Төмөр хатагтай Английн Ерөнхий сайд Тэтчерийг анх ингэж нэрлэснээр ийм нэршил үүсчээ. Тэтчер Нийгмийн бодлогын сайд байхдаа хүүхдэд сургуульд өгдөг байсан үдийн хоол хөтөлбөрийг хассан байна. Үүнээс болж эхчүүд түүнийг үзэхээ больж “эмэгтэй хүн биш, төмрөөр хийсэн авгай” гэлцэх болжээ. Тэрээр Ерөнхий сайд болсон хойноо Үйлдвэрчний эвлэлтэй хэдэн жил тулалдаж байж улсын ашиггүй үйлдвэрүүдийг хааж, өргөн хувьчлал явуулсан. Английг социализмаас гаргаж, улс орныг эрүүл эдийн засагтай болголоо. Түүний бодлогыг олон хүн тухайн үедээ эсэргүүцэж байсан боловч эрүүлжсэн өнөөгийн Англид түүний зөв байсныг бүгдээр зөвшөөрдөг, саяхан Лондонд түүнд хөшөө босгосон. Эрэгтэй улс төрчдөөс ч чанга хатагтай.

Монгол улс төрч эмэгтэйчүүдэд энэ нэр зохихгүйгээс гадна ингэж нэрлэвэл үндсэн утгыг нь алдагдуулна. Учир нь “төмөр хатагтай” гэдэг нь олон дахин сонгогдсон, эсвэл зан ааш ширүүн, эсвэл бие булчинлаг гэсэн ямар ч утга агуулдаггүй. Нийгмийн халамжийг улам нэмэхээр хоорондоо өрсөлддөг манай эмэгтэй зүтгэлтнүүдийг хамгийн чангыг нь нялцгай гурилан, тэгээд цааш нь шар тосон, хайлсан лаан, усан гэх мэтээр нэршвэл зохилтой.

Мөнгө угаах АНУ-д архи хэрэглэхийг тас хорьдог хуультай байх үед гангстерүүд сархадын хууль бус наймаанаас асар их мөнгө олдог байж. Орлого хууль бус наймаанаас олдсон байж таарахгүй, иймээс өөр орлогоос олсон мэт харагдуулах ёстой. Чикагогийн дээрэмчид өөрсдийн эзэмшдэг хими цэвэрлэгээний газрынхаа орлого мэтээр мөнгөө хууль ёсны болгодог байв. Ийм цэвэрлэгээний газрыг англиар лондри гэнэ. Эндээс лондри мани буюу угаалгын мөнгө гэсэн нэршил үүсчээ. Орчин үед хар тамхи, зэвсэг наймаалсан хууль бус мөнгөө казиноноос хожиж олсон мэт болгож угаадаг түгээмэл арга дэлгэрчээ. Мөнгө угаахад тогтсон ханш ч бий. Хууль бус мөнгөтэй хүн 30 хүртэл хувийг нь тушаагаад казиногоос асар их баялаг азаар хожлоо гэсэн баримт бүрдүүлж орхино.

Манайд мөнгө угаана гэдгийг хоёр янзаар ойлнодог. Эхнийх нь усаар угаах мэтээр ойлгоно. Манай нэг парламентч авгай тээр жил “Манай банкууд мөнгийг угааж угааж...” хэмээн нусны алчуур угааж байгаа байртай хоёр гараа хэсэг үрчиж байснаа “...цааш нь явуулчихдаг” гэж ярьж билээ. Өөрийгээ бизнисчин гээд нэрлэчихсэн нэг луйварчин сонинд ярилцлага өгөхдөө “Нигерээс надад мөнгө угаах урилга ирсэн. Үүнийг би зөвхөн албан ёсоор л хуулийн дагуу угаана гэдгээ хэлж Москва дахь Нигерийн элчин сайдтай уулзсан” гэж нэг донгосоодохсон. Нөгөө нэг ойлголт нь их мөнгөөр бизнес хийхийг хэлээд байх шиг. Их мөнгөөр бизнес хийсэн бол их мөнгөөр бизнес хийжээ л гэнэ шүү дээ. Заримдаа манайд авилга, хулгай шамшигдуулалыг “мөнгө угаах” гэцгээдэг, бүргэдийг л бүргэд гэж нэрлэдэгийн адил хууль бус мөнгөний өнгийг хувиргахыг л мөнгө угаах гэнэ.

