"Монголын нууц тов­чоо"-нд "Орондоо унтах завгүй орчилдон тэм­цэлдэж..." гэж  тэр үеийн XIII зууны төр нийгмийн амьдралыг дүрсэлсэн байдаг.
Энэ нь одоогоор бол албан тушаалын төлөөх өрсөлдөөнтэй их төстэй.  Тэгж "Орчилдон тэм­цэлдс­­эний" үр дүнд яадаг бай­сан бэ! Нэг бол бус­дад хөнөөлгүүлнэ. Нэг бол эрх мэдлийг булаан авч хан, ханлиг болцгоо­но. Дараа нь эрх мэдлийг ямар аргаар авсан билээ, яг түүн шигээ дараагийн ээлжийнхэн­дээ араасаа хутгалуулах, өврөөсөө цавчуулах, эсвэл татарт хорлогдох зэргээр зүй бусаар булаасан  титмээ алдахдаа дайварт нь амь насаа хамт тушаана.     Ингэхийг нь мэдсээр байж  тал нутагт эрх мэдлийн төлөө тэмцэхээ больчи­хож бас болдоггүй. "Хувь хүн улс төрөөс гарсан ч улс төр өөрөө чамайг сонирхоно" гэдэг зарчим саяхан болтол үйлчил­сээр ирсэн юм. Нэгэнт алтан ургийн хүн болоод төрсөн бол ямба албаа хаяад хээр хонь хариу­лаад явж байсан ч дайс­нууд нь итгэж өгөхгүй дав­хиж ирээд харваад алчих­на. Ийм загварын үй олон тохиолдол дун­даас ганц нэгхэн тохиол­дол, бараг зөвхөн Чингэс хаанд л төр улсыг удтал жолоодох аз таарсан байх. Бидний түүхэн уламжлал, мах цусанд албан тушаалын төлөөх хэнээрхэл гүн бат сууж өгсөн бололтой. Дээрээ хаангүй, коммунист ний­гэм байгуулах гэж олон жил чардайсан. Ноёд, феодалыг устгавч оронд нь аанай л ялгаа байхгүй дарга гээч давхарга үүсээд авсан. Дарга нь бүр даамжирч шинэ Мон­голд гурван хүн тутмын нэг нь дарга гэгдэх болтлоо хавтгайрсан.
Ардчилсан нийгэм байгуулж байгаа өнөө­дөр гэхэд л олон хандла­гыг өөрчилж чадсан мөрт­лөө улс төр нийг­мийн эрх мэдлийн төлөөх тэмцлийг яаж ч чадахгүй байна. Дарга сайд боло­хын төлөө улам  боловс­ронгуй арга чарга хайц­гааж, "Чи огцор, намайг сонго" хэмээн ил цагаан хашгирдаг болцгоосон. Шинэ нөхцөл байдал "Улс төр намайг оролдо­но" гэх хэллэгийг үндсэн­дээ халсан нь харин сайн мэдээ. Би эрх мэдлээ өглөө гэвэл өөдөөс "За ашгүй дээ" хэмээн баяр­лана уу гэхээс "Чи л бид­нийгээ залж удирд" гэхээ больсон. Шударга бай­дал гэгч нь хүн болгонд хүрд эргүүлэх боломжийг өгсөн учраас хэнд ч гэсэн боломж олдвол сүргийн дотор нөлөөгөө бэхжүү­лэхийг хичээнэ. Үүнийг буруутгах аргагүй. Харин яаж эрх мэдлээ найд­вар­тай хадгалж болох вэ гэсэн асуултын оновчтой хариу одоо болтол ол­доо­гүй хэвээр байна. Хааны хун тайж л биш бол даргын суудал хэзээд найдваргүй. Мөн л XIII зууны зарчим хэвээрээ хадгалагдан үлдсэн. Их мөнгө төлж удирдагч бол­сон бол дараагийн ээл­жийн бас нэг бийлэгжүү гар төлбөрөө төлөөд л ороод ирнэ. Хэдий чинээ  бохир аргаар өндөрлөг өөд мацсан арга, хүрсэн хурд хоёр тань  урвуугаар өөрт үйлчлэх өдөр ирнэ. Энэ теоромыг орчин цагийн Монголын  улс төр нийгмийн олон зүтгэлт­нүүд баталж өглөө.  Гадаа­дад ч мөн ялгаагүй тийм юм билээ.
Шинэ зууны удирдла­гын онол, шинжлэх ухаа­ны ололтууд дотроос мэргэж­лээс нь салгах­гүйгээр удирдагч болго­дог аргыг улс орнууд, түүн дотроо хувийн хэвш­лийн пүүс компаниуд ихэд шохоорхох болсон бай­на. Энэ онолыг одоогийн манай дарга нар олж мэд­сэн бол үнхэлцгээ хагартал айх тийм зарчим юм.
Япон, Солонгос, Аме­рик зэрэг хөгжлөөрөө тэр­гүүлж байгаа бас их өрсөлдөөн дунд байдаг орнууд хамгийн чадвар­лаг мэргэжилтнээ дэв­шүүл­дэг болоод удаж бай­на. Удирдагчийг то­милдог энэ зарчмыг эн­гийнээр тайлбарлавал дарга үндсэн мэргэжлээ­сээ огт хөндийрөхгүйгээр ажиллах тухай юм.
