Дуучин Сэрчмаа дундад улсын иргэнтэй гэр бүл болж нэг хэсэг бөөн дуулианы эзэн болсон билээ. Хэдий монголчуудын ихэнх нь дургүйцэн хүлээн авсан ч Сэрчмаа маань монгол хүнтэй суусан байх аа, лав л монгол нэртэй байсан. Бидэн шиг жижиг үндэстэнд одоохондоо иймэрхүү зүйлд дургүйцэхээс өөрөөр үндэс угсаагаа хамгаалах арга, дархлаа байж чадна гэж үү!? Ер нь хятадтай нь ч суусан яахав дээ, хүний эрх юм. Хамгийн энгийн дүгнэлтийг эндээс хийвэл “хятад залуу”-гийн өрсөлдөх чадвар монгол залуучуудынхаас илүү байв уу, монголын нэг сайхан хүүхнээ л урагшаа алдсан билээ. Олны нүдэн дээр ил нь Сэрчмаа байгаа болохоос гадныхантай монгол хүүхнүүд зөндөө гэрлэж байгааг бүгд л мэднэ.
Угаасаа хятад ганцхан манай хүүхнүүд рүү ч биш, бүх салбараар “дайралт” хийж байна. Ганцхан манайх руу ч биш, хятад дэлхий рүү дайралт хийж байна. Хятад гэж ингэхэд хэн бэ? Энэ зууныг хятадын зуун болно гэж ярьж байна, хятад дэлхийг худалдан авч байна гэж ярьж байна, гэнэт тэднийг “цоорсон” юм шиг ярьж байна. Үнэндээ Хятад бол угаасаа эртний их түүхт, соёлт улс билээ. Дэлхийн түүхэнд алдартай Цин, Хан, Тан, Сүн, Юань, Мин, Чин хэмээх төрт улсууд бүгд тэднийх.

Хятад түүх бичлэгээрээ алдартай. Өөрсдийн түүхээ бичиж үлдээхийн хажуугаар хөрш орныхоо түүхийг бичиж үлдээсэн байдаг. Бидний түүхийг ч хятадууд бичиж үлдээсэн нь бий. Бидний бахархал болсон “Монголын нууц товчоо” хэмээх түүхэн судар ч Бээжингийн номын санд хадгалагдаж байсан, их хааныг маань ямархуу хүн байсныг баримжаалах бололцоог бидэнд олгосон Чингис хааны маань хөрөг зураг ч урд зүгээс л олдсон юм.
Хятадын түүхэн сударт умрын ху нар гэж тэмдэглэгдсэн Төв Азийн нүүдэлчид бол бидний өвөг дээдэс билээ. Шар мөрний сав газар суурин иргэншил үүссэн тэр л үеэс манай болон тэдний хоёр соёл иргэншил хоорондоо үзэлцсээр ирсэн байдаг. Зэрлэгүүдийн үе үе халдах довтолгооноос хамгаалж эртний Хятадын ханлигууд их хэрмийг босгосныг сүүлд анхны нэгдсэн Хятад болох Цин династийн эзэн хаан Цин Ши Хуандий хооронд нь холбосон гэдэг. Ийм бахархал болсон хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн нь бид хэмээн Баабар хэлсэн нь бий. Хожим хятадын Мин улс манай Хархориныг хоёр удаа галдан шатаасан түүхтэй. Хэдийгээр Хятад ба нүүдэлчид хэдэн мянганы турш бие биендээ халдан довтлогч байсан боловч ихэнх тохиолдолд нүүдэлчид довтлогчид, хятадууд хамгаалагч байсан гэдэг. Энэ мэтээр манай хоёр улсын харилцаа эртний түүхтэй, хэдэн мянган жилээр яригдана.
Хятадын иргэншил, соёл, мэдлэг, түүх, гүн ухаан, уран зураг, ханз бичиг, яруу найраг нь өөр бусад иргэншлийнхэнд гайхагддаг. Дэлхийд цаас, дарь, луужин гээд зүйлсийг хятадууд анх бодож олсон хэмээн тооцогддог. Харин одоо монгол хөөмий лав Хятадынх хэмээн ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн гэсэн. Хөөмий бол мэдээж биднийх. Бид одоо өнгөрсөн хойно нь харамсаад л байна, хэд гурван албан тушаалтныг л нэг хэсэг их хараасан, өөр хүмүүс буруугүй юм уу? Ингэхэд бид өөрсдөө хөөмийгөө хэр үнэлж, хүндэтгэж сонсдог юм бэ? Яг үнэндээ гадаадууд л манай хөөмийний фэнүүд байх шүү. Хөөмий нь Хятадын Өвөр монгол, Шинжаан болон Монгол улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын монголчууд оршин суудаг газар нутагт тархсан байдаг байна. Хятад хэмээх их гэр бүлд ч монголчуудын нэг хэсэг амьдарч байна, тэгэхээр хөөмий зөвхөн биднийх гэж хэлэхэд хэцүү зүйл юм даа, гэхдээ л ЮНЕСКО-гийн соёлын өвд түрүүлж бүртгүүлж чадаагүй бидний алдаа.
Бас монгол гэр, дээл, тууль, уртын дуу, монгол бичгийг хятадууд бүртгүүлэх бололтой дуулддаг. Тууль, морин хуур, биелгээ, уртын дуугаа бол манайхан бүртгүүлсэн гэсэн. Заримыг нь хятадууд л бүртгүүлэх байх даа. Хятадууд ч гэж хятадууд, хүний юмыг булааж аваад өмчлөөд байдаг л биз, харин монголчууд бид ч гэж ёстой бид юм даа. Жишээ авъя. Гудамжаар явна, дандаа гадаад хаяг. Гадаад хэл мэдэхгүй хөдөөний хүнийг “Чи ингээд юу ч ойлгохгүй мангартаад явж бай” гэсэн аятай бөөн гадаад нэрс угтана. Хүн бүр заавал тэр гадаад хэлийг сурах алба байхгүй. Энгийн нэг монгол хүн аль нь дэлгүүр, аль нь уушийн газар болохыг үл мэдэн ийнхүү гадны соёлд эх орондоо дээрэлхүүлэн алхана.
