Зохиогчоос: Манай зохиолын баатрын намт­рыг тэг дундаас нь хоёр тийшээ, эсвэл хой­ноос нь тонгоруулж яри­хад бо­лоод байдаг хэр­нээ эх­нээс ярих гэхээр л гацчихдаг юм. Учир нь түүний төрсөн эсэх асуу­дал тун ярвигтай. Иргэ­ний паспорт авах насанд хүрдэг жилээ мань хүн өөрөө "хүчингүйд тооцог­дон" сонинд зарлуулах  шахжээ.

Социализмын үеийн хэвлэл сонинд цорын ганц зар сурталчилгаа байсан нь "Хүчингүйд тооцжээ" булан билээ. Тэнд хүний өвөө эмээ гамин, борооны цэрэгт явсан, эх эцэг нь "Лоо­хуузын эсэргүү" бүлэгт орсон, өөрөө намын арга хэмжээтэй эсэхийг үл хар­галзан тэгш эрхтэй­гээр  "тэр энэ хүн ийм тийм баримт бичгээ хаясан, эсвэл хугацаа нь дууссан тул хүчингүйд тооцов" гэж зарлаж болдог. Сүй­хээ­тэйхэн хүн бол аль нэг баримт бичгээ зориуд хаях юм уу, хаясан гэж хэлээд сонин дээр хү­чингүй болсон  юмныхаа хамт нэрээ гаргаж болдог байв. Сэргэлэн нь дэнд­сэн нэг эр "Модны хоёр­дугаар артелийн ажил­тан Сүхээ овогтой Нам­жил нь хими цэвэрлэ­гээний 21204-оор дуудаж ярих тоот квитанци гээг­дүүлснийг үхрийн өрөөл мах зарна хүчингүй бол­гов" гэсэн зар нийт­лүү­лээд "Залуучуудын" сони­ны эрхлэгчийн дээлийг толгойд нь нөмөргөн алд­сан билээ.

Гэтэл ямар ч заль мэх оролгүйгээр "1967 онд төрсөн Тэрбиш овогтой Бибишийг хүчингүйд тоо­цов" гэж зарлаж боло­хоор нөхцөл байдал үүсээд ирэх нь тэр. Төр түүнийг 16 нас хүрмэгц иргэний паспорт олгох гэтэл төрсний гэрчилгээ байсангүй. Тэднийхэнд уг удмаар нь дургүй хүрч явдаг дарга нарын хувьд  задарсан хүүг "хүчингүй болгох нь" сайхан бо­ломж санагдан баяр хүрээд явчихжээ.

Гэтэл баяр ч бүрэн гүйцэд хүрч амжаагүй байтал айдас  нөмрөн авлаа. Юу гэвэл Бибиш хөвүүн сүүлийн найман жил манай улсын дунд сургуулийн бүх сурагчийн дансанд бичигдээд, өн­гөр­сөн оны хүн амын тооллогод бүртгэгдчих­сэн байв. Хүчингүй болго­лоо гэхэд Боловсролын яаманд бүртгэлтэй нэг хүүхэд, Статистикийн хо­рооны Загасбалдан дар­гын дансанд бичигдсэн нэг иргэн сүүлд нэхэгдэ­хээр  юугаа хэлж, хуйхаа маажих билээ. Хуйхаа маажихгүйн тулд түүнд иргэний үнэмлэхийг олгох ёстой, иргэний үнэмлэх олгохын тул төрсөн гэр­чилгээг үндэслэх учир­тай, тэр нь байдаггүй.

Хэсгийн төлөөлөгч л "Мал байсан болоосой, хулгайд алдагдсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гэхчлэнгээр мөн ч олон янзаар далд хийж бо­лохсон доо...цъ цъ!! хэ­мээн гаслаад байсны учир дараа гарна.

