АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр томилгоо
Х.Баттулга, С.Баярцогт хоёрын дунд гаталж барахгүй гол, давж гарахгүй даваа хэдийн бий болсон. Дээр нь нам дотор хэн хэнийг нь дагадаг хүчтэй бүлэг, фракциуд бий. Намын дарга О.Цогтгэрэл өөрөө ч хажууд нь жулдана. Ийм хоёр хүн, эсвэл төлөөний хүн нь төв аппарат, удирдах бүтцэд ороод ирэхээр нам доторх фракциуд нь дагаад идэвхжих нь зүй. Нөгөө “шуудайд хийсэн үхрийн эвэр”-үүд дахин харгалдаж эхэлнэ.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зарлагдахад жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Эрх баригч МАН-ын хувьд өнгөрсөн хугацаанд хийгдсэн бүх томилгоо, сэлгээ уг сонгуулийн өмнөтгөл, бэлтгэл ажил гэж уншигдаж байгаа. Нам дотроо хийж байгаа цэвэрлэгээ, бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл нь эцсийн дүндээ ирэх сонгуульд хэн энэ намыг авч орох вэ гэдэг өрсөлдөөн юм.
АН дотор ч гэсэн энэ үйл явц өрнөж эхэллээ, хэдий хожуу ч гэсэн. Дээр нь төдийлөн “амжилттай” гэж хэлэхээргүй яваа нь ч үнэн.
АН-ын дарга тамгаа авснаас хойш найман сар үүрэг гүйцэтгэгч генсектэй явж ирсэн. Энэ сарын 10-нд болсон ҮБХ-ны хурал дээр үүрэг гүйцэтгэгчээ жинхэлүүлэхээр оруулж ирсэн боловч ҮБХ-ныхоо дэмжлэгийг авч чадсангүй. Энэ асуудлаар ҮБХ сарын дараа дахин хуралдахаар болсон.
Гэвч ҮБХ-ны хурлаас тав хоногийн дараа АН-ын дарга О.Цогтгэрэл намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтыг томилуулсан. С.Баярцогтыг тус намын Улс төрийн зөвлөлийн 32 гишүүнээс 23 нь дэмжиж саналаа өгчээ. Үүрэг гүйцэтгэгчийг сарын хугацаатай томилсон бөгөөд энэ хугацаанд АН-ын ҮБХ хуралдаж, томилгоог жинхэлэх ёстой.
Үүрэг гүйцэтгэгч генсек томилогдсоныхоо дараа “Манай намын дарга УИХ дахь бүлгийн даргын албан тушаалаа шилжүүлнэ” гэсэн боловч тэр нь ч бас хийгдсэнгүй. Өнгөрөгч долоо хоногт болсон Улс төрийн зөвлөлийн хурлын дараа “Нам доторх зохион байгуулалтын ажлууд эцэслэсний дараа бүлгийн даргын албаа шилжүүлэхээр болсон” хэмээн үүрэг гүйцэтгэгч дахин мэдэгдэл хийв. Товчхондоо АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн даргын ажлаа шилжүүлэх тийм ч дуртай биш байгаа бололтой. Эсвэл бүр томилж чадахгүйд хүрсэн байж ч мэдэх юм.
С.Баярцогтыг томилогдохоос хоёр хоногийн өмнө АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар УИХ-ын дарга асан З.Энхболдыг томилсон. Нөгөөх нь томилогдсоноосоо хойш долоо хонолгүй шүүхийн шийдвэрээр ачигдчихав. З.Энхболд, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт өмнө шалгагдаж байсан авилга, албан тушаалын хэрэгт нь тус бүр хоёр жил ял оноожээ. Ингээд АН-ын даргын хувьд ирэх сонгуулийн тухай биш, харин ял авсан намын албан тушаалтныхаа араас санаа чилээж, мэдэгдэл хийж суухад хүрлээ. Мордохын хазгай гэдэг л энэ байх. Намын даргаар ажилласан найман сарын хугацаанд хийсэн хоёр томилгоо нь хоёулаа бүтэлгүйтжээ.
Мөн ҮБХ-ны хурал дээр намын дэд даргад нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигч нь хоёулаа бүдэрсэн. Энэ мэтээс харвал ажлаа аваад найман сар болж байгаа АН-ын даргын суудал өнцөгдөв бололтой, ирэх сонгууль хүргэх эсэх нь эргэлзээтэй болж байна.
Уг нь түүнийг анх сонгогдоход АН-ын гишүүд, дэмжигчид “Шинэ, залуу, нэр цэвэр хүмүүсээр багаа бүрдүүлээд эрх хүчтэй ажиллах ёстой шүү” хэмээн захиж, найдаж, хүлээж байв. Гэтэл түүний сүүлд хийсэн хоёр томилгоо гишүүдийнхээ итгэлээр шал арчсантай адил хэрэг болов. Тэр нь хувь хүнтэй холбоотой гэхээсээ илүү АН дотор бий болсон хагарал, хуваагдлын хоёр талд зогссон гол эрхмүүдийг намын аппарат руу чирч оруулсантай холбоотой.
С.Баярцогт бол намаасаа сонгогдсон Ерөнхийлөгчийн “ач”, “бач”-аар шүүхийн хаалга татсан, гурван шатны шүүхээр ял сонсчихсон хүн. Хэдий хожим хэргийг нь хэрэгсэхгүй болгосон ч гэлээ “Оюутолгойг зарсан, монголчуудыг өрөнд оруулсан” гэдэг нэр, хочийг өнгөрсөн 10 жилд МАН-ын нөхөд “Туулын усыг барагдтал угаасан” ч арилахааргүй болтол массын тархинд суулгаж чадсан. Тэгээд ч Сэлэнгийн АН-ын даргаар сонгогдоод удаагүй байгаа.
З.Энхболд нь Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ, цахилгаан станцын ажлыг зогсоож, улс орноо хорлоод зогсохгүй Ерөнхийлөгч Х.Баттулгатай нийлж М.Энхсайханыгаа хийгээгүй хэрэгт гүтгэн ялтан болгосон этгээд. Одоо харин өөрийнх нь ээлж ирсэн бололтой. З.Энхболдыг ХЕХ-ны дарга боллоо гэнгүүт энэ томилгооны ард Х.Баттулга гэдэг хүний нэр шууд уншигдана.
Х.Баттулга, С.Баярцогт хоёрын дунд гаталж барахгүй гол, давж гарахгүй даваа хэдийн бий болсон. Дээр нь нам дотор хэн хэнийг нь дагадаг хүчтэй бүлэг, фракциуд бий. Намын дарга О.Цогтгэрэл өөрөө ч хажууд нь жулдана. Ийм хоёр хүн, эсвэл төлөөний хүн нь төв аппарат, удирдах бүтцэд ороод ирэхээр нам доторх фракциуд нь дагаад идэвхжих нь зүй. Нөгөө “шуудайд хийсэн үхрийн эвэр”-үүд дахин харгалдаж эхэлнэ. Товчхондоо Л.Гантөмөрийн үед эвлүүлж, цуглуулсан АН-ыг О.Цогтгэрэл өөрийн гараар нугасласантай адил зүйл болов. Үүнийг л “мордохын хазгай” гээд байгаа юм.

