Монголчууд: Нүүдэл суудал ном 1996 онд анх хэвлэгдэн гарснаасаа хойш монгол төдийгүй Монголыг сонирхогч гадаадын судлаач, уншигчдын анхаарлыг татжээ. Энэ бүтээлийг 1999 онд Их Британийн Cambridge их сургууль англи хэл дээрх эрхийг нь авч, орчуулан The White Horse Press эрхлэн хэвлүүлсэн нь www.amazon.com - д өндөр борлуулалттай номоор шалгарч байжээ. НЭПКО хэвлэлийн газар 2006 онд Монголчууд: Нүүдэл суудал номыг бүрэн эхээр нь эрхлэн гаргасан юм. Тун саяхан Баабарын эл бүтээлийг Татарстан улсын хэвлэлийн газраас бүрэн эхээр нь анх удаа орос хэлээр хэвлэн гаргажээ. Мөн тун удахгүй хятад хэлээр хэвлэхээр хянан тохиолдуулах ажил нь хийгдэж байна.
    Монголчууд: Нүүдэл суудал номын “Тоглоомын бүгд найрамдах улс” хэмээх гуравдугаар дэвтэрийн 12 дугаар бүлгээс хэсэглэн толилуулж байна.    



Социализм байгуулна гэдэг нь дан ганц нүүдлийн хоцрогдсон бүдүүлэг Монгол мэтийн оронд XX зууны иргэншил нэвтрүүлнэ гэсэн үг гэдгийг бас үгүйсгэх аргагүй юм. Хүн төрөлхтний иргэншил хэдэн мянган жил аажмаар дэвшин хувьссан байхад Монгол нь нийгмийн байгуулал, амьдрах арга, амьдралын хэвшил, соёлжилт, иргэншлийн хувьд мянган жилийн өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйлээр бага байлаа. Лам нарыг бичиг үсэгтэй гэж тооцдог юм гэхэд хүн амын лавтай 50-70 хувь нь бичиг үсэггүй байсан болов уу. Системтэй боловсрол олгох тогтоц 1930-аад он хүртэл огт байсангүй.
    Энэ зууны эхээр Цү Ши хатны явуулсан шинэчлэлийн программыг хүлээж аваагүй монголчууд автономийн үед боловсролын салбарт зарим нэг дэвшил хийх гэж оролдсон боловч төдийлөн ахисангүй. Харин зөвлөлийн засагтай болсноос хойш урьд байгаагүй дэвшил хийж зарим нэг газар сургууль байгуулснаас гадна Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль буй болгожээ. Чухам л 1930-аад оны үеэс Монголд анх удаа улс орныг хамарсан боловсролын тогтоц буй болсон нь нэлээд хэдэн жилийн дараа гайхалтай үр дүн үзүүлж, энэ нүүдэлчин ард түмэн нийтээр бичиг үсэгт тайлагдсан төдийгүй, улмаар нийтээрээ боловсролын системд хамаарч чадсан байна. Энэ үед хийгдсэн нэг судалгаагаар 1 500 ажилчин албан хаагч, ажилчдаас 30 хувь нь бичиг үсэггүй, 10 хувь нь бага боловсролтой, 19 хувь нь тусгай дунд боловсролтой, үлдэх 41 хувь нь ямар болох тухай мэдээ алга гэжээ. Төрийн албан хаагчдын 27 хувь нь бичиг үсэггүйгээс эрүүлийг хамгаалах салбарт 14 хувь, хөдөө аж ахуйд 25 хувь, аж ахуйд 42 хувь нь уншиж бичиж чаддаггүй аж. Энэ бол тэр үеийнхээ үзүүлэлтээр муу хэлэх тоо биш. 1930-аад оны дундуур сургуулийн насны нийт 80 000 орчим хүүхдээс 25 000 нь ямар нэг шатны сургалтанд хамаарч байлаа. Гэхдээ л үүнээс бараг хоёр дахин олон хүүхэд сүм хийдэд шавилж байв.
