Амазон мөрний шугуйг эзэгнэх тав зургаан метр урт, зуу шахуу кило жинтэй аварга могойн нэр Анаконда. Тэр олзоо дайрч унагаад, урт биеэрээ ороож, аажмаар биеэ чивчлэн чангалсаар амьсгааг нь хааж, боомилж алдаг. Монголд аль хэдийнэ “идээшиж”, улс орны удирдлага, засаг лалын бараг бүх эрхтэн дархтаныг ороож байгаа Анаконда бол авлига. Энэ аймшигт авлига гээч юм юу болох, хаанаас, яа гаад гарч ирсэн, ямар үр дагавартай, яаж түүнээс хамгаалах тухай иргэд сайн мэдэж, бүрэн ойлгох шаардлага өөрийн эрхгүй гарч байна.

Aвлига гэдгийг “бусдын итгэж хүлээлгэсэн эрх мэдлийг хувийнхаа ашиг сонирхлын төлөө буруугаар ашиглах” гэж тодорхойлдог. Зарим оронд “сунгасан гарын зайн зарчим” алдагдсаныг бас авлига гэдэг. Энэ зарчим нь хувийн болон улсын хэвшлийн албан тушаалтан эдийн засгийн ямар нэг шийдвэр гаргахад түүний өөрийн болон гэр бүлийн ашиг сонирхол нь ямар нэг байдлаар нөлөөлөхгүй байхыг хэлдэг.

“Сунгасан гарын зайн” уртаар нь хэмжвэл Монгол улсын засаглалд богиныг нь биш, харин уртыг нь буюу дээрх зарчмыг алдсаныг нь биш алдаагүйг нь тоолбол амар байх вий. Ямар ч гэсэн авлигын түвшинг хэмждэг олон улсын байгууллагын үнэлгээгээр Монгол Улс 2009 оны байдлаар Казахстан, Этиоп, Вьетнамын хамт 180 орноос 120-р байрыг хамтран хувааж явна. Таван жилийн өмнө хэмжүүлж эхлэхэд 90-д байсан юм. Маш хурдтайгаар ухран гулсаж байгаа хэрэг. Авлига төр засгийн болон орон нутгийн удирдлагын са лаа мөчир бүрээр гүнзгий шингэсэн тухай улсын шинэ ба хуучин Ерөнхийлөгчид, Засгийн газрын сайд нар, Их Хурлын гишүүд амаа цангатал ярьдаг болсон. Гэвч төр засгийн ганц ч албан тушаалтан энэ хэргээр хариуцлага хү- лээж байгаагүй. Aвлига гэдэг хүнгүй сэдэв, хоосон үзэгдэл Мон голоор нэг тэнэж байна.

Ашигт малтмал хайх, олборлох эрхийн зөвшөөрөл авах, сунгуулах, Улаанбаатар хотод барилга, байшин барих газрын зөвшөөрөл, гадаад, дотоодын сургуульд орох, албан тушаалд томилогдох, ялангуяа татвар, гаалийн байцаагч болох, улсын тендэрт ялах болон ер нь хөрөнгө мөнгө сааж, зувчуулж болох бүх үйл ажиллагаа авлигаар тослохгүй бол явахгүй болсныг сэтгүүлчид өдөр бүр, тасралтгүй бичиж байна. Авлигын цаана улс орны эдийн засагт учруулж байгаа хор хохирлын тухай харин тэр бүр бичихгүй байна.

Авлигаас болж тухайн салбарын өрсөлдөх чадвар унаж, хувийн компаниуд өртөг зардал, үнээ багасгахын тулд шинэ бүтээгдэх үүн, авьяас чадвараараа биш, шийдвэр гаргагч улстөрчидтэй хэр хэлхээ холбоотойгоороо өрсөлдөж байна. Хахуулийн мөнгө сүүдрийн эдийн зас гийг томруулж, банкаар дамжихгүй бэлэн мөн гөний хэмжээг өсгөн, мөнг өний эргэлтийг удаашруулдаг. Хахуулиар олсон мөнгө нэмэг дэхийн хэрээр хариуцлагагүй зарцуулалт өсч, хэт тансаг, ганц удаагийн хэрэглээг хөөрөгдөж байна.

Улстөрчид өөрсдөө оролцдог учир ашигт малтмалын лицензийг дамлаж борлуулсан орлогоос татвар авах сонирхолг үй байна. Харин тийм орлогоосоо улстөрчид, намууд, бусад этгээдүүдийг их багаар санхүүжүүлж, “улс төрийн хамгаалалтад орох” нь Монголд сүүлийн үед хүчтэй дэлгэрч буй “мода” буюу улстөр-бизнесийн шинэ загвар боллоо. Авлигачид хувийн эрх ашгаа хамгаалж байна гэж өнөөдөртөө баярлаж байгаа ч урт хугацаанд харвал тэд өөрөө өөрсдийгөө устгах нүхээ ухаж байгаатай адил.

