Наяад оны эхээр дөнгөж улс төрийн товчоонд орж ирсэн Төв хорооны нарийн бичгийн дарга залуухан Михаил Горбачёв Канадад айлчилжээ. Хөдөө аж ахуйн мэргэжилтний хувьд Канадын газар тариалангийн хөгжил түүнийг алмайруулсан байна. Зөвлөлтийн уудам газар нутгийн хамгийн тохиромжтой уур амьсгал, хөрстэй газар тариалангийн бүст эх орондоо хамгийн гаргууд ажиллаж зүсэн зүйлээр шагнуулан, туршлагыг нь улс даяар үлгэр жишээ болгон нэвтрүүлж байсан тэр амжилт нь Канадад бол шууд дампууралд хүргэх үзүүлэлт болохыг Горбачёв хараад л ойлгожээ. Ипатовын районыг бодвол хавьгүй хүйтэн сэрүүн бүсийн Канадын газар тариаланд зөвлөлтийнхтэй харьцуулахад хавьгүй цөөн фермерүүд үр тариагаар дэлхийг тэжээж байхад, дэлхийн хамгийн том нутагтай Зөвлөлт гүрэн байгуулагдсан цагаасаа ядахнаа өөрснийгээ ганц ч удаа хооллож чадаагүй, ерөөсөө энэ тал дээр бол энэ том орон АНУ, Канадаас бүрэн хамааралтай аж.

    Тэр үед Канадад суух элчин сайдаар Яковлев гэгч ажиллаж байв. Шинэхэн дарга болсон хөдөөний тариачин Горбачёвыг бодвол тэрээр өрнийн ертөнцөд олон жил сууж нүд тайлсан нэгэн. Зөвлөлтийн аж ахуйн механизмыг үтэр түргэн өөрчлөн байгуулахгүй бол өрнөөс хоцрох хоцрогдол улам их болж удахгүй улсаараа дампуурч болох талаар тэрээр шинэ даргыг ятгасан аж. Удалгүй 1985 онд Горбачёв эзэнт гүрний толгойд гаруутаа Яковлевыг Москвад дуудан авчирч перестройкагийн гол үзэл сурталч болгожээ. Ийнхүү зөвлөлт гүрэн “ускорение”, “гласность”, “перестройка” гэх мэтийн лоозонд дарагдах болов. Перестройкагийн жинхэнэ эцэг нь Яковлев.

    Яковлев эдгээр лоозонгуудаа тайлбарлахаар Испанид очин тэндэхийн бизнесүүдтэй уулзалт зохиосныг санаж байна. Үүнийг сүр дуулиантайгаар зурагтаар шууд нэвтрүүлж, мэдээллийн хэрэгслэлээр зөвлөлт маягаар суртчилж байсан юм. Яковлев нэг иймэрхүү юм ярьсан юм: Зөвлөлт улс маш эрчимтэй ардчиллаж байгаа. Иймээс үйлдвэр заводын удирдлагыг ажилчид өөрснөө шууд сонгож байхаар болсон. Барууны орнууд өөрсдийгөө ардчилсан гэж зарладаг боловч нийгмийн хамаг баялаг төвлөрч байгаа компани үйлдвэр зэргийн удирдлагыг буй болгоход ажилчдын ямар ч оролцоо байдаггүй. Хоёрдугаарт Зөвлөлт улс перестройка хийн аж ахуйн механизмдаа өөрчлөлт хийж байгаа учир гадаадын, тэр дундаа өрнөдийн хөрөнгө оруулалтыг урьж байна. Манайд хамтарсан үйлдвэр аж ахуйн газар байгуулцгаая, харин манай төр 51 хувийг нь эзэмших болно. Өөр ямар ч асуудал байхгүй, ингэснээр бид өрнөдийнхөнд асар их бололцоо олгож байгаа юм.

