Асуудлын гол нь царигны өргөн, нарийнд байгаа юм биш. Орос, Хятадын аль нь вэ гэдэгт ч байхгүй. Үндэсний аюулгүй байдалтай ч холбоогүй. Төмөр зам тавих эсэх тухай яриа бүр ч биш. Тавих нь гарцаагүй. Хаагуур тавих вэ гэдэгтээ ч учир начир нь байгаа юм биш. Бүс нутгийн эдийн засгийн тэнцвэр, геополитикийн бодлого, олон талт гадаад харилцааны баланс маланс гэхчлэн ярьж байгаа ч шал худлаа. Зүгээр л Женко, Энержи ресурс хоёрын хувийн хонзон гэж тайлбарлах нь хаашаа юм, ямар ч байсан тэдний хооронд л гарч ирсэн зөрчилдөөн. Нэг нэгнийхээ дээр гарах гэсэн тэдний мөчөөрхөл харин улс орны эрх ашигт амин чухал хэрэгтэй ажлуудыг саатуулж, гацааж, улмаар баллаж нураах вий дээ.

Х.Баттулгад Сайншандад хүнд үйлдвэрийн бүс бий болгох бодлого байгааг талархан дэмжиж байна. Өмнийн говийн нүүрс, зэс, Дорнын уран болон зорилтот зах зээл болох Хятад руу гарах гарц болж байгаа Замын-Үүд зэргийн яг төв Сайншанд үнэхээр мөн. Гэхдээ л Таван толгойгоос Сайншанд руу татсан төмөр замаа Ухаа худагт нь мухарлавал энэ зам эцэстээ хэрэггүй л болно. Уурхайгаа дайруулаад Нарийнсухайтын боомтоор гаргаж Хятадын төмөр зам руу нийлүүлэх нь тэртэй тэргүй зайлшгүйг сайд сайн ойлгож байгаа.

Энержи ресурсийнхан ч гэсэн, үр ашигтай төслийг өөрсдийн хүч, хөрөнгөөр хэрэгжүүлж, урьд өмнө монголчууд бие даан бий болгож байгаагүй төмөр зам тавих нүсэр ажлыг эхлүүлж буйг нь талархахаас аргагүй. Гэхдээ л Монгол Улсын өмнөд хилээр дөнгөж шургаад буцсан зам барих нь эцсийн дүндээ эх орондоо оруулж байгаа хөрөнгө оруулалт биш болно гэдгийг тэд ч бас сайн мэдэж байгаа.

Ерөөсөө Монгол улс өргөн, нарийн төмөр замын уулзвар газар. Алтанбулаг, Замын-Үүдийн зам тавигдаж байх үед ч тийм л байсан. Сайншанд-Ухаа худаг-Гашуунсухайтын зам тавигдлаа ч аль нэг үзүүр дээр нь дугуй сольж л таарна. Харин нарийн төмөр зам дээр ажиллах үндэсний боловсон хүчин одоогоор хангалттай байхгүй болохоор Ухаа худгаас урагшилж яваа зам дээр дандаа хятадууд ажиллана гэж зарим хүмүүс хардаж байгаа.

Монголын стратегийн ач холбогдол бүхий орд газрууд дахь баялгийг төмөр зам хаашаа аваачих вэ гэдэг зарчмын асуудал үүний дотор бий. Тухайлбал, Тавантолгойн нүүрсийг ченжид хүргэх үү, үйлдвэрт аваачих уу? Эх газар руу юу, далай руу юу? Аль нь Монголд илүү унацтай вэ?

Саяхан 10 сард “Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн стратеги” сэдэвт олон улсын хурал болсон. Энэ хурал дээр сайдын тавьсан санал бол “орд газрыг боловсруулах үйлдвэртэй төмөр замаар холбох”. Уг боловсруулах үйлдвэр Сайншандад байх хувилбар. Хөгжлийн бодлого талаасаа сайдын дэвшүүлж байгаа энэ санал, хувилбар тун зөв зүйтэй боловч мань хүний бодлогод оросууд түлхүү оролцоотой байгаа нь “проблем” үүсгээд байгаа юм. Тус хурлын үеэр мань хүн “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн В.И.Якунинтай 256 сая долларын санамж бичиг үзэглэсэн. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт оросын тал 50 хувийн оролцоотой. Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлэхээр тохиролцож байсан 188.38 сая долларын төмөр замын төслийг Оросын талын шахалтаар болиулж, одоо өөрөөр зарцуулахаар болоод байгаа. Үндсэндээ Орос ах нар Монголын төмөр замаас барьсан барьцаа сулруулах сонирхолгүй байгаа нь туйлын үнэн. Түүн дээрээ нэмээд Даланзадгад, Зүүнбаянгийн замд хөрөнгө оруулахаар Х.Баттулга сайдтай тохиролцоод байгаад олон нийт таатай биш байна.

Энержи ресурсийн зам зах зээлдээ шууд хүрэх, дөт, хямд өртөгтэй, Хятадын хил дээр дугуй солихгүй, ашиглалтын зардал багатай гэх мэтчилэн өөрсдийнх нь ярьж буй давуу талууд бий. Зүгээр ухаж ачаад, урагш гаргахыг олон нийт таалахгүй байгааг тэд бодолцохгүйгээр промошн хийгээд байгаа юм биш л дээ. Үүндээ хүмүүсийг итгүүлэх гэхдээ л ингээд байгаа юм. Дээрээс нь, Таван толгойг бүхэлд нь биш, ердөө өөрсдийнхөө 4 хувийг л өөрсдийн төмөр замаар зөөнө гэх яриаг нь мэдээж хэн ч үнэмшихгүй. Бусад 96 хувийг нь ч зөөж гаргах гарц болно гэж сайд ч “хардаж” буй, олон нийт ч “сэжиглэж” буй. Зарим эх сурвалжийн “хардаж байгаагаар” хятадууд Цехе-Нарийн сухайт-Тавантолгой-Гашуун сухайт-Бальюнэбо-Баотоу гэсэн жижигхэн гогцоо үүсгэхийг санаархаж байж ч мэдэх юм. Хэрэв тэд үнэхээр ингэж сэтгээд, үүнд нь Энержи ресурсийнхан “тусалж” байгаа бол яагаад ч хүлээн зөвшөөрч боломгүй.

Бүүр дайны үед баригдсан Чойбалсан-Читын мухар төмөр зам бий еэ? Өмнийн говийн орд газруудыг тэр замтай холбох алсын бодлого нь Номхон далайд хүрэх хоёр дахь гарцыг бий болгохтой холбоотой. Хэрэв Гашуунсухайт-Оюутолгой-Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Замын-Үүд гэсэн хагас тойрог зам хоёр үзүүрээрээ урагш гарч Хятадын магистральд нийллээ ч гэсэн орд газруудын ашиглалт дуусахад орон нутгийн зам л болж үлдэнэ. Яг л дайнаас хойш Чойбалсан-Читын зам хэрэгцээгүй болсон шиг. Харин Тавантолгойгоос арагшаа татаж Улаанбаатартай холбосон тохиолдолд Хами-Өрөмчөөр дайран Алма-Ата, Бишкек болон Дундад Ази, Араб руу зорчих дөт зам болж болох юм. Эс бол Чойр-Чойбалсанг холбож, Читаар дайран Амурын замд нийлж, Владивостокоор далайд гарах нь зөв.

Эцсийн эцэст хаашаа ч гаргах байлаа гэсэн, нүүрсээ түүхийгээр нь биш, боловсруулж, үйлдвэрлэлийн өртгөө өөрсдөдөө үлдээх нь бидэнд хамгийн их хэрэгтэй. Ядаж хэдэн муусайн залуус тэр үйлдвэрт ажилд орог л дээ. Тийм биз дээ?


Сэтгүүлч Д.Энхболдбаатар