Нью Орлеансын Франц хорооллын чийглэг агаар, гудамжны жазз хөгжмийн хэмнэл, шинэхэн хуурсан кофены үнэртэй холилдон өвөрмөц уур амьсгал бүрдүүлнэ. Энэ хорооллын түүх олон өнгөтэй. Ийм орчинд, Наполеон гудамжны нэгэн байшинд Волтэр Айзэксон өсчээ. Түүний аав техникийн нарийн шийдэл, логик, бүхнийг бүтцээр нь хардаг инженер. Ээж нь үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, хүүрнэн өгүүлэх төрөлхийн авьястан. 

Инженер аавынх нь сэтгэлгээ, ээжийнх нь авьяас хоёр Айзэксонд нэгдэж, хожим дэлхийн хамгийн нөлөө бүхий суутнуудын дотоод ертөнцийг тайлах түлхүүр болсон юм. Айзэксон пуужин хөөргөөгүй, iPhone зохион бүтээгээгүй, Харьцангуйн онол нээгээгүй. Гэхдээ эдгээр инноваци хаанаас төрдгийг дэлхий нийтэд ойлгуулсан гүүр баригч юм.

Түүх өгүүлэгч, номлогч биш

Айзэксон Харвардад Түүх, Утга зохиолын чиглэлээр суралцаж, дараа нь Оксфордод PPE (Гүн ухаан, Улс төр, Эдийн засаг) чиглэлээр Родсын тэтгэлэг хүртэв. Түүний сэтгэлгээний суурийг тавьсан хүн бол өмнөд нутгийн зохиолч Уолкэр Пэрси байлаа. Пэрси түүнд “Хэзээ ч бүү номлогч бай. Зөвхөн түүх өгүүлэгч бай" гэдэг алтан зарчим суулгажээ. Энэ зарчим Айзэксоны бүх бүтээлийн амин сүнс болсон. Тэр уншигчдад юу гэж бодохыг нь заадаггүй. Зөвхөн баримтуудыг дэлгэж, төсөөлөл амилуулж, зөрчлийг нь харуулдаг. Уншигч өөрөө дүгнэлтээ хийнэ. Энэ бол түүний төвийг сахисан бөгөөд хүүрнэх өгүүлэх арга барил юм.


Сэтгүүл зүйн гал тогоо ба CNN-ийн сургамж

Айзэксоны карьер Times-Picayune сониноос эхэлж, улмаар "Time" сэтгүүлийн Ерөнхий редактор болтлоо дэвшсэн. Тэр бол баримтыг зүгээр нэг мэдээ биш, харин "түүхийн эхний ноорог" болгон хувиргадаг мастер байв. 2001 онд CNN-ийн Гүйцэтгэх захирал болсон нь түүнд шинэ сорилт байлаа.

Аймшигт 9/11-ний халдлага дэлхийг өөрчлөхөд Айзэксон мэдээллийн урсгалын төвд байлаа. Тэрээр CNN-ийг илүү аналитик, гүнзгий агуулгатай болгохыг хичээсэн ч Fox News-ийн "шоу" маягийн сэтгүүл зүйтэй өрсөлдөхөд хэцүү байлаа. Энэ үед Айзэксон “Мэдээлэл бол хүч, гэхдээ контекст (нөхцөл байдал) бол бүх зүйл” гэдгийг ойлгожээ. Тэрээр тэгэхэд мэдээ дамжуулагч биш, үзэл санааны огтлолцол дээр ажиллах хүн гэдгээ мэдэрчээ.

Aspen Institute: Гүүр баригч тодорсон нь

Aspen Institute-ийг удирдсан жилүүдэд Айзэксоны "гүүр баригч" дүр бүрэн утгаараа тодров. Тэрээр энд улстөрчид, эрдэмтэд, уран бүтээлчид, бизнесмэнүүдийг нэг ширээний ард суулгаж чадсан. Ингэж л Arts + Sciences гэдгийг бүрэн утгаар ойлгосон байдаг.

