ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМ
“Капитализмын бус хөгжлийн замнал”, “Капиталзмыг алгасав”, “Социализм байгуулсан Монгол орон”, “Социализмын материал техникийн баазыг 1980 онд байгуулж дуусна”, “Коммунист хүмүүжил”, “Коммунист нийгэмд хүн чадлаараа ажиллаж, хүссэнээрээ авна”, “Коммунист нийгэмд дэвшин ороход төр устана”... гэх мэт замнал ба мөрөөдлөөр монголчуудын хүний гурван үе дараалан албадлагаар хүмүүжин боловсорсорчээ. Тогтолцооны хувьд капиталист нийгэмд шилжээд гуч гаруй жил өнгөрсөн авч Монголын нийгмийн иргэдийн олонхийн ойлголт ухамсар нь хоцрогдсон, төөрөлдсөн, будилсан, гомдож гутарсан, эсэргүүцсэн, зарим нь бүр үзэн ядсан, дайсагнасан хэвээр. Урьдын тогтолцоо эдийн засгийн гэхээсээ үзэл суртлын албадлагын хамтралч нийгэм байлаа. Үнэндээ социалист, марксист гэхээсээ марксизм-ленинизм гэж албан ёсоор нэрэлсэн, жинхэнэдээ ленинист, сталинист хүчирхийллийн тогтолцоо байсан юм.
ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМ
“Зэрлэг капитализм” гэх нэршил ЗХУ задарч байх үед шинээр бий болсон юм. Энэ нь эдийн засгийн ухаан болон нийгэм судлалд огт байдаггүй, аман яриагаар тархсан шинжлэх ухааны бус нэршил.Нийгмийн хамгааллын сул тогтоц, зохицуулалтгүй зах зээл, хавтгайрсан авлига хээл хахууль, хөдөлмөрийн эрхийн бууралтаар тодорхойлогдох болсон ямар ч хязгаарлалтгүй капиталист харилцааг хэлж буй хэрэг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, зөвхөн үзэл суртлаар хооллодог асар уудам ЗХУ-д энэ тогтолцоо нь нуран унахад ямар ч захиргаагүй болж задгайрсан нийгмийн шилжилтийн үед зөвхөн тэнд л болсон үзэгдэл юм.
Тэр үед коммунист тогтолцооноос татгазаж чөлөөт зах зээл рүү шилжилт хийсэн нэлээд орнуудад төстэй үйл явдал болж өнгөрсөн авч арай ч “зэрлэгтээ” тулаагүй, хавьгүй хамжааргатай байлаа. Монголд тэр үеийн ханшаар хоёр сая төгрөгийн аж ахуйн нэгжүүдийг бүх иргэдэд хүртээлтэйгээр тасалбараар хувьчилсан. Ихэнх тохиолдолд хуулийн хүрээнд болоод өнгөрсөн. Харамсалтай нь 1992 онд байгуулагдсан дараагийн Засгийн газар хоёр дахь зах зээлийг зориуд нээлгүй орхигдуулснаас болж өмч хувьчлал явцын эхлэлийн шатандаа дампуурч, тасалбар үнэ цэнэгүй болсон.
Тухайн үед иргэдийн ойлгож нэвтэрдэг нь гагц орос хэл байсан учир, тэдний мэдээллийн хэрэгслэлээс авч өөриймшүүлсэн “зэрлэг капитализм” жинхэнэ моодонд оров. Заль мэх, луйвар дээрэм, хулгай шамшигдууллын тухай тас хар мэдээ тасрахаа болив. Ихэнхдээ хорсол, атаархал, гомдол. Нийт хэрэглээнийхээ 70%-ийг ЗХУ-аас зээлээр авч амьдарч байсан нийгмийн тэжээгч нь “нас барснаар” гэнэтийн цочролд орж, эд бараагаар эрс тасалдсан нь зэрлэг капитализмын тухай шинэ ойлготыг нь улам бэхжүүлэв.
Үнэндээ бараг өлсгөлөнд автах шахаж тартагтаа тулж байсан ЗХУ-ын зад үсэрч тарсан нутгуудтай харьцуулахад монголчууд хэдэн малынхаа буянаар сүүлийн дөчин жилд анх удаа оочиргүй мах сүүгээр бүрэн хангагдан, юутай ч өлсгөлөн үзэлгүй даван туулсан. Гэвч бараа бүтээгдэхүүний эрс хомсдолд орон картанд шилжсэн нь мөнөөх шударга бус хувьчлал бүхий зэрлэг капитализмын онолыг улам дэврээлээ. Үүнийг аль эрт Маркс сануулж байсан тухай ч эдийн засагчид, нийгэм судлаачид барин тавин нотлон ном айлдана.
