-фельетон-

     Хүнд хүний ухаан, моринд морины ухаан, харин бидэнд Монгол ухаан бий. Хэрвээ бид хүний ухаантай байсан бол хятадуудаас ялгарах юмгүй болох байв.
Технологи талын жишээн дээр тайлбарлая. Жишээлэхэд хүний ухаантай газар  ажиглах камер байрлуулах боллоо гэж бодье. Тэд шууд л камераа суурилуулаад, суурилуулах мөртлөө ажиллуулаад л болоо. Морины ухаанаар камержуулах бололцоогүй.

    Харин монгол ухаанаар бол камержуулахаас өмнө хүний нүдэнд харагдах газарт “Камер ажиллаж байна” гэж бичнэ. Хоёрдугаарт мөнгө олдвол камер олж ирнэ. Гуравт, хүсвэл камераа нүдэнд харагдахуйц газар хадахад буруутахгүй. Дөрөвдүгээрт, залхуутай санагдахгүй бол камераа ажиллуулсан ч болдог... Харин камераа зогссон үед нь “Камер ажиллахаа больсон” гэж бичдэггүй.

      Монгол ухааныг ойлгоход хүний ухаан балчирддагийн жишээ  бас байна аа.  Хүний ухаанаар бол шүтдэг зүйлээ устгах бүү хэл хялайх цээртэй. Морь шүтлэггүйгээр барахгүй,  хэлбэрэлтгүй атейст  болох нь сүүлийн үеийн судалгаагаар харагджээ.  Аль ч  шашны сүм хийдэд мөргөж яваа морь харагдаагүй ба ямар ч адуу хүн тавьдаг, юм дуугардаг газраар айх юмгүй аялан бэлчээрлэдэг нь ч үүний жишээ.

    Монгол ухаанаар шүтэх нь хүнийхээс эрс ялгаатай. Монголчуудын өвөг дээдсийн онго шүтээн бол  чоно.  Монголчууд шүтээнээ “ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагдана” хэмээн үзнэ. Үргээлгэ, отоо цөм нэг маягийн мөргөл болж таарч байна.   Цэл залуухан монгол судлаачийн  “Танайхан жилд хичнээн ламыг....” гэсэн асуулт үүний жишээ юм.  Тэрээр монголчууд чоноо хэрхэн шүтдэгийг судлаад алах замаар дээдэлдгийг олж мэдсэн байна. Эндээсээ буддын шашныг лам нараа юу яах замаар шүтдэг гэж ухаарчээ. Түүгээр ч барахгүй 1930-аад онд гучин мянган ламаа шүтээний зорилгоор яасан юм байна. Чекистүүд нь “лам болбоос ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь буудуулмой” гээд явсан аятай дүгнэлтэд хүрчээ.

    Тэд хүний ухаанаар “Яагаад шүтээнээ ална вэ” хэмээн асуухад бид монгол ухаанаар “Та нар ч гэсэн Христыг алаа биз дээ”  хэмээн товхийтэл хариулдаг билээ. Харин морь юм асуухгүй учраас хариулах хэрэгцээ гардаггүй.

    Нийслэл хотоор  бөөрөн дээрээ “Вайрелас ажиллаж байна” гэж бичсