Манай эрин үеийн авъяас билигт туурвигчийн нэг Эдвэрд Радзинксийн “Сталин” хэмээх цуутай бүтээл монголоор гарч байгаа нь энэ. Арваад жилийн тэртээ Оросын телевизүүд ч шампуун, школад, барааны саван энэ хэдийн рекламаар огиж байхад ганцхан хүн ном рекламдаж байсан нь чухам энэ Эдвард . Ном туурвиж, тэрийгээ чиклаад, шампуун, саван гурваас дутахгүйгээр борлуулж байгаа хүнийг хараад эхлээд биширсэн, дараа нь эргэлзсэн. Саванархуу, школадархаг ном бичээд тэр нь зах зээлд орох, төр солигдох, үзэл санаа урвалдах их эргүүлгэнд алийгээ мэдэхгүй болсон олон түмэнд хямд шампууний нэгэн адил таалагдсан ч юм бил үү? Гэтэл тухайн үед Марксизм, Ленинизмийг орлох болсон мэргэ төлөг, зөн билигийн ухааны номууд бас ингэх ёстой баймаар? Гайхаад л үлдсэн дээ.

Сүүлд нь Японд санамсаргүй зурагтын суваг сольжээ суутал мань эр сэгсийгээд гараад ирдэг байгаа. Номоо барьчихсан л яриад байх. Наана нь японоор ...ра ро ри..ру болоо л. Осолдохгүй л Радзинскийн тухай л гарч байна гэж таахаас биш юу ярьсныг нь яаж ойлгох билээ. Мань хүн шампуунь зуураагүй байх нь. Удалгүй тэрээр хамгийн лут бүтээл болох “Сталин”-аа анх англиар хэвлүүлж, барууны ертөнцийн бэстсэллэр болсныг мэдэж авав.

Сталины тухай мянга мянган үнэн сүүдрээс гэрэлд гарлаа, Радзинскийн тухай ч гэсэн “цай уух зуур” ярих хэмжээний мэдлэгтэй болоод авлаа. Гэхдээ л гол бүтээлийг нь уншаагүй явсаар байв.

Харин ийм боломжийг Баабар бидэнд олгож байна. Түүний орчуулсан, Э.Радзинскийн “Сталин” монгол уншигчийн гар дээр ирлээ.

Бичих туурвих авъяастай байх нэг хэрэг, Сайхан санаа олох өөр нэг хэрэг. Сайхан санаагаа баримтаар биежүүлэх гурав дахь хэрэг. Эд бүгд нийлээд сайхан туурвил болдог гэж та бодно уу? Үгүй юм аа. Төгөлдөр сайхан зохиомж гэдэг уран бүтээлийн бараг тэн хагас нь шүү дээ. Ойлгомжтой атлаа далд санаа шингэсэн, сэтгэл санаа гижигдэн татсан тийм зохиомж зохиогчийн дутуу орхисон болгоныг дүүргэж, зохиолыг бүрэн төгс болгодог оо.

Орчин үеийн ном туурвилд нэг ийм шаардлага тавигддаг юм. Мэргэн багш-зах зээлийн л гаргаж ирсэн санаа л даа. Номын дэлгүүрт ирсэн хүн шүүрч аваад хаанаас нь ч гарчиглалаа гэхэд, аль нэг хуудаснаас хэдэн мөр уншлаа гэхэд л сэтгэлийг, нүдийг нь уургалж аваад чирээд явчих учиртай гэж. Худалдан авагч аль хуудсыг сөхөж, хаанаас гүйлгэж харахыг манай нэрт хөгжмийн зохиолч Балхжавын хэлдгээр “таашгүй” болой. Тэгэхээр таны ном эхнээсээ аваад дуусан дуустал сонирхол татам, сэтгэл гижигдэм байх төдийгүй, дараагийн чинь бүтээлийг унших хүсэл төрүүлэх учиртай. Ном юуны ч тухай байсан адилхан. Чухам зах зээлийн энэ шаардлага шинжлэх ухааны хамгийн түвэгтэй, явцуу салбарын бүтээлийг хүртэл наад захын уншигчид хүртээлтэй болговой. Нэгэн цагт Ленин багш “Тогооч хүртэл төр барьж сурна” гэж айлдсныг бид махчлан ойлгоод Ардын их хурлын депутат дотор нэг сайн тогоочийг заавал багтаадаг байж билээ. Харин зах зээл ингэж номлож байна. Харьцангуйн онолыг тогооч хүртэл ойлгож болно. Үнэхээр Стивен Хокингийн “Их тэсрэлт”, “Цаг хугацааны товч түүх”-ийг уншаад ойлгохгүй тогооч бол тэнэг тогооч биш ердөө л бичиг үсэг сураагүй тогооч. Харин манайд бол орчуулгын хүчин зүйл нөлөөлнө л дөө. Аяа зах зээл чи. Оюун санааг хүртэл ардчилагч ажгуу.

