МОНГОЛЧУУДЫН ОЙРХИ ДОРНОД РУУ ХИЙСЭН АЯН ДАЙНЫГ ЗАГАЛМАЙТНЫХ ГЭЖ ҮЗЭЖ БОЛОХ УУ?

Их Монгол улсын дөрөв дэх хаан Мөнх 1251 онд хаан ширээнд суугаад Өмнөд Хятадын Сүн улсын хоёр талаас, мөн Баруун Персийн ассасинуудын эсрэг давшжээ. Ингэхдээ Казвин хотын иргэд ассасинууд гэмт хэрэгт өдөөж байна хэмээн гомдоллосоныг шалтаглан цэрэглэн хөдөлжээ. Персийн энэ хэсгийг Сельжукийн (Түрэгийн) Конийн султанаттай зууралдан байлдаж, Багдадын халифтай зөрчилдөж байсан монгол ноён Байжу захирч байлаа.

Мөнх хаан Өмнөд Хятад руу Хубилайг, Перс рүү Хүлэгүг илгээв. Р.Груссе, Р.Ирвин, Г.В.Вернадский, Л.Н.Гумилев нар Мөнх хаан Хүлэгүг Ойрхи Дорнодын загалмайн шашинтнуудыг лалын дарлалаас чөлөөлөхөөр илгээсэн (өөрөөр хэлбэл, загалмайтны аян дайнд) гэж үздэг нь түүхэн баримтаар нотлогдоогүй гэдэг. Гэвч тухайн улс орныхон ийм хувилбар бас дэвшүүлдэг.

Уг аяныг Шар загалмайтны аян хэмээн тооцдог судлаачид Мөнх хаан загалмайн шашинд ээлтэй ханддаг учраас цэргээ илгээсэн гэж үздэг (эх Сорхугтани, дүү Аригбух, мөн Хүлэгүгийн эхнэр Догуз хатан несториан шашинтай байв). Гэлээ ч монгол, хятад, лалын эх сурвалжид Мөнх хаан дүү нараа чинээлэг газар оронд суулгах гэсэндээ тийш цэрэг илгээсэн гэж бичдэг. Иймээс Персийн жижиг хотын иргэд Байжу ноёнд гомдол мэдүүлснээр шалтаглан Дундад ба Ойрхи Дорнод руу цэргээ илгээжээ.

Энд Чингис хааны тухай өгүүлэх нь зүйтэй. Чингис хаан өв залгамжлагчиддаа дэлхий дахиныг байлдан дагуул гэж гэрээсэлсэн гэдэг. Гэвч энэ нь ор боломжгүй зүйл. Их цаазад Монгол улс ямар нөхцөлд бусад улс оронд дайн зарлах тухай тодорхой заажээ. Тухайн улс Монгол улсад дайн зарласан, Монголын элч төлөөлөгч,


Их хааны албатыг хөнөөсөн, Монголын дайснуудад тусламж хүргэсэн тохиолдолд дайн зарлана. Монголчууд хууль цаазаа үгчлэн дагаж байсангүй, үг хэллэгийг нь өөрт ашигтайгаар тайлбарладаг байсан ч их цаазыг ерөнхийдөө мөрддөг. Калка голын эрэгт болсон тулалдааны өмнө монголчууд Киевр хоёр ч удаа элч төлөөлөгчдөө илгээсэн, Хорезм рүү дайрахдаа мөн элч төлөөлөгчдөө явуулж байсныг санахад хангалттай. Лигницт саксончуудыг буулгаж авсны дараа Ромын ариун гүрний хаан, Францын хаан Батад өөрийн элч төлөөлөгчдөө илгээсэн бөгөөд Бат тэднээс нэн даруй бууж өгөхийг шаардаагүй. Учир нь монголчууд Герман, Францтай тулалдаагүй байлаа. Монголын эзэнт гүрэн Никейн улс, Ромын паптай найрсаг харилцаатай. Монголын их цэрэг аянд мордохдоо ямар учраас тухайн улстай дайн зарлаж байгаагаа ил тод өгүүлдэг тогтсон ёстой. Тиймээс монголчууд тив дэлхийг эзэрхийлэх хүсэлтэй байсан гэдэг хувилбар үнэнд нийцэхгүй. Аян дайнд арай бодитой шалтгаан байснаас зайлахгүй.

