Өнөөдөр долоон сарын нэгэн! 7/1. Үүнийг чухам өнөөдөр эргэж дурсахгүй бол нүгэл болно, учир нь “Долоон сарын нэгэн” хэмээх нэгэн огноо Монголын түүхээс хэзээ ч салахгүй нэр томъёо болон үлдлээ. Сайнаараа ч, муугаараа ч. Сургамжаар ч, түүхээр ч. Хожмын түүхчид энэ үйл явдалд бодитой дүгнэлт өгөх биз. Өнөөдөртөө үүнд дүгнэлт өгөхөд түүхийн талаасаа хэтэрхий эрт байна. Үгүйдээ л жагсагчид руу хэн буудах зөвшөөрөл өгсөн, хэн үүнийг гардан гүйцэтгэсэн, хаа хамаагүй Соёлын төвийг хэн галдан шатааж тоносон, энэ нь зохион байгуулалттай байсан уу, тайван жагсагсадыг хэн өдөөн хатгалга руу түлхэн оруулсан, энэ нь хэнд хэрэгтэй байсан гээд үй түмэн асуултын хариу олдоогүй л байна. Бүтэн жил болчихоод байхад үүний хариуг хэн гаргахгүй нуун дарагдуулаад байна, яагаад гэдэг асуулт ч хариугүй л байна. Харин яагаад Долоон сарын нэгэнд гэв гэнэт 20-30 мянган хүн төв талбай дээр хэний ч дуудлага заллага үгүйгээр цуглан эсэргүүцлээ илэрхийлэв гэдэг байраг л эхнээсээ тодорхой байсан зүйл. Хэдийгээр бослогын маргаашаас л Оросын мэдээллийн хэрэгслэл үүнийг америкчуудын зохион байгуулсан зүйл, урааны хувьсгал, эсгий гэрийн хувьсгал, өрнийхний хатгалгаар хийгдсэн өнгөт хувьсгал хэмээн тодорхойлж байсан ч гэсэн яг үнэндээ хэн ч өдөөн хатгаагүй, зохион байгуулаагүй - ард түмний эсэргүүцэл байсан юм. Эрх чөлөөгөө олсон, олсноо эдэлж сурч байгаа тэр л ард түмэн луйвар булхайг эсэргүүцэн хэнээр ч хэлүүлэлгүйгээр төв талбай дээрээ цугласан юм. Ийм илэрхий юмыг үгүйсгээд ч яах юм билээ.
   

 Өнгөрсөн 20 жилд болсон хамгийн шудрага зөв сонгууль 1990 оны 7-р сарын 22-нд болжээ. Монголын ардчилалын өдөр бол 7/22 юм. Бид түүхэндээ анх удаа ард түмнээрээ чөлөөт санал өгөх хэлбэрээр төрөө сонгосон. Үндсэн хуулинд орсон засвар ёсоор анхны байнгын ажиллагаатай парламентийг 51 суудалтайгаар байгуулах болсон. Энэ парламентэд тухайн үед байгуулагдаад байсан намууд хичнээн суудал авахыг ард түмнээс пропорциональ гэгддэг системээр авчээ. Сонгогчийн өмнө сонгуульд нэрээ дэвшүүлсэн зургаан намын нэр байх, тэндээс нэгийг нь дугуйлж дэмжинэ. Байнгын бус ажиллагаатай Ардын их хурал 430 суудалтай, түүнийг нь сум, дүүргийн тоогоор хуваагдсан тойргууд нэг нэг хүнийг сонгон шалгаж бүрдүүлнэ. Намуудын авсан суудалд тухайн намаас чухам хэн нь суухыг Ардын их хурал чуулганаараа шийднэ. Өөрөөр хэлбэл намын суудлын тоог ард түмэн шууд шийднэ, суух төлөөлөгчийг нь ард түмнээс сонгогдсон 430 гишүүн сонгоно. Ингээд МАХН суудлын 60 хувийг авсан. Монголын социал демократ нам, Монголын үндэсний дэвшлийн нам тус бүр гурван суудал, үлдсэнийг нь Монголын ардчилсан нам авч билээ. 51 суудал дээр суусан гишүүд нэгэнт жалга жалганаас сонгогдоогүй учир жалгын өмнө хариуцлага хүлээдэггүй, тэр л хэрээрээ зөвхөн нийт улс орны эрх ашгийн асуудлыг л хөндөн хэлэлцдэг байв.