Манайд орчин үеийн номын соёл нэвтрэхийн хэрээр ном бичих туурвих шинэ менежмэнтийг бид өөриймшүүлсээр байна. Бас барууны ном зохиолын орчуулгаас бид түүнийг харж, мэдэж авдаг. Харин Радзинскийн “Сталины” зохиомж яг л Сталины амьдрал шиг хэтэрхий тодорхой, тэр хэрээрээ оньсоголог. Бүлэг бүрээс гарах нийлэг дүгнэлт нь заримдаа гарчгаа улам тодоруулна. Заримдаа улам бүрхэг бүдэг болгож, бэлэн дүгнэлтэд дассан уншигчийн оюун сэтгэлээр даажигнана. Яг л эрин зууны суут дамшиглаач Сталин чиний оюун ухаанаар тохуурхах мэт. Сосо хэмээх багын нэртэй Сталин болоочийн жинхэнэ овог Жугашвили. Сосо Жугашвилийн төрсөн газарт нэгэн том бөөрөнхий хад байдаг ба тэрийг нэгэн муу зүгийн савдаг өнхрүүлэн наадаж асан домогтой. Сталин болооч бээр энэ хорвоогийн бөмбөрцгийг хүн ардтай нь өнхрүүлэн наадах хувьтай байсан гэж Э.Радзинский өгүүлжээ. Энэ ном ч гэсэн уншигчийн сэтгэлийг тэрхүү чулуугаар наадагч Ландрам мэт, сая сая хүний эцэг эхийг алаад өөрөө “эцэг Сталин” болгосон тэр хүн мэт нэн даажинтайгаар эргэлзүүлэн хөдөлгөх бөлгөө.

Бидний мэдэх Сталин ердөө л хоёр өнгөтэй. Нэг талаас түүний амьд ахуй үед цогцолсон, ямар ч сүүдэргүй, зөвхөн аврал, энэрэл хайр нигүүлслээр дүүрсэн Бурхансталин. Нөгөө талаас түүнийг үхсний дараагаар хагас албан бус байдлаар түгсэн сөрөг ойлголт, ялангуяа коммунизм унасны маргаашаас эхтэй үзэн ядалтаар амьсгалсан алуурч, яргачны гаанстай дүр.(Тэр гансаараа ч хүн алж байсан байж магад).

Харин Радзинский огт өөр Сталиныг бидэнд харуулж байна. Сталин аврагч гэдэг талаас нь ч биш, ерөөсөө цусны амтанд орсон махчин гэдэг талаасаа ч биш.

Сталин бол хүн төрөлхтний, ялангуяа оросын ард түмний лай ланчгийн илэрхийлэл ажгуу. Бүхнийг чадагч БУРХАН бээр хүн төрөлхтний хамгийн их лай ланчиг, үйлийн үртэй хэсгийг зуун зууны туршид бөмбөрцөгийн нэг бөөрөнд ялгаж байгаад цаг нь ирмэгч гэсгээлийн илдээ Сосо хэмээх чагаа тэнгэрт атгуулан Сталины дүрээр илгээжээ ч гэмээр. Анхны цусыг тэр урсгаагүй, бас цусанд хэрхэн шунахыг заах гэж ирээгүй аж. Тэрээр цус урсгагчдыг хүсэн мөрөөсч байсан, цус урсгагчдаас өөр хэний ч үгийг дуулах тэнхэлгүй болтлоо толгой нь эргэсэн тэр хүмүүсийн үйлийн үр билээ. Тэр цус урсгагчдаар багшлуулж, цус урсгагчдийг тэжээх гэж амь насаараа дэнчин тавьж, цөлөгдөж явсан намтартай. Орос хүний цус, нулимсыг мөрөөсөн хилийн чанадад тарвалзаж явсан хувьсгалын удирдагч нар нь Сталин болооч Кобагийн террор хийж, банк тонож олсон мөнгөөр наргицгааж байлаа.