Карл Маркс зэрлэг кадитализм гэж бичих битгий хэл, түүний бүтээлийн үгсийн санд “капитализм” гэдэг үг ч байгаагүй. “Капитал” гэдэг үг нь орчуулбал хөрөнгө гэсэн утгатай, Маркс алдарт Капитал зохиолдоо капиталын хуримтлал, капиталч харилцаа гэх мэтээр шууд тэр утгаар нь бичиж байсан. Марксын томъёолсон "анхдагч хуримтлал" нь капитализмаас өмнөх үед үүссэн хүчирхийллийн түүхэн үйл явцын тухай байсан бөгөөд газар, багаж зэрэг үйлдвэрлэлийн хэрэгслийг шууд үйлдвэрлэгч болох тариачид, гар урчуудаас булаан авсан учир газаргүй болсон тариачид хөдөлмөрөө зарахаас өөр аргагүйд тулан хөлсний ажилчид болон хувирасан тухай байгаа.
Капиталист харилцаа хэмээх нийгмийн тогтолцооны тухай онолыг шинжлэх ухааны үндэстлэлтэйгээр анхлан томъёолсон хүн нь Адам Смит. Харин капитализм гэсэн нэршил түүнээс зуун жилийн дараа франц хэлэнд гарч иржээ. Капитализм гэдгийг үе үеийн судлаачид, эрдэмтэд янз бүрээр томъёолон нэрэлдгээс хамгийн алдартай нь Ёзэф Шүмпитэрийнхувьд “капитализм гэдэг нь хувийн өмч, зах зээлийн механизм, бизнес эрхлэлтийн эдийн засаг”-ийг хэлдэг бол Макс Вэбэр үүнийг “капиталист эдийн засгийн үйл ажиллагаа нь өрсөлдөөн, солилцоо, зах зээлийн үнэд анхаарлаа хандуулах, капитал байршуулах, ашгийн төлөө тэмцэх” байдлаар тодорхойлсон.
Капиталзм гэдгийг өөр өөр өнцгөөр тайлбарласан олон янз тодорхойлолт байдгийн зарим жишээ гэвэл:
- Капитализм бол үйлдвэрлэлийн хэрэгслийг хувьд өмчлөх, капиталын хөлсний хөдөлмөрийг мөлжих дээр суурилсан нийгэм-эдийн засгийн тогтоц юм. Энэ нь феодализмыг халан орлож, коммунизмын эхний үе шат болох социализмын өмнө үүссэн. (Зөвлөлтийн их нэвтэрхий толь)
- Капитализм бол "капитал" буюу ажилчдыг хөлслөхөд зарцуулсан өртгөөр хянагддаг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн, зах зээлд суурилсан эдийн засгийн тогтолцоо юм. (Оксфордын философийн толь бичиг)
- Капитализм (зах зээлийн эдийн засаг, чөлөөт аж ахуйн нэгж) нь феодализм нуран унаснаас хойш Өрнөдийн ертөнцөд ноёрхох болсон эдийн засгийн систем бөгөөд үйлдвэрлэлийн хэрэгслийн ихэнх нь хувийн өмч бөгөөд үйлдвэрлэл, хуваарилалт нь зах зээлийн механизмын нөлөөн дор явагддаг. (Британника нэвтэрхий толь)
- Цэвэр капитализм буюу laissez-faire капитализм нь материаллаг нөөцийг хувийн өмчлөлд байлгаж, зах зээл ба үнэ нь эдийн засгийн үйл ажиллагааг чиглүүлж, зохицуулахад ашигладаг эдийн засгийн тогтолцоо юм. (McConnell, Brue; "Economics”)
- Капитализм бол үйлдвэрлэлийн хэрэгслийг хувийн өмчлөлд байлгадаг эдийн засгийн систем юм. Бизнес эрхлэгчид эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг зах зээлд зориулж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдийн засагчид капитализмыг өрсөлдөөнөөр зохицуулагддаг чөлөөт зах зээлийн систем гэж ихэвчлэн ярьдаг. Гэхдээ дэлхийн хаана ч энэ төгс утгаар капитализмыг олж чадахгүй. Өрнөдийн орнуудад одоогоор үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн системүүд нь чөлөөт өрсөлдөөн ба засгийн газрын хяналтыг хослуулсан байдаг. Орчин үеийн капитализмыг хувийн аж ахуйн нэгж, засгийн газрын хяналтыг хослуулсан гэж үзэж болно. (Encyclopedia Americana)
Хувийн өмч, хууль эрх зүйн тэгш байдал, чөлөөт зах зээлийн эдийн засаг, чөлөөт аж ахуйн нэгж дээр суурилсан үйлдвэрлэл, түгээлтийн нийгэм, эдийн засгийн систем бол капитализм юм гэсэн нийтлэг тодорхойлолтыг өнөө үед эдийн засагч болон нийгэм судлаач эрдэмтэд ерөнхийдөө зөвшөөрдөг. Эдийн засгийн шийдвэр гаргах үндсэн шалгуур нь капиталыг нэмэгдүүлэх, ашиг олох хүсэл юм.
