Монголын анхны “албан ёсны архичин” хаан байлаа. Монголын нууц товчоонд Өгөөдэй хааныг бор дарсанд толгой мэдүүлсэн гэсэн байдаг. Өгөөдэй бол дөрвөн улиралд дураараа уух боломжтой цөөн монголын нэг. Зуны дэлгэр цагт малын зоо тэнийхэд гүү барьж, тогоо тавих нөхцөл бүрддэг тул жирийн монгол хүн жил тойрон архи ууж байсангүй. XIX-ХХ зуунд Монголоор дайрсан гадаадын аялагчид үүнийг гярхай анзаарсан байдаг. Эрт дээрээс гэртээ найрлаж наргиж ирсэн монголчууд өнөөдөр орон байрны архидалтыг жигшдэг болсон нь дэвшил юм.

Өнөөгийн Улаанбаатар буюу Их хүрээ 1706 онд Алтан тэвшийн хонхорт бууриа зассан. Тэр үеэс Монголд хотжилт бүрэлдсэн гэж үзнэ. Хотжилтыг дагаад хотын соёлын элементүүд үүснэ. Зах, дэлгүүр, гуанз гээд бусад олон үйлчилгээ хөгжинө. Энэ жамаар Их хүрээ юм юмтай захтай болсны нэг нь хятад хоолны газар. Хятад хоолны газрууд архи зарж таараа. Энэ үеэс монголчууд гадуур хоол идэхээс гадна бас архи уудаг болжээ. Танихгүй хүмүүс нэг дор хамт хооллоно гэдэг монголчуудад хачин сонин үзэгдэл. Гэхдээ шинэ зүйлд амархан идээшдэг монголчууд дорхноо гуанзаар үйлчлүүлж заншжээ. Бүр амьдралынх нь нэг хэсэг болсныг Ардын хувьсгалын тухай олон кино харуулдаг. Монголчууд зориулалтын газар хамтдаа архи ууж сурсан түүх залуухан. 

Ташрамд, зориулалтын газар гэдгийн талаар товч мэдээлэл өгье. Согтууруулах ундаа, хоол зарж, хүмүүс цуглардаг газар МЭӨ 2700 орчим буюу (ойролцоогоор 4700–5000 жилийн өмнө) байжээ. Иракийн эртний Лагаш (Lagash) хотын археологийн малтлагаар илэрсэн. Энэ газраас нээлттэй талбайтай хоолны өрөө, гал тогоо, шавар хөргөгч, олон тооны аяга таваг, хоолны үлдэгдэл, шар айраг маягийн согтууруулах ундаа хадгалах савууд гарсан. Археологичид үүнийг “дэлхийн хамгийн эртний таверн буюу баар” гэж тодорхойлсон. (Penn Museum-ийн Lagash Archaeological Project-ээс 2023 онд зарласан.) Энэ бол зориулалтын баар/рестораны хамгийн эртний археологийн баталгаатай жишээ. Зориулалтын газар энэ үеэс үүссэн гэж үздэг. Одоо хүртэл ажиллаж байгаа хамгийн эртний бааруудаас ганц нэгийг нэрлэбэл сонирхолтой болов уу:

  • Ирландын Атлонд хотын Sean’s Bar МЭ 900 он буюу 1125 жилийн өмнө байгуулагдсан. Guinness World Records-оор Ирландын хамгийн эртний паб гэж баталгаажуулсан, зарим эх сурвалжид “дэлхийн хамгийн эртний баар” гэж тодорхойлдог.
  • АНУ-ын Ньюпорт хотын White Horse Tavern 1673 онд хаалгаа нээсэн. АНУ-ын хамгийн эртний, дэлхийн топ 10-д ордог ресторан/баар.

Хүн төрөлхтөн архи дарс хэрэглэж эхэлсэн цагаасаа уушийн газар байгуулжээ. Баар, ресторан бол хамт хооллох, хөгжилдөн цэнгэх, харилцан ойлголцох нийгмийн чухал орон зай. 

