Фронтын генерал ба индрийн маршал
Энэ үйл явдлын хамгийн гайхалтай, хамгийн оргил цэг нь “Говь-Хянганд тулалдсан нь” кинонд Цэдэнбалын дүрийг бүтээж, түүхэн үнэнийг гуйвуулсан үзэл суртлын золиос болж, Төрийн шагнал хүртсэн жүжигчин Ц.Төмөрбаатар шагналаасаа татгалзсан явдал байлаа. Төмөрбаатар түүхэн бодит үнэн ба уран сайхны дүр хоёрын хоорондох асар том ангал, “Залуу жанжин”-ы бодит гавьяаг өөр хүнд наасныг ухаарч, өөрийн хүртсэн өндөр шагналаасаа татгалзсан юм.
1981 оны зун. Улаанбаатар хот Ардын хувьсгалын 60 жилийн ойн баярын жагсаал, улаан туг, уриа лоозонгоор амьсгалж байлаа. Энэ баяр наадмын сюрприз нь нээлтээ хийсэн “Говь-Хянганд тулалдсан нь” хэмээх хоёр ангит өнгөт кино. Мосфильм, Монгол кино үйлдвэрийн хамтын бүтээл. Энэ кинонд 1945 оны Чөлөөлөх дайны ялалтыг Юмжаагийн Цэдэнбал гэдэг залуу монгол генералын стратегийн гоц ухаантай холбон дүрсэлжээ. Киноны үйл явдлаар Цэдэнбал Москвад Зөвлөлтийн домогт генерал Плиевтэй нэг өрөөнд сууж, байгаа оносон шийдвэр гаргаж буйгаар үзүүлнэ. Киноны эхэнд дэслэгч генерал Лхагвасүрэн, Цэдэнбал, хошууч генерал Лутаа нарыг танилцуулж буй хэдхэн секундэд жинхэнэ жанжин үзэгдээд өнгөрдөг. Цаашдын бүх үйл явдал, ялалтад хүргэсэн шийдвэр бүр дээр Цэдэнбалын дүр заавал гарч ирнэ.
Кино дэлгэцэнд гарсны дараа Цэдэнбалын дүрд тоглосон жүжигчин Төмөрбаатарт Төрийн шагнал олгоход ард түмэн нижигнэтэл алга ташив. Төмөрбаатар хамгийн залуу Төрийн шагналтан болов. Төмөрбаатар тэр жил 25 настай байлаа. Фронтын шугамд тулалдаж явсан ахмад дайчид бие биедээ “Залуу жанжин хаана байна вэ” гэдэг ганцхан асуулт тавьцгаана. Халх голын болон Чөлөөлөх дайны галын шугамыг биеэр туулж, Цагаан хэрмийг давсан отгон монгол жанжин Лхагвасүрэн “Хятадад талтай хүн” гэдэг гүтгэлэгт өртөж, Болгар дахь Элчин сайдын албанаасаа эгүүлэн татагдаад, тэтгэврийн хэдэн төгрөгөөс өөр төр нийгэмд зүтгэснийг нь гэрчлэх баримтгүй гэртээ сууж байлаа. Энэ бол нэр хүнд ба дурсамжийн тулаан, фронтын генерал ба индрийн маршалын зөрчил юм.