Бид монгол бичгээ гэхэд л яаж ад үздэг билээ дээ. Монгол хүн харц дээгүүр алхалж эхэлсэн өнгөрсөн хорин жилд монгол бичгийг нийтээрээ хэрэглэхгүй юм гэхэд төрийн албан ёсны хэрэглээндээ ч хэвшүүлчихэж амжаагүй л явна. Ядаж уншиж хэрэглэдэггүй юм гэхэд бидний хэн маань монгол бичгээрээ гоёж байна? Монгол бичгээр гоёсон малгай, хувцсыг гадаадынхан л өмсөнө, харин бид тэдний тоохоо больсон хогийг нь өмсөнө. Гэтэл цаана чинь Өвөрмонголд яаж байна, монгол бичгийг хэрэглэж байна шүү дээ. Хичээлээ ч зааж байна, ном сониноо ч хэвлэж байна, телевизээрээ ч гаргаж байна. Эзэд нь тоохгүй бол өөд нь татаад авах өөр улс байх аж. Өвөрмонгол бол Хятадын нэг хэсэг, тэгэхээр Хятад улс монгол бичгийг хэрэглэж л байна шүү дээ. Тэгэхээр бид монгол бичгээ харамлаж хэрүүл хийгээд хэр үндэслэлтэй сонсогдох юм бол доо. Уртын дууг ч Монгол улс дангаараа судалж чадахгүй л байгаа, бас л хятадын өндөр төсөвтэй төсөлд манай судлаачид “хавчуулагдан” судалж байна. Палеонтологийн судалгаа ч бас цаашдаа юу болохыг бүү мэд, цаана чинь “Үлэг гүрвэлийн өлгий нутаг Эрээн” гээд яриад эхэлсэн байна.
    Сүүлийн үед хятад манайхаас магистр, докторантын сургалтаар оюутнууд их сургах боллоо. Тэдний докторантын тэтгэлэг нь гэхэд л манай төрийн албан хаагчийн цалингаас өндөр юм билээ. Бас л нэг бодол бий байх, ядаж л хятадын соёлыг талархах хүмүүс нэмэгдэх болохоос буурахгүй нь лав.
    Эдийн засгийн талаар бол манайх Хятадын бараг бүрэн хараат болсон байх, энэ байдлаараа байвал урд хөрш хилээ хэдэн өдөр хаахад л биднийг турж үхэхэд дэлхий гайхах аргагүй болсон мэт. Монгол дахь хятадын өөр бусад хөрөнгө оруулалтын талыг бол яриад бараг илүүц биз, манай нутгийн хоёр газраас гарч байгаа газрын тосыг гэхэд л Хятадын компани урагшаа гаргаж байна. Хятадын үйлдвэрүүдийг дэмжиж ноолуураа урагшаа гаргасаар байтал ямаа маань өссөөр, бүүр төрөөс цалин хангамжтай болсоор, туруунд нь монголын нутаг цөлжсөөр, удахгүй бид өөрсдөө “цөл газрын хонин гүрвэлүүд” болж дуусах нь шиг байна. Хэрвээ бид цаашид байгалийн баялгаа эндээ нэмүү өртөг шингээхгүйгээр зүгээр урагшаа зөөсөн хэвээр байвал монголчуудынхаа аж амьдралыг тэтгэхээс илүүтэйгээр Сэрчмаагийн нөхрийн хамаатнуудыг л улам илүү тэтгэх болчихоод байна даа.
    Эцэст хэлэхэд бүх зүйлд Хятадыг буруутгах арга алга. Бидний зовлонгийн шалтгаан бид өөрсдөө л байна. Бид л өөрсдөө дэлхийн шатрын өрөг дээр мад тавиулж байна, бид өөрсдөө л гүйж очиж далаараа цэвэр тавиулцгааж байна. Монголчууд хятадуудад хайртай, хятадад дуртайдаа ч тэгээд байгаа юм алга, монголчууд бидний нэг тийм өөрсдийгөө хамгаалах дархлаа байдаг, бид хятадуудад ясны дургүй. Заримдаа ч бид дундаасаа хятадын тагнуулыг илрүүлэх юм, үнэндээ тийм тагнаж чагнаад явдаг тагнуул ч гэж байдаггүй байх, харин тэдний өнгө мөнгөнд нь унаад “тагнуулч” хэмээх эрхэм алдрыг хүртдэг явдал бол бий биз. Бид ердөө хэдэн зүйлээс болоод л тэдэнд хайртай болж байна, нэг л юманд өөрсдөө очоод унаж байна. Энэ бол монгол хүний саруул ухааныг самууруулах ид шидтэй албан тушаал, мөнгө, тарган цатгалан, хангалуун амьдрал, авилгалын их далай билээ.
Ухаантай, алсын хараатай улсыг харахад үнэхээр сайхан юм. Хятадыг хүндэтгэж байна. Бид улс эх орныхоо амьдралыг дөрвөн жилээр төлөвлөж явдаг байхад тэд хэдэн жилээр ч юм бэ дээ, бараг мянган жилээр төлөвлөдөг юм биш үү. Харин хэзээ бид тэдний уран мэхэнд ордоггүй, алсын хараатай болж тэднийг бишрүүлэх бол?

Д.Боролзой