 

Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараагаас бантангаа хутгаж мундраа дэлгэж эхэлсэн дээ. Тойргуудыг аймаг дүүргүүдэд 26 тойрог болгон хувааж олон мандаттай мажоритар сонгууль явуулав. Энэ систем нь яльгүй ч бай илүү санал авсан нь бүх суудлаа авдаг учир цөөнх болсон нь огт суудалгүй хоцордог, тэдний дуу хоолой ор тас алга болно. Үнэхээр ч ийм дүн гарч 60 хүрэхгүй хувийн санал ард түмнээс авсан МАХН 76 суудлын 70-ийг нь буюу 90 хувийг нь дангаараа авчиж билээ. 1996 онд нөгөө 70 маань өөрсдийнхөө дахин сонгогдохыг бодоод түрүүнийхээсээ долоон дор хууль батласан нь улсыг аймгаар нь биш бүлэглэсэн сумдаар 76 хэсэг болгоод тойрог болгоноос нэг хүн сонгох хувилбар ажгуу. Харин асуудал тэдний бодсоноос эсрэгээр гарч ардчилалынхан 50 суудал авч орхив.
 

 2000 онд нийгмийн хандлага яльгүй эргэж МАХН-ыг дэмжигчид илүү олонх болсон байлаа. Үнэхээр ч тэд ард түмнээс 50,4 хувийн дэмжлэг авч нийт суудлаас 72-ийг нь буюу 95 хувийг нь хусаж орхих нь тэр. Нийгмийн үлдсэн 49,6 хувь нь 4 суудалтай хоцорлоо. 2004 оны сонгуулиар нийгмийн дэмжлэг мөн л яльгүй эргэж ардчилалынхан илүү шанстай болов. Харин энэхүү хэд хэд нахисан сонгуульд намууд болон улс төрчид суралцан дадлагажиж зальдах, луйвардах, хулгайлах, худалдаж авах, хуурах есөн шийдийн аргад үнэн чадамгай болжээ. Үүндээ төрийн аппаратыг ашиглах төдийгүй гадаад орны сонирхогч хүрээнийхнийг татан оролцуулах болсон байна. Энэнийг эрх барьж байгаа нь л хийж чадна. Учир нь төрийн эрх мэдэл мөнгө цаас нь тэдний мэдэлд байгаа. Үүнээ дагасан бүхэл бүтэн зохион байгуулалттай сүлжээ ч төрийн мөнгөөр хагас нууц байдлаар ажиллах болсон юм. Энэ сүлжээнд ажиллагсад одон тэмдгээс эхлээд мөнгө төгрөг эд материалаар урамшдаг, гэхдээ ичнэ зовно гэж байхгүй ил цагаан болоод ирсэн юм. Чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн зарчим үйлчлэнэ.Эрх баригчид ялагдаад ирэнгүүтээ улаан цагаандаа гарч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж зарлаад ичгүүргүй луйвар илээр хийж гарсан юм. Үнэндээ тэд тасархай ялагдсаныг янз бүрийн судалгаа харуулдаг.