Та бүхэн Андрей Кравчукийн “Адмирал” гэдэг киног санаж байгаа байх. Адмирал Колчакын тухай гардаг. Билиг төгөлдөр энэ жанжин бол Оросын ард түмэнд барьсан бурханы бэлэг. Хиртэй гараар баримгүй, бурханы энэ бэлгийг хир ханхалсан хэдэн улаантан хэрхэн буудаж алаад Ангар мөрний мөсөн доогуур хаяж байгаа хэсгийг киночид сэтгэлд хадмаар харуулсан байдаг нь үнэхээр болсон явдал.

Харанхуй хүнд өдрүүдэд орос орон сэхээтнийхээ үгэнд ороогүй, орох ч тавилангүй байлаа. Сая сая харанхуйчуул тэднийг өөрөөс нь илүү ухаантай байсны төлөө өсөрхсөн юм. Ингэснээрээ тэд бурханд давхар өсөрхжээ. Бурхан суу билиг, авьяасын охийг зөвхөн сонгосон хайртай хөвүүддээ л бэлэглэдэг юм. Бурхан тэгэхээр яах гэж орос оронд ямар их сэхээтэн бэлэглээ вэ? ХХ зууны дэлхийн сэхээтний түүхээс орос хүмүүсийн нэрийг хасаад унших гээд үзээрэй.

Уул нь орос хэлний “хаанаа хөнөөгч”(Цареубийца) гэдэг үгээр төрсөн эхээ хөнөөснөөс дутахгүй нүгэлтэнг хэлдэг гэсээн. Гэтэл тэд хаанаа хөнөөгчийн дүү Ленинийг даган, хаанаа хөнөөлцсөн төдийгүй. Деникин, Врангель, Колчакийн мянга мянган дайчид “хаанаа хөнөөгчидтэй” нийлэхээр урван ирж, улаантныг зузаатгаж байлаа. Угтан айсуй гашуун тавилан бол ард түмний өөрийн сонголт байж. Ажилгүй залхуу, анхилгүй сая сая амьтас нийлж байгаад өөрсдөөс нь хамаагүй ажилсаг учраас сайхан амьдарч байгаа эзэд, чинээлэг тариачдаа зааж өгөн бариулж, өөрснөө нийлэн улаан засгийн өмнөөс яллаж байлаа. Үүнийг нударгантай тэмцэх гэж нэрлэдэг. Хожим тэднийг чекистүүдийн бууны амыг долоонгоо гуйх залбиралыг нь бурхан хичнээн тохуутай харж байсан бол. Яг л гаансаа шившин инээвхийлэх Сталин нүдэнд буунам. Тиймээ, Сталин бурханы илгээлт байж.

Сталины аллага ч ёсорхог, оньсоголог, утгалаг. Тэрээр алахаар шийдсэн “алуурчнаа” эхлээд дэвшүүлнэ, магтана. Тэгээд бусдын цустай хутгана. Дараа нь гэртээ урина, эрүүл мэндийнх нь төлөө хундага өргөнө.Бөөн баяр хөөр харихад нь дотоодыг хамгаалахынхан хүлээж сууна. Одон гардуулж үнсэхдээ чихэнд нь “ална даа” гэж шивэгнэнэ. “Нөхөр Кольцов танд гар буу байдаг юм биш биз? Арай өөрийгээ буудчихгүй биз дээ” хэмээн тохуурхана. Мөн ч олон хүнд “амиа хорлох боломж” олгосон доо

