Сүүлийн арван жилд Ардчилсан нам ялагдлын дарамт, дотоод зөрчил, итгэлцлийн хомсдолын гурамсан хямралд гацлаа. Нэгэн цагт ардчиллын бэлгэдэл, шинэчлэлийн туг нь болж явсан энэ нам өнөөдөр бодлогын тодорхойгүй байдал, фракц хоорондын тэмцэл, олон нийтэд хүрэх чадвар нь суларснаас болж өөрийн жинхэнэ дүр төрхөө алдсан гэхэд хилсдэхгүй. Сонгуулийн дараалсан ялагдлууд нь зүгээр нэг тоон үзүүлэлт биш, иргэдийн итгэл алдарсны дохио юм.

Ийм үед С.Баярцогтыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхлэх шийдвэр нь стратегийн эргэлтийн цэг болж харагдаж байна. Тэр бол гэнэт гарч ирсэн “од” бус олон жил шугамны ард ажиглаж, системийг дотроос нь ойлгосон хүн. Энэ удаа зөвхөн удирдлага солих гэхээсээ намыг үндсээр нь сэхээх түүхэн боломж иржээ.

Чимээгүй ажиглагчийн арвин туршлага

С.Баярцогтын улс төрийн замнал 1990-ээд оны шилжилтийн эхэн үеэс эхэлнэ. Тэр үеийн олон залуу улстөрчдийн адил бодлогын түвшинд оролцож, Монголын эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх үйл явцад оролцож явсан. УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж, улсын төсөв, макро эдийн засгийн бодлогыг тодорхойлох төвд байсан туршлага нь түүнийг практик улстөрч болгож төлөвшүүлсэн.

Түүний оролцсон хамгийн том бодлогын кейсүүдийн нэг бол Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ бол Монголын эдийн засгийг дэлхийн зах зээлтэй холбох стратегийн алхам байсан. Мэдээж маргаан, шүүмжлэл дагуулсан. Гэхдээ том бодлого үргэлж эрсдэл дагуулдаг. Харин тэр энэ бүхнийг туулсан туршлагаараа өнөөдрийн улс төрд илүү “жинтэй” оролцогч болж байна.

Сүүлийн жилүүдэд С.Баярцогт улс төрийн тэргүүн эгнээнд ил тод харагдаагүй. Зарим нь үүнийг сул тал гэж харж магадгүй. Гэвч бодит байдал дээр энэ нь давуу тал байж болно. Шугамны ард байж, үйл явцыг ажиглаж, алдаа оноог дүгнэх нь стратегичийг бэлтгэдэг. Жагсаалтын 9-д байснаа баллуурдуулсан явдал ч энэ утгаараа “ялагдал” биш—харин намын дотоод динамикийг ойлгосон, өөрийгөө ухамсарласан үе шат байсан гэж харж болно. Өнөөдөр тэр туршлагатайгаас гадна бэлтгэгдсэн хүн болж боловсорчээ.

Сэхээх чадвар: Үзэл санаа, үнэт зүйлс, институц

Ардчилсан намын өнөөгийн хямрал нь системийн гүнзгий асуудал. Тиймээс сэхэл нь үзэл санаа, үнэт зүйлс, институц гэдэг гурван түвшинд явагдах ёстой.

Нэгдүгээрт, үзэл санааны сэхэл. Ардчилал бол хуучирсан ойлголт биш. Харин зөв тайлбарлагдаагүй ойлголт. Чөлөөт зах зээл, хууль дээдлэх ёс, хүний эрх гэдэг ойлголт залуу үед “хуучны үг” мэт сонсогдож эхэлсэн. С.Баярцогтын давуу тал нь эдгээрийг шинэ үеийн хэлээр тайлбарлах чадвар. Ардчиллыг зөвхөн улс төрийн биш, өдөр тутмын амьдралын чанартай холбож ойлгуулах шаардлага бий.

Хоёрдугаарт, үнэт зүйлсийн сэхэл. Шударга ёс, нэгдэл, ил тод байдал гурвыг нам дотроосоо хэрэгжүүлэхгүй бол гадна талдаа хоосон ярьсан, сүржин уриа болж сонсогдоно. Сүүлийн жилүүдэд олон нийт Ардчилсан намын дотоод зөрчлийг л сонсдог, ярьдаг болсон. Үүнийг эргүүлэхийн тулд зөвшилцөх чадвартай, олон талын итгэлийг хүлээх удирдлага хэрэгтэй. С.Баярцогт бол хурц популист биш хэлэлцээ, тохиролцооны улстөрч.

Гуравдугаарт, институцийн сэхэл. Нам гэдэг бол систем. Боловсон хүчин, санхүүжилт, орон нутгийн бүтэц, бодлого боловсруулах механизмийг бүгдийг нь шинэчлэхгүйгээр “сэргэлт” ярих боломжгүй. С.Баярцогтын туршлага нь зөвхөн улс төрд биш, институцийн түвшинд ажилласан туршлага юм. Тэр системийг ойлгодог, системийг засах чадвартай.

Бусад удирдагчид ихэвчлэн популизм, эсвэл дотоод зохион байгуулалт гэх мэтээр нэг талаарөө тодорсон байдаг. Харин С.Баярцогтын онцлог нь энэ хоёрыг тэнцвэржүүлэх чадвар.

Журмын нөхөд ба олон нийтийн дэмжлэг

Нам доторх уур амьсгал бол аливаа шинэчлэлийн эхлэл. С.Баярцогтыг генсекээр жинхлэх шийдвэрийг намын олон гишүүн эерэгээр хүлээж авч байгаа нь санамсаргүй биш. Урт хугацаанд хамт ажилласан, түүний ажлын арга барилыг мэддэг хүмүүсийн хувьд энэ бол итгэж болох сонголт.

Гэхдээ илүү сонирхолтой нь олон нийтийн хүлээлт. Сүүлийн жилүүдэд улс төрөөс залхсан, “шинэ төрх” хайж байсан хэсэг хүмүүсийн хувьд С.Баярцогт бол парадокс дүр. Тэр шинэ биш, гэхдээ бас хуучин ч биш. Туршлагатай, гэхдээ хэтэрхий элэгдээгүй. Энэ нь итгэл төрүүлэх нэг хүчин зүйл болж байна.

2027-2028 оны сонгуулиуд ойртож байна. Ялалт гэдэг зөвхөн рейтингээс гадна итгэл, бүтэц, бодлогын нийлбэр. Хэрэв Ардчилсан нам энэ гурваа сэргээж чадвал, өрсөлдөөнд эргэж орох бүрэн боломж бий.

Ардчиллыг амь оруулах шийдвэр

С.Баярцогтыг дэмжих нь нэг хүнийг дэмжих тухай биш, нэг намын, цаашлаад Монголын ардчиллын ирээдүйн тухай асуудал юм. Өнөөдөр Ардчилсан намд “шинэчлэл” хэрэггүй, “сэхэл” хэрэгтэй. Системээ эргэж босгох, үнэт зүйлсээ сэргээх, итгэлийг дахин бий болгох. Энэ бүхний эхлэл нь зөв удирдлага. Хэрэв энэ боломжийг зөв ашиглаж чадвал, энэ шийдвэр Монголын ардчиллыг дахин амь оруулах эхлэл болж мэднэ.