(үргэлжлэл)

...Аав нь хэнэггүйгээрээ цуутай эр “бэлэн унаагаар сум ороод далимд нь цагаан сарын чихэр боовоо төхөөрөөд ирдэг хэрэг” гэсээр явжээ. Үнэхээр л тэгсэн гэж байгаа. Хэсгийн төлөөлөгч түүнд “хүүхдээ сайн хүмүүжүүлээрэй” гэсэн ганц үг хэлжээ. Тэгээд бас  нэг үг нэмсэн нь “Одоо хүүгээ аваад харьж болно”.Аав хүү хоёр дахиад л даргын тэргээр хөдөө гэр лүү жирийв. Хууль сахиулагч түүнд хүүхдээ авахаад харихыг зөвшөөрсөн юм чинь
Харин маргааш өглөө бөөн хэрэг мандлаа. Хэсгийн төлөөлөгч даргын тэргийг дайчлаагүй боловч “Бибишийг аавыгаа аваад ир” гэж хэлсэн нь тодорхой болов. Сумын захиргаа өөр юм бодоод, Бибиш өөр юм хийчихсэн нь мэдэгдэв. Гэтэл гай чинь  боловсролын хэлтсээс шалгалт ирэх гэж байхад сургуулиа хаяад гэртээ харьчихдаг. Сургуулийн захирал “За дарга нар минь, явуулснаараа та нар тэр хүүхдийг олж өг. Би хүүхэд сургууль завсардуулсан хэрэгт орох гээд байна” хэмээн үглэж гарчээ.
Ингээд  мөрөөрөө явж байсан хүүхдийг барьж, даргын тэргээр гэрт хариулсан,  аавд нь “хүүгээ аваад харьж болохыг” зөвшөөрсөн хэсгийн төлөөлөгч хархүү  л хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиураар тодорчээ. Тэрээр ноормын бензинээ даргын тэргэнд юүлээд Тэрбиш гуайнх руу довтоллоо. Энэ цагаас хойш хэсгийн төлөөлөгч бээр Бибишийн оролцсон ямар нэгэн хэрэг түвэг гарах ахул бушуухан хөөж явуулаад үлдсэн нөхдөд нь хэрэг тулгадаг болсон гэдэг юм.
Сэдэвтээ эргэн ороход:Энэ бүхнийг сайн санах учраас сумын бүртгэл хариуцсан дарга зориуд анхааруулаад байсан хэрэг.
Гэтэл Бибиш
-Ингэхэд миний төрсний хамгийн том гэрч та. Та миний нэрийг өгөө биз дээ гэх нь тэр.
-Би ямар чамд нэр өгөх гэж тэгээ юу... гээд намын хуучин дарга гацлаа. Бас л нэг явдал болоод авсан байв...
Бибишийн түүхийн өмнөх түүхээс:
  Бибишийн түүхийг эхнээс ярьж болдоггүй боловч төрөхөөс ньл хамаагүй өмнөөс эхэлбэл  хөврөөд явчихдаг гэж байгаа. Хөдөө орон нутагт соёлын довтолгоогоор хотын мэргэжлийн явуулын эмч иржээ. Тэд  хүн нэг бүрийг үзэж арьс өнгөний өвчин илрүүлэх  отряд гээч  байсан аж. Гэхдээ арьснаас халиад дотор эрхтэн бишгүй нэг үзэж байсан хэрэг. Бибишийн эхийг үзсэн эмч  “зүрх муутай учраас хүүхэд гаргаж болохгүй, жирэмслэхээс сэргийлэх сайн зүйл орос аптект байдаг” хэмээн зөвлөсөн байна. Яг нарийндаа яасан гэхээр Бибишийн ээжийн зүрх зөв зүгээр, харин түүний өмнө орсон хүний уушиг найгүй байснаас эмч ингэж будилжээ. Хоногт 365 хүнд үзлэг хийж байсан тэр эмч хэдэн хэдэн эрэгтэй хүнд “умайн хүзүүний хавдартай”  гэсэн онош тавьсны хажууд энэ юу ч биш.
