Дуурийн театрт хагас сайнд “Сонгодог үдэш” нэрийн дор сайхан тоглолт боллоо. Гадаадаас ирсэн удирдаач энэ удаа удирдаж явуулсандаа ч биш, манай дуурийн дуучид, симфони найрал хөгжимчид ч сайн байсан болохоор тоглолт бүхэлдээ сайхан болж, сонгодог урлагийг эгээ л дарс шимэх лугаа “амтлах” дуртай цөөн хэдэн үзэгч маань ёстой л нэг баярлав. Тоглолт өндөрлөсний дараа хэсэг шуугьдаг даа. Тэгэхэд “тагнуулдаж” явахад “Хөгжмийг чинь чанга, машиндаж тоглохоор гоё байдаг биш, харин ч эсрэгээр нь аль болох аяархан хэрнэ, нюанс бүрийг гаргаж тоглоход их гоё байдаг юм байна шүү. Ингэж сонсгох ажлыг удирдаач хийдэг бололтой юм” гэж ярих үзэгч ч байлаа.   

Ж.Верди, Ж.Пуччини гээд дэлхийн суутнуудын сонгодог дуурийн  аринуудаас бүрдүүлсэн энэхүү тоглолтод симфони найрал хөгжим хөгжимдөж,  дуурийн гоцлооч Б.Эрдэнэтуяа, Ц.Баттөр, Р.Доржхорлоо, Ц.Доржсүрэн нар дуулж монгол дуучдын ур чадварыг харуулав.  

 “Их чухал”, өөрөөр хэлбэл дэлхийн аль ч улс оронд уригдаж тоглодог удирдаачтай хамтарч ажиллах, магадгүй яваандаа алсын замд дөрөө харших ч магадлалтай энэхүү тоглолтод ДБЭТ-ын авьяаслаг залуу дуучид бүгд л дуулахсан гэж хүсч байжээ.  Дуучдын хэн нь хэн бэ гэдгийг мэддэг, бахархдаг үзэгчид ч энэ тухай сонирхож байсан нь лав. Гэтэл уран сайхны зөвлөлөөс дуулах үүргийг дээрх дөрвөн дуучинд олгосонд зарим хүн гайхсан тухайгаа тоглолтын өмнө хэлж байлаа. Б.Эрдэнэтуяа, Ц.Баттөр хоёр бол их урлаг сонирхогчдын танил. Харин урьд өмнө нэр нь төдийлөн дуулдаж байгаагүй хоёр дуучин буюу эрэгтэй, эмэгтэй Ц.Доржсүрэн, Р.Доржхорлоо нарыг хэрхэн дуулах бол гэж үзэгчид  бараг л түгшиж байсан гэнэ. Тэднийг яаж дуулдгийг мэдэхгүй болод тэр л дээ. Гэтэл тоглолтын явцад үзэгчид дөрвөн дуучны аль алины чадварыг бахархсаар, улмаар баяр хөөрт умбан тарцгаасан юм. Магадгүй зарим нь театраас гараад гэртээ шууд хариагүй, замдаа аятайхан газар түр саатсан ч байх.

Дэлхийд том бүтээлүүдийг дараалан эгшиглүүлсэн энэхүү “Сонгодог үдэш”-ийг ардын жүжигчин Ж.Чулууны “Уран Хас” бүжгийн жүжгийн вальсаар өндөрлүүлэхдээ маэстро үзэгчдээ хөгжөөж, дуучин Б.Эрдэнэтуяатай вальс эргэсэн нь хүмүүсийг улам баярлуулав.

Өөртөө итгэлтэй, нэр хүндтэй удирдаачид үзэгчдэдээ удирдахаас өөр ямар нэгэн хөгжилтэй агшин бэлэглэж дотно харилцаа үүсгэдэг араншинг маэстро Роберто Сальвалаио үзүүлсэн нь хүмүүст ихэд таалагдсан нь илт байлаа.    