"Капитализм" гэсэн ухагдахуун нь нь хөгжлийн тодорхой үе шатанд байгаа эдийн засгийн онцлог шинж чанаруудыг тодруулж, ач холбогдол багатай шинж чанаруудыг нь хасдаг эдийн засгийн хийсвэрлэл болой. Тодорхой улс орнуудын бодит эдийн засаг хэзээ ч зөвхөн хувийн өмчид тулгуурлаж байгаагүй, эсвэл аж ахуйн нэгжийн бүрэн эрх чөлөөг хангаж байгаагүй. Капитализмын онцлог шинж чанарууд нь үргэлж янз бүрийн түвшинд байсаар ирсэн - ангийн давуу эрх, төрийн өмчлөл, үл хөдлөх хөрөнгө эсвэл газрын талбайн хэмжээний хязгаарлалт, гаалийн саад бэрхшээл, монополийн эсрэг зохицуулалт гэх мэт. Эдгээрийн зарим нь өмнөх эрин үеийн өв уламжлал, зарим нь капитализмын хөгжлийн үр дагавар юм.
Өнөөдөр манай дэлхийд оршин байгаа капиталист нийгмүүдийг судлаачид эрдэмтэд хооронд нь харьцуулан хэд хэдэн төрөл болгон ангилжээ:
Хамсааралт капитализм. Энэ нь компаниуд болон засгийн газрын албан тушаалтнуудын хоорондын нягт харилцаанд суурилсан Засгийн газраас эдийн засагт хөндлөнгөөс оролцох тогтолцоо.
Зах зээлийн капитализм. Энэ нь хувь хүний сонголт болон өрсөлдөөнөөр хөтлөгдсөн эрэлт, нийлүүлэлт нь юуг үйлдвэрлэж, хэрхэн, хэнд зориулж үйлдвэрлэхийг тодорхойлдог систем бөгөөд Засгийн газрын оролцоо хамгийн бага байх бөгөөд хувийн өмчлөл, чөлөөт солилцоо, ашгийн төлөө анхаарлаа төвлөрүүлж, нөөцийг хуваарьлах.
Халамжийн капитализм. Энэ нь чөлөөт зах зээлийн капитализмыг нийгмийн халамжийн бодлоготой хослуулан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэтгэвэр, боловсрол зэрэг нийгмийн хамгааллын сүлжээг бий болгох замаар тогтолцоогоо хүмүүнлэгжүүлэхийг зорьдог бөгөөд ихэвчлэн Засгийн газрын хөтөлбөрүүд болон хувийн ажил олгогчийн санаачилгаар ажилчдыг дэмжих, хувийн өмчлөл эсвэл ашгийн сэдлээс бүрэн татгалзахгүйгээр тогтвортой байдлыг хангахыг зорьдог. Энэ нь хувийн өмчидавамгайлж байлгадгаараацэвэр социализмаас ялгаатай.
Холимог капитализм.Энэ нь хувийн хэвшлийн аж ахуйг Засгийн газрын оролцоотой хослуулан, зах зээлийн хүч болон төрийн хяналтат үйлдвэрлэл, нөөцийн хуваарилалтыг чиглүүлдэг.
Өдгөө коммунист үзэл сурталд тулгуурлаж зах зээлийн тогтолцоог үгүйсгэсэн “социалист” гэх улс орон хэдхэн үлдсэн. Коммунист намаар удирдуулсан Хятад, Вьетнам нь эдийн засгийн харилцааны хувьд үнэн хэрэгтээ зах зээлийн тогтолцоотой капиталист нийгэм юм.
Гэхдээ капитализмын эдгээр төрлүүдээс хамгийн үр өгөөжтэй нь Чөлөөт зах зээлийн тогтолцоо гэж эдийн засагчид үздэг. Чөлөөт зах зээл буюу laissez-faire тогтолцоо нь капитализмын хамгийн жинхэнэ хэлбэр юм. Энэ төрлийн эдийн засгийн бүтцэд хувь хүмүүс хязгаарлалтгүй байдаг. Иймээс тэд мөнгөө хаана хөрөнгө оруулах, юу үйлдвэрлэх, борлуулах, бараа, үйлчилгээгээ нээлттэй зах зээл дээр ямар үнээр солилцохоо өөрсдөө шийдэх эрхтэй байдаг. Ийм үзүүлэлтээр Heritage Foundation-ийн 2024 оны эдийн засгийн эрх чөлөөний индексээр Сингапур, Швейцарь улсууд тэргүүлжээ.