     Ингээд  Бибишийн ээж болох хүн хот явсан тууварчинд нэг хонь өгч захиж баймаажин орос аптекийн проомсогтой хүнээр “гоонь дом “гэдэг домын эм авахуулжээ. Энэ бол  хүүхэд гаргуулах нь бүү хэл гоонь байлгаж чаддаг хүчтэй дом ажгуу. Уг домын “зай”(элемент) нэг сонин дугуй резин маягийн зүйл байх ба гялгар уутанд савлагджээ. Хэрхэн домнохыг заах хүн олдсонгүй. Ингээд нутгийнхаа Цагаан доктор гэдэгт ханджээ. Цагаан доктор: жирийн малчин ард байснаа тахлын жил орос доктор дагаж санитарч хийсээр улмаан доктор гэгдэх болжээ. Тэрээр  хамрын ханиаднаас эхлээд уушигний хатгаа, ходоодны шарх, элэгний үрэвслийг хүртэлх,  тухайн үед орон нутагтаа бүртгэгдсэн 150 орчим өвчнийг кодин хэмээх ганцхан эмээр эмчилдэг байсан хэмээн  төрөлх сумынх нь 60 жилийн ойгоор гарсан лавлахын  “Ц” үсгийн аймагт бичигджээ.
 Хачирхалтай тохиолдлоор Бибишийн ээжид тэрээр кодинтой “гоонь дом” санал болгосонгүй. Зүгээр л “Тийм ээ санаж байна. Марина доктор бид хоёр байнга хэрэглэж байсан дом  яг  дүрээрээ мөн. Тэр үед “гоонь дом”  хараахан гараагүй, оронд нь хятадын “бэлэвсэн дом” хэрэглэж байсан цаг. Орос дооктор бол цэвэр спиртээр, харин би нэрмэлээр даруулдаг байсаан. Харин чиний хувьд зүрх муутай хүн архи дарсаар яахав, харин борви тойгны шөлөөр даруулаад хэвтэр дээрээ халуун бүлээн уусан нь дээр байх” хэмээн зөвлөжээ.
Бибиш:Ингээд эцэг нь холын аянаас эргэж ирэхэд ээж нь “гоонь дом”-аа шинэхэн гаргасан хонины борви тойгны шөлөөр даруулсан домносон тэр шөнө Бибиш олдсон байна. Бибишийн эцэг эх өмнө нь Чимөн нэртэй нэгэн хүүтэй болсон нь удалгүй эндсэн юмсанж. Ингээд гоонь домонд дийлдэлгүй олдсон хүүгээ ямар ч байсан төрүүлэхээр шийджээ.
Түүний төрсөн жил Октябрийн хувьсгалын 50 жилийн ой тохиожээ. Октябрийн түүхт ойгоор тэдний суманд орос маягийн эмнэлэг баригдаж  Мира Военовна  Нетова хэмээх орос эх баригч ирсэн юм. Энэ сургаар ч юм уу, ерөөсөө насны хэмжил болсон ч юмуу, Цагаан доктор нас барсан байна. Хожим анагаахын дээд төгсөж хүний  зөвхөн нэг төрлийн өвчнийг л гэхэд арав гаруй  янзын антибиотокоор эмнэж сурсан зээ хүүгийнх нь ярьснаар бол “Цагаан доктор өөрийгээ кодиноор огт эмчлэхгүй байсаар нүд анисан” гэх.
Сумын эмнэлэг: Сумын шинэ эмнэлэгийг, ялангуяа орос эх баригч бүхий төрөх тасгийг Октябрийн  аугаа их хувьсгалын 50 жилийн ойн өдөр  заавал ашиглалтад оруулахыг аймгийн намын хорооноос үүрэг болгожээ. Гэтэл сумын хэмжээгээр ганц жирэмсэн эх байсан нь Бибишийн ээж ажгуу. Ингээд сумын намын үүрын дарга  Нагаржунагийн Улаансум, сум хариуцсан НАХ(нийгмийг аюулаас хамгаалах) хэлтсийн төлөөлөгч  Зонховын Нагаанбуу нар яаралтай зөвлөлгөөн хийгээд Бибишийн  эхийг тэр үеэр  албадан амаржуулах “А” төлөвлөгөө гаргажээ. Тэдэнд байсан “Б” төлөвлөгөө ёсоор бол Бибишийн эхийг амаржуулж чадаагүй тохиолдолд  зөвлөлт маягийн анхны аборт хийх ба орчин үеийн анагаах ухааны ололтын хүчээр хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж эхэлсний бэлгэдэл болгон сурталчлах учиртай байв.