Үзэгчид нэг талаар дуурийн урлагийн эх орон Италиас ирсэн мэргэжлийн өндөр түвшний маэстро удирдсан болохоор тоглолт муу байх учиргүй хэмээн бодож сэтгэлээрээ баясаад байгаа ч юм билүү гэж хардан үзэгчдийн сэтгэгдлийг сонслоо. Тэгэхэд бүгд л “Үнэхээр сайхан тоглолт боллоо” гэж байв. Хөгжмийн зохиолч Мөнх-Ертөнц “Найрал хөгжим их цэвэрхэн дуугарлаа” гэсэн бол хөгжим судлаач С.Энхбулаг “Ялангуяа “Травиата”-дуурийн удиртгалыг их гоё зөөлөн, лирично гэхээр дуугаргалаа. Уянгалаг гэх байх даа. Таалагдлаа” гэв. Тэрбээр ингэж хэлсэн анхны хүн байсан бол түүний дараа хөгжмийн мэргэжлийн хэд хэдэн хүн батлах лугаа давтав. Сэтгүүлч миний хувьд энэ нь тэгээд сайн эсвэл муу алин болохыг мэдэхээр лавлавал хөгжмийн удирдаач гэдэг бол кино болон драмын жүжигтэй зүйрлүүлэхэд найруулагч тул хөгжмийн бүтээлийг хэрхэн дуугаргаж, хүнд хүргэх нь түүний хэрэг аж. Юутай ч энэ удаа зочин маэстро монгол үзэгчдийн сонсч дассанаас арай өөрөөр алдарт Ж.Вердийг сонсгосон нь л гэхэд Монголын хөгжмийн ертөнц, үзэгчдийн оюун санаа, зүрх сэтгэлийн чанад дахь дэвшил хэмээн бодоход хүрсэн юм.

Тоглолтын дараа удирдаач Роберто Сальвалаиогоос цөөн асуулталд хариу авч амжсан юм. Түүнд монгол хөгжим удирдахад итали хөгжим тоглуулж байгаа мэт сэтгэгдэл төрөөд байсан гэнэ. Тэгэхэд нь жаахан тавгүйрхэж түүнийг зохиосон хөгжмийн зохиолч ардын жүжигчин Ж.Чулуун “Уран хас”-ынхаа санааг италичуудаас авсан юм болов уу гэж бодох ч шиг. Бүр тэгж асуусан гээч. Гэтэл мань хүн  “Үгүй, үгүй. Энэ хөгжим илүү европжуу гэж хэлэх гээд байна л даа. Хөгжмийн сэтгэлгэний хувьд Орос, Итали хоёр нэг чигтэй. Тэгэхээр Монголын хөгжимд Оросын нөлөө байсан болохоор ийм бүтээл төрсөн байж болно шүү дээ. Надад энэ зохиол дээр ажиллахад таатай байсан” гэв. Азийн улсуудаас БНХАУ, БНСУ-д ажиллаж, одоо Япон явах гэж буй түүнд монгол хөгжим тэдгээр үндэстнийхээс их ялгаатай, өөрийн гэсэн хэллэг, өнгө төрхтэй санагдсан тухай хэлж байлаа. “Та Монголд дахин ирж ажиллах уу” гэвэл тэрбээр “Ирмээр л байна. Харин энэ нь театрын захирал, хатагтай Сэргэлэн хүлээж авах эсэхээс л хамаарна даа” хэмээн алиалсан. Их ажлын ард гарсан тэрбээр алиалахтайгаа болу бас болоогүй, “Монголд ирснийх малчин айлд очиж үзээд явмаар байна” гэж байна лээ. Энэ хар зуднаар харин түүнийг хүлээж авах малчин буй эсэх л жаахан эргэлзээтэй болохоос бус, талын монголчууд оюун санааны хөгжил, урлан бүтээх, дуулж хөгжимдөх чадвараараа их урлагийн өлгий нутгийн уугуулуудаас нь дутахааргүй болохыг анзаараад буцав бололтой дог оо.    

Р.Оюунжаргал