Зээлийн архичид
Монголчууд архи уугаад “За боллоо, маргаашаас больё” гэдэг ч маргааш нь ахин нэг лонхыг задалдаг. Нөгөөх нь дуусахаар амь таслахгүйн тулд дараагийнхыг нь хайдаг. Ингээд уугаад л байна, уугаад л байна. Архинд донтох өвчний гол шинж энэ. Монголын архинд донтох эмгэгтэй хүмүүсийн тоо өндөр. Сүүлийн үеийн мэдээгээр хүн амын 6.2 хувь нь архины хамааралтай гэж гарчээ. Үүнтэй адилхан үзэгдэл манай улс төрд, хотын удирдлагад, томоохон бизнест, тэр байтугай олон монгол хүний амьдралд нэвт шингэжээ. Тэднийг нийтэд нь “зээлийн архичин” гэе.
Архи уухад тархины “шагналын систем” идэвхждэг. Допамин ихээр ялгарч, түр зуурын таашаал, сэтгэл ханамж эдэлдэг. Архи дуусахад сэтгэл нь лонх шиг хоосорч, уй гашуу төрдөг учраас дараагийнхыгаа хайдаг. Өмнөх лонх нь дундаа орохын алдад дараагийн архиа “сэтгэдэг” онцлогтой хүн ч бий. Энэ бол “амь зогоох” цикл. Зээлийн архичин үүнтэй адил. Улстөрч, хотын дарга том төсөл эхлүүлнэ. Сүржин пиар хийнэ, сошиалаар хөлс төлж цацуулна, нэр хүнд нь өснө, асар их мөнгөний урсгал үүснэ, ингээд тэдний гэр бүл тансаг амьдралд дасна, нохой нь хүртэл. Тархи нь архи уусан мэт допаминаар цэнэглэгдэнэ. Нэг төсөл нь дуусах дөхөхөөр шинэ төслийн эрэлд гарна. Ингээд зээлийн архичин шинэ мега төсөл зарлаж, бонд босгож дахиад допамин авна.
Сүржин зарласан дуусаагүй мега төслөөр Монгол баян. Майдар хот, Түмэн хишигтэн цогцолбор, Тэрбум мод, 14 мега төсөл, Шинэ хоршоо гээд хөвөрнө. Иргэд ч энэ төрлийн донд гүн автсан. Финтек аппаар зээл авч хэрэглээгээ нэмнэ. Зарим сурвалжийн мэдээгээр 2025 оны байдлаар насанд хүрсэн 2.2 сая иргэний 1.7 сая гаруй нь финтек зээлтэй байгаа аж. Өрхийн 72.7 хувь нь зээлтэй, цалингийн болон тэтгэврийн зээл авсан хүн захаас аван.
Том зээлийн архичид
Улстөрчид нэг том төслөө дуусгахгүйгээр дараагийн сүржин төсөл рүү шилждэг. Энэ бол допаминд донтож мөнгө, тансаг амьдралын таашаалд автсаны шинж. Х.Баттулга Түмэн хишигтэн цогцолбор, Майдар эко хот, Сайншандын аж үйлдвэрийн парк, төмөр замын төслүүдийг зарласан. Бурхны алтадмал баримал зарж, Жэки Чаныг урьж, Майдарын сэрэг дүр босгохоор эхлүүлсэн ч өнөөдөр аль нь ч дуусаагүй. У.Хүрэлсүх Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг зарласан. Албан ёсны мэдээллээр олон сая мод суулгасан гэдэг ч хаана, хэд нь ургаж, арчилгаа хийгдэж байгаа нь бүрхэг. Удалгүй Хүнсний хувьсгал, Ногоон хувьсгал гэхчлэн угсарсан мега санаачилгыг өөрийн төсөвтэйгөөр эхлүүлсэн. Л.Оюун-Эрдэнэ 14 мега төсөл зарлаж, “Үндэсний баялгийн сан”-г том институц болгоно гэж, “Алсын хараа 2050”-ийг сурталчилсан. Үүний цаана нийгмийн инженерчлэл хийх санаа нуугдаж байлаа.