Жанжин өөрөө бууж өгөхөд хүргэсэн доромжлол
Жанжин Чойбалсан 1953 онд тэнгэрт халилаа. Дарийн утаа арилаагүй, дайны баатруудын алдар суу хуучраагүй байсан цаг. Цэдэнбал төрийн эрхийг авснаар “дурсамжийн болон шагналын бодлого”-ыг өөрийнхөө нэр хүндийг өсгөхөд ашиглаж эхэллээ. 1969 онд Халх голын ялалтын 30 жилийн ой тохиов. Энэ үеэр Цэдэнбал өөртөө БНМАУ-ын Баатар цол олгожээ. Тэр жил Цэдэнбалын аппарат 7 дугаар сарын 4-ний 16:00 цагаас 05-ны өглөөний 7 цаг хүртэл бүтэн 15 цаг хуралдаж, Ж.Лхагвасүрэнгийн тухай хэлэлцжээ. Протоколоос үзэхэд Лхагвасүрэнг Монгол, Зөвлөлтийн найрамдалд таагүй ханддаг, цэргийн сахилга тааруу байна гэдэг хоёр үндэслэлээр голлон буруутгасан байдаг. Эцэстээ Ж.Лхагвасүрэн өөрөө сайдын албанаас чөлөө гуйхад хүрсэн байна. Ингээд 7 дугаар сарын 5-нд Улс төрийн Товчоо дахин хуралдаж, Ж.Лхагвасүрэнгийн хүсэлтийг баталжээ.
Үүнээс ч муухай доромжлол 1971 онд тохиолдов. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Цэдэнбал 8 хүнд БНМАУ-ын Баатар цол олгожээ. Тэдэн дотор фронт дээр цус асгаруулан байлдсан дайчин 5 байсан ч, 1939, 1945 оны дайнуудын гол удирдагч, амьд домог Ж.Лхагвасүрэнг зориуд орхив. Энэ бол санамсаргүй хэрэг биш, Лхагвасүрэнг ард түмний нүдэн дээр илтэд доромжилж, “Лхагвасүрэн хэн ч биш болсон” гэдгийг харуулсан улс төрийн хүйтэн тооцоо байлаа. Гэхдээ 1961 онд хурандаа генерал цолоор мялаасныг нь орхивол алдас болно.
1979 он: Маршал цол ба "дурсамжийн хулгай"
1979 он. Халх голын ялалтын 40 жилийн ой тохиосон жил. Энэ түүхэн ойн хүрээнд Ю.Цэдэнбал өөртөө БНМАУ-ын Маршал цол олгосон нэн сонирхолтой үйл явдал болжээ. Маршал гэдэг бол БНМАУ-ын цэргийн хамгийн дээд цол. 1936 онд бий болгосон энэ цолыг Дэмид, Чойбалсан хоёр зүүсэн бол Цэдэнбал гурав дахь маршалаар өөрийгөө тодруулав. 1939 онд Халх голд хөл тавиагүй хүн ялалтын 40 жилийн ойгоор цэргийн хамгийн дээд цолыг зүүж байхад, жинхэнэ байлдааны генерал Лхагвасүрэнг гэнэт Болгарт Элчин сайдаар “цөлж”, Монголоос холдуулсан байдаг.
1979 онд өөр юу болов?
- Атар газрыг эзэмшсэний 20 жилийн ой, энэ бол Цэдэнбалын зүй ёсны гавьяа.
- НҮБ-аас зарласан “Олон улсын хүүхдийн жил”-ээр “Найрамдал” зуслан нээгдсэн. Энэ бол Цэдэнбалын эхнэр Филатовагийн хичээл зүтгэл.
- Азийн буддистуудын энх тайвны бага хурал болсон. Цэдэнбалд шашныг улс төрийн зэвсэг болгон ашигла гэдэг санааг Кремль зааж өгсөн байдаг.
Яг энэ үеэс Цэдэнбал өөрийнхөө “Маршал” дүр төрхийг бүтээж, Лхагвасүрэнгийн нэр алдрыг ард түмний ой санамжаас арчих ажиллагааг эрчимжүүлсэн юм. “Говь-Хянганд тулалдсан нь” кино бол энэ бүх “дурсамжийн хулгай”-н оргил цэг.