    Горбачёвтай олон удаа уулзаж гэрээ хэлэлцээ хийж байсан ерөнхийлөгч Рэйган хүйтэн дайны дараа Зөвлөлтийн удирдагчийн тухай ингэж ярьсан байдаг: Горбачёв шиг өндөр боловсролтой хүнтэй цөөн таарч байсан. Утга зохиол, урлаг, гүн ухаан, түүх, байгаль орчин гээд ямар ч сэдэв хөндсөн тэр маш өргөн мэдлэгтэйгээ харуулах төдийгүй нотолж чаддаг. Хачирхалтай нь яриа эдийн засаг руу орохоор л тэрээр Америкийн дунд сургуулийн тааруухан сурагчаас ч долоон дор гэнэн өрөвдмөөр ойлголттойгоо харуулдаг.

Горбачёв ч тэр, Яковлев ч ялгаагүй капиталист үйлдвэрлэлийн үр дүнг шүтээд байсан болохоос энэ үр дүнг буй болгодог механизмыг тун ч хялбаршуулж ойлгож байжээ. Хувийн өмч л эдийн засгийн амжилтын цаад учир шалтгаан байдаг, харин хөдөлгөгч хүч нь мэнэжмэнт, өрсөлдөөн гэх мэтийн зах зээлийн үндсэн механизмууд гэдгийг эдийн засгийн бус амьдралаар гурван үеэ өнгөрөөсөн энэ улс ойлгохгүй байх нь аргагүй.

    Наяад оны дундуур Орост байтугай Монголд үйлдвэрийн удирдлагыг ажилчид өөрснөө сонгох хөдөлгөөн өрнөж байсан. Энэ бол ардчилал биш, тэрдундаа эдийн засаг бол бүр ч биш. Энэ марзан тоглоом тэртэй тэргүй сүйрч байсан зөвлөлтийн хамтын нийгмийн эдийн засагт бүр ч том цохилт өгч нэг мөсөн морийг нь эмээллэсэн. Гэвч хүмүүст үлдээсэн сэтгэлгээний гаж ойлголт нь үлдсэн юм. Английн хөрөнгө оруулалттай “Тэмүүжин мэнч” компаний монгол ажилчид 1992 онд  бослого гарган хөрөнгийн эзнийг огцрохыг шаардаж удирдлага мэнэжмэнтээ өөрснөө “шудрага” сонгуулиар гаргаж ирнэ гэж айлган хөөж явуулж байсан. 2002 онд Америкийн хөрөнгө оруулалттай “Ийгл” телевизийн сэтгүүлч ажилчид ч яг адил шаардлага тавин ажил хаяж байв.

    Яковлевын ярьсан “51 хувь” гэсэн ид шидийн тоо бүр ч гүн нөлөөлөн манай нийгэмд л гэхэд олон иргэдийн тархины бараг эд эс нь болон тогтжээ. Шийдвэр гаргах төвшиндөө бол бараг л маань мэгзэм. Хөрөнгийн 51 хувийг гартаа атгасан тохиолдолд хамаг шийдвэрийг гаргаж баялагийг тэр чигээр нь дээрэмдэж болно гэсэн энэ энгийн арифметикийг ерээд оны эхэн үеийн ягаан ногоон тасалбараар хийсэн өмч хувьчлал ой тойнд нь бүр гүнзгий суулгаж өгсөн юм. Ягаан тасалбар янз бүрийн аргаар цуглуулж уг хувьчлагдах объектийн 51 хувь хүрүүт ТУЗ байгуулан дангаараа шийдвэр гаргаж үлдсэн 49 хувиа тэр чигээр нь гол гаргадаг. Тэр байтугай улс төрийн сонгуулийн систем маань ч яг энэ луйврын загвараар явагддаг билээ.

