Манай хөдөөнийхөн сайн мэдэж байгаа. Дээр үед "ИЖ-Планет" гэдэг мотоциклийг овоо чө­мөг­тэй эрчүүд 6000 төгрө­гөөр худалдаж аван гангардаг байлаа. Одоо бид үхрийн тал хавирга авах гээд дэлгүүрт ороход өмнөөс 6000 гээд зогсож байна.

Мөнгөний ханш хуучин цагаас их өөр болсон ч хотынхон мото­циклийн үнээр хоногийн махаа авч байгаа мэт.

Монгол оронд өвлийн хүйтэн эхлэхээр барилга, зам засвар, газар тариа­лан, алт олборлолт, зэрэг амьжиргааны гол гол ажлууд бүрмөсөн зогсдог. Бас тарвага зурам ичдэг. Ганцхан үлдсэн үйлд­вэрлэл нь таван хошуу мал бэлчээр дээрээ дэ­рийгээд хоцордог. Нүүд­лийн мал аж ахуй бол дөрвөн улирлын турш төдийгүй хагас бүтэн сайн гэхгүй тасралтгүй үргэл­жилдэг маллагаа юм. Тийм байтал яагаад мах­ны үнэ өсөөд байдаг юм бол. Манай орны бүх ай­маг суманд зөвхөн мал аж ахуй л байна. Нэг хүнд хорин мал оногдож бай­на. Ийм элбэг юмны үнийг өсгөнө гэдэг бол гайхал­тай чадварлаг арилжаа наймаа юм. Нөгөө талаас ханахаа мэддэггүй давар­сан луйвар гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь. Нэг килограмм мах 6000-д хүргэх зардал нь юундаа   шингээд байгааг хар ухаа­наар бодоод бодоод "бодын дөрвөн шийр" л харагдана.

Тэр дөрвөн шийр өөрөө өглөө яваад хоолоо олоод идчихнэ. Өөрөө орой ирээд хэвт­чихнэ. Дөрвөн шийрэн дээр байгаа мах нь мал­чин, компани, аж ахуйгаас зардал нэхдэггүй.

Хэрэв бид гурил идэх гэж бай­гаа бол будааг ургуулах, нүдэж тээ­рэмдэх, шиг­шиж савлах гээд нажид­тай их ажил­лагаа орж бүтэн жилийн хүлээлт хөдөлмөр зар­цуулдаг. Тэгвэл малыг мах болго­ход малын хулгайч нар 15 минутын дотор ам­жуул­даг бол­чихсон гэдэг.

Эрчимжсэн мал аж ахуй гэдэг аргаар дэл­хийн бусад орнууд мах­саагаа гаргадаг. Түүнд бол тэ­жээл, уух ус, цахилгаан дулаан гээд бүх юманд өртөг шин­гээд их ойл­гомжтой харагддаг. Мах үнэтэй байхаас аргагүй ажил­лагаатай нь харваас андашгүй. Гэхдээ л Авст­ралид хурга наян мянга, том иргэ монгол мөнгөөр чүү чамай гучин мянган төгрөгт дүйж зарагддаг. Саяхан яваад ирсэн Ха­ли­магт бүх юм үнэтэй. Мах ч үнэтэй гэж ярьцгааж байсан. Үүнд нэг кило­грамм үхэр 3200, адуу 5600, гахай 9000, хонь 12600 гэсэн монгол төг­рөгтэй дүйх ханш байс­ныг зориуд тэмдэг­лэж авсан юм. Хонины мах яагаад ийм их үнэтэй гэхээр тэнд хонь бэлчих талбай хомсоос гадна уг мал өөрөө цөөн тооны, дундад Азийн чигийн ор­нууд хонь тансаг хэрэг­лээнд ордог зэрэг хүчин зүйлээс үнэ өндөртэй бол­сон аж. Биднээс хэд дахин өндөр өртгөөр тэжээж мах болгодог үхэр одоо манай зараг­даж байгаа үнэнээс хоёр да­хин бага байгаа юм. Эрх биш ашиг олдог л болоод тэгж зарж байгаа.

Дотоодод өртөг бага­тай, хамгийн элбэг байх магадлалтай махны үнийг ингэж зориудаар өсгөөд эхлэхээр бусад өндөр өртгөөр бүтдэг хүнсний бараа дагаад үнээ нэмэх нь гарцаагүй. Энэ нь улс орны эдийн засагт аюултай хор нө­лөө­тэй­гээс гадна жирийн ард түмнийг улам туйл­дуулж сорон мөлжиж буй хэрэг юм. Махны үнийг зориу­даар өсгөж дундаас нь үлэмж ашиг олдог нөхөд бол малчид биш ченжүүд ба түүнийг зохицуулдаг улстөрчид юм. Энэ өвөл зуд болсон, их олон сая мал үхсэн, одоо үлдсэн мал нь ясан хэдрэг туранхай гэсэн үнэгүй сайхан суртал­чилгаа явагдсаны буянд чен­жүүд амандаа багт­сан үнэ хэлж махчин мон­голчуудыг боож байна. Махнаас болж бухимдал үүсчихлээ. Улаан мах олддог, улайх нүүр олд­дог­гүй гэсэн үг байдаг. Хэт нь мах шиг элбэг юмгүй болно байх. Хэдийбээр зах зээлийн эрэлт хэрэг­цээ зарчим нь ийм боловч бусдыг хэт луйвардах нь заавал нэг муу үр дага­варт хүргэдэг. Үхрийн мах кг нь 6000 төгрөг. Ийм үг амнаас нь яаж гарч чадаж байна аа? Мах бэлтгэн нийлүүлэгчид ба төр зас­гийн төлөөлөгч нар яа­ралтай цугларч харилцан тохиролцож арга хэмжээ авахгүй бол ноцтой бай­дал үүсэхэд бэлэн байна. Махны үнийг тогтвортой барих зорилгоор олон тэр­бумын урьдчилгаа мөн­гө авч намар идэш бэлт­гэдэг, үүгээр дагнасан нөхдүүд бий. Дээр нь бодлого баригч ХХААХҮ-ийн яам хүртэл байгаа. Тэдний хийсэн ажил, бо­ловсруулсан бодлого нь энэ арай биш биз дээ.