Хэрэв та зөвхөн код бичдэг бол та гар урлаач. Хэрэв та зөвхөн шүлэг бичдэг бол та мөрөөдөгч. Харин энэ хоёр ертөнцийн огтлолцох цэг дээр л инноваци төрдөг. Леонардо да Винчи хүний нүүрний булчинг задлан шинжилж (Science), түүнийгээ Мона Лизагийн инээмсэглэл болгон (Arts) буулгасан шиг тийм огтлолцол гэж ойлгоход болно.

Суутнуудын код: Creativity бол багийн тоглоом

Айзэксоны бичсэн суутнуудын жагсаалтыг харахад түүний “улаан шугам” тодорхой харагдана. Яагаад Бенжамин Франклин, Альберт Эйнштейн, Стив Жобс, Леонардо да Винчи, Женнифер Даудна, Илон Маск нарыг сонгосон бэ?

  1. Зөрчил: Айзэксон зөвхөн амжилтын түүх      бичдэггүй. Илэн Маскийн “чөтгөрийн горим”, Жобсын хатуу чанга зан,      Эйнштейний хувийн амьдралын бүтэлгүйтэл бүхэн түүний номонд бий. Бүх суут      ухаан сорвитой байдаг.
  2. Creativity vs Smart: "Ухаалаг хүмүүс хаа сайгүй      байна, харин бүтээлч хүмүүс ховор" гэж Айзэксон хэлдэг. Бүтээлч чанар      гэдэг нь өөр өөр салбарыг холбох чадвар юм.
  3. Хамтын бүтээл: Түүний The Innovators ном      бол ганц суутны тухай биш, харин багийн тухай түүх. Ада Лавлейсаас эхлээд      интернетийг бүтээгчид хүртэл бүгд бие биенийхээ мөрөн дээр зогсож байсныг      тэр харуулсан.

"Бүх намтар бол өөрийн намтар"

Айзэксоны “Бүх намтар бол өөрийн намтар” гэдэг алдартай үг бий. Тэрээр суутнуудын түүхийг бичихдээ дотор хүнийхээ асуултуудад хариулт хайдаг. Энэ утгаар нь түүнийг эглийн ертөнцийн “орчуулагч” гэхэд болно. Технологийн хэлээр ярьдаг Маск, Жобс нарыг энгийн хүмүүсийн хэл рүү, хүн төрөлхтний үнэт зүйл рүү орчуулдаг гэсэн үг.

Түүний “тэр хэтэрхий зөөлөн ханддаг”, “баатруудтайгаа хэт ойр байдаг” гэж шүүмждлэх нь бий. Илон Масктай хоёр жил хамт байхдаа ёстой сүүдэр нь юм шиг дагасан. Айзэксон шүүгч биш, ажиглагч. Тэр бол оркестрын удирдаач биш, харин тэр оркестр яагаад тийм аялгуу гаргаж байгааг тайлбарлаж суугаа хөгжим судлаач юм.

Бидэнд яагаад Айзэксон хэрэгтэй вэ?

Бид инноваци гэхээр зөвхөн шинэ төхөөрөмж, хурдан процессор гэж боддог. Гэвч Айзэксон инноваци бол хүмүүнлэг ёс гэдгийг сануулдаг. Яагаад гэвэл инноваци сониуч зан, ажиглах чадвар, өөр байх зоригоос төрдөг ажээ.

Волтэр Айзэксон өөрөө инноватор биш байж болно. Гэхдээ инновацийн тухай бидний ойлголтыг шинэчилсэн инноватор юм. Тэр бол түүх болон ирээдүйг холбосон амьд гүүр. Түүний номнуудыг хаахад уншигчдад “Би ч гэсэн сониуч байж болно. Би ч гэсэн асуулт асууж болно” гэдэг бодол төрдөг.

Магадгүй энэ л Айзэксоны энэ ертөнцөд үлдээж буй хамгийн том “инноваци” биз ээ. Тэр бидэнд суутнуудыг бишрэхийн оронд тэднийг ойлгох, тэднээс суралцах, тэр байтугай тэдний алдааг өршөөх боломжийг олгосон юм.