“Капитализмын бус хөгжлийн замнал”, “Капиталзмыг алгасав”, “Социализм байгуулсан Монгол орон”, “Социализмын материал техникийн баазыг 1980 онд байгуулж дуусна”, “Коммунист хүмүүжил”, “Коммунист нийгэмд хүн чадлаараа ажиллаж, хүссэнээрээ авна”, “Коммунист нийгэмд дэвшин ороход төр устана”... гэх мэт замнал ба мөрөөдлөөр монголчуудын хүний гурван үе дараалан албадлагаар хүмүүжин боловсорсорчээ. Тогтолцооны хувьд капиталист нийгэмд шилжээд гуч гаруй жил өнгөрсөн авч Монголын нийгмийн иргэдийн олонхийн ойлголт ухамсар нь хоцрогдсон, төөрөлдсөн, будилсан, гомдож гутарсан, эсэргүүцсэн, зарим нь бүр үзэн ядсан, дайсагнасан хэвээр. Урьдын тогтолцоо эдийн засгийн гэхээсээ үзэл суртлын албадлагын хамтралч нийгэм байлаа. Үнэндээ социалист, марксист гэхээсээ марксизм-ленинизм гэж албан ёсоор нэрэлсэн, жинхэнэдээ ленинист, сталинист хүчирхийллийн тогтолцоо байсан юм.
Бидний сонсож хүмүүжиж амьдарч ирсэн энэ тогтолцоог санаачилсан Ленин өөрөө эхнээсээ үүнээ хэрхэн тодорхойлж байсныг:
Лениний хэлснээр капитализм бол юуны түрүүнд империализм бөгөөд капитализмын хамгийн дээд, ялзарч буй үе шат.Монопол болон санхүүгийн капиталын ноёрхол, шимэгч хорхойтон байдал, төрийн монопольт капитализм руу шилжих нь зайлшгүй социалист хувьсгалд хүргэдэг онцлогтой. Ленин хөрөнгөтний ардчиллыг капиталын далд дарангуйлал гэж үзэж, санхүүгийн капитализмын өөрийгөө залгих шинж чанараас шалтгаалан хямрал сүйрлээс зайлах аргаггүй аж. Түүний сургаснаар марксизм нь капитализмыг орлохын тулд хоёр үе шаттай коммунист хувьсгал зайлшгүй шаардлагатай гэнэ. Ардчилсан төвлөрлийн үндсэн дээр зохион байгуулагдсан авангард нам пролетариатын нэрээр эрх мэдлийг булаан авч, нэг намын коммунист төрийг байгуулах болно.
Ленин капитализмыг "хөгжлийнхөө хамгийн дээд шатанд байгаа бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл" гэж тодорхойлсон бөгөөд хөдөлмөрийн хүч өөрөө бараа болдог. Түүнээс гадна, капитализм нь тэгш бус хөгжлөөр тодорхойлогддог учир олон түмний амьжиргааны түвшин үргэлж доогуур түвшинд тусгагдсан байдаг. Капиталист системийг устгах хамгийн сайн арга бол мөнгөн тэмдэгтийн ханшийг бууруулах явдал гэж тунхаглажээ. Тасралтгүй инфляцийн тусламжтайгаар Засгийн газрууд иргэдийнхээ баялгийн нэлээд хэсгийг үл анзаарагдах байдлаар хурааж авч энэ зорилтыг хэрэгжүүлэх боломжтой гэж ярьсан байдаг.
Чинээндээ тултал хөгжсөн капиталист нийгмийг коммунист нийгэм болгон хувиргах тухай Маркс зөгнөлт онолоо дэвшүүлж байсан. Харин тухайн үедээ нэн хоцрогдсон тариачны нийгмийг төрийн эргэлтээр эзлэн авсан Ленин шууд л хүчирхийллийн цагдаагийн улс байгуулжээ. Энэ харанхуй нийгмийн тархийг угаахад сургасан“Бичиг үсэггүй ард түмнийг коммунизмын төлөө болгон өөрчлөхөд бүх урлагийн дундаас кино урлаг, цирк л бидний хувьд хамгийн чухал нь юм" гэсэн афоризм ихэд алдаршсан.
Түүхэнд фашизмын төрийн капитализм гэх үзэгдэл бас байсан. Фашистууд томоохон хэмжээний капиталын бие даасан байдлыг үгүй хийж, төрийн мэдэлд авч байв. Гэхдээ фашизм нь жижиг дунд хувийн өмчийн эрх, зах зээлийн эдийн засгийг хүлээн зөвшөөрдөг, төртэй хавсран ажилладаг маш баян хувь хүмүүсийн оршин тогтнолыг дэмжиж байсан.
2026.01.18

