэж хэлээд зарим хүний дургүйг хүргэсэн Хүкийн тэр үг өнөөдрийн Хүүхдийн паркийн газрыг хүүхдүүдийн төлөө зориулахаар болж байгаагаар, Хүүхэд залуучуудын театрыг сэргээх, Найрамдал зусланг шинэчлэх, Бамбарууш кафег хүүхдийн дуу цангинасан газар болгох үйл хэргээр илэрч байна. Монголын төр хийх ёстой ажлаа хийлээ. Хувийн өмчийг төрд булаасангүй. Цаад газруудын эзэд нь дуртай хүлээж авсанд учир нь байна. 

Хаалттай байсан Монголын хилийг гадна тивд нээлээ. Нөхцөл байдал гадна дотногүй хүнд байгаа ч гарцаагүй хүндэтгэх шалтгаантай бүх хүмүүст дэлхийн арван зүгт нисэхийг нь зөвшөөрлөө. Эрсдэл үүрээд иргэний эрх чөлөөгөө дээдэллээ. Коммунист улс биш байхын гайхамшиг нь энэ. Хууль, дүрэм журамаа дагаад дэлхий рүү нис. Энэ бол лав л хоёр хөршид хориотой байгаа эрх чөлөө. Их газрын гүнд, хэт их хоёр гүрний дундах ардчиллын баян бүрд Монгол улс гэдэг нь өөрөө энэ юм. 

Мөнгө олж байгаа салбараа өөд нь татах, хамгийн их ач холбогдол өгөх нь ухаалга алхам. Л.Оюун-Эрдэнэ анхны томилолт Өмнөговь байв. Монголын эдийн засаг хүнд байгаа энэ үед бидний ганц итгэл найдвар гадагш зарж буй эрдэс баялагийн үнэ. Алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр… хилийн цаана үнэтэй байна. Бид хилээр гарган зарж чадаж байгаа үед Монголчууд муу амлах хэрэггүй. Сэргэхдээ л сэргэж, пээдийнэ. Үүц маань үнэндээ говьд шүү дээ. Тэнд Засгийн газар нүд салгахгүй байгаа нь ажлаа, юу хийхээ мэдэж байгаа хэрэг. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дээр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар эрх ашгаа нэгтгэж чадсан нь Монголын ард түмний эрх ашгийн нэгдэл байжээ гэдгийг цаг хугацаа харуулж эхлэв бололтой. Яаж ч улс төржүүлсэн үр дүн нь зөвхөн ард түмэнд сайнаар тусах эрх ашгийн нэгдэл байжээ. Үүний төлөө гурвууланд нь ард түмэн баярлах ёстой. Нөхдүүдийн очих дуртай Монголын говьд Тавантолгойн цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр нээгдлээ. Монголын эдийн засгийн чадал чансаа, үүц уурхайн ид шид тэндээс гэрэлтэх нь. Өнөөдрийн Монголын Засгийн газар Монголын говьд хайртай байгаагийн үнэ цэн ерөөсөө энэ. Тун удахгүй Өмнөговь, Дорноговь, Дундговьд монголчууд бэлчиж эхлэх нь тодорхой.

Монголын хүн амын талаас илүү нь амьдарч буй нийслэлийн түгжрэлийг бууруулахад зориулж 420 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Түгжрэл нь эдийн засгийн утгаараа монголчуудыг дампууруулахад ойрхон байна. Алт шиг цагийг нь үрсэн, амьдралаа машинд өнгөрөөсөн ард түмэн дэлхийд ганцхан Монголд бий болсон. Тэр чигээрээ үргүй зардал байлаа. Энэ хэмжээний хөрөнгөөр энэ их замын түгжрэлийг сааруулж чадахгүй бол за тэгээд морио унацгаа гэж хэлэхээс өөр юу гэх билээ. 

Орос руу нэг сайн гарцтай болохыг Л.Оюун-Эрдэнэ шийдсэн нь ямар санаа агуулж байгааг бодоод сууж байна. Ерөнхий сайдуудын үед хийгдээгүй ажлын нэг бол энэ. Дорнодын Баян-Уул сумын Ульхан боомтод Ерөнхий сайд очиж ажиллаа. Тэнд очсон төрийн тэргүүн өмнө нь байсан ч юм уу, үгүй ч юмуу. Тэгээд Чингис хот-Ульхан, Ульхан-Хавирга боомтыг автозамаар холбох, боомтын цогцолбор барих хөрөнгийг шийдчих юм. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын санаа тэнд юу хийхээр харав. Үсчээгүй, системтэй хэрэгжүүлэх дөрвөн зорилт нь эдгээр эдийн засгийн сайн бүтцүүд мөн нь мөн. Үр дүнг нь түрүүлж ярьдаггүй нь энэ хоёрын чоно санаа. Хамтад нь холбож тавьчихаад харж, хариуцлага нэхэж, элдвээр аяглаж суух нь монголчуудын хэрэг…

Эдийн засагт их боломж байгааг ард түмэнд мэдрүүллээ. Үүнээс илүү юуг ард түмэн төрөөс хүссэн юм. Наадам хаяанд ирлээ. Энэ зун сэрүүн ч ногоо суга ургасан, бороо хур элбэгтэй, дэлгэр сайхан цаг ирэх нь. Наадам бодогдсон намираа энэ өдрүүдэд сонгууль, тахал хоёр жаахан цуцаах шинжтэй. Гэхдээ монголчууд бидэнд энэ цаг үед нэг сайн чанар илэрч байгаа нь бүгдээрэй хичээж байгаа явдал. Төр засаггүй, хүн ардгүй бүгдээрэй эрвийх дэрвийхээрээ байна. Удирдагчид нь новш улс орны жишээ бол Африкийн орнууд. Хичнээн мэдлэг боловсролтой байгаад сүүлчийн талхаа хүнтэй хувааж идэх сэтгэлгүй улс төрчдтэй улс орон элгээрээ мөлхөдөг. Монголд наадмаа ярьсан, хөдөө рүүгээ яарсан, “Миний ардын сэтгэл цагаан” гэж дуулсан хүмүүс олон байна. Монгол аавын хүү ямар байдагыг харуулсан, эр зоригтой байхыг эрхэмлэсэн хүмүүс төрийн толгойд байхад ард түмэн нь нэг иймэрхүү, наадмаа яриад налгар сууж болдог юм шиг байна. Цар тахалын үе шүү дээ. О.Дашбалбарын нэг шүлэг бий, “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхаан” гэж. Тэд бидний төлөө угаасаа ажиллана гэсэн бодол нийгэмд нэвт явчихсаны шинж л дээ…