1998 оны жихүүн өвөл. Транссибирийн төмөр замаар Пермь хотоос Эрхүүг чиглэсэн буухиа галт тэрэг цасан шуурга зүсэн довтолгоно. Галт тэрэгний хамгийн арын, халаалт муутай хүйтэн вагонд явж байсан Монголын орчин үеийн хөгжмийн нэгэн үеийг тодорхойлсон Зундарь буюу Жүдигийн бие гэнэт мууджээ. 

Хамт явсан монгол залуус Жүдийг вагоны хүйтэн хонгилоор дамжлан зөөж, арай дулаахан купе рүү оруулахдаа тэдний нүдэнд нулимс цийлэгнэж байлаа. Залуус галт тэрэг зогссон өртөө болгон дээрээс тариа залгуулж, арай ядан амьсгааг нь торгоосоор явсан тэр өдрүүд... Монголын рокийн “Амин насны урсгал”-ыг нээсэн их хүмүүн, одоо тэрхүү урсгал нь тасрахын даваан дээр эх орон руугаа, гэр рүүгээ тэмүүлж яваа нь энэ. Галт тэргэнд суусан тэр мөчөөс түүний “Амин насны урсгал” эргэлт буцалтгүйгээр, цаг хугацааны хязгаар руу хурдалсан юм байжээ. 

Жүди бол олон түмэндээ хайрлагдаж, хүндлэгдсэн, Монголын хөгжмийн урлагт асар их нэр нөлөөтэй хүн. Улаанбаатарт буумагц нь шууд эмнэлэгт хүргэсэн ч, маш их хугацаа алдсан байжээ. Зундарь төрөлх Улаанбаатартаа ирээд удаагүй, 1998 оны тэр нэгэн гунигт өдөр хамаг амьдралаа зориулсан Монголынхоо хөгжмийн ертөнцийг орхин одсон юм.

"Соёлтой атаман" ба Зундарийнхан

“Атаман” гэдэг үг Монголын хөрсөнд 1970, 1980-аад оны үеэс нутагшсан нэр томьёо. “Атаман” бол зөвхөн танхай балмад байдал биш, тухайн үеийнхээ соёлын шинэ урсгал, барууны бараа таваарыг Улаанбаатарын залууст таниулж байсан 40, 50 мянгатынхнаас гаралтай “имиж”. Дарга сайд, урлаг спортын алдартнуудын эрх хүүхдүүд дураараа өсч, үсээ урт ургуулан, өөрсдөө өргөн өмд оёж өмсөж, сээгий малгай, драпан пальтогоор ижилсэнэ. Бие бялдар төдийгүй сэтгэлгээгээрээ бусдаас илүү гарсан нэгнээ "Атаман" гэж хүлээн зөвшөөрдөг байлаа. Тэр домогт Дөчин мянгатын атаманы нэг нь Зундарь.

Дөчин мянгат "Хогийнхон", "Бүгээнийхэн" гэдэг том бүлэглэлтэй. Гэтэл тэдэнтэй зэрэгцээд "Зундарийнхан" гэж хүчирхэг бүлэг гарч иржээ. Зундарь багаасаа Галсанбат, "Пацаан" Зоригоо хоёртой үерхсэн, энэ нөхөрлөл нь насан туршийн хэлхээ болсон юм. Нэг удаа “Ард” кино театраас эхэлсэн "Зундарийнхан" ба "Хогийнхон"-ы зодоон Зүүн дөрвөн зам хүртэл үргэлжилсэн гэдэг. Энэ ширүүн зодооны үеэр "Сарлаг" Пүрвээ гэдэг нөхөр жижиг сүх шидэж, Зундарийн толгойг хагалжээ. Гэмтлийн эмнэлгээс боолттой гарч ирсэн Зундарь “Сарлаг” Пүрвээгийн бүлгийнхнийг нэг нэгээр нь барьж авч, “атаман” гэдгээ яруу тодоор мэдрүүлсэн байна.

Жүдигийн атаман зан “жинхэнэ эр хүн”-ий жудгаар илэрнэ. Шорон оронгоос гарсан ядруу найздаа хувцасаа өмсгөөд явуулна, бугуйн цагаа ч тайлаад өгчихнө. Нэг удаа Жүди Ариунболдтой муудалцаж, гар зөрцгөөжээ. Маргааш нь Ариунболд гэмшсэн үү, “Зундарь дээр орж болох уу" гэж асуулгахад Жүди "Юу ярьж байгаа юм, ороод ир, ороод ир!” гэжээ. Нэгнийх нь нүд хөхөрчихсөн, нөгөөгийнх нь нуруу гэмтчихсэн хоёр залууг Жүдигийн ээж Даариймаа харчихаад "Та нар сайхан найзууд байж ингэж болохгүй ээ" гээд нурууг нь ариутгаж боогоод, будаатай хуурга хийж өгч эвлэрүүлж байсан явдал бий. 