    Үнэндээ хувьцаа эзэмшигч бол тухайн хөрөнгийн ашигт ажиллагаанаас нэмж буй болсон баялагийг оруулсан хөрөнгөнийхөө хувь хэмжээгээр хүртэгч. Цөмийн түлшний эцсийн боловсруулалт хийдэг Америкийн “Вэстэрн хаус” хэмээх аврага компаний нийт хувьцааны 66 хувийг Японы “Тошиба” компани эзэмшдэг.  Асар их ашигтай ажилладаг энэ компаний ашгийн гуравны хоёрыг авах боловч мэнэжмэнт болон марктинг, технологи, бодлогод нь тэд огт ордоггүй. Мөнгөө л авч байвал болоо. Энэ бол тохиролцооны л асуудал. Одоо “Тошиба” хувьцаагаа 95 хувь хүргэж биржээс хувьцаа нэмж авч байна. Гэвч “Вэстэрн хаусд” өөрийн мэнэжмэнт болон компаний шийдвэр гаргалт, бодлого төлөвлөлт зэрэг үйл ажиллагаандаа хувьцаа эзэмшигчдийг оролцуулахгүй гэсэн заалт нь эхнээсээ нээлттэй байсан. Үүнийг хувьцаа эзэмшигч болгон мэдэж байгаа. Тэд Вэстэрн хаусын мэнэжмэнт, технологи, чадвар, нэр хүндэд бүрэн итгэдэг учир мөнгөө өсгөх гэж ийш нь хөрөнгө хийсэн хэрэг.  Хятадын кино найруулагч Жан Еимө, Оросын найруулагч Михалков нарын араас шинэ баячууд мөнгө өгье гээд дагаж гүйгээд салдаггүй гэсэн. Ямар ч хамаагүй шинэ хийх киноных нь дийлэнх хувьцааг сохроор авч мөнгөө өсгөх гээд байгаа хэрэг. Яагаад гэвэл эдгээр найруулагч нар бол брэнд нэр, яагаад гэвэл эд мөнгө өсгөдөг машинууд. Эдний ямар ч шинэ кино алдагдал хүлээхгүй гэж хөрөнгө оруулахыг хүсэгч бүрэн итгэж байгаа хэрэг.

    Мэдээж хэрэг 51 хувийг нь авсан этгээд илүү хариуцлага хүлээж шийдвэр гаргаж болно л доо. Гэхдээ энэ бүхэн эхнээсээ зохицуулалт, хууль, тохиролцоо зэргээс хамаарна. Бүх болон хэсэгчилсэн голлох шийдвэрийг гаргах тусгай эрхтэй хувьцаа байдгийг алтан хувьцаа ч гэдэг. Нийт хувьцаанд эзлэх хувиас үл хамаарч шийдвэр гаргах эрхтэй гэсэн үг. Хувьцаа худалдан авагчид гол нь хэн мэнэжмэнт хийж байна, хуулийн орчин нь ямар юм гэдэгт илүү анхаарал тавьдаг. Эндээс үзэхэд мэнэжмэнт, брэнд нэр гэсэн магадгүй илүү чухал үзүүлэлт байдаг юм байна. Монголын говьд ашигт малтмал ашиглах лицензтэй өрнийн ба монголын хоёр компани зэрэгцэн оршдог ба яг ижил нөөцтэй, бусад нөхцөл нь адилхан юм байна. Монголын компани одоогоор 30 сая долларын хөрөнгө босгож чадсан бол өрнийн компани нь 30 саяын хөрөнгө гарган байж хоёр тэрбум доллар босгочихоод байна. Нэг үгэндээ Монголын тэр компанийн мэнэжмэнтэд хэн ч итгэхгүй, тэгээд ч брэнд байхгүй болохоор тэдний тухай сонссон хүн ховор байгаа хэрэг шүү дээ. Монгол нь босгосон жаахан мөнгөндөө тохируулж дундад зууны болхи гар үйлдвэрлэл явуулна, стандарт, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн талаар түүнтэй юугаа ч ярих билээ. Хүрэлцэхүйц мөнгө босгосон нөгөөх нь дэлхийн хамгийн орчин үеийн үйлдвэрлэл явуулна. Ялгаа энд л байна.