Учир нь авлига авагчид мөнгө бүтээх үнэ цэнийг мэддэггүй, хэмжээ хязгааргүй шуналтай. Тэд авлигын дараачийн тойрог дээр улам их мөнгө шаардах бөгөөд түүнийг танаас том баян хүмүүс, компаниуд л өгч чадна. Яваандаа авлигын ханш манай эдийн засгаас ч хурдан өсч, дотоодын хамгийн том компани ч даахгүй болоод ирэхээр зөвхөн гадаадын том хөрөнгө л дийлнэ. Монголын компаниуд багаасаа эхлээд дунд зэрэг нь, дараа нь том нь дампуурч, улмаар эдүгээ шоолон гадуурхаж байгаа иргэний хөдөлгөөнүүдтэйгээ нэгдэж авлигын эсрэг жагсана.

Тэр үед дараачийн шатны том авлигачид дээгүүр эрэмбийн мөнгөөр наймаалцаж, ганц нэг салбарыг биш, бүхэл бүтэн улс орноор нь цаагуур нь удирдан, өөрийн мэдэлд байлгана. Авлигатай төр засаг улам бүр томордог хуультай. Авьяас чадвараар нь биш, авлигадсан хэмжээгээрээ төр засгийн удирдлагыг бүрдүүлдэг учир Паркинсоны хуулиар нэг сул дарга өөрөөсөө сул хоёр орлогч авна.

Тэр нь доошоо давтагдсаар орон тоо үлэмж өснө. Мөн улсын төсвийн зардал нь цэрэг цагдаагийн орон тоогоо нэмэх, хүчний байгууллагуудыг илүүтэй тордон, төрийн нэрээр авлигачдыг хамгаалахад онцгой анхаарч, хамгийн сүүлчийн өндөр үнэтэй тоног төхөөрөмж, зэвсэг, хэрэгсэл худалдан авч эхэлнэ. Төр засаг агуулгад биш хэлбэр, өнгөнд анхаарч, удирдлагын унаа, том дарга нарын хэрэглээ нь Их наймын Ерөнхийлөгчдийн ч атаархлыг төрүүлэх тансаг болно. Энэ бүх зардлаа санхүүжүүлэхийн тулд татвараа улам нэмсээр хувийн компаниуд удалгүй дампуурч, олон компани цаасан дээр л үлдэнэ. Монголд одоо компани байгуулж болдог ч, татан буулгаж болдоггүй.

Түмэн шат дамжлага дамжиж өргүй ширгүй гэж баталж явахын оронд хоосон тайлан гаргаад л байж байдаг. Нэгэнт төр засаг авлигаас өөр зүйл хийж чадахаа байхаар эдийн засаг, иргэдийн амьдрал уралдан доройтож, энгийн хүмүүс эхлээд гудманд гарч жагсаал цуглаан хийж, дараа нь бусдын хөрөнгөнд халдан үймээн самуун дэгдээдэг. Олон хүн ажилгүй болж, хүмүүс өлсөж, гэмт хэрэг ихсэж, улс орон тогтворгүй болно.

Улс үндэстний амьсгаа боогдон тарчилна. Энэ бол Анаконда буюу Монголын авлигын анатоми. Бусад нь бол түүх. Яг ийм түүхийг хармаар байгаа бол та манайх шиг байгалийн баялагтай ч Анакондад боомилиулсан Уганда, Этиоп, Конго, Мозамбик, Нигери, Аргентин, Парагвай ба бусад олон орныг судлаарай.

Эдгээр орнуудын төрийн эрхийг барьж байсан удирдагчдын зарим нь амгалан тайван, хууль номоо барим талдаг барууны орнуудад зувчуулсан хөрөнгөөрөө авсан тохилог сайхан байшиндаа амьдарч байхад зугтаж амжаагүй нэг нь алагдаж, дараагийн дарангуйлагчдаа суудлаа алдсан байдаг.

Бид харсаар байгаад Анакондагийн олз болох гэж үү. Хэдхэн тооны шуналтай, зальтай этгээдүүдээр сайхан эх орноо тоглуулчихаж болохгүй биз дээ. Авлигачдыг үл тэвчих соёлыг Монголын нийгмийн далд ухамсарт суулгах цаг ирлээ.