“RAN” (Самуун) бол Күросавагийн уран бүтээлийн “Гуравдугаар үе”-ийн (1965-1985) сүүлчийн кино байсан. Энэ үед агуу найруулагчийн уран бүтээл уналтад орж, бүтээлдээ санхүүжилт олох бэрх болсны сацуу, нэгэнтээ амиа хорлох оролдлого ч хийсэн удаатай. Тийм ч учраас хилийн чанадаас төсвөө босгохоос өөр аргагүйд хүрч Япон, Францын кино компаниудын хамтрал дээр бүтээл өндийжээ. Киноны ерөнхий нэр, дуудлага болгон ашигласан “Ran” гэдэг үгийг цогцоор авч харвал “эмх замбараагүй байдал”, “бослого” гээд янз бүрээр орчуулж болно. Эсвэл бүр “үймэрсэн”, “будилсан” гэсэн утга ч бас агуулагдаж буй.