Хотын дарга Х.Нямбаатар бол ахисан түвшний зээлийн архаг архичны шилдэг жишээ. Улаанбаатар хотын төсөв 2024 онд 2.5 их наяд, 2025 онд 3.7 их наяд, 2026 онд 6.5 их наяд төгрөгт хүрсэн. Гурван жилийн дотор нийт 12.7 их наяд төгрөгийн төсөвтэй ажилласан. Энэ их мөнгөөр Сэлбэ голын сэргэлт, Дунд гол төсөл, Бродюр, Нэгдүгээр тойрог зам, Гандан орчмын цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар метро төсөл, 16 мега төсөл (2025 онд “Их бүтээн байгуулалтын жил” зарлаж эхлүүлсэн), Туулын хурдны зам зэрэг том төслүүдийг дараалан зарласан. Эдгээр төслийн ихэнх нь түгжрэл бууруулах, агаарын бохирдолтой тэмцэх сүржин амлалттай ч хэрэгжилт удаашралтай, төсөв байнга нэмэгдэж, зарим нь маргаантай хэвээр. Бонд босгож, зээл авах замаар шинэ шинэ том төсөл зарлаж донгоо хангадаг зээлийн архичны нохой стейкээр хооллож, шар айргаар даруулж байна. (Архичид байнга биеэ өмөөрч “Би яг одоо үзүүлээд өгнө” гээд зогсолтгүй архидаж, агсамнаад байдгийг санана уу) Нэгэнт архинд гүн орсон хүнээс ёс суртахуун, ичгүүр сонжуур эгнэгт зугатдгийг бид өнөөдөр бэлээхэн харж байна.
Донгоо жагсаалтаар хангах хүсэл
Мега зээлийн архичид цаг хугацаа өнгөрөх тусам илүү тогтвортой, илүү ашигтай төсөл рүү шилждэг. Нам дамнасан бүлэглэл ба нүүрсний оффтейк гэрээ бол сонгомол жишээ. Том төсөл эхлүүлсэн улстөрч нэр хүнд, популизмаас допамин авдаг ч гол үүсвэр нь мөнгө. Бодит мөнгөн урсгал ихтэй, урт хугацаанд ашиг өгдөг оффтейк гэрээ төрийн нууцад авагдсан, тендергүй, цөөн компанитай холбогдсон байдаг.
Донгоо тогтвортой хангахын төлөө зээлийн архичид 2024 оны сонгуулиар УИХ-ийг 126 гишүүнтэй болгосон. Үүнээс 78 нь тойргоос, 48 нь намын жагсаалтаар орж ирсэн. МАН, АН хоёрын жагсаалтыг Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Баттулга гурав гаргасан. Ялангуяа АН-ын жагсаалтад илт нөлөөлсөн. Зээлийн архичдын парламентаар донгоо хангах гэсэн хүйтэн тооцоо. Жагсалтаа хичнээн сайхан тайлбарласан билээ (Архичид архины мөнгө авах гэж жаргал ба зовлонгийн интервал дотор ямар уран яруу бурдгийг мэднэ л биз дээ). Гэтэл У.Хүрэлсүхийн хүлээлт нь санасанд нь эс хүрэв. Нам байтугай ураг садан, отгон дүүгээ багтаасан бүлэглэлээ УИХ-д баттай суурьшуулах гэтэл хүч нь тарамджээ. Ингээд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилсан нь парламентат ёсонд харш. Авчиг парламентийн Төрийн байгуулалтын байнгын хороо 66.7 хувийн саналаар дэмжжээ. Одоо зээлийн архичид хоорондоо ил тод үзэлцэж байна. Ачир дээрээ хэн хэн нь хэт тансаглалаас эдэлдэг допаминаа л авах гээд байгаа юм. Нэмж зээл аваад л, авгайгаа солиод л, шинэ авгай (зарим нь өвөртөө тендертэй ирсэн) нь өөрийгөө “өөрчлөөд” л… Нохойгоо стейкээр хооллож, шар айргаар ундаалах санаатай гишүүд зээлийн архаг архичдын хэн нь даллахыг хараад сууж байгаа. Хүн шүү дээ, зайлуул.
Улныхны дон
Тархин дээр улстөрчид том төсөлд донтохын хамт улны иргэд ижил төрлийн донд автжээ. Финтек зээл архи уухтай эгээ адил. Апп дээр нэг товшиход мөнгө дансанд орж ирнэ. Шинэ утас, хувцас, гадаад аялал гэх мэт түр зуурын таашаал эдэлнэ. Төлөх болоход дахиад нэмж зээл авахаас өөр гарцгүй. Ингээд зээлээр зээл төлөх цикл үргэлжилнэ. 2025 оны байдлаар насанд хүрсэн 2.2 сая иргэний 1.7 сая гаруй нь (ойролцоогоор 77-80%) ямар нэгэн финтек зээлтэй аж. Өрхийн 72.7 хувь нь зээлтэй, дундаж зээлийн үлдэгдэл 20.4 сая төгрөг орчимд хүрсэн гэнэ. Цалингийн болон тэтгэврийн зээл авсан хүмүүс илүү жин дарна. Дээд талд улстөрчид мега төсөл, Баялгийн сангаар тансаглалын соёлыг түгээж улны иргэд тэр соёлыг дагаж, апп-аар хялбар зээл авч хэрэглээгээ нэмэгдүүлсээр. Ингээд нийгэм бүхэлдээ зээлдэгч болж, хувийн санаачлага, хуримтлал сулардаг. Үүгээр зөвхөн өр харимтлагдаад зогсохгүй нийгмийн идэвхгүй байдал үүсгэж байна (Удахгүй ЭТТ-ын хувьцааны ногдол тараах сурагтай, гэвч түүгээр нохойн хоол ч авч хүрэхгүй).
