Түүхээс харахад мандаж явсан цагаа алтан үе, дараагийхийг нь мөнгөн үе гэх мэтээр ангилдаг. Хөлбөмбөг дээр ч ялгаагүй. Одоо үед хэд хэдэн шигшээ багуудын алтан үе тохиолдож байгаагийн хамгийн алдартай нь Португал юм. Португалчууд шинэ зуунаас өмнө 1966 онд Эусэбиу гэж Мозамбик гаралтай тамирчны ачаар Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн гэхээс өөр ямарч амжилтгүй байсан юм. Амжилтыг нь зүйрлэвэл харваад “өнгөрсөн од” гэх үг яг тохирно.

Skytel компанийн 2010 оны Дэлхийн аваргад зориулан гаргаж буй картан дээр тавигдсан, Португалын шигшээ багийн зураг.

 

    2000 онд Умбэрто Коэльогийн баг Европын аваргын хагас шигшээд шалгарсанаар алтан үе нь эхэлсэн. 2002 оны Дэлхийн аваргын бүтэлгүйтэлийн дараа Бразил мэргэжилтэн Луис Фэлипэ Сколари ирсэнээр шинэчлэл хийхийг ёстой үзүүлж өгсөн. 2004 оны Европын аваргаар эхний тоглолтонд Грект хожигдсоны дараа үндсэн бүрэлдэхүүний тамирчдын талыг нь суулгаж Мигэл, Карвалью, Нуну Валэнтэ, Дэку, Роналду гэсэн “шинэков”-уудыг гараанд гаргаж Луиш Фигу, Фэрнандо Коутугаас багийн ахлагчийн туузыг нь авсан. Ингэснээр ахмадууд шахагдаж, багийн шинэ суурь бий болсон. Тактикын хувьд ч өөрчлөлт орж одоо үед олон багууд хэрэглэх болсон 4-5-1 хувилбарын эхлэлийг тавьж, амжилт нь өсөж, дээд зэрэглэлийн баг болсон. Алтан үеийн Португалд нэг сул тал байгаа нь төвийн довтлогч. Сколари: Би Роналдо (Бразил) шиг ганц довтлогчтой бол Португалыг Дэлхийн аварга болгоно” гэж хэлсэн нь үнэний хувьтай. Сколаригийн хэрэгжүүлж буй тактикт, урд илэрхий нэг довтлогч нь өндөр ур чадвартай байх зайлшгүй нөхцөлтэй юм. 2010 оны урьдчилсан тоглолтуудыг харахад ч гэсэн довтлогчийн асуудал улам хурцадсаныг харуулсан. Нийт 17 гоол оруулсаны наймыг нь Мальтад оруулсан. Тэнцүүхэн, хамгаалалт сайтай багуудад гоол оруулж чадахгүй хэвээр. Жигүүрүүд сайн ажилладаг ч төгсгөл заавал хэрэгтэй нь Унгар, Албаний хамгаалалтаас харагдсан. Талбай дээрээ Албанитай тэнцэж, Данид хожигдсон. Дэлхийн аваргаар довтолгоонд Лиедсон, Угу Алмэйда нарын нэг тоглох магадлал хамгийн өндөр. Сүүлийн жилд Рикардугүй болсоноор хаалгачын асуудал мөн хурцаар яригдах болсон. Эдуарду, Фэрнандэш, Бэту гээд хэн ч танихгүй “манаачид”-ын нэг тоглоно. Өнгөн талдаа Таван бамбайтны шигшээ (Поргугалын хоч) хүчирхэг харагдаж байгаа ч хамгийн гол байрлалууддаа үнэхээр сулхан байна. Алекс Фэргюсоны туслах байсан гэхэд мэнэжэр Карлош Кэйрос урьдчилсан тоглолтонд тун хангалтгүй удирдсан. Хэсгийн багууд нь тийм ч хүчирхэг байгаагүй, тэд муу байсан.