Зундарийн эвлэршгүй дайсан нь “Ногоон” Чойлон. Чойлон бол атаманууд дотроо хамгийн өөдгүй нь. “Ногоон” Чойлон нэг удаа Жүдигийн найз нартай архи ууж байгаад араар нь өөрийнхөө гаршуулсан хулгайч дүү нараараа тэднийхийг ухуулсан байдаг. Бас Улсын филармони дээр цалин буух үеэр ирж, “Соёл-Эрдэнэ”-ийн хөгжимчдийг дарамталж дээрэмддэг байж. Нэг өдөр Чойлонг дээрэм хийж байхад нь Жүди яг таарч, гардан барьж авч сайн хашраажээ. Дөчин мянгатын нэг довон дээр хамт өссөн, хоёулаа атаман нэр зүүсэн ч Жүдигийн шударга зан, Чойлонгийн өөдгүй авир хоёр хэзээ ч нийцэлгүй дайсан хэвээр үлджээ. 

Ихэнх “атаман”, “хулигаан” залуус бусдаас овсгоотой, хөдөлгөөнтэй, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс байж. Хүнийхээ хувьд боогдож хаагдах дургүй, хууль дүрэм, ёс журмын хүлээсэнд хүлэгдэж, хавчигдахыг үзэн ядна. Гэхдээ атаманууд нь хүнлэг, адгийн хог шаарууд нь хуурамчаар аялдан дагалдах мөртлөө эргээд ноцдог “ноход” байж. Жонон малгай духдуулж өмссөн, цэмцгэр Жүди тухайн цагийнхаа залуусын хувцаслалт, загварыг тодорхойлно. Бусад нь даган дуурайна. Зундарь хүчтэй, шударга, бас их нөмөр нөөлөгтэй. Хулигаан, атаманууд зодолдохоосоо илүү хөгжимд их дуртай. Зундарийг хөгжим тоглодог, хөгжим зохиодог учраас үеийнхэн нь их хүндэлж хайрладаг байсан болов уу.

Пянз: "Төмөр хөшиг"-ний цонх

1970-аад оны Улаанбаатарын залуусын хувьд орц бол "Соёлын төв" гэсэн үг. Залуус орцонд болзож, банзан гитар тоглож, ном, пянз, марк, тэмдэг солилцоно. Харин Жүдигийнх хөгжмийн “гал тогоо” нь байсан юм. Жүдигийн өрөөнд Монголын атаманууд, авьяастнууд гээд хамаг амьтан цуглана. Алдарт хөгжмийн зохиолч Шарав, Билэгжаргал ч ирж, хундага мэлтэлзүүлэн хөгжим ярилцана.

Жүдигийн гэр бүл бол тэр чигтээ хөгжмийн уурхай. Ах Эрдэнэбилэг нь Монголын анхны мэргэжлийн төгөлдөр хуурч, Хангал ах нь суут хөгжмийн зохиолч. Жүди өөрөө Монголын рокийн загалмайлсан эцэг. 1966 оны босгон дээр төгөлдөр хуурч ах Эрдэнэбилэг нь Африкийн орнуудаар аялан тоглосон Монголын бүрэлдэхүүнд багтаж тоглохдоо Египетээс The Beatles-ийн пянзыг үнэтэй авчээ. Хил гаалиар нэвтрэхдээ "Дотоодыг хамгаалах"-ын хараанд өртчих вий гэж айж дагжин байж оруулж ирсэн тэр пянз Жүдигийн хувьд нандин эрдэнэ. Суут хөгжмийн зохиолч Хангал "Аяны шувууд" дуугаа зохиохдоо Битлзийн пянзыг шимтэн сонсож суудаг байсан гэдэг. Хангалыг эзгүй хойгуур Жүди найз нартайгаа пянзуудыг нь нууцаар сонсож, "Грюндиг" магнитофон дээр нь бичлэг хийнэ.

Дипломатуудын цүнх савыг нэгждэггүй болохоор хүүхдүүд нь аав ээждээ захиж, айдас хүйдэс дундуур ганц нэг пянзны бараа харна. Дөчин мянгатын пянз, бичлэгийн эргэлтийг Жүди, "Пацаан" Зоригоо хоёр ерөнхийд нь зохицуулна. Тэр үеийн Улаанбаатарт пянз гэдэг алттай дүйцэх үнэтэй эд. Социализмын үед барууны хөгжмийг “хөрөнгөтний соёл” гэж хатуу хорино. Гэхдээ залуус "Төмөр хөшиг"-ний цаадах эрх чөлөөг пянзаар дамжуулан мэдэрдэг байлаа. Гадаадаас нууж оруулж ирсэн The Beatles, Pink Floyd, Deep Purple-ийн пянз Жүдигийн гар дээр ирмэгц “Ард” кино театрийн хойд талын 23-р байрны нэгдүгээр орц, 10 тоот байрны нэг өрөө "Эрдэм шинжилгээний хүрээлэн" болж хувирна.