XX зуун гэхэд Их хүрээнд нийгмийн энэ орон зай хөгжиж, үйлчлүүлэх соёл тогтжээ. Их хүрээ Цайны замын том өртөө болж, түүнийг дагасан хүн амын өсөлт, эдийн засгийн эргэлтэд онцгой нөлөөлсөн. 1861 онд Их хүрээнд Оросын консул байгуулагдаж, Оросын худалдаачид хятадуудтай өрсөлдөж гарлаа. Оросуудын араас Америк, Европын капитал ч орж ирлээ. Ингээд Их хүрээ үнэхээр их хөлийн газар болов. Үүнийг дагаад хоолны газар ч нэмэгдэв. Монголчууд хоолны газар хятад байжунаас гадна водка, коньяк, брэнди ч хэрэглэдэг боллоо. Хоолны газрууд нь зэрэг зиндаатай. Жишээ нь, Маймачин хотод цөөн хүнд захиалгаар үйлчилдэг VIP үйлчилгээ байсныг Оросын монголч А.Позднеев тэмдэглэжээ. Гэр бол хувийн орон зай. Сүм бол сүсэг бишрэл, ёслолын орон зай. Уушийн газар бол нийгмийн орон зай. Монголчууд ийм гуравдагч орон зайтай болоод байлаа. 

Хэрэглээний энэ соёлыг төр төсөв гэж харжээ. Монголчууд өөрсдөө олоод харчихсан ч юм биш. Оросын II Николай хааны хуурай хуулийг халж төсвөө бүрдүүлж эхэлсэн большевикууд зааж өгсөн юм. 1924 онд МАН-ын Төв хорооны V хурал, Ардын засгийн газрын VII хурлаар Архины онц эрхийг улсын санд авах тухай дүрмийг баталжээ. Тэр жил Сангийн яаманд “Баялагийг бадруулах хэлтэс” байгуулж, архины онц эрхийн биелэлтэнд хяналт тавих асуудлыг хариуцуулж, Улаанбаатар, Алтанбулаг хотуудад Архины онц эрхийг эрхлэх газар байгуулжээ. “Баялагийг бадруулах хэлтэс” гэдэг нэрээс харахад архиар төсвөө бүрдүүлнэ гэдэгтээ итгэл төгс байсан байгаа биз? Бас тэр жил Зүүн Сэлбийн хөвөөнд 100 хувь төрийн мэдлийн архины жижиг үйлдвэр нээсэн. Тэр үйлдвэрийн бүтээгдэхүүнийг монголчууд “Манахуал” гэж нэрлэжээ. Монополь гэдгийн монголчилсон дуудлага байгаа биз? Радиатор-Аржаатар, Радио-Араажав... Монополь-Манахуал... Архи ингээд 100 хувь төрийн мэдэлд орлоо. Ингээд баялагийг бадруулж гарчээ.

Яг энэ хувь тавилан 5 жилийн дараа буюу 1929 онд нийтийн хоолны газар, гуанзуудыг ч дайрлаа. Монголоос гадны хөрөнгө оруулалтыг хөөж өөрсдөө монопол тогтоох гэсэн большевикуудын санаа. Хятадын гуанз, хоолны газруудыг хааж, зөвхөн Монголын хоршоод гуанз, хоолны газар ажиллуулах эрхтэй болжээ. Харин монгол хоршоо гэдгийн ард хятадууд байлаа. Тэгэхээр хоолны цэс, үйлчилгээ хуучнаараа. Ер нь 1960-аад он гартал Монголын нийтийн хоолны салбар тэр маягаар явсан байдаг. Хэрэглээ ч, соёл ч тэр хэвээрээ. 

Улсын барилга трест 1948 онд “Туул” рестораныг ашиглалтад оруулав. Төрийн өмчийн компани гэх үү дээ. Энэ бүхний цаана монголчуудад архи дарсыг зориулалтын газарт, даруулгатай уудаг соёл бага багаар сууж байлаа. Гол нь тэнд зардаг архины үнэ дэлгүүрийнхээс онцын ялгаагүй болохоор гэртээ уух шаардлага байсангүй. 

Монголчууд ч чамгүй ууж сурлаа. Ёстой нөгөө “Түмний нэг”-ийн Чинбат шиг нэг гуанзаас нөгөө гуанз руу нисэж гарсан байлгүй. Төр архийг “хянах”-ын тулд биш, архинаас төсвөө бүрдүүлэхийн тулд гартаа оруулсан юм. Ингээд барьцаа улам ахиулж, 1932 онд “Акц” хэмээх татварыг архинаас хураах хэлтсийг Аж ахуйн яамны мэдэлд байгуулж, дагаж мөрдөх дүрмийг баталсан байдаг. Харин дараа нь мөнгө олохын хэрээр архинаасаа айж эхэлжээ. Төрд орлого хэрэгтэй, гэхдээ согтуу хүн хэрэггүй. Төрийн парадокс.

