Шаазгай шагшраад эхлэхээр яадаг гэдэг ч  билээ? Харин эрх барьж буй намууд даргынхаа суудлыг булаалдаад эхэлсэн нь яах аргагүй сонгуулийн дохио. Учир нь намынхаа эрх мэдлийн оройд байгаа тэр хүн айсуй сонгуульд хэн хэн нэр дэвшихийг дангаараа биш юм гэхэд, давамгай байдлаар шийднэ. Дараа нь сонгуулиас гарсан бялууг тэрний л гараар зүснэ. Ингээд бодохоор тэмцэлдэхээс өөр яах билээ?

Сонгууль уул нь хойтонгийн хойтон тохиолдох боловч, сонгуулийн “бэлтгэл жил” эхлэхэд хоёр сар үлдээд байна. Энэ хугацаанд эрх барьж байгаа нь яаж ийгээд түүнийгээ алдахгүй байхаар хориглолтод сууж, эрх бариагүй үлдсэн нь яаж ийгээд эрх барьж үзэх тулаанд ордог. Энд парламентад зохих бүлэг, суудалтай намын тухай ярьж байна шүү дээ. Эрх барьж байгаа хэсэг юу ч хийсэн “алдаа”-нд тооцогдож, түүнийгээ тайлбарлах, үр шимийг нь харуулах цаг гаралгүй сонгуультай золгодог учраас Засгийн газар хөтөлбөрөө “царцаагаад” зөвхөн урьд эхлүүлсэн ажлаа улаан туузтай дуусгах тал дээр анхаарч эхэлнэ. Учир иймээс төр засгийн эрх баригчдаас нэг их юм горьдсны хэрэггүй гэсэн төлөг бүх л зурхайд бууж байгаа болов уу? Эхэлж мэдээд дараа нь мэргэлж сурвал хамгийн сайн төлөгч болдог гэдгийг дуулсан бол энэ өгүүлбэрийг тогтоочиход гэмгүй.

Зовхи татахаар тэгдэг, ингэдэг гэх боловч ядаргаанд орсон нь баттай байдаг. Харин эрх баригчид намын даргын суудлаа булаалдаад эхэлсэн хойно сонгуулийн хуулиа засах нь гарцаагүй болдог. Энэ нь сонгуулийн хуулиа сайжруулна гэсэн үг биш. Харин дахин засгийн эрхэнд үлдэхэд хэрэг болох шинэтгэлүүд хийнэ гэсэн үг. МАХН энэ тал дээр гаажтай бөгөөд хорлонтой.  Олон жил хэлмэгдэн гадуурхагдаж явсандаа ч тэр үү, ардчилал эрх чөлөөг хамгийн ихээр дээдэлдэг  Хэнтийн буриад сумдыг хэсэглэн, өөр өөр тойрогт нааж байсан түүх ч тэднийх. Дорнод аймагт сонгуулийн тойргийг геометрийн ер бусын дүрс үүсгэн зохиож,  МАХН-аас нэр дэвшигч Базарсад генералд санал өгөх үүрэгтэй цэргийн ангиудыг хамруулсан адал явдал ч аанай л тэднийх. Бурхан болооч С.Зориг түүнд нь “Базарсадын гутал” гээд хоч өгчихөөд шоолж суусансан. Үнэхээр ч тойргийн ерөнхий хэлбэр нь майжийсэн бахиалтай төстэй болсон тал бий.

Ирээдүйд хэрэг болж мэдэх сайхан сонгуулийн сайн систем ярихаасаа өмнө мэддэгээрээ одоогийн тогтолцоогоо харцгаая. Сонгогчдын өгсөн саналын нийт хувь, парламентад суугаа төлөөлөл хоёр зөрүүтэй байдаг. Ухаандаа тухайн тойргуудад ялагдаж байсан боловч нийт сонгогчдын 40 орчим хувийн саналыг авсан нам суудалгүй хоцордог энээ тэрээг ярихаа больё.

Өнөөгийн тогтолцоогоор бол хэн хаана нэр дэвшихийг нам нь мэдэж байгаа боловч тухайн орон нутаг ба тойргийн онцлогийг харгалзахгүй байхын аргагүй. Эндээс болоод тойрог өмчилсөн улс төрчид гарч ирсэн. Тэд намынхаа удирдлагад “Энэ тойрогт миний нэрийг дэвшүүлэхгүй л бол манай нам суудалгүй үлдэнэ” гэсэн тулгалт хийдэг. Үнэхээр ч бодит байдал тийм. Зөвхөн нэг л тойрогт нэр хүндтэй,  түүндээ дулдуйдан оршин тогтнодог гэр бүлийн болон компанийн хувийн намууд гарч ирсэн. Тэд улс үндэстний өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй.