Цөөн тооны монголчууд эзэлж авсан өргөн дэлгэр газар нутгаа дангаар эрхшээх ямар ч боломжгүйн учир лалын шашинтай түрэгүүдтэй байлдаж, Багдадын халифтай Байжу ноён загалмайтнуудад түшиглэж байсанд гайхалтгүй. Конийн султан Кей-Хосров II-той байлдаж байхдаа Армяны Киликийн Гетум I хаантай холбоотон болж, Гүржийн хаан Давид VII Улу, Давид VI Наринтэй найрсаг харилцаа тогтоожээ. Мөн Ромын пап Иннокентия IV 1247 онд Байжу ноёнд элч төлөөлөгчдөө илгээж, лалын шашинтнуудын эсрэг хамтран тэмцэх санал тавьжээ. Байжу загалмайн шашинтай биш, уг шашинд төдий л ээлтэй ханддаггүй энд дурдах хэрэгтэй. Папын их зантай элч төлөөлөгчдийг золтой л цаазалсангүй. Армянчуудтай холбоотон, монголчуудтай найрсгаар харилцахыг хүсэж байсан загалмайн шашинтай Антиохийн Боэмунд V-ын газар нутаг руу довтолжээ.

XIII зууны дундуур Монголын эзэнт гүрэн маш хурдацтайгаар феодалжиж, Чингис хаан хэдийгээр феодлын ёсыг халах гэж

хичээсэн ч хуучин ёс яалт ч үгүй сэргэв. Байжу ноён Алтан ордын хаан Баттай Кавказын чанадын нутаг дэвсгэрийг булаалдан эвдрэлцжээ. Хариуд нь Бат Байжу ноёнтой дайтаж байсан Конийн султаныг ивээлдээ авснаар монголчууд хоорондоо тэмцэлдэх үүд нээгдлээ. Энэ нөхцөлд Байжу Монголоос тусламж хүсэж, Казвин хотын иргэдийн гомдлыг нухацтайгаар авч үзэхийг хүсэв.
Хүлэгүгийн цэрэг 1257 онд Перст ирж Байжу ноёны цэрэгтэй нэгджээ. Ассасинууд монголчуудыг төдийлөн эсэргүүцэж чадсангүй. Монголчууд цайз хэрмийг нь газартай тэгшилжээ. Үүний дараа армян, гүрж, несториан шашинтай ассир, хөлсний перс цэргүүдээр эгнээгээ сэлбэсэн Хүлэгү тухайн үеийн дэлхийн хамгийн том хот Багдадыг бүслэв. Багдадыг эзэлбэл Ойрхи Дорнодын загалмайтнууд, Европынхныг монголчууд үнэндээ загалмайтны аян дайн хийж байгаа гэдэгт итгүүлж чадах байлаа. Монголчууд хотын лалын шашинтай иргэдийг ямар нэгэн шалтгаангүйгээр хөнөөсөн нь урьд хожид байгаагүй үзэгдэл билээ. Тэр байтугай бууж өгсөн халиф аль-Мустасимыг цаазлав. Тэгсэн атлаа Багдад хотын загалмайн шашинтнууд, жүүдүүдэд халдсангүй нь Хүлэгүгийн Догуз хатны хүсэлтэй холбоотой гэж үздэг. Хүлэгү хаан халифын ордныг несториан шашны патриархт бэлэглэжээ. Тэрээр Антохийн Боэмундэд охиноо эхнэр болгон өгч холбоотон болсноор монголчууд хэсэгтээ загалмайтнуудтай нэгдэв.
Загалмайтнуудаар хүч сэлбэсэн Хитбухын монгол цэрэг Сирид нэвтэрч, монгол, армян, загалмайн шашинтай цэрэг Алеппогийн бат цайзыг эзлэн авчээ. Монголчууд лалын сүмийг шатааж, загалмайтны сүм хийдүүдийг үлдээжээ. Сирийн зарим газрыг Армяны Киликид, заримыг нь загалмайн шашинтай Боэмундэд өгчээ. Улмаар 1259 онд монголчууд Дамаскийг эзлэв. Хитбух ноён тэнд монгол төлөөлөгч томилжээ. Монголчууд эсэргүүцэл үзүүлсэн лалын шашинтнуудыг хядаж, бууж өгснийг нь өршөөж байсан нь Их цаазаа сахиж байсныг батална. Дараа нь монголчууд загалмайтан, Египетийн мамлюкуудыг түшсэн лалынхан хоорондоо дайтаж