Ингээд Монголын архины бодлого хоёр жигүүртэй шувуу шиг болов. Нэг нь орлого, нөгөөх нь ёс суртахуун. Хоёулаа зэрэг дэвэх гэж зүтгэх авч нэг нь нөгөөгөө боомилно.

Ингээд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1959.01.28-д 37 дугаар тогтоолоо гаргав. Гэхдээ “Архи, пивоны жижиглэн худалдаалах үнэ хямд байгаа нь зарим хүмүүсээс ууж согтууран олон нийтийн хэв ёсыг алдагдуулах, хөдөлмөрийн сахилга батыг зөрчих зэргээр нийгэмд хор учруулж байгааг харгалзан, хөдөлмөрчдийн хүсэлтийг...” анхаарсан гэнэ. Хөдөлмөрчид буюу монголчууд архины үнийг нэмээд аль гэж хүссэн нь юу л бол!?!

Төсөв гэж бий. Төсөв гэдэг бол төрийн оршин тогтнох амьсгал. Амьсгаа авдаг нэг уушги нь архи болохоор төр архийг барьж хорьж чадахгүй. Тэгэхээр яах вэ? Үнийг нь нэмнэ. Социалист арифметик ингэж боддог. СнЗ-ийн 1959 оны 37 дугаар тогтоолын 1-р хавсралт, Эх орны үйлдвэрийн архи, пивоны жижиглэн худалдаалах үнийн жагсаалт:

Цагаан архи литр 40 ₮

Нийслэлийн литр 50 ₮

Онцгой литр 50 ₮

Спирт литр 100 ₮

Сануулахад нэг литр гэдгийг хоёр лонх гэж ойлгоорой.

Пиво:

Нийслэлийн литр 7.40 ₮

Орхон литр 6.00 ₮

Алтай литр 8.8 ₮

Баяр литр 8.0 ₮

Туул литр 5.0 ₮

Зөвлөлтийн бүтээгдэхүүн:

Спирт литр 95 ₮

Цагаан архи литр 46 ₮

Нийслэл цагаан архи литр 50 ₮

Хятад ардын архи:

Цагаан архи 0.5 л 42 ₮

Мутуу цагаан архи 0.5 л 40 ₮

Тусгай зориулалтын газарт худалдаалах үнийн жагсаалт:

  • Улаанбаатарын ресторануудад архи, пивоны үнийг 60%
  • Гуанзуудад 40%
  • Бусад хот, хөдөөд 40% нэмжээ.

Пивоны хувьд бүр “брэндээр” нь ангилж:

  • “Алтай”, “Баяр” 85%
  • “Орхон”, “Туул” 78%
  • “Нийслэл” 83% нэмэгдэлтэйгээр борлуулахаар болжээ. 

Эндээс нэг зүйлийг заавал анзаарах хэрэгтэй. Архи дарс уух зориулалтын газруудад зарах үнийг 40-өөс дээш хувиар нэмсэн байгаа биз. Хамаг нюанс энд байгаа. Гуанз, ресторан бол хамгийн түрүүнд дурдсан гуравдагч орон зай. 

Архи, пивоны үнийг хэр их нэмснийг харуулах нэгэн жишээ байна. 1959 оны хоёрдугаар сард хэвлэсэн “Улсын үйлдвэрийн ба аж үйлдвэрийн барааны жижиглэн худалдаалах үнийн жагсаалт”-д Улаанбаатарт хонины нэгдүгээр махны үнийг нэг кг-ийг нь 5 төгрөгөөр тогтоосон байна. Ингээд дэлгүүрийн нэг лонх цагаан архи 4 кг хонины I махны үнэтэй; ресторан, гуанзанд ганц лонх архи 7 кг хонины I махны үнэтэй болжээ. “Гуравдагч орон зай” буюу уух зориулалтын газрын өртөг огцом нэмэгдэхээр хүмүүс аяндаа “хэрэглээний соёл”-ын орон зайгаас зугатна. Төр “олон нийтийн орон зай”-н үнийг нэмэх тусам хүмүүсийн зан үйл гэрийн орон зай руу нүүнэ. Төр өөрөө санаатай эсвэл санаандгүйгээр монголчуудыг ресторанаас гэр орон руу нь хөөжээ. Төр энэ алхмаа “сахилга бат” гэж нэрлээд гарсан үр дүнг нь харин “орон байрны архидалт” гэж цолложээ.