Ингээд уг үйл явдлыг сурвалжлахаар орон нутаг дахь  “Үнэн (үү?)”  сонины  болон аймгийн “Чойбалсанч” сонин ажилтан, түүнчлэн “би юу дутав” гэгчээр зэргэлдээ аймгийн “Сүхбаатарч” сонины зурагчин хүртэл ирэх болжээ. Харин хойт аймгийн “Цэдэнбалын зам” сонины сурвалжлах хэсэг ийшээ гарсан боловч  цасанд суугаад цагаасаа хоцорсон төдийгүй, хацар амаа хөлдөөсөн золигийн явдал болсон гэдэг юм билээ.
Ингээд Бибишийн ээжийг амаржуулахаар нам засгаас товлосон өдөр аймаг орон нутгийн хариуцлагатнууд, сурвалжлагч нар,  Намын төв хорооны дэргэдэх Зөвлөлтийн мэргэжилнийг удирдах газрын гуравдугаар  хэлтсийн орлогч, хошууч генерал  Динго Мухтарович Шариков хүртэл  хүрэлцэн ирснийг гэрчлэх  шарлаж бүүдийн танигдахын эцэсгүй болсон сонины зураг үлджээ.
Эрхбиш “баруун гараас...тэр тэр” гэсэн тайлбартай байгааг бодоход зурган дээр нэг биш  обьект дүрслэгдсэн нь мэдэгдээд байдаг юм. Тэр үед маш олон зурагчин үзэл суртлын алдаатай зураг авснаасаа болж арга хэмжээ авахуулж, шийтгүүлж байсан боловч мөнөөх алдарт зургийн эзэн Нүдэнхүүгийг “хувийн хэрэг” цулгүй цагаанаараа үлдсэн байдаг нь ч нэгийг өгүүлэх мэт.  Гуравдугаар таван жилийн эхний хоёр жилд багтан мэдээлэл-гэрчлэлтийн төлөвлөгөөгөө биелүүлж,  Феликс Держинскийн зурагтай бороохойгоор  шагнуулж байсан ард-чекист Жевзундарнадын Муунохойн дурсснаар бол Нүдэнхүүгийн зурагнаас олсон ноцтой алдаанууд ерөөсөө танигдаж өгөхгүй байсаар хүчингүй болоод байсан гэдэг юм.
Энэ зурагт багтаж гарсан бол Нүдэнхүү зайлшгүй хэрэгт орох байсан нэг хүн золоор эмнэлгийн барилгын чанарыг нарийвчлэн үзэж яваад хоцорчихжээ. Тэр бол монгол дахь хятад ажилчдын даамал Мао Сяопин байв. Тухайн үед хятад монголын харилцаа маш сайн байсан учраас эмнэлгийн барилгыг хятад ажилчид барьсан юмсанж. Удалгүй хятадтай харилцаа муудаж, Маогийн тагнуулууд  эмнэлгийн хананд нярай хүүхдэд хортой хүнцэл бүхий баллон нууж шавардсан болохыг хэсгийн төлөөлөгч Нагаанбуу, Цагдан сэргийлэхэд туслах олон нийтийн бригадын гишүүн, өндөр настан Жалханзын Шааригхүү нар тогтоожээ.
 Үнэндээ тэд юу ч олоогүй боловч боловч Хятадын маоистууд иймэрхүү хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан нь гарцаагүй гэсэн логик дүгнэлтэд хүрсэн байдаг. Аймаг орон нутгийн намын удирдлага ч  тиймэрхүү юмыг “нэгэнт л дүгнэснээс хойш олж тогтоох нь  тиймч чухал биш” гэсэн марксист шийдэлд хүрсэн түүхтэй. Ингээд хүн эмнэлгийг хуучин мал эмнэлэг рүү нүүлгээд  байрыг нь хүнсний бус барааны склад болгосон байдаг.