Пянзны хяхтнах чимээ, тэр өвөрмөц үнэр... Жүди пянзыг зүгээр сонсохгүй. Хөгжмийн найруулга, басс гитарын тоглолтыг нэг бүрчлэн "задлан шинжилж", Монгол хөрсөнд яаж буулгахаа тунгаан сууна. Жүди бол Монголын анхны "Рок хөгжмийн шүүмжлэгч", "Пянз цуглуулагч" байлаа. Пянз л Жүдид рок хөгжмийн “цагаан толгой”-г зааж өгсөн юм. 

Нэг удаа "Соёл-Эрдэнэ" хамтлаг Москва, Польшоор дамжин Герман руу тоглолтоор явлаа. Бусад дуучид, хөгжимчид ирэхдээ ганган гутал, цамц, жинс гээд л өөрсдийгөө гоёх баахан хувцас авсан байхад Жүди хэдэн пянзнаас өөр юу ч үгүй иржээ. “Чи өөртөө ганц жинс авахгүй яасан юм бэ?” гэж асуухад “Яахав, яахав. Энэ хэдэн пянзыг сонсохоор авахгүй байж болсонгүй. Хөгжмийн дэлгүүрт нь ороод хамаг мөнгөөрөө эднийг л аваад ирлээ" гэж хэнэггүй хариулж байсан гэдэг. Жүди тийм л хүн. Өөрийгөө гоёхоос илүү хөгжмөө, сэтгэлээ “гоёх” пянзанд хамаг амьдралаа зориулсан жинхэнэ пянзчин байлаа.

Сэтгэлийн жигүүр ба “пацаан” Зоригоо

Жүдийг ярихын тулд “пацаан” Зоригоог нь ярихгүй бол болохгүй. Зоригоо Жүдигийн зэргэлдээ байранд амьдардаг. Ёстой л хасах нэмэх цэнэг шиг сайхан нөхөрлөдөг найзууд. Жүдигийн хамгийн дотны анд “пацаан” Зоригоо бас пянз цуглуулах хоббитой, аятайхан дуулж хөгжимддөг авьяаслаг залуу. “Пацаан Зоригоо” нь 1996 онд өөд болжээ. Тэр жил Жүди бие даасан "Сэтгэлийн жигүүр" тоглолт хийхдээ алдарт дуугаа янаг амраг бүсгүйд биш, тэнгэрт одсон хайрт найз Зоригоодоо зориулан дуулсан юм. Тэр бол тэнгэрт байгаа найздаа илгээсэн захидал байлаа.

1973 он. “Соёл-Эрдэнэ” хамтлаг Европ руу аялан тоглохоор бэлтгэж байтал Жүди гэнэт шарлаж, Зайсангийн халдвартын эмнэлэгт хэвтжээ. Хамтланийнхан нь гадаад руу тоглолтоор явж, Жүди эмнэлгийн хүйтэн өрөөнд, өвчтний халаттай, ганцаараа үлдэв. Жүдигийн эмч нь Анагаахын их сургуулийн багш, хүний их эмч М.Мангалжав. Жүдийг шарлаад эмнэлэгт хэвтэхэд багын найз "Пацаан" Зоригоо ганцааранг нь орхиж чадсангүй. Нөхөрлөл гэдэг Жүдигийн хувьд амь наснаас нь ч үнэтэй байсан бол найз нөхөд нь ч Жүдид тийм л хайртай байлаа. Зоригоо найзтайгаа хамт эмнэлэгт хэвтэхийн тулд, хүнд өдрүүдийг хоёулаа туулахын тулд албаар шар өвчин тусах гэж оролдож байсан гэхээр тэдний дунд ямархан нандин холбоо байсныг илтгэнэ.

Нэгэн л өдөр Жүди эмнэлгээс гарах болжээ. Жүди эмчийн ширээн дээрээс өвчтний картаа авахдаа эмчийн хэвлүүлэхээр бэлдсэн хоёр шүлгийг санаандгүй хамж аваад явчихаж. Тэр бол “Сэтгэлийн жигүүр”, “Сайхнаа чи минь” дууны шүлэг. Нэг бороотой өдөр тэр шүлгэний ая аяндаа л ороод ирсэн гэдэг. Хэрвээ Жүди тэр үед шарлаагүй бол, хэрвээ Мангалжав эмч шүлгээ ширээн дээрээ тавиагүй бол Монголын рок попын түүхэнд энэ аугаа “жигүүр” ургахгүй л байсан болов уу?

"Соёл-Эрдэнэ"-ийн шинэчлэл ба Жүди

Монголд рок хөгжим үүсч хөгжихдөө ярвигтай, амаргүй зам туулсан байдаг. Үзэл суртлын хувьд тэнцдэггүй, хориотой хөгжим. Дээр нь уламжлал байхгүй. Монгол Европоос хол. Орос бол жийрэг. Тухайн үеийн Оросын рок ч гэж юу байлаа. Ийм нөхцөлд Зундарь авьяастай тулдаа л рок хөгжмийг бусадтайгаа адилхан пянзаар сонссон мөртлөө Монголд үндэс суурийг нь тавьсан хүн. Анхдагч гэдэг нь маргаангүй. 