Оюун санааны хэлмэгдүүлэлт
Цэдэнбалын аппарат Ж.Лхагвасүрэнг албан тушаалаас нь зайлуулаад сэтгэл ханаагүй юм. Түүний дурсамж, дурдатгал, мэдлэг туршлагыг ч ард түмнээс нуухыг хичээж, санасандаа хүрч байлаа. Үүний тод жишээ нь 1968 онд Лхагвасүрэнгийн бичсэн “Монгол ардын армийн дайчин уламжлал” ном. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо уг бүтээлийг хэвлэхийг хориглосон нь жинхэнэ баатрын дуу хоолойг боомилсон гутамшигт хэрэг. Цэргийн хэргийн мэдлэг туршлага, дайны талбарын бодит үнэнийг өгүүлсэн ном хэвлэгдсэн бол Цэдэнбалын хожим бүтээх “Говь-Хянганд тулалдсан нь” киноны хуурамч дүр төрхөд маш том цохилт болох байсан биз ээ. Номыг нь хориглож, оюун санааг нь “боомилсон” Цэдэнбал жилийн дараа Лхагвасүрэнг Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас нь үл ойлгогдох шалтгаанаар дахин чөлөөлсөн байдаг. Халх голын ялалтын 30, 40 жилийн ойн өмнө Лхагвасүрэнг хоёр удаа Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас хүчээр салгасан нь ичгүүрийн хязгаарыг давсан, эрээ цээрээ алдсан хүний л хийж чадах ажил.
Цэдэнбал өөрийгөө цэргийн зүтгэлтэн болгож харагдуулахын тулд ичиж үхмээр алхмуудыг хийж гарчээ. Рабфакт сурч байхдаа цэргийн хичээл сайн судалсан, 1941 онд Смирновын “Тактика” сурах бичгийг бие даан судалсан гэх мэтээр ярьж, “өөрөө өөрийгөө боловсруулсан генерал” мэтээр Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, түүхч Антипенкод ойлгуулахыг оролдсон байдаг. Тэр байтугай ЗХУ-д Халх гол, Чөлөөлөх дайны ойд холбогдох ном гарах тоолонд өөрийн бичсэн зүйлээ хавчуулах гэж зохиогчдоос ичгүүргүйгээр гуйдаг байсан нь Шинкаревийн номд баримт болон үлджээ. 1945 онд, Чөлөөлөх дайны шувтаргаар Чойбалсангаас гуйж гувшиж байж Японоос чөлөөлөгдсөн Хаалган хотод тусгай онгоцоор очиж ганц хоносноос өөрөөр “дарийн утаа үнэрлээгүй” маршал өөр яалтай ч билээ.
Антипенкогийн ярилцлага ба түүхийн гуйвуулга
1978 онд ЗХУ-ын цэргийн зүтгэлтэн, хурандаа генерал, түүхийн доктор Антипенко Халх голын тулалдааны ойд зориулсан номын материал цуглуулахаар Монголд ирэв. Цэдэнбал энэ боломжийг ашиглан түүхийг бүрмөсөн өөрийнхөөрөө бичүүлэхийг зорьжээ. Тэр жил Б.Цэдэв редакторлосон “Эх орноо батлан хамгаалахын төлөө” нэртэй Цэдэнбалын илтгэл, өгүүлэл, хэлсэн үгийн эмхтгэл хэвлэгдсэн байдаг. Индрийн генералын бүтээл мөнөөсөө мөн.
Антипенког ирэхэд Цэдэнбал өөрөөсөө өөр хүнтэй бараг уулзуулаагүй. Халх голын дайнд биеэр тулалдаж, Жуковтой мөр зэрэгцэж явсан Лхагвасүрэнгийн тухай ганц ч үг унагаагүй. Тийм ном бичигдэнэ гэдгийг эртнээс олж мэдээд Болгар руу дэвшүүлэн зайлуулсан байж ч мэднэ.
Халх голын ахмад дайчдын бичиж өгсөн дурсамжийг "Би эхлээд өөрөө хянана, манайхан огноо энэ тэрээс аваад их алдсан байна” гэж хэлээд Антипенкод өгөлгүй авч үлдсэн байдаг. Ямар засвар хийсэн, ер нь засвар хийсэн үү гэдэг нь тодорхойгүй.