    Засгийн газраас одоо Эрдэнэт үйлдвэрээ олон улсын бирж дээр гаргах тухай ярьж байна. 51 хувиа өөртөө үлдээгээд бусдыг нь зарах гэнэ. Үнэндээ энэ бол өнөөдөртөө бараг бололцоогүй хэрэг. Олон улсынх гэж Содхүүгийн биржийг л хэлээгүй юм бол шүү дээ. Компани бирж дээр гарна гэдэг өндөр ашигтай ажиллана гэдгээ баталж сая сая сонирхогч нарт жижиглэж зарна гэсэн үг. Ийм компанийн үндсэн зорилт нь юун түрүүн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэх ёстой. Тэдний өмнө бүрэн нээлттэй байх ёстой. Тайлан тооцоо нь ганц төгрөгний зөрөөгүй мөргөдөг байх ёстой. Ийм компани улс орноо хөгжүүлнэ, таван жилийн төлөвлөгөө биелүүлнэ, Азийн бар болно, ард түмнээ харж үзнэ гэсэн зорилго агуулах ёсгүй. Тэдний хувьд ард түмэн нь, ах дүү нь, үнэнч холбоотон нь ердөө л хувьцаа эзэмшигчид. Ингэхээр Эрдэнэт жишээ нь Нью Йоркын бирж дээр гарах гэж байгаа бол Монгол улсад үйлчилдэг хууль тогтоомж өөрчлөгдөхөөс ажил эхлэнэ. Ямар ч булхайг илрүүлж чаддаг цаанаасаа батлагдсан нэр хүндтэй аудит компаниар шалгуулахаас эхлэх дүрэмтэй. Үүнийг барилдаад, жэндэрдээд даргаа шалгаруулж тавьдаг манай хууль тогтоогчдод ойлгуулах бололцоо бий гэж үү?!  Гадаадынхан Монгол улсын маань ариун сайхан нэрийг бирж дээр тавиад л өдөртөө баяжиж тэрбумтан болоод байна гэж адгаад байгаа манай шийдвэр гаргагчдад өнөөдөртөө зах зээлийн механизмын тухай цэгцтэй байтугай цэгцгүй ойлголт өгөх бололцоо бий гэж үү? Тэгээд л төрчихсөнөөс хойш яая гэхэв дээ. Өрнөдийн боловсролтой шинэ залуу үеийг хүлээхээс өөр арга бий гэж үү?

    Арабууд гэнэт асар их газрын тос зэрэг байгалийн баялагтай болохоо мэдсэн нь саяхны л явдал. Тэд ердөө л өрнийн технологи, мэнэжмэнт, брэнд дээр түшиглэж хөгжсөн. Одоо ч тэд гадаадын компаниудтай өөрснөө гэрээ хэлэлцээ хийдэггүй, өмнөөсөө энэ тал дээр мэргэшсэн мөн л өрнийн нэр хүнтэй брэнд компаниудыг оруулдаг. Энэ бүхэн бол өнөөгийн манай дэлхийн тогтсон, шалгарсан зарчим. Дэлхий нэг стандарттай болсон болохоор шулаад л, хуураад л, амьдаар нь залгиад байдаг юм байхгүй гэдгийг л тэд сайн мэддэг. Магадгүй энэ нь ядуу орны боловсролгүй чадуу эзэмшигч нарын хувьд хамгийн чухал ойлголт нь байх. Гэхдээ тэд өрнийхнийг дагаж байнга суралцдаг. Тиймдээ ч өнөөдөр Саудын Араб, Күвэйт, Катарын бие даасан ланзгар компаниуд олон улсын бирж дээр байраа нэгэнт эзэлжээ. Гээд ийм болохын тулд тэдэнд 30-40 жилийн хичээл суралцлага хэрэгтэй болсон юм даа.  

2010.1.25