“Соёл Эрдэнэ” бол өвөрмөц хамтлаг. Олон талаас цугласан хөгжимчидтэй болохоор “Битлз” шиг олон хэв маягаар тоглодог. Наранбаатар, Эрдэнэхуяг, Батсайхан нар ятгачид учраас поп талаа илүү барина. Зундарь Соёл-Эрдэнэ хамтлагийн бүрэлдэхүүнд орохдоо The Shadows-ын нотыг авчирч очиж ритм гитарын үүрэг ролийг ойлгуулжээ. Наранбаатар ардын болон поп бит стилийг илүүд үздэг, Зундарь рок тальг барьдаг нь зохиосон дуу, найруулгаас нь мэдрэгддэг. Захчин ардын “Тонжоо” дууг Английн гитарчин, дуучин Эрик Клэптоны гитарын риффийг ашиглаж хийсэн байдаг. Энэ мэт “Соёл Эрдэнэ”-ийн рок дуугаралтад Зундарийн оруулсан хувь нэмэр хязгааргүй. Тиймээс Монголд хүнд рок хөгжмийн суурь тавьсан хүн нь яах аргагүй Зундарь. Жүди 1972 онд "Соёл-Эрдэнэ"-д басс гитарчнаар орсноор тэсрэлт авчирсан. Нэг хэвийн байсан Монголын эстрад хөгжимд Зундарь рок хэмнэл, пянзны соёл, өвөрмөц зохиомжийг далдаар оруулж байлаа. Бас тайзан дээр хамгийн их хөдөлгөөнтэй, хамгийн их эмоцитой нь.

Зундарь “Соёл Эрдэнэ” чуулгын 1975, 1976, 1977 оны “Эх нутгийн дуу”, “Мөнгөн чавхдас” нэртэй шинэ уран бүтээлийг Улсын филармонийн тайзнаа амилуулж, олон хөгжмийн зохиолчдын хэдэн арван дууны найруулгыг эстрад хөгжимд зохицуулан найруулсан. Бас “Дангийн даавуу майхан”, “Жинчин”, ”Тонжоо” зэрэг ардын дууны найруулгыг бие дааж хийсэн анхны “аранжировщик”. “Мөнгөн чавхдас 77” концертын хит дуу нь Зундарийн “Учралын уянга”. Тэр жилийн зун “Соёл Эрдэнэ” Зундарийн дуугаар нэрлэсэн “Учралын уянга” кино концертын бичлэг хийлгэсэн юм. “Учралын уянга” кино концерт бол том хэмжээний клип гэсэн үг. Зундарь кинонд орох бүх дууны бичлэгийг хийж дуусгаад удахгүй эхлэх гэж байсан цэрэг татлагаас зугатан Шар хадны сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн хойгуур нь кино концертын зураг авалт хийгджээ. “Мөнгөн чавхдас” концертод Зундарийн найруулгаар “Бөмбөрийн гоцлол”-ыг анх удаа тоглогдсон байдаг. “Соёл Эрдэнэ” чуулга ид уран бүтээлээ хийж байхдаа хэчнээн цензур, хяналттай байсан ч рок чиглэл рүү хэлтийж байсан нь түүний зохиосон “Монгол-Зөвлөлтийн найрамдлын дуу”, “Найрамдал” дуунаас нь гадна “Тонжоо” захчин ардын дууны найруулгаас нь илт мэдрэгддэг.

Пянз: Сонсогчоос бүтээгч хүртэл

"Соёл-Эрдэнэ" чуулга анхны пянзаа бичүүлсэн 1975 он бол Жүдигийн амьдралын оргил үе. Пянз цуглуулдаг байсан хүү өөрийнхөө тоглосон басс гитарын нүргээн, зохиосон аялгуугаа хар хуванцар дискэнд мөнхөлнө гэдэг бол сансарт ниссэнтэй л дүйцэх үйл явдал. “Төвлөрсөн төлөвлөгөөт” нийгмийн хөшүүн царцангаас ангижрах гэж пянз сонсож байсан Жүдид “төвлөрсөн төлөвлөгөө” ёсоор пянз бичүүлэх хувь заяа тохиосон юм. Соёл-Эрдэнэ чуулга Зөвлөлтийн “Мелодия” фирмтэй хамтран пянзаа хэвлүүлжээ. Гэтэл хэнэггүй “орос ах” Соёл-Эрдэнэ, Баян Монгол хоёрын пянзны зургийг солиод хэвлэчихсэн байдаг. Тэр пянзны дугаралт, дизайн, дууны сонголт болгонд Жүдигийн "Главлит"-тэй хийсэн нууцхан тэмцэл, рок хэмнэлийг Монгол аялгуутай сүлсэн торгон мэдрэмж нь шингэсэн байдаг. Пянз гарсан даруйдаа Монгол даяар сод үзэгдэл болж, айл бүрийн пянз тоглуулагч дээр Жүдигийн басс гитар нүргэлэлээ. Энэ пянз Жүдийг байдаг л нэг атаман биш, Монголын хөгжмийн шинэ эрин үеийг нээсэн "реформатор" болгож баталгаажуулсан билээ. Айлаас айл, амнаас ам дамжин хуурай модонд гал авалцсан гал адил хурдан түгсэн “Сэтгэлийн жигүүр”, “Зүрхний айзам”, “Учралын уянга” дуугаараа поп дууны эхлэлийг, “Тонжоо” ардын дууны найруулга, “Нарны дуулал, “Хүслийн од” дуугаараа рок хөгжмийн суурийг тавьсан Зундуйн Зундарь Монголын рокын загалмайлсан эцэг гэж зүй ёсоор цолуулдаг. 