Цэдэнбал маршал Жуков, Плиев хоёртой хувийн харилцаа тогтоох гэж илт хичээж, тэдэнтэй захидлаар харилцдаг байв. Цэдэнбал “Маршал Жуковын тухай миний дурдатгал” гэдэг зүйл бичиж Антипенкод захидлаар явуулсан нь инээдэмтэй. Тэр үед Жуковтой фронт дээр хамт байсан Лхагвасүрэн амьд сэрүүн байсаар атал Цэдэнбал өөрийгөө Жуковын “сайн нөхөр” мэтээр харуулахыг ихэд хичээсэн юм.
Хэн нь үлдэх вэ
Түүхч С.Баатар “Цэдэнбал Лхагвасүрэнгийн оршуулах ёслолд маш хүйтэн сэтгэл гаргасан” гэж тэмдэглэсэн байдаг. Насан туршдаа “Залуу жанжин”-ы сүүдрээс эмээж, түүхийн тавцангаас арчихыг оролдсон Цэдэнбалын өшөө авалт эцсийн мөч хүртэл үргэлжилжээ. Лхагвасүрэн жанжин 1969 онд ажлаасаа халагдахдаа ч, 1971 онд улсын баатар цолоос зориуд хасагдахдаа ч, 1981 онд өөрийнх нь гавьяаг өөр хүн булааж авахыг харахдаа ч жанжин хүний ноён нуруугаа алдаагүй. Түүний “Залуу жанжин” хэмээх алдар 1981 оны гуйвуулсан киноноос ч, Цэдэнбалын 1979 онд авсан маршал цолоос ч илүү тодоор ард түмний сэтгэлд үлджээ.
Түүх гэдэг төрийн хяналттай үзэл суртлын дэлгэц, зурагт альбом биш. 1989 онд Монголын улс төрд өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж, Цэдэнбалын бүтээсэн “дурсамжийн архитектур” нуран унаж эхлэв. Энэ үед Жамъянгийн Лхагвасүрэн жанжинд Монгол Улсын Баатар цолыг нэхэн олгосноор түүх шударга ёсоо тогтоосон юм.
Энэ үйл явдлын хамгийн гайхалтай, хамгийн оргил цэг нь “Говь-Хянганд тулалдсан нь” кинонд Цэдэнбалын дүрийг бүтээж, түүхэн үнэнийг гуйвуулсан үзэл суртлын золиос болж, Төрийн шагнал хүртсэн жүжигчин Ц.Төмөрбаатар шагналаасаа татгалзсан явдал байлаа. Төмөрбаатар түүхэн бодит үнэн ба уран сайхны дүр хоёрын хоорондох асар том ангал, “Залуу жанжин”-ы бодит гавьяаг өөр хүнд наасныг ухаарч, өөрийн хүртсэн өндөр шагналаасаа татгалзсан юм.
Энэ бол зөвхөн нэг жүжигчний үйлдэл биш, бүхэл бүтэн цаг үе өөрөө өөрийнхөө алдааг засч, худал хуурмагаас татгалзаж байгаагийн гэрч байлаа. Үзэл суртлын дэлгэц нурж, индрийн маршалын зохиомол алдар бүдгэрч, галын шугамаас төрсөн жанжин Лхагвасүрэн ард түмнийхээ сэтгэл зүрхэнд “Залуу жанжин” хэвээр үлдсэн юм. Түүхийн хуудас бол болсон явдлын жагсаалт биш, худал хуурмагийн манан дундаас хэн нь үнэн төрхөөрөө тодорч үлдэх вэ гэдгийг шийддэг аугаа шүүлт билээ. Цаг хугацааны хуниас болсон явдлыг бүдгэрүүлж болох ч, түүх хэзээд жинхэнэ баатрыг зохиомол дүрээс ялган шүүж, үнэнийг дүйцэх сэнтийд нь залдаг жамтай.


Ганбаатар