Үнэндээ манайхан мөнгө угааж чаддаггүй. Баянгол буудалд бараг л үйлчлэгч хийж байсан нөхөр Ерөнхий сайдын ивээлд ороод л маргааш нь шахам эхнэртээ болон өөртөө үнэтэй жип авсан боловч хаанаас ингэж хөрөнгөжиснөө тайлбарлаж чаддагүй. Ямар сайндаа нэгэн социалист залуу луйварчин хагас сая доллароор байшинтай болчихсныгоо эгч нь Солонгост хараар ажиллаж мөнгө илгээдэг мэтээр ярьж элэг хатааж байхав. ТҮЦ ажиллуулж үзээгүй Улаан гонжоомныхоо үнийг ч хаанаас олсноо тайлбарлаж чадахгүй гөлөлзөж явна. Хаа очиж Энхбаяр л сэрэглэн юм. Энд тэнд хэлсэн үгнүүдээ түүвэр болгон хэдэн ботиор хэвлүүлж албан газруудад тэнгэрт тулсан үнээр хүчээр шахсан ба хожим өөр луйвраар олсон хавьгүй их мөнгөө энэхүү номын далайгаас сувд түүсэн мэтээр тайлбарлаж Авилгын хорооныхныг мад тавих учиртай юм. Үүнийг бол харин мөнгө угаах гэж нэрлэвэл үндсэн санаатайгаа тохирно шүү. Нохой тоож гарчиглахгүй хог новшоо төрийн байгууллагуудад албан тушаалаа ашиглан хүн үнэмшимгүй мөнгөөр “борлуулсан” нь авилгын зүйл аймагт ч бас хамаарах учиртай.

Хар гариг 1929 онд Нью-Йоркын бирж дээр айхавтар уналт болж тэр нь даамжирсаар дэлхийн эдийн засгийг сүйрүүлсэн билээ. Эндээс “хар гариг” гэсэн нэршил үүссэн байна. Бирж дээрх гэнэтийн уналтыг ийнхүү “хар” гэж нэрлэдэг болжээ. Хамгийн сүүлчийн “хар мягмар гариг” сарын өмнө Шанхайн бирж дээр тохиосон. Хар гариг гэсэн нэр нь хэн нэгнийг болон хэсэг бүлгийг ажлаас халахтай ямар ч холбоо байхгүй. Манайд үнэндээ бирж байдаггүй болохоор ямар ч хар гариг үл тохионо. Байгаа ганц бирж нь дампуурчихсан гэдгийг захирал нь жилийн дараа мэдсэн ба харин аль гаригт тохиосныг нь олж тогтоож чадаагүй.

Төрийн гурван өндөрлөг Төрийн эрх мэдэл үүрэг функцээрээ тусгай институциудад хуваагдах ёстой тухай онол Үйлдвэржилтийн хувьсгалын үед гарчээ. Төрийн дээд эрх мэдлийг биенээсээ үл хамаарсан, биенээ харилцан хянаж чаддаг Хууль тогтоох, Шүүх, Гүйцэтгэх засаглалууд болгон хуваах тухай онолыг Монтэскю боловсруулж, 1776 оноос АНУ-д анх амьдралд хэрэгжүүлж эхэлжээ. Дэлхийн анхны Үндсэн хууль тэнд боловсорч төрийн гурван өндөрлөгийн тухай хуульчилж өгсөн байна. Энэ загвар өдгөө аль ч улс орнуудад хульчлагдсан, харин хэрэгжилт нь мэдээж янз янз.