Эрүүлийг хамгаалах систем байтугай боловсон эмнэлгийн тухай ойлголт нүүдэлчинд байсангүй. Хүн амын эрүүл энхийг сахих үүргийг уламжлалт ардын болон төвд эмнэлэгийн бүдүүлэг аргаар гүйцэтгэнэ. Хүн ам асар сийрэг суудаг тул бараг хэзээ ч гоц халдварт өвчинд сүйрч байгаагүй боловч эрүүл ахуй ялангуяа бэлгэсийн болон малаас халдах өвчинд хүн амын олонх нь өртсөн байлаа. Шарын шашны бүдүүлэг уламжлал, ёс заншил, мухар сүсэгт нийтээр автсан тул хүн үнэмшимгүй гаж ёсоор эрүүл мэндээ зэрэмдэглэж байсан нь нэн элбэг. Төрөх үед эмэгтэй хүний бузрыг арилгах хэмээх Төвдийн бүдүүлэг заншлыг үйлддэг байсан тул эмэгтэйчүүд дахин төрөх чадваргүй болж, төрөлт ердөө л 16 промилл байжээ. Гэтэл үхэл үүнээсээ бараг давдаг ба хүний дундаж нас нэн бага. Чухам л 1930-аад оны эхээр Зөвлөлт Холбоот Улсаас мэргэжлийн эмч нар ирж, орон нутагт эмнэлэгийн сүлжээ байгуулж эхэлснээр энэ орны эрүүлийг хамгаалах систем бүрэлдэж эхэлсэн юм. Эмнэлэгийн ор 1927 онд 50 байснаа 1934 онд 326 болсон ба энэ хооронд эмч долоогоос 139, сувилагч гурваас 138 болтлоо өсчээ.
Энэ үед нүүдэлчдийн дунд Өрнийн соёл урлаг хүчтэй дэлгэрч эхэлсэн юм. Нүүдэлчдийн соёл урлагийн бүтээл нь гол төлөв аман хэлбэрээр хадгалагддаг тул соёлын биет зүйлээр нэлээд ядмаг. Ард түмэн бичиг үсэгт тайлагдахын хэрээр ном сонин хэвлэх явдал өргөжлөө. Нам, эвлэл, пионер, эмэгтэйчүүд, цэрэг, лам нарын гэсэн хаягтай олон сонин сэтгүүл гарч байсан нь энэ оронд урьд нь хэзээ ч байгаагүй үзэгдэл байв. Маркс, Энгельс, Лениний зохиолоос гадна Оросын болон Өрнийн зарим сонгодог уран зохиолын орчуулга ч хэвлэгддэг болсон байна. Монголчууд анх удаа Даниэль Дэфо, Боккачи, Жэк Лондон, Жюль Вэрн, Мольэр, Свифт, Эдгар По, Чехов, Тургенев, Толстой, Пушкин, Гогольтой танилцаж эхэлжээ. Иргэншлээ даган утга зохиол бичих хүн цөөнгүй төрж, 1929 онд Монголын Зохиолчдын Эвлэл байгуулагдав. Ихэнх зохиол нь нам засгийг магтсан, бүдүүлэг харанхуй байдлыг шүүмжилсэн ухуулгын чанартай болхи суртал байсан авч Д.Нацагдорж мэтийн үнэхээр авьяаслаг уран бүтээлчдийн нөлөөгөөр энэ үед Монголын шинэ үеийн утга зохиолын суурь тавигдсан юм.
Нүүдэлчинд үнэндээ морин хуураас өөр дэлгэрсэн хөгжмийн зэмсэг бараг байгаагүй ба Хятадын шанз, ятга, хуучир, ёочин, лимбэ гэх мэтийн хөгжмийн зэмсэг зөвхөн язгууртны явцуу, тансаг хүрээлэлд хэрэглэгддэг байжээ. Энэ үеэс Европын зарим хөгжмийн зэмсэг, мөн цэргийн үлээвэр хөгжим дэлгэрснээс гадна олны газар үзүүлэх сурталчилгааны концерт, жүжиг, ший янгуугаар дамжин хөгжмийн урлаг нийтийн хүртээл болж эхэлжээ.