Төрийн хяналт ба уран бүтээлчийн мэх

Наранбаатар 1930-аад онд Дорждагвын дуулсан “Соёл-Эрдэнэ” дууг шинэчлэн найруулж, түүгээрээ чуулгаа нэрлэсэн юм байж. Тэр үед дотоод хяналт гээд бүх том хөгжмийн зохиолчид, багш нар “Соёл-Эрдэнэ”-ийг тоглолтоо хийхээс өмнө үзэж шүүмжилнэ. Дараа нь гадаад хяналт гээд Соёлын яам, Төв хорооны үзэл суртал, Хөгжмийн зохиолчдын холбооноос бүрдсэн хүмүүс үзэж батална. Батална гэдэг нь дуулж болно гэдэг зөвшөөрөл. Гэтэл энэ хэдэн сөөсийсөн банди нар юун ч том нэртэй юм гэдгээс шүүмжлэл эхэлжээ. “Наранбаатар чуулгын ахлагч, нэрээ тайлбарла” гэхэд нь “Манайх Ардын дуу бүжгийн үндэсний чуулгын дэргэд байдаг. Тийм “Соёл-Эрдэнэ” гэж Дорждагва гуайн сайхан дуугаар нэрлэсэн” гэжээ. Ингээд уран бүтээл рүү нь орлоо. “Найрамдал”-ын дуу дуулж байхад яагаад дундуур нь “хэй хэй” гэж хашгирч байгаа юм. “Хүүш Дамдин” гэж гуч гаруй хэлдэг нь ямар учиртай юм гээд л загнана. Бүр “Эндүүрэл” дуугаа радиод бичүүлж байхад нь “Энэ нөхөр эндүүрчээ, андуурчээ гээд орилоод байх юм. Эндүүрсэн андуурсан юмаа энд дуулахгүй шүү нөхөөр” гээд хийлгэж байсан бичлэгийг нь зогсоосон түүх ч бий. Харин дуу үзэгчдэд таалагдаад ирэхээр “Энэ сайн дуу, маш мэргэжлийн хэмжээнд бичигдсэн дээшээ доошоо их гарсан сайхан дуу” гэж ч байх шиг. Наранбаатар, Зундарь хоёр үзэл суртлын хэлтэст байнга дуудагдана. 

Монголын аль өнгөтэй өөдтэй яруу найрагч, хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг засгийн газрын тогтоолоор байгуулагдсан “төрийн мэдлийн” “Соёл-Эрдэнэ” чуулга амилуулж байлаа. “Соёл-Эрдэнэ” нэрд гарах хирээр үзэл суртлын шүүлтүүр улам нарийсчээ. Зундарийн “Сайхан жавхаа” дууны гуйвуулсан хувилбар нь: 

...Илгээлтийн эзэд илжгээ унаад

Ишиг хургаа чононд идүүлээд

Нэгдлийн даргад нэг амбаардуулаад

Нийслэлийн зүг талийж одлоо... гэдэг үгтэй.

Главлит үнэн сайхан аялгууг хүлээн зөвшөөрөхгүй гутаасных нь хариуд энэ мэтээр гуйвуулан дуулж хариугаа авдаг байжээ. Тэр үед “Главлит” буюу Уран зохиол, урлагийг хянах газар уран бүтээлчдийн “эрлэг” байлаа. Дууны үгийг нэг бүрчлэн уншиж, ая хэмнэлийг нь шалгана. “Яагаад ийм чанга нүргэлж байна? Энэ чинь үзэгчдийг хэт хөөрөлд автуулж, нийгмийн хэв журмыг алдагдуулна" гэх мэт утгагүй шалтгаар баална.

Жүди “Главлит”-ийнхнийг яаж “мэхлэхээ” ч мэднэ. Дууныхаа үгийг аль болох эх орон, хайр сэтгэл, байгаль дэлхийн тухай болгочихоод, хөгжмийн найруулгадаа рок дуугаралт шингээчихнэ. Зундарь Английн Christie хамтлагийн Yellow River дууны аянд “Сайхнаа чи минь” гэдэг монгол шүлэг орлуулаад дуултал “хөрөнгөтний дуу“ дууллаа гээд Соёлын яамны Главлит баталж өгсөнгүй гэнэ. Найз Батбаярт нь Зөвлөлтийн “Весёлые ребята” хамтлагийн “Карлсон” гэдэг дуутай пянз байж. “Карлсон” дууны эхлэл Yellow River-тай адилхан. Жүди “Весёлые ребята”-ийн пянзыг Соёлын яамны Главлитад сонсгоод “Сайхнаа чиминь” дуугаа батлуулж, дуулах эрхээ авсан байдаг. "Соёл-Эрдэнэ" Улсын филармонийн харьяа, төрийн хяналт дор байдаг учраас юу дуулах, бүр үсээ яаж засуулахыг нь хүртэл дээрээс заана. 