Хувь заяаны шоглоом гэмээр нэг жишээ байна. Ингэж үнэ нэмэхээс өмнө, 1957 онд Н.Сумъяагийн "Гэрийн дотор идэш уушны зүйлийг яаж бэлтгэж болох вэ?" гэдэг авсаархан гарын авлага хэвлэгджээ. Тэр гарын авлагад “Пиво исгэх арга” гэж бий. Жорыг харвал пиво биш, бидний ярьдгаар “бараашиг” исгэх технологи. Гэртээ 7-10 хоногт исгэх тэр бүтээгдэхүүний жорыг товхимолд байгаагаар нь уншиж сонирхуулъя. 

Хэрэглэгдэх зүйлсийн жор нь:

(20 литрийн багтаамжтай саванд)

Элсэн чихэр 4 кг, чангаанз ба үзэм 2 кг, цагаан будаа 2 кг, талхны хөрөнгө (ойролцоогоор) 500 гр. Гаралт нь ойролцоогоор 15 литр цэвэр пиво гарах жишээтэй юм. Бэлтгэсэн чангаанз, үзэм, цагаан будаа зэргийг хийхийн өмнө сайтар угаана. Бүх зүйлийг хамруулан хийх ба орох ус нь буцалгасан ус байх ёстой. Исэж гүйцсэний дараа цэвэр марлиар шүүх ба сайхан өнгөтэй болгохын тулд 0.5 кг элсэн чихрийг хайлгаж хүрэн бор өнгөтэй болохын хамт хийх бөгөөд харин элсэн чихрийг хэт түлж болохгүй, исэлт гүйцэсний эцэст элсэн чихрийн амт огт байхгүй болсон байх ёстой бөгөөд үүнийг пивоны исэлт гүйцлээ гэж үзнэ.

Бараашигийг энэ товхимолтой хамт Монголд албан ёсоор мэндэлсэнд тооцох учиртай. Хэрэглэгдэх бүх орцыг нь 1980-аад оны үнээр тооцоход нэг литр нь 2 төгрөгөөр гарах “бараашиг” асар хямдхан. Бас дэлгүүр царайчлах зовлонгүй. Ингээд айраг исгэдэг байсан ард түмэн бараашиг исгэж сурлаа. Гэртээ бараашиг исгэн сөгнөх нь социализмын материал техникийн баазын дээжээс хүртэх мэт таатай байсан байлгүй. Энэ бол төрийн бодлогын шууд үр дагавар буюу иргэдийн “инноваци” юм. Хамгийн эмгэнэлтэй нь төр “эрүүл мэнд” ярьж байгаа ч бодит амьдрал дээр хүмүүс хяналтгүй, стандартгүй бүтээгдэхүүн рүү аяндаа орсон явдал. Өөрөөр хэлбэл, архины үнэ тэнгэрт хадаж, орлох бүтээгдэхүүн зах зээл дээр гарч ирсэн, гэхдээ орлох бүтээгдэхүүн нь чанарын хувьд илүү эрсдэлтэй. Төр “архитай тэмцсэн”. Амьдрал дээр “хортой бүтээгдэхүүн” бий болжээ.

Архи, пивоны үнийг суга нэмсний гор дорхноо гарчээ. Дараа жил нь буюу 1960.10.20-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчид 198 дугаар зарлигаа гаргахаас аргагүйд хүрчээ. Жилийн өмнө “үнийг нь нэмээд аль” гэж хүссэн хөдөлмөрчид архи, пивыг дэлгүүрээс авч гудамж, талбай, цэцэрлэгт уух явдал хавтгайрчээ. “Ууж согтуурах явдалтай тэмцэх тухай” 198 дугаар зарлигаар архи дарс уухыг “хориглосон орон зай”-г хар даа: 

  • үйлдвэр, албан газар,
  • нийтийн орон сууц,
  • цэргийн байр,
  • гуанз, хүйтэн хоолны газар,
  • театр, кино, клуб, улаан булан, соёлын ордон,
  • эмнэлэг, амралт, сувилал гэх мэт.