Жүжиг гэдэг бол нүүдэлчний хувьд бараг цоо шинэ үзэгдэл. Хятад шийний нөлөөгөөр ганц нэг тохиолдол байсан ба Данзанравжаа найрагч “Саран хөхөө” жүжгээ хөдөө хээр тавьж байсан зэрэг явдал бий ч энэ нь олон нийтийг хамарсан үйлс биш юм. 1931 онд байгуулагдсан Монгол улсын ардын төв театрт европ арга барилаар жүжиг найруулан тавьдаг болсон ба Нацагдоржийн зохиолоор Смирнов, Дамдинсүрэн нарын хөгжмийг нь бичсэн “Учиртай гурван толгой” дуурь нь ноён оргил болсон юм. Гэхдээ ихэнх жүжиг нь хувьсгалыг магтсан, лам язгууртныг муучилсан ур дүй муутай, намаас захиалан зохиолгуулсан зүйл байдаг байжээ. Жүжгүүд ихэнхдээ хувьсгал ялж байгаагаар дуусах ба ядуу ардууд улаан туг барин “хар шар феодалууд хувьсгалын гал улаан тугийн дор сөнөтүгэй” гэхэд мөнөөх харгис гэгдэх дүрийн баатрууд нэгэн зэрэг үхэтхийн унаж сөнөх аж. Мэргэжлийн жүжигчид ядмаг тул хэн дуртайгаар жүжиглүүлнэ. Нэгэн удаа Ерөнхий сайд Амарыг жүжигт феодалын дүр бүтээ гэж шахсан ба цаадах нь дургүйцсэнд “феодал хүн байж өөрийнхөө дүрийг ард түмэнд харуулахаас цааргалав” хэмээн хэл ам гаргаж байжээ.
Богд хааны үеэс Хүрээнд кино гарах болж, анхны кино үзүүлдэг пүүсүүд буй болсон нь аяндаа өргөжсөөр театрууд буй болон, улмаар 1933 онд нүүдлийн киноны хэсэг байгуулагдсанаар XX зууны энэ гайхамшиг Монголын бөглүү талаар дэлгэрч эхэлжээ. Бүр 1930-аад он хүртэл Хаалганаас зөөн авч ирсэн гол төлөв Америкийн кино үзүүлдэг байжээ. Улмаар ах дүү Люмиэрээс яг 40 жилийн дараа монголчууд зөвлөлтүүдийн тусламжаар өөрийн киногоо үйлдвэрлэдэг боллоо. Бөх, морь, сур, шагай зэрэг үндэсний хэдэн төрлийг эс тооцвол нийтийн биеийн тамир спортын тухай ойлголтгүй нүүдэлчдийн дунд тэшүүр, цана, гар бөмбөг, хөлбөмбөг зэргийг Монгол Рабфакын сурагчид өргөн дэлгэрүүлэв. Төв Азийн уудам тал мянга мянган жилийн бөглүү байдлаасаа гарч нийтийн соёл, иргэншилтэй золголоо.
Эмнэлэг, сургуулийн сүлжээ тогтоц бий болж эхлэхэд  зам харилцаа гээч юм байхгүй, Чингис, Өгөөдэй нарын байгуулж өгсөн морин өртөөгөө долоон зууны турш хэвээр нь хадгалсан Монголын засаг захиргааны хуучин нэгж тогтоц саад болж эхэллээ. Нөгөөтэйгүүр Монголын түүхий эдийн зах зээл дээр дангаар ноёлсон Зөвлөлт Холбоот Улс түүхий эдээ үр дүнтэй цуглуулахын тулд засаг захиргааны нэгжийг өөрсөддөө ойлгомжтой хялбар бүтэцтэй болгох шаардлагатай болжээ. Мөн бүх орон даяар буй болгож эхэлж буй нууц цагдаагийн сүлжээ ч мэдээлэл хурдан ирдэг, тардаг бүтцийг шаардаж байлаа. Ийнхүү бэлчээрийн мал аж ахуйд зохицож говь, хангайг хосолсон умраас өмнө зүг чиглэлтэй засаг захиргааны нэгжийг 1931 оны эхээр өөрчиллөө. Сүүлчийн 400 гаруй жилд тогтож ирсэн энэхүү нэгжийг Чин династийнхан солиогүй ба 1920-иод оны эхээр зөвхөн нэрийг нь л өөрчилжээ. Ингээд Чандмань уулын, Хан Тайшир уулын, Цэцэрлэг Мандал уулын, Богд хан уулын, Хан Хэнтий уулын гэсэн 5 аймаг байсныг Ховд, Дөрвөд, Завхан, Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Дэлгэрхан-Уул, Төв, Өмнөговь, Хэнтий, Дорнод гэсэн 13 аймаг болгосноос гадна хошуу захиргаа гэдэг нэгжийг устгаж 324 сум байгуулжээ. Энэ шинэчлэлийн дагуу аймаг сумын хил, хүн амыг хувааж, захиргаа байгуулах нүсэр ажил жил гаруй үргэлжлэв.