Энэ донгийн аюул
Энэ донтолт улс орныг, ардчиллыг, хувь хүний эрх чөлөөг аажмаар сүйтгэж байна.
- Эрх мэдлийн төвлөрөл. Мега төслүүд, Баялгийн сан, Нефтийн үйлдвэр, хотын мега төслүүд (Туулын хурдны зам, Сэлбэ, Дунд гол, Нэгдүгээр тойрог зам гэх мэт) улсын болон хотын төсвийн том хэсгийг төвлөрүүлдэг. Мөнгө, шийдвэр гаргах эрх мэдэл цөөхөн хүний гарт төвлөрөхөөр ардчиллын гол зарчим болсон тэнцвэр ба хяналт сулардаг.
- Нийгмийн инженерчлэл. Улстөрчид, хотын дарга нар “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Баялгийн сан”, “Сэлбэ сэргэлт”, “Туулын хурдны зам” гэх том үгсээр иргэдийг нэгтгэхийг оролддог. Энэ бол үнэндээ иргэдийг идэвхтэй оролцогч бус төрийн өгөөж хүлээгч болгох оролдлого юм.
- Баялгийн хараал давтах эрсдэл. Баялаг ихтэй, институц сул улсад ийм донтолт маш аюултай. 2025-2026 оны улс төрийн хямрал (жагсаал, огцруулалт, фракцын тэмцэл) үүнийг тод харуулсан. Нэг бүлэглэл унавал бүх “мега” төлөвлөгөө гацдаг, дараа нь шинэ популист эсвэл шинэ бүлэглэл ирдэг.
- Хувь хүний эрх чөлөөний хязгаарлалт. Өрийн дарамтад байгаа хүн улс төрийг шүүмжлэх завгүй. Төрийн өгөөжөөр амьдардаг болсон хүмүүс төрийг шүүмжлэхээ больдог. Үг хэлэх эрх чөлөө, жагсаал цуглааны эрх улам хязгаарлагдах эрсдэлтэй.
Зээлийн архинаас гарах зам
Төрийн мэдлийн том компаниуд, ялангуяа Эрдэнэс Тавантолгой (ЭТТ) нь улстөрчдөд “мега” зарлах, улстөрийн бүлэглэл тэжээх гол эх үүсвэр болдог. Засгийн газар ЭТТ-г нээлттэй хувьцаат компани болгох төлөвлөгөөтэй гэсэн. 2025 онд компани 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Хувьчлалыг ил тод, олон улсын стандартаар хийвэл ил тод байдал нэмэгдэж, улс төрийн нөлөөллөөс сална. Бусад практик арга:
- Нэг төслөө 80-90 хувийг дуусгахгүйгээр шинэ төсөл эхлүүлэхийг хуулиар хориглох (хотын төсөв, Сэлбэ, Дунд гол, Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам зэрэгт ч хамаарна)
- Бүх оффтейк гэрээ, тендерийг бүрэн ил тод болгох
- Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, өрийн циклийг таслах
- Эдийн засгийг уул уурхайгаас гадна олон тулгууртай болгох
Урт хугацаанд Үндсэн хуулийн тэнцвэрийг бэхжүүлж, шүүхийн хараат бус байдлыг хангах шаардлагатай. Зээлийн архичин бол зөвхөн улстөрчдийн асуудал биш. Бүх монголчуудын амьдралд нөлөөтэй. Архичинтай айлын амьдрал ямар байдаг билээ. Гэтэл Монгол Улс хэдэн бүлэг зээлийн архичинтай болчихоод байна. Архиа бүр хаяя, архинаас гарцгаая гэсэн юм биш, зээлээр уудгаа л больцгооё. Хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө зоогловол арьс, мах хоёрын завсраар рашаан болоод л шингэдэг сайхан эд шүү дээ.