  

Эргэж эргэж нуг гэгчээр 2008 оны сонгуулийг мөнөөх 1992 оны олон мандаттай хувилбараараа явуулах боллоо. Урьд нь сонгогч мандатын тоогоор санал өгдөг байсан бол одоо хүссэн тоогоороо өгөх болов. Бүртгэлийн системгүй улс магадгүй дэлхийн хамгийн төвөгтэй системийг бодож олжээ. Гэвч төвөгтэй тусмаа луйвар хийхэд хялбар. Өнгөрсөн жилийн сонгуулиар сонгогч хэдэн санал өгсөн нь мэдэгдэхгүй учир баланс барьж болохгүй байсан нь залилан луйвар хийх хамгийн том тавцан болов. “Нэгийг тоо” гэдэг оппераци явуулжээ. Дүн гарангуут нэгтгэл дээр нь гаргах гэсэн хүнийхээ дүнгийн өмнө нэгийн тоо тавьчихана. 115 санал авсан хүний дүнгийн өмнө “1” тавьчихаар 1115 санал авсан болно. Бүх саналын хуудсыг эргэж гарган дахин тоолохгүй л бол энэ дүн баригдахгүй. Залиланг бүх хэсэг дээр хийхгүй, сонгож авсан хэдхэн хэсэг бусдын дүн гарахыг хүлээгээд сууж байна, хэдэн санал нэмэх хэрэгтэйг утсаар хэлэнгүүт түүнийг нь нэмээд өгнө. Тухайн “азтай” хэсгийн бүх ажиллагсад аль намаасаа үл хамааран ажиглагчтай юутай хээтэйгээ хэр хэмжээнд нь бол олдошгүй их мөнгөөр мялаалгана. Зөвхөн үүгээр амьдраад сурчихсан нийгмийн бүлэг ч буй болж амжижээ. Энэ арга ялангуяа өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуульд бүр ч төгөлдөршсөн нь илэрхий харагдсан. Ухаан нь Баянзүрх дүүрэгт урьд нь УИХ-ын сонгуульд орж байсан хэрэндээ нийтэд танигдсан хэсэг ардчилагчид мөнгө төгрөг гарган түлээ нүүрс гурил будаа тараан аминдаа их л хичээсэн боловч хэн нь ч цухуйсангүй. Харин Ху-ын гэгдэх хэн ч танихгүй хорин хэдтэй залуучууд тэдэн шиг тэнэгтсэнгүй, чив чимээгүй сууж байгаад л “хэрэгтэй газар” нь мөнгөө нэг дор зарцуулаад л тов хийтэл гараад ирсэн байна.
    Өнгөрсөн оны Долоон сарын нэгэнд ард иргэд шудрага бус явдалд дургүйцсэндээ тэсвэрээ бараад гарч ирсэн юм. Тэд улс орноо аварсан. Тэд үр хүүхдийнхээ ирээдүйг аварсан. Тэд улам бүр авилгажиж буй төрөө аварсан. Тэд Монголын түүхэнд хэзээ ч балрахгүй мөрөө үлдээсэн. Тэд иргэний зориг гаргаж энэ орны жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг луйварчдад сануулсан. Соёлын төв түймэрдсэн, морин хуур хулгайлсан, урлагийн бүтээл эвдэн сүйтгэсэн, цагдаа зодсон, архи олзлон гударсан, тонон дээрэмдсэн, машин шатаасан, зэрлэг балмад загнасан зэрэг бол тусдаа асуудал. Тэрийг зөвтгөх ч гээгүй. Иргэдийн шудрага тэмцлийг зориуд муухай харгдуулах гэсэн тайлбарлагчдын явуулга уу, сүүлд нь цугласан эрүүгийн элементүүдийн танхайрал уу – одоо хэлэхэд дэндүү эрт байна. Гэмт хэргийг гэмт хэргээр нь ойлгон шүүх хэрэгтэй болохоос талбай дээр 30 мянган дээрэмчин цуглаж галдан шатаасан маягаар, эсвэл гэртээ зүгээр сууж байсан улсыг америкийн империалистууд мөнгө төгрөгөөр зодон гадаа гаргаж ирсэн маягаар тайлбарлана гэдэг зөөлхөн хэлхэд... юу ч гэмээр юмбдээ?!  Долоон сарын нэгэн – Монголын ард түмний шудрага тэмцлийн өдөр!
2009.6.30