Зориулалтын орон зайд ууя гэхээр үнэ нь тэнгэрт тулчихсан байдаг. Бас болоогүй ээ, “Ресторанд 38 ба түүнээс градусын архийг 100 граммаас илүү өгөхийг хориглосугай” гэж зарлигдсан юм. Өөрөөр хэлбэл төр хүмүүсийг ресторанаас үнээр хөөсөн, дараа нь хэмжээгээр боомилжээ. Зарлигийг нь яс дагавал гэр орноос өөр орон зай үлдээгүй байгаа биз? Тогоо тавих, “бараашиг” исгэхийг арай хорьчихоогүй болохоор хуулиа дагадаг ухамсартай хөдөлмөрчин гэртээ “бараашиг үйлдвэрлэж”, гэртээ л уухаас өөр орон зай үлдээсэнгүй.  

Энэ зарлигт “Хүнсний комбинатын сүү тосны завод, сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдлүүдэд шимийн архи үйлдвэрлэхийг зогсоож, мөн шимийн архи худалдаалахыг нийтээр хориглосугай” гэжээ. Эндээс харвал цагаан архи, пивоны үнийг нэмэхэд шимийн архины хэрэглээ эрс өссөн бололтой. Ингээд төр Хүнсний комбитанаас орж ирдэг хэдэн төгрөгөөс өөрөө сайн дураараа татгалзжээ. Архины эсрэг тэмцэл хэрэглээг бууруулсангүй, хэрэглээг гэрийн орон зайд шилжүүлж, гэрийн архидалтыг соёл болгож бэхжүүлсэн. Олон нийтийн газар хэрэглэх соёл дөнгөж тогтож байсан үеийг ингэж үгүй хийсэн юм.

Орон байрнаас өөр очих газаргүй болсон архитай төр үзэл суртлын талбарт эрчимтэй тэмцэхээс аргагүйд хүрчээ. Коммунистууд алдаа завхралын шалтгааныг амархан олдог. Тэр нь үргэлж бусдын буруу байдаг. Улирал тутам хэвлэгддэг “Согтуурал ба гэмт хэрэг” эмхтгэлийн 1976 оны дугаарт Л.Рэнчин “Архи ууж согтуурах явдал нь өнгөрсөн нийгмээс манай өнөө хүртэл өвлөгдөж хоцорсон гаж буруу үзэгдлийн нэг, хүмүүсийн ухамсар, ёс суртахууны сул талын илрэл юм. ... дарлагч анги, мөлжигч санваартнуудын эцэс төгсгөлгүй, учир утгагүй зугаа цэнгэлийн хэрэгсэл болохын сацуу тэднээс хөдөлмөрчин ард түмнийг мөлжих, төөрөгдүүлэх нэгэн зэвсэг болж ирсэн юм” гэжээ. Гэхдээ социалист төр хуучны тэр зэвсгийг улам хурцалсаар байлаа. Бодлогоор үнийг нь нэмсэн, хэрэглэх орон зайг нь хумьсан, зориулалтын газар зарах хэмжээг хязгаарласан, орлох бүтээгдэхүүн буюу шимийн архи, бараашиг, самогон руу хэрэглэгчийг түлхсэн юм.

Ингээд үзэл суртлаар тэмцэх арга зам үлджээ. Үр дагаврыг нь шалтгаан болгоод, шалтгааныг нь дайсан болгодог социалист төрийн классик логик. Социалист төрийн классик логик ажилласаар. АИХ-ын Тэргүүлэгчдийн 1974 оны 120 дугаар зарлигаар архийг “Ресторан, аймгийн төв гуанзанд 19-22 цаг хүртэл нэг удаа 100 грамм худалдах”-аар боллоо. Бүр алж байгаа биз? Төр ингэж цаг, хэмжээгээр хүний зан үйлийг захирна гэж боддог. Гэтэл хүн “100 грамм”-аар дуусдаг амьтан биш. Хүн бол сэтгэл хөдлөлөөрөө явдаг амьтан. Тэр зарлигт “Бараашиг” худалдвал 50-200 төгрөгөөр, исгэвэл 25-200 төгрөгөөр торгож, хэрэгслийг нь хураахаар заасан байгаа. Тэгэхээр “бараашиг” нь үйлдвэрлэгч, борлуулагчтай бие даасан бизнес болж хөгжсөн гэж харагдаж байгаа биз. 