Төрийн чуулга байтугай гудамжаар явж байгаа залуучуудыг хүртэл шоглодог байсан үе. “Соёл-Эрдэнэ”-ээс хамаагүй өмнө Зундарь найз Мэндсайхантайгаа трапец жинстэй, нилээн урт үстэй Их дэлгүүрт ортол баахан цагдаа бариад авчээ. Тэгээд гурван давхарынх нь үсчин, оёдолчиндавч ороод “Та нар барууны хөрөнгөтний үзэл суртлыг даган дуурайлаа” гээд үсийг нь тожийтол засаад, өмдийг нь хассан удаатай. Социализм гэж энэ. Зундарь тэгэхэд “Яаж ийм нийгэмд амьдрах юм бэ. Дээрэлхэж байна шүү дээ” гэсэн гэдэг. 

Улсын филармоний намын үүрийн дарга Зангад, Зундарь хоёрын хооронд үүссэн үнэн худлын зааг, үзэл бодлын эртний зөрчил 1978 оны сүүлчээр хурцдаж даамжирлаа. Жүдигийн хөгжмийн зохиолчийн мэргэжлээр гадаадад сурах удаа дараагийн хүсэлтийг нь ч хүлээж авсангүй. Ингээд Зундарь Улсын филармонийн захиргаа, уран сайхны зөвлөлд гомдож, дургүйцэн 1978 оны нэгэн өдөр чуулгын хаалгыг гаднаас нь хаасан юм.

Сэрээтэй сургуулилт ба сахилга бат

Жүди шиг эрх чөлөө хүссэн хүнд “Соёл-Эрдэнэ” гэдэг хайрцаг дэндүү давчуу. Жүди жинхэнэ рокыг, тэр дундаа “психоделик”, “авангард” өнгийг турших хүсэлтэй байлаа. Ингээд “Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний Соёлын ордон буюу арай чөлөөтэй газар "Мөнгөн хүрхрээ" хамтлаг байгуулсан нь тэр. Тэнд Главлитаас холдож, жинхэнэ утгаараа салют буудуулж, рокоо тоглож эхэлсэн түүхтэй. “Мөнгөн хүрхрээ” Монголын анхны жинхэнэ рок дуугаралтыг гаргаж ирсэн хамтлаг. Энэ бол түүний уран бүтээлийн “бослого” байсан юм. 

“Мөнгөн хүрхрээ” анхны тоглолтдоо зориулж плакат хэвлүүлжээ. Энд тэнд наасан плакатыг нь өглөө гэхэд хуулаад аваад явчихна. Гэсэн ч тоглолтын зар маш сайн хүрчээ. 1979 оны 12 дугаар сарын эхээр Барилгачдын соёлын ордонд тоглолтыг нь үзэхээр тоймгүй их үзэгч, билеттэй билетгүй олон зуун залуус цуглав. Нэг тоглолтын үеэр нохойтой цагдаагийн албаныхан зохицуулалт хийж, гал командын машинаар ус цацан хүмүүсийг нь тарааж байсан юм. Байгуулагдаад жил гаруй болсон хамтлаг гэхэд дэндүү чадварлаг хамтлаг байсныг тэр үеийн үзэгчид сонсогчид андахгүй мэднэ. Анхны дуучнаар Хурлатын Төмөр, Пүрвээ, Чимэгсайхан бас Багшийн сургуулийн дөрвөн охин байжээ. Тэр дөрөв охины хөдөлгөөн энэ тэр гэж ёстой янзтай. Гитарчид нь хоёулаа Ганболд, даралтат хөгжимчин нь Даваадорж, бөмбөрчин нь “дааган” Болд, тавин мянгатын “шар” Энхээ нэг хэсэг бөмбөрчин байжээ.

Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний Яамны Туршлага шинжилгээний институт маш гоё хөгжимтэй. Соёлын ордонд нь мэргэжлийн хэмжээний хамтлаг байсаар атал хав дараад, харамлаад өгөхгүй. Тиймээс шөнө хулгайгаар зөөж тоглоод буцааж авчраад арчиж цэвэрлээд тавина. Зундарийн нэг авах чанар бол хэлсэн ярьсандаа яг эзэн болдог. Тэр хөгжмийг ариг гамтай, цэвэрхэн хэрэглээд авчраад тавьчихдаг болохоор дарга нар огт анзаарахгүй.