байсан Палестинд ойртов. Тухайн үед загалмайтнуудад бүслэгдсэн Иэрүсалимын Египет гарнизон гарах гарцгүй, Ойрхи Дорнодод лалын шашин нэг мөр дарагдсан мэт санагдаж байлаа.
Гэвч хувь заяа өөрөөр эргэж, 1260 оны гурван сард Хүлэгү Мөнх хаан тэнгэрт хальсан тухай мэдээ авав. Энэ нь Монгол руу яаралтай буцаж, их хуралдайгаар шинэ хааныг сонгох шаардлага тулгарсан гэсэн үг. Хуралдайн монгол цэрэг санал өгөх учиртай тул Хүлэгү ихэнх цэргээ авч нутаг буцахад Сирид Хитбухын армян, ассир, загалмайн шашинтай араб цэргүүдтэй нэгдсэн нэг, хоёр түмэн цэрэг үлджээ. Хитбухын энэ цэрэг Солонгосоос Силезия хүртэл давшихдаа ялагдаж үзээгүй дийлдэшгүй монгол цэрэг биш болсон нь тодорхой.
Хүлэгү Сириэс гарахдаа Францын хаан Людвигт Хитбухыг энэ газарт үлдээж байгаа найрсаг захиа, Египетийн Мамлюкийн султан Котузт бууж өгөхийг шаардсан ширүүн захиа илгээжээ. Лалын он тооллын товчоон Жами’ат-таварихт өгүүлснээр эл захиа “Аугаа их тэнгэр Чингис хаан ба түүний үр хойчист энэ дэлхийг өргөн барьсан билээ. Бидэнд захирагдахыг эс хүссэн хэн боловч эхнэр хүүхэд, ах дүү, амраг садан, албат хоттойгоо үгүй болдог...” гэсэн үгтэй байжээ. Лалын орчуулагч захиаг ингэж буулгасан байх магадлал ихтэй. Учир нь эндээс лалын буруу номтонд тулгадаг шаардлагын хэв маяг үнэртэж байна. Чухамдаа иймэрхүү баримт л монголчууд тив дэлхийг эзэрхийлэхийг хүсэж байсан гэсэн домог үлгэрийг төрүүлдэг...
Мамлюкууд Монголын элч төлөөлөгчдийг хороож, Египетийн цэрэг Палестин руу хөдлөв. Энэ хооронд Хитбухын цэрэг Ливан, Палестины Баальбек, Наблус, Газ хотуудыг ээлж дараалан эзэллээ. Ингэхдээ загалмайтнуудтай хамтарсан эсэх нь тодорхойгүй ч тэдний харилцаа илт хөндийрсөн нь тодорхой. Тамплиерын хүчтэй бүлгэмийнхэн монгол чөтгөрүүдтэй зэвсэг барин тэмцэхээ илэрхийлж, Францын гүн Сидона Жюльен Гренье үл мэдэгдэх шалтгаанаар монгол цэрэг рүү дайрав. Мамлюкууд Синайн цөлийг