     Энэ жил ч гэсэн 4-5-1 гэсэн хувилбар хэрэглэх нь ойлгомжтой. Хаалгачаар Эдуарду, арын дөрвөн хамгаалагчаар Мигэл, Карвалью, Бруно Алвэш, Фэррэйра, хоёр цэвэрлэгчээр Раул Мэйрэлэш, Вэлосу, Тиагу, Моутинью (довтолгоог дэмжих чиглэлийн) нарын хоёр нь, найруулагчаар Дэку, хоёр жигүүрт Роналду, Нани (эсвэл Симау) довтлогчоор Угу Алмэйда тоглож болох юм. Бүр болохгүй бол Роналдуг довтолгоонд тавиад Симау, Нани гэсэн жигүүртэй тоглож болно. Үндсэн бүрэлдэхүүний Пэпэ, Босингва нар гэмтэл бөгөөд Пэпэг дасгалжуулагч дэлхийн аваргын өмнө эдгэрээд формондоо орж чадна гэж үзсэн бололтой гучин тамирчиныхаа дунд нэрийг нь оруулжээ.

     Тоглолтын тактикын хувьд жигүүрийн хамгаалагчид хамгаалалтаа урагшлуулдаг. Эсрэг багийн жигүүрийн тоглогчдыг урдаас нь тосч хамгаалж, довтолгоонд тодорхой ургашилах байрлалтай. Бозингвагийн ур чадварыг ашиглаж баруун жигүүр илүү урагшилж тоглодог байсан ч гэмтэлтэй учир Мигэл орлоно. Хамгаалалтанд сайн бэлтгэгдсэн цэвэрлэгчид нь сүүлийн үед довтолгоонд илүү санаачлага гаргах нь багассан. Манишэ, Дэку, Моутинью нарын формгүй тоглолтоос ихээхэн шалтгаалж буй. Шинээр гарч ирж байгаа залуучууд ч довтолгоонд тийм сайнгүй байгаа нь үнэн. Төвөөс санаачлага гаргана гэдэг тэр чигтээ довтолгоон, хамгаалалтанд шууд нөлөөлдөг. Дэлхийд шагшигдаж байгаа жигүүрийн бүс гоцлон тоглолтуудыг ихээр, дэндүү үр бүтээлтэй хийдэг учир эсрэг багууд нь хамгаалалтын өвөрмөц хувилбар сонгохоос өөр аргагүй байдалд хүрдэг.

   Таамаглалынхаа эцэст Португалын шигшээгийн Криштиану Роналдуг заавал онцлохгүй бол болохгүй. Роналдуд зарим сонирхогчид дургүй байдаг нь зан характэртай нь холбоотой. Дэндүү өөртөө итгэлтэй, өөрийгөө бүхний төв гэж ойлгодог, өөрөөсөө бусдыг үгүйсгэх хандлага гаргадаг зан нь амжилтынхан гол хөдөлгүүрч байж болох юм. Гэхдээ  тэр бол үнэхээр “атаархам” тоглогч. Гайхалтай хууралт, дамжуулалт, довтолгоо уншилт, цохилт, мөргөлт гээд бүхнийг чаддаг. Одоогоор чөлөөт цохилтын гүйцэтгэлээр дэлхийд номер нэг гээд хэлчихэд буруудахгуй. Гол нь байрлал гололгүй дуртай газраасаа оновчтой цохиж чаддаг.  Энэ нь Португалын шигшээд том давуу талыг үүсгэдэг. Хэрвээ хаалттай цохилтыг аль баг илүү үр бүтээлтэй цохих вэ гэсэн судалгаа гаргавал Португал түрүүлэх магадлал тун өндөр.

     Дэлхийн аваргаар тоглолтын хуваарь хатуу таарч, үхлийн хэсгээс “амьд” гарахын тулд эхний тоглолтоо Кот Д’Ивуартай хийнэ.

 Дэлхийн аваргад оролцож буй бүх багийн танилцуулгыг “Үндэстний тойм” сэтгүүл дээр цувралаар нийтлэж байна.