Ингээд түүнтэй хол­богдох бичиг баримтыг "Өнөөдрөөс эхлэн араг­шаа" зарчмаар шалгаж гарчээ. Нэгдүгээр ангид хүртэлх баримт бичиг сургуулийн архивт байл­гүй л яав гэж. Гэтэл сур­гуульд орохоосоо өмнө түүнийг байсан гэдгийг нотлох юм гарахгүй зо­воолоо. Харин урьд­чи­лан сэргийлэх тарилгаас зугтаасан протокол гарч аминд оров. "Булчин тарианы сургаар Арга­лантын жалганд өдөр­жин нуугдахаасаа өмнөх түүхээ батал" хэмээн төр түүнээс шаардлаа...

Сумын намын үүрийн дарга олон жил хийгээд одоо захиргаанд бүртгэл хариуцах болсон өвгөн даргын өрөөнд ийм яриа болж байна.

-За Бибиш минь. Чамд иргэний үнэмлэх яагаад ч өгч чадахгүй нь.

-Өгч л таарна даа. Би хүн амын тооллогод ор­чихсон юм чинь. Та ул­сынхаа хүнээс нэгийг дутаахгүй биз дээ.

-Чи төрсний гэрчилгээ биш юмаа гэхэд төрснөө гэрчлэх хүн олоодох. Бит­гий  л даргын маши­ныг унаад аав ээжийгээ авахаар явчихаарай гэж дарга гуйлаа.

Хэсгийн төлөөлөг­чийн явдал:
Үнэхээр ч тийм явдал болжээ. Би­биш бөмбөг тоглож бай­сан хүүхдүүдийн дэргэ­дүүр явж байтал цэцэр­лэгийн цонх хагарчээ. Цонх хагарах үед суманд шинээр ирээд малын хул­гайд сүрхий гэгдэх болсон хэсгийн төлөө­лөгч сууж байж.

Энэ монгол хэл мөн сонин шүү, би хэсгийн төлөөлөгчийг малын хул­гай илрүүлэхдээ сүрхий сайн гэдгээр нь жаахан  товч магтах гэхээр ийм өгүүлбэр босоод ирж бай­гаа юм.

Төлөөлөгч энэ удаа хүүхдийн цэцэрлэгт хул­гайн малтай огт өөр асууд­лаар асрагч хүүхэн­тэй уулзаад сууж байж таарав. Тэрээр цонх ха­гал­сан асуудлаархи хав­таст хэргийг ой санамж­даа нээгээд мөрдөж эх­лэв. Даа ялангуяа цэцэр­лэгийн асрагч охины дэргэд хэрэг илрүүлэх нь түүнд нэр төрийн хэрэг санагдаад явчихав.

Нэг зүйлийг дурдах­гүй өнгөрч болохгүй. Хэс­гийн төлөөлөгч малын хулгайд гаажтай боловч  өөр юмны хулгай юмуу, малаас ондоо юмтай хол­богдоод ирэхийн ал­дад амархаан бүдэрдэг нэгэн байв. Хүчингийн хэрэг мөрдөх явцдаа хүү­хэнд 10 жил сонсгож, хархүүд нөхөн олговор ба аборт хийлгэх зардал хүртээх байдлаар ял тө­лөвлөсөн удаатай. Гэх­дээ л малын хулгайд гаргуун, бараг л хулгайд алдсан малыг үнэрээр нь хөөгөөд гаргаад ирнэ.  Хээлтэй үнээний сүвийг үнэртэж үзээд аль буханд гишгүүлснийг нь яг хэлдэг гээд бодчих. Дарга нар нь түүнээс жаахан ичдэг боловч хөдөө нутагт мал нь хүнээсээ олон арав дахин их юм чинь манай хүн ажилдаа яг тэнцэнэ гэж үзсээр иржээ.

Хэсгийн төлөөлөгч да­мар нь хугархай мал­гай­гаа нүдээ дарж өм­сөөд  гарч ирлээ. Хуулийн хүн хорвоог хардаг нүдээ хичнээн сайн хаана тэр хэрээрээ хууль бус юмсыг төдийчинээн тольддог болтой юм аа.