Сталины гараар хөнөөгдсөн Бухарин, Киров,Зиновьев, Трокцийн шарилд ойртох аваас өөрийнх нь цуснаас гадна тэдний гарт шууд болон дам үрэгдсэн сая сая хүний цус ханх тавих ажгуу. Сталин алуурчдыг ттөрүүлсэн эхийг, халамжлан хүмүүжлэгчдийг, алуурчдийг, алуурчдын алуурчдыг хөнөөгөөд харьжээ. Үнэн хэрэгтээ Ленин багш нь “Тавь хүрсэн хувьсгалчийг талийгаач болгох нь зохистой”-г зөвлөж, шүтээн-ах Ткачёв нь болохоор “хувьсгалаар хэдийг алах вэ гэдгээс илүү хэдийг алахгүй үлдээх вэ гэдэг нь “ чухал болохыг дүүдээ захижээ. Ингээд харахаар бүх юм жамаараа болсон ч юм шиг.

Төвдийн буддизмын гэгээдийн нэгнийх нь лүндэнд “Хортныг дарагч бурхад номхон дүрээр үл заларна” хэмээжээ.

Бидний төсөөлдөгчлөн инээд алдсан Лха тэнгэр морилж ирээд, ганц болдоггүй амьтныг зүйл дуусгах мөртлөө үлдэгсдийн толгойг илж “ аав, ээжийнхээ үгэнд сайн орж, хичээл номоо давтаарай” гэчихээд явчихдаггүй аж.

Бурхан тэнгэрийн уур хилинг төлөөлсөн илдэч бээр ландрамыг өөрийг нь төдийгүй, ландрамийг төрүүлэгчдийг, өсгөж бойжуулагчийг, анхны цусаа амсаж байхад хөхин баясагчдийг, хайртай бүхнийг нь хөнөөж байхад эсэргүүцэх боломжтой чадалтай байсан хэрнээ үл хөдлөн өөгшүүлэгчдийг, нүгэлт ландрамыг мөрөөдөн бурханы ариун бэлгийг хөнөөгчдийг хамтад гэсгээхээр газар дэлхийд буудаг ажгуу. Үүргээ дутуу гүйцээсэн нь үгүй хэмээмой. Дүгнэлт нь ард түмнийхээ удирдагчийнхаа төлөө хариуцлага хүлээдэг.

Сталин,коммунизм, аллага хядлага, социалист систем бүгд нийлээд, нийлээд ганцхан жоохоон юмыг л бидэнд сургах ажээ. Ямар ч аугаа үйл хэрэг, аугаа сайхан санаа, аугаа ирээдүй байлаа гээд хувь хүний эрх ашгаас ганц санжметрээр болов илүү гарах учиргүй, ёсгүй. Хэрвээ “ийм аугаа их үйл хэргийн төлөө ганц тэр хохирч болох бололгүй дээ” л гэж бодож байгаа бол дараагийнх нь золиос чи өөрөө шүү. Сталины бүх золиос ба золигчид “зөвлөлт гэдэг, социализм гэдэг аугаа их үйлсийн дэргэд энэ муугийн ба миний амь юу ч биш юм даа” гэсэн ганцхан л бодолтой байсан юм. Тэд “Сталин тандаа үнэнч шүү” “хайртай шүү,ЧИ шүү" гэсээр амиа тавьж байж дээ.

Ганцхан өгүүлбэрт багтаах жоохоон үнэнийг тавин сая хүний амиар хэлж өгдөг Бурхан, Сталин хоёр яасан ч их даажинтай юм бэ?

Разинский ингэж хэлэхгүй байгаа ч ингэж ойлгуулж байна. Христ мэндлэхээс даруй мянга таван зуун жилийн тэрээд гэгээрсэн Будда “Өөрийн хийсэн үйлийн үрийг алгасах юм шиг найдах хэрэггүй, өрөөл бусдын үйлийн үрийг амсах юм шиг сандрах хэрэггүй” хэмээн сануулсан билээ л.

Хүн төрөлхний хамгийн аугаа, нандин тунхаг бол ердөө л “хүн бүр өөрийнхээ үхлээр үхдэг байх" л шүү дээ.