Манайхан болохоор "Ганц гайгүй тооны багш­тай болчихсон чинь Засаг дарга болоод дэвшчих­лээ. Тэгээд л зэвэрсэн дээ хөөрхий" гэцгээдэг. Энэ нь нэг талаас сайн мэргэ­жилтэнг дарга болгож, дараа нь юу ч биш болгож хорлодог. Нөгөө талд зөв­хөн эрх мэдэлтэй боло­хын тулд эхлээд сайн ажилласан дүр эсгэдэг нөхөд бас байсан байна. Аль нь ч байлаа гээд нэгэнт зөөлөн суудалд очсон бол эргэлт буцалт­гүй даргын донд хөтлөг­дөн өөрөөр амьдарч чадахаа больчихдог.
Одоо манай Солон­гост хар ажил хийж байгаа нөхдүүд хэлээд байдаг юм. Манай эзэн их хачин нөхөр ш дээ.  Энд ирж бидэндээ босс мөртлөө өөр газар ажил хийгээд яваад байдаг. Эсвэл өөрөө үйлдвэ­рийнхээ нэг дамжлага дээр хамт ажилладаг. Сайхан боссоо хийгээд жаргаж чадахгүй голоо цохисон амьтан гэцгээдэг. Монголд ч ийм жишээ бий. Одоо энэ Солонго­сын "Сонгдо" гэдэг том эмнэлгийн эзэн гэхэд энд тэндгүй салбартай. Ли эмч өөрөө шилдэг мэс засалч. Тэрбээр гадаад дотоод дахь салбаруу­даа­раа график гарган байсгээд л ирж хамгийн чухал мэс заслыг удир­дан, байнга  хийдэг. Ма­гад­гүй өөрөө тийм мэргэж­лийн хоббитой болсон ч байж болох юм. Гэхдээ л орчин үеийн удирдлагын зарчим ийм болчихоод байгаа юм.
Олны талархал хүлээ­сэн сайн бага ан­гийн багш өөртөө хувийн сур­гууль нээлээ гэж бодъё. Хамгийн хүнд ангийг, чу­хал хичээлийг эзэн өөрөө заана. Тэндээсээ байнга шинэ санаа олно. Ажлын­хаа нарийн ширийнийг практик дээр өдөр болгон мэдэрнэ. Үйлчлүүлэгч нар нь улам олширно. Хувийн сургууль нь  үүнээс шалтгаалан удтал оршин тогтноно. Хэрэв өөрөө "босс"-доод хичээл заахаа больж чадах чадахгүйд  ацаглах юм бол энэ сургууль тэгсгээд хаалгаа барина. За тэгсэн чинь даргын зөндөө аж­лаа яах вэ? Цалин тави­на, тамга дарна, хурал зөвлөгөөнд очно, гэрээ хэлцэл хийнэ, төрөл бүрийн хөдөлгөөн, олон нийтийн ажлын комисст орох, бүр түүнийг тэргүү­лэх, хандив өргөх гээд бөгс өндийх завгүй бу­лаастай новшийн аж­луу­дыг байгууллагын мене­жер, заал зохион байгуу­лагч нь хийж өгнө.  Тэр сургуулийн хамгийн амин чухал асуудал бол зур­гаан настай Дөлгөөн гэдэг хүүхдийн авьяасыг нээж, эцэг эхэд нь мундаг хүн болгож өгөх л байхгүй юу. Зөвхөн түүн дээр тул­гуурласан  хязгааргүй эрх мэдэл байгууллагад ч, үйлчлүүлэгчдэд ч адил­хан сох дутаад байдаг.
Мянгат малчин өөрөө хонио хариулдаг тулдаа л зуднаас мэнд амар гар­лаа гэдэгтэй адилхан зар­чим юм л даа. Удирд­лагын энэ зарчим хувийн бүх хэвшилд тохирдог. Мөн улс, олон нийтийн байгууллагын онцгой ур чадвар шаардсан олон салбарт нэвтрээд эхэл­сэн. Цаашид төр засгийн хүрээнд хүчээ авах юм бол сая л "орондоо унтах завгүй орчилдон тэм­цэлд­дэг" олон зуун дам­насан гуниг төгсөх юм. Хамгийн өндөр ур чад­вар­тай нэгэн байнга хүний амийг аврангаа Онцгой байдлын хэлт­сийг удирдаад байвал улс төрийн шалтаг хайн огцруулах нэн хэцүүеэ дээ. Бусад мянга түмэн түшмэдийн аль нэг нь "Дарга гадуур хүний амь авраад завгүй яваа. Өм­нөөс нь би ирлээ. Миний мэдэл хүрэх  зүйл бол одоо шийдчихье, бо­ломж­гүй бол цааш нь уламжилъя" гээд л даргын ажил гүйцээ.
Ер зарим том удир­дагч нар өөрсдөө чухал ажлаа хийгээд орондоо "Хуурамч Дамбийжаа" тоглуулчихдаг явдал зөндөө байсан. Дарга гэдэг жүжгийн  дүрд тоглох хүн олддог бол чадварлаг мэргэжилтэнг орлож болдоггүй. Удирд­лагын ийм арга барил орчин үед моод болоод байгаа юм билээ. Тэгэ­хээр дарга гэдэг бол үйлч­лэгчийн боол гэх хэллэг жинхэнэ утгаараа бий болж, түүнд шимтэх их дур татарч салбарууд хөгжих шударга чиг хандлагын гарц зөвхөн энэ л байх болов уу.