давж, яаж ч юм бэ загалмайтнуудын нутаг дэвсгэрээр нэвтрээд монголчуудын араас довтлон, Акрагийн загалмайн шашинтнуудаас хоол хүнс авсан байдаг.
Энэ үест Европт Францын Гэгээн Людвик хааны Монголд илгээсэн элч Гильом Рубрук эргэж ирсэн бөгөөд хаан, Ромын папт монголчууд загалмайн шашинтан биш харин бөө мөргөлтэй (ямартаа ч Европын түүхчид ингэж тэмдэглэжээ. Гэвч үүний дараа Монголд илгээсэн папын элч нар монголчуудтай лалуудын эсрэг нэгдэх санал тавьжээ) гэж айлтгажээ. Хүлэгүгийн холбоотон, түүний хүргэн Антиохийн Боэмундыг сүмээс хөөсөн нь загалмайтнууд ба монголчуудын харилцаанд сөргөөр нөлөөлсөн нь мэдээж.
Монголчууд загалмайтнуудтай хэрхэн харилцаж байсан тухай ямар нэгэн баримт үлдээгүйн учир тэд ямартаа ч загалмайн шашинтай ахан дүүс байгаагүй биз. Тал хээрийн несториан шашин католик урсгалаас ихээхэн ялгаатай. Үүнээс гадна Оросын үнэн алдартнуудад Невын Александр Батын хүү Сартагтай сайн харилцаатай байсныг эс тооцвол монголчууд таатай хандаж байсангүй. Сартаг ч Орос гүнтэй ашиг сонирхлын үүднээс найрсаг харилцаж байсныг үгүйсгэж болохгүй. Авга ах, Ижил мөрний лалуудыг өөртөө татсан лалын шашинтай Бэрхтэйгээ тулахын тулд түүнд нутгийн цэргийн эрхтний туслалцаа нэн шаардлагатай байлаа.
Үүний үр дүнд Айн Жалутын тулалдаанд мамлюкууд монголчуудыг бут цохиж, монголчуудын байлдан дагууллыг зогсоов. Хитбух олзлогдож, лалын шашинд орохоос татгалзсан тул цаазаар авхуулжээ. Монгол гарнизонууд Ойрхи Дорнодоос ухарч, лалууд тэдний эсрэг хаа сайгүй боссоор Ефрат мөрөнд хүрэхдээ ихээхэн хүн хүчээ алджээ.
Шар загалмайтны аян гэгддэг Ойрхи Дорнодод хийсэн монголчуудын аян ийнхүү өндөрлөв.

Месопотам, Сирийг эзэлж, Ойрхи Дорнод дахь лалын шашинтнуудыг нухчин дарахаа дөхсөн Хүлэгү эцсийн бүлэгт загалмайтнуудын ашиг сонирхлын төлөө аян дайн хийсэнгүй, амин хувийн феодлын ашиг сонирхлоо эн тэргүүнд тавьжээ. Хүлэгү Иранд эргэж ирээд Хүлэгүгийн улсаа байгуулж, Алтан Ордтой дайтаж байсан ч загалмайтнуудтай ахиж холбогдсонгүй, Ойрхи Дорнодоос лалуудыг шахах гэж оролдсонгүй. Сүүлдээ буддын шашинд орсноос үзвэл загалмайтнуудтай цэвэр улс төрийн бодлогоор харилцдаг байжээ. Үр хойчис нь 1312 онд улсынхаа дийлэнх хүн амын шүтдэг шиитийн урсгалд орж, 1410 онд төрийн эрх мэдлээ алдаж, монгол хэл соёлоо мартсан тэднийг Кара-Коюнлугийн түркменүүд зайлуулжээ. Тэр үед загалмайтнууд дарагдаж, Армяны Киликияд түрэгүүд эзэлж, монголчууд ч загалмайн шашны тухай мартсан байлаа.