Жүди бол зүгээр нэг ая зохиогч биш, тэр бол "төмөр" удирдагч. Хэн нэг нь нэг нот буруу дарвал Жүдигийн нүднээс “гал” гарч, сургуулилт зогсоно. Жүди нэг дууг өдөртөө л 10-20 удаа дахин дахин давтуулна. Бэлттэлээ чанартай хийхийн тулд Жүди хамтлагийнхандаа маш хатуу шаардлага тавина, зэмлэх үедээ хөгжмөө шууд зогсоогоод хатуу зэмлэнэ. Нэг удаа Жүди хөгжим дуу яг ид дундаа сайхан явж байтал гэнэт маш хүчтэй найтаалгажээ. Тэгтэл хамтлагийнх нь бүх хөгжимчид бөндгөс хийтэл цочоод, хөгжим нь ч таг зогссон гэдэг. Жүдийг загнаж байна гэж бүгд айж байгаа нь тэр. 

Их шударга, зарчимч, ямар ч хүнтэй энгийн даруу харьцана. Хэлье гэснээ санаж бодох юмгүй шууд хэлчихнэ. Яг л голыг нь олдог. Хэнбугай ч байсан Зундарийн үгээс ер гарахгүй. Өнгөц харахад ширүүн дориун ааштай, хүн ойртож дотносох аргагүй, атаман зан характертай хүн шиг санагдах. Яг тулаад ойртоод найзлаад ах дүү, анд найз нөхдийн хэмжээнд очихоор маш энгийн хүүхэд шиг гэнэн цайлган их сайхан сэтгэлтэй. Жүди бас гайхалтай зөн билэгтэй. Бэлтгэлийн өрөөнд байгаа дуучныхаа царайг хараад л “Чи өнөөдөр дуулж чадахгүй, чиний зүрх сэтгэл өөр газар байна” гэж хэлнэ. 

Зундарийн ажлын арга барилын тухай нэг домог шиг явдал рок попынхны дунд яригддаг. Дуучин Баасандоржийг анх дуулахдаа хоолойн цар хүрээг нь шалгаж, “рок” өнгө гаргуулахын тулд хоолойд нь сэрээ тулгаж байгаад, “За, одоо дуул! Хэрэв чи өнгө алдвал энэ сэрээ чиний хоолой руу орно шүү” гэж сануулсан гэдэг. Үүний үрээр Баасандорж Монголын поп рок хөгжмийн хамгийн хүчирхэг хоолойнуудын нэг болсон ч бил үү.

Хамтаараа мундаг байхын утга учрыг Жүди сайн мэдцэг байжээ. Зундарь хамтлагийнхаа бүх боломж чадварыг нь хүч хэрэглээд ч болов шавхан гаргаж чаддаг жинхэнэ удирдан чиглүүлэгч байсан. Тиймдээ ч эр эм, хөгшин залуу гэлтгүй бүгд л Жүдигийн үгийг, үйл хэргийг бичигдээгүй хууль мэт ёсчлон дагана. Нэг удаа Хүүхдийн паркийн “Дөмөн” хамтлаг гитарчин нэг Ганболдыг нь гуйхад “За пацаан минь, наад хүнээ архи уулгах юм бол бүтэн сар архи уух мөнгийг нь даагаарай” гэжээ. Ингээд “Дөмөн” хамтлаг Ганболдыг нүд алдалгүй цагдсаар Сүүжийн амралтад тоглочихоод эрүүл саруул хүлээлгэж өгч байсан гэдэг. 

Соёлын яам, Үйлдвэрчний төв зөвлөл шинэ цагийн урлагийг ойлгохгүй, хүмүүсээ дэмжих нь тун тааруухан. Дэмжлэг сул болохоор залуучууд “Мөнгөн хүрхрээ”-ээс орж гарч, ирж очсоор Монголын анхны рок хамтлаг таржээ. 

Пацаануудыг ерөөгч ба Аясын салхи

Монголчуудын 80 гаруй хувь нь рок хөгжмийг төдийлөн мэддэггүй байх үед энэ урсгал чиглэлийг хөгжүүлэх гэж хичээн зүтгэсэн нь Зундарийн бүтээлээс, “Соёл Эрдэнэ”, “Мөнгөн хүрхрээ”, “Харш”, “Одод” хамтлагийн өнгө төрхөөс тод томруун харагддаг. Зундарь “Соёл Эрдэнэ”-ээс гараад “Мөнгөн хүрхрээ”-г байгуулж, “Харш”, “Одод”, “Аясын салхи” зэрэг хэд хэдэн залуу хамтлагийг чадлаараа дэмжжээ. Жүди залуу авьяастнуудад их элэгтэй. “Аясын салхи” хамтлагийнхан анх хөлөө олж ядаж явахад нь Жүди дэмжиж, "Энэ хүүхдүүд бол ирээдүй" гэж хэлсэн нь Аясын салхийнханд асар их урам өгчээ. "Харанга" хамтлагийнхан ч Жүдийг өөрсдийн "ах" мэт хүндэлнэ. Тэднийг анх рок тоглож эхлэхэд Жүди "За, та нар л жинхэнэ рок хийх ёстой шүү" гэж захиж байсан нь өнөөдрийн “Харанга”-д уншиж өгсөн хийморийн сан юм. Зундарь “Мөнгөн хүрхрээ”-гээрээ замаа засаад, дараагийн үеийнхээ явах замыг цэвэрлэж өгсөн жинхэнэ "пионер" байлаа.