 Эндээс намынхаа мөрийн хөтөлбөр, бодлогыг дагасанд орвол тойрог дахь нэр хүндээ хамгаалах хэрэгцээ бүхий л парламентын гишүүдэд гарч ирнэ. Нэгэнт л хэрэгцээ нь гараад ирсэн хойно түүнд хүрэх нь зүй.  Өмч хөрөнгө, бэл чинээтэй нэг нь хувийнхаа мөнгөөр тойргоо тордоод байх болов. Ийм боломжгүй нь өөр арга хайлаа. Ингээд эрхэм гишүүд тойргийнхоо төсвийг өөр дээрээ авах болов. Одоо “Гишүүн бүрийн нэг тэрбум төгрөг, одоо хоёр тэрбум боллоо” гэхчлэн яриад байгаа нь тухайн орон нутгийн төсвийн тодорхой хэсгийг захиран зарцуулах эрхийг парламентын гишүүн өөр дээрээ авч байна гэсэн үг. Хэнд мөнгө байна, түүнд мэдэл байна. Ингээд орон нутгийн өөрөө удирдах ёс  сулран унаж эхэллээ. Манай их хурлын гишүүд үнэн хэрэгтээ аймаг, орон нутгийн захирагч болон хувирч байна. Төсөв захиран зарцуулж байгаа хүнийг л засаг дарга гэдэг биз дээ. Эрхбиш нэг аймгийг хэдүүлээ нийлэн “захирч” байгаа учраас бүрэн дураараа авирлаж чадахгүй байгаа хэрэг. УИХ-ыг энэ өнцгөөс нь харахад аймаг, орон нутгийн төсвийн захирагч нарын зөвлөл маягтай болж эхэллээ.

Орон нутаг мөнгийг нь мэддэг хүнийхээ мэдэлд байна.  Парламентын гишүүд төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдлээрээ дамжуулан хийх хамгийн гол ажил бол нөлөөгөө улам бэхжүүлэх. Тухайн орон нутагт нэр нөлөөгөө ямар нэгэн байдлаар бэхжүүлж чадсан этгээд өөрөө их хуралд сонгогдох юм уу, өөрийн төлөөний этгээдээ парламентад “томилон” илгээдэг болж эхэлнэ. Өнөөгийн орон нутгийн өөрийгөө удирдах эрх мэдэлгүй байдал, эрхэм гишүүдийн орон нутгийн төсөв захирах эрх мэдлийн өсөлт хоёрын нийлбэр ийш нь улам бүр түлхэж байна . Өөрөөр хэлбэл орон нутаг дутагдаж байгаа эрх мэдлээ тойруу замаар нэхэн авч байгаа хэрэг. Яван явсаар парламентын гишүүд нь улс төрийн намын мэдлээс гарч, орон нутгийн эрх баригч бүлэглэлийн эрх ашгийг хамгаалагч болж таарна. Улс төрийн намын үүрэг нөлөө багасахын хэрээр төрийн эрх барих дээд байгууллага нь мафийн бүтэцэд шилжинэ.

Цаашдаа төвөөс улам бага хамаарч, орон нутагтаа том толгойлохыг ямарч улс төрч-феодал  хүснэ ээ дээ. Ингээд зогсохгүй нутагтаа томоохон уул уурхайтай, хөрөнгө орлого сайтай зарим аймаг өөртөө тусгаар тогтнол биш юмаа гэхэд өргөн хэмжээний автономи нэхэхийг үгүйсгэхгүй. Аймгийн засаг дарга, аймгаас сонгогдсон парламентын гишүүнээс илүү Монголын Холбооны улсын Говь-Алтай улсын, эсвэл Өмнөговь улсын ерөнхийлөгч байх нь “гоё” гэдгийг хэвийн монгол амбицтай хэнбугай ч мэднэ. Энэ хэрээрээ Хятадын нөлөөний, Оросын талын, Америкийн ардчиллыг талархдаг, тэр нөлөө нь улс төрийн сонголтод нь ил тод нөлөөлдөг аймаг-улсууд гарах магадтай. Айсуй задралын үнэр ханхлах бус уу? Үндэсний аюулгүй байдалд асуудал гарна гэж үүнийг л хэлэх болов уу?

Сонгууль угтан засагдах нь гарцаагүй болсон сонгуулийн хуулийн сургамж ийм түүх хэлж байна. Ард түмний өмнө улс төрийн хариуцлага хүлээдэг намуудыг хадгалж үлдээхийн тулд, цаашид парламентат ёсоо хэвийн хөгжүүлэхийн тулд, ерөөсөө ардчилсан тогтолцоогоо хадгалж үлдэхийн тулд сонгуулийн тогтолцоондоо зарчмын шинэтгэл хийх хэрэгцээ гарсан байна.  Дарангуйлагч тогтолцооноос аажмаар ардчилалд шилжсэн түүх үгүй. Ардчилалд зөвхөн хувьсгалаар хүрдэг. Харин ардчиллаас тайван замаар ухарсан,  хувирсаар хувирсаар дарангуйлал тогтсон түүх бишгүй.  Нарийндаа бол Гитлер чинь засгийн эрхэнд ардчилсан замаар л гарч ирсэн этгээд шүү дээ.

Төр сайн албан хаагч, сайн удирдагчийн ачаар эрүүл байдаггүй, сайн систем, эрүүл тогтолцооны хүчээр тунгалаг ариун оршдог. Эрүүл, зөв тогтолцоо нь өөрөө эргээд эрүүл саруул албат, удирдагчаа төрүүлж байдаг гэдэг.