Мань хүн өөрийнхөө ирээдүйг "Хаврын 17 учрал" киноны  тагнуулч Штирлицээр төсөөлнө. Германууд мал хулгай­лаад, мань хүн штан­дартанфюрерийн дүрд хувилан очиж мөрдөх юм уу , хаашаа юм бэ. Харин дамар малгайгаа СС-ийн офицерийнхтэй адилхан болгох гэж хавчийлга­саар байгаад хатуулгыг хугалчихсан нь бол үнэн.

Ингээд "малын хулгай талын Штирлиц"-ийг га­даа гарч ирэхэд Бибиш байж таарлаа. Хамгийн түрүүн тааралдсан хүн хамгийн том сэжигтэн тул түүнийг барин авлаа.

Ингээд түүнийг өрөөн­дөө оруулаад "шоронд хийнэ" хэмээн сүрдүүлж эхэлжээ. Цэ­цэрлэгийн цонх хагалсан хэрэгт сэрдэгдээд байгаа­гаа мэдэж автал хагас өдөр болсон гэдэг юм. Толгой нь эргэж гүйцсэн Бибиш "Даваа гариг бүр цэцэрлэгийн хашаанаас нэг хүүхэд барьж шоронд хийдэг. Өнөөдөр миний ээлж таарч" гэж хүртэл бодсон удаатай. Гэтэл хэсгийн төлөөлөгч цэцэр­лэгийн арын хаалгаар гарч ирсэн. Цэцэрлэгийн ард талд уг нь цонх бай­сан боловч хэдэн жилийн өмнө хүйтэн орохын нэ­мэр гээд тоосго өрчихсөн тул хагарах боломжгүй гэдэг дээр хүрэхэд  үдийн завсарлага болж байв. Ингээд мухардсан хэс­гийн төлөөлөгч "Энэ золигийн оронд үнээ бай­сан бол хэргийг мөн сай­хан хүлээлгэнэ дээ" гэж шүүрс алдсан ч шуурхай шийдсэндээ бахархав.

-Эцэг эхээ авчирч уул­зуулахаас  нааш чамайг суллахгүй гэжээ.

-Аавы­гаа яаж авчрах вэ?

-Тэр чиний хэрэг,  ха­рин ажил тарахаас өмнө дагуулаад ирээрэй. Суллахгүй гэсэн хүүхдээ гаргаад явуулав.

Бибиш золигийн хүү­хэд, багадаа бол хүн болохын эцэсгүй амьтан байсан юм. Өөр хүүхэд бол "Аав ээж хөдөө бай­гаа" энээ тэрээ гээд түмэн шалтаг тоочно шүү дээ. Гэтэл тэгдэггүй туучий байгаа юм.

-За одоохон аавыг аваад ирье гээд гарчээ.

Тэр мөртлөө сумын дарга дээр очоод,

-Хэсгийн төлөөлөгч таны машинаар гэмт хэ­рэг­тэнг авчирна гэлээ.

-Хэрэгтэн нь хэн юм юм бэ?

-Миний аав.

Нэгдлийн даргын хөх инээд хүрэв. Манай ард түмэн "эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг" гэж арай л дутуу хэлсэн юм. Уг нь "эцэг нь хээр алаг бол хүү нь яг тийм алаг" гэх байсан гэдэг нь Би­биш эцэг хоёрын жишээ­нээс харагдаад байдаг. Бибишийн аав Тэрбиш нам улсын нэг   бус ажлыг хамгийн эгзэгтэй үед нь унагаан алдаж, дарга нарынхаа алийг алдуулж явдаг нэгэн. Арга хэмжээ аваад шийтгэе гэхээр өө олддоггүй, нөхцөл бай­дал ямагт түүний талд гарчаад болдоггүй нэг лай байсан тул дарга энэ мэдээг дуулаад заяатай л инээд алдчихсангүй. Жо­лоочдоо бензин дүүргэж өгөөд Бибишийг суулган явуулжээ.

Бибиш ийнхүү сумын даргын  машинаар гэртээ харьж, зөндөөн санасан дүү нартайгаа уулзаж, ээждээ эрхэлсэн гэнэ лээ.