“Аясын салхи” өөрийн хөгжимгүй учраас “Мөнгөн хүрхрээ”, “Соёл Эрдэнэ”, “Айзам” хамтлаг дээр очиж бэлтгэл сургуулилт хийдэг. Тэр дундаас Зундарь тэднийг хамгийн их дэмжиж “Мөнгөн хүрхрээ” хамтлагийнхаа дэргэд “сайн дурын хамтлаг”-ийн үндсэн дээр авч ажиллуулжээ. Ингээд “Аясын салхи”-ийн бэлтгэл сургуулилт тогтмолжиж 1986 онд олон улсын “Найрамдал” зусланд анхны тоглолтоо хийсэн юм. 

Хоцорсон шагнал ба хаягдсан тэмдэг

“Эр хүн нэг алдаж эрэг нэг нурдаг” гэдэг шиг Жүди амьдралдаа алдаж шоронгийн хашаанд суусан юм. 1981 онд танхайн хэргээр аавын хаалга татаж Зүүн-Хараагийн Бэрлэгийн хорих ангид 8 сар суужээ. Зундарийн авьяас билэг, хүнлэг нийтэч чанарыг хүндэтгээд хорихынхон түүнийг хар бор ажилд нухлуулалгүй цайны газарт туслах тогоочоор ажиллуулж байж. Жүди Бэрлэгийн шоронд авьяаслаг хэдийг нь цуглуулаад арай л хамтлаг байгуулаагүй байх. Гэхдээ тэр хориход Жүдитэй хамт байсан хоригдлууд Б.Төмөрхүүгийн шүлгээр хийсэн “Эхийн сэтгэл” дууг нь байнга шахуу дуулдаг байсан гэдэг.

Монголын рокийн "загалмайлсан эцэг" Зундарь төрөөс ямар нэгэн өндөр цол хэргэм горилж явсангүй. Жүди амьд ахуйдаа бүтээлээрээ ард түмнийхээ хайрыг хүлээсэн жинхэнэ “Ардын уран бүтээлч” байлаа. Зундарийг нас барахаас ердөө жилийн өмнө төр түүнийг санаж, хамгийн сүүлийн “Сэтгэлийн жигүүр” тоглолт дээр Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээ хүртээсэн юм. Тоглолтын хүлээн авалтын дараа найз нь ууттай хувцасыг нь гээчихэж. Хувь тавилангийн егөөдөл ч байж мэдэх. Соёлын Тэргүүний Ажилтан тэмдэг Зундариас ичиж эмээсэн ч байж болно. Зундарь тэр тэмдгээс илүү найзынхаа бэлэглэсэн силкэн зангианд их харамссан гэдэг. Зундарь тэмдэггүй, цолгүй байхдаа л Монголын рокийн хаан болчихсон байсан юм. 

Үл тасрах аялгуу 

1990-ээд оны сүүл. Монголчуудын нэгэн адил Жүдигийн амьдралын ч эгзэгтэй үе. Оросын Пермь хотод наймаа хийж байсан эхнэр, хүүхэдтэйгээ уулзахаар очоод удалгүй бие нь тавгүйрхэж нутгаа зорьсон нь тэр. Түүний ажил явдал дээр Монголын рок попын бүх одод цугларсан байж таарна. Харин Дашийн Мундаа гэж Жүдигийн үеийн атаман байрных нь подвальд гэрэл асаачихсан хэдэн өдөр ноцолдож боржин чулуун дээр “Зундуйн Зундарь 1952-1998 он” гэж товойлгон сийлжээ. Дашийн Мундаа багаасаа Зундарьтай сөргөөцөлдөн тэрсэлдэж өссөн “хонь, чоно”. Гэтэл “Би Зундарийнхаа шарилын чулуун дээр нэрийг нь сийлнэ” гээд өөрөө хүрээд ирсэн гэдэг. Мундаагийн цохисон боржин чулуу цаг хугацааны явцад элэгдэж болох ч, Зундарийн зүрх сэтгэлээс гарсан хөгжим хэзээ ч тасрахгүй. Монголын рок попын “соёлтой атаман”, сод билэгт хөгжмийн зохиолч Зундарь буюу бидний Жүди билээ. Фонтаны энэ барималыг Ш.Алтангэрэл санаачилсан. Бид The Beatles гэж ярьдаг боловч үндсэн агуулга нь орцонд банзан гитар тоглож суугаа Жүди билээ. Монголын рок попын олон хитийн эцэг сэтгүүлч Д.Төрмөнх Амин насны урсгалын шүлгийг нь бичжээ. Ай миний сэтгэл уярна аа...