Зарлигаар бараашиг исгэвэл торгоно, хэрэгслийг нь хураана гэсэн ч зах зээлийн логикийг давж гарахгүй. Захын хүн гэмт хэрэгтэн болох нөхцөл л бүрдэнэ. Торгууль өсөх тусам бараашигны үнэ өснө. Үнэ өсөх тусам ашиг өснө. Ашиг өсөх тусам далд бизнес хөгжинө. Дарханы цагдан сэргийлэх газраас 1980 онд явуулсан нэг удаагийг ажиллагаагаар 90 гаруй литр самогон, бараашиг хураасан баримт байна. Энэ бол нэг хотын, нэг удаагийн л ажиллагаа. Хураагаад асуудлыг шийдэхгүй. Хураавал үйлдвэрлэл нэмэгдэнэ. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд угаалгын машинд эргүүлж хурдан исгээд нэрдэг инноваци гарч төрсөн байдаг. 

Бас “Амралт, баяр ёслолын урьдах өдөр 16 цагаас хойш болон амралт, баяр ёслолын өдөр архи, дарс худалдахыг” хориглочихож. Дэлгүүр 10 цагт онгойдог гэвэл хөдөлмөрчид дөрвөн цагийн дотор архи олж авахын тулд ажлын цагаараа дэлгүүрт очерлохоос өөр аргагүй. Согтуу байтугай эрүүл хүн ч ойлгоход хэцүү логик. 

Хууль зүйн шинжлэх ухааны доктор Р.Гүнсэн “БНМАУ-д архидаж байх нийгмийн байгууламжийн шалтгаан аль эрт устсан” гэж бичсэн боловч амьдрал дээр архи валют болж хувирчээ. Нэрийг нь цээрлэж “гожин” гэнэ. Архи авлига, хээл хахуулийн гол хэрэгсэл боллоо. Зарлигт заасан хугацаанд нь архи авч хадгалаад хэрэгцээтэй хүнд хэдэн төгрөг нэмж зардаг “шаг”-ийн бизнес ч цэцэглэлээ. “Шаг” гэдэг үгийг олон янзаар тайлбарладаг. Гэхдээ иргэд АИХ-ын Тэргүүлэгчдийн 1974 оны 120 дугаар зарлигийг “шаг”-лаад мад тавьсан нь түүхэн үнэн. “Шаг” зарсан, авсан хүнийг 100-500 төгрөгөөр торгох, бүр шоронд суулгахаар заасан ч социализмын хамгийн ашигтай бизнес улам хөгжсөөр капитализмтай золгосон байдаг. 

Төр архины үнийг нэмж хэрэглээг багасгах нэрээр төсвөө нэмэгдүүлж, архийг гэр орон руу шахсан юм. Гэртээ уухад нэг том асуудал гардаг, ямар ч хяналтгүй. Ресторанд дор хаяж цагийн хязгаар, хөндлөнгийн хүмүүсийн харц, “одоо боллоо” гэх найзын сануулга зэрэг нийгмийн хяналт бий. Орон байрны архидалт хүүхдийнхээ нүдэн дээр ууж согтуурахаас гадна хэрүүл маргаан, хүчирхийлэл нь хэмжээ хязгааргүй. Ийм нөхцөлд архидах зуршил илүү амархан суудаг. Монголчуудыг энэ жам ёс тойроогүй. Архидалт гаарлаа. Архидалт, согтууралтай тэмцэхээс өөр замгүй боллоо. 

Зөвлөлт 1972 онд архидалттай тэмцэх зарим арга хэмжээгээ чангатгахаар болж “Хөдөлмөр эмчилгээний газар” гээчийг байгуулахаар шийджээ. Монголчууд хуулсан байж таарна. БНМАУ-ын СнЗ-ийн 1975.12.11-ний 578 дугаар тогтоолоор Ерөөгийн хөдөлмөр хүмүүжлийн бригадын дэргэд архаг архичдыг албадан эмчлэх хөдөлмөр-эмчилгээний тасгийг 1976 оны эхний хагаст багтаан 30 хүртэл ортойгоор байгуулан ажиллуулахыг Нийгмийн аюулаас хамгаалах яам, Эрүүл мэндийн яаманд даалгажээ. Шорон гэсэн үг л дээ. Архинд орчихсон нөхдийг 2 жил хүртэл хугацаагаар хорьж мод бэлтгүүлнэ. Тэндээс орговол жинхэнэ шоронд 2 жил хүртэл хорих ялтай.

“Үнэн” сонин дээр 1985 онд хуульч Н.Сосорбарамын “Согтууралтай нийтээрээ тэмцье” нийтлэл гарчээ. Тэнд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн “Зарим этгээдийг хөдөлмөр-хүмүүжил, хөдөлмөр-эмчилгээний газарт явуулж байх тухай” зарлигийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг баримт дурдан бичжээ. Захаас нь ганц нэгийг эш татъя. “1984 онд гэмт хэрэг үйлдэгчдийн 35.1 хувь нь гудамж талбайд, 16.2 хувь нь үзвэр үйлчилгээний газарт, 17.5 хувь нь байшингийн орцонд ууж согтуурагчид байлаа” гэжээ. Үзвэр үйлчилгээний газар гэдгийг зориулалтын газар буюу ресторан гэж ойлгох хэрэгтэй. Зориулалтын бус газар архи уусан нь 52.6 хувь. Зориулалтын газарт уусан нь 16.2 хувь. Тэгэхээр үлдсэн 31.2 хувь нь гэртээ уусан болж таарна. Эцэст нь дүгнэвэл гэмт хэрэг үйлдэгчдийн 83.8 хувь нь зориулалтын бус газар архи уужээ. Ийм энгийн арифметик бодохын оронд Н.Сосорбарам архины борлуулалтад хязгаар тавих ёстой гэдэг санаа дэвшүүлжээ.

Цагаан архи үйлдвэрлэх бас уухыг “орос ах”-аасаа сурсан, түүгээрээ бахархах дуртай монголчууд архидалттай тэмцэхдээ “орос ах”-аа л харж таарна. Зөвлөлтийн удирдагч М.С.Горбачев 1985.05.07-нд Архидалтын эсрэг кампанит ажил зарлах зарлиг гаргаж, Правда сонины 1985.05.18 өдрийн дугаарт арга хэмжээний талаар том нийтлэл гарсан. Харин “Үнэн” сонинд архидалтай холбоотой нийтлэл яг нэг сарын дараа буюу 1985.06.07-нд хэвлэгджээ. Энэ кампанит ажил эхэлмэгц оросууд архины борлуулалтаа 61 хувиар бууруулсан байдаг.

Монголчууд шууд л дуурайлаа. Архи, пивоны комбинат Польшийн хөрөнгө оруулалт, технологитой цоо шинэ спиртийн үйлдвэрээ буулгаж ундааны үйлдвэр болголоо. Нэмээд архины үйлдвэрлэлийг эрс бууруулав. Үйлдвэр заводоо өөрчлөөд зогсохгүй малчны бүрхээр, жалавчинд дайн зарлаж шууд эвдэж хэмхлэх аян өрнөв. Ингээд архи хаданд гарч, архи олж авах нь дайн тулааны хэмжээнд хүрч, архи олж авсан нь баатар боллоо.  

Нам, засаг үзэл суртлын дайчин тэмцлээ улам ширүүсгэлээ. Аймаг сумдад архины эсрэг сурталчилгааны бригад байгуулж, ухуулан сэнхрүүлэх ажил явуулж эхэлжээ. “Архигүй хамт олон” гэдэг хөдөлгөөн өрнүүлэн аль нэг байгууллагын хэсэг, тасгийнхан бүх ажилчдын өмнө “Бид архи уухгүй” гэдэг тангараг өргөдөг ёслол дэлгэрлээ. Бүүр марзан ч юм бодож олсон байдаг. Архигүй хурим хийвэл албан газар нь байр өгнө гэнэ. Байрны төлөө марзан ёслол хийдэг боловч тийм элбэг байр гэж хаа байх билээ. Жишээ нь, “Туяа” буюу одоогийн Сөүл ресторан Архигүй хуримын хөтөлбөр боловсруулсныг “Үнэн” сонин ихэд сайшаажээ. 

Дэлгүүрийн үнийг хэд дахин нугалсан үнэтэй, бас хэмжээтэй архи зардаг ресторан байх боловч цагийн хязгаартай. "Хонх" хамтлагийн "Хотын гудамж" дуу тэр бараан үеийг тодорхой өгүүлдэг:

...Найз минь ээ, хоёулаа

Нартай байхад уулзъя

Найман цагаас хойш хотод минь

Найр тавих газар үгүй

Харъя гэвэл харах юм үгүй

Оръё гэвэл газар үгүй 

Одоо яая гэхэв тийм ээ

Олж нэг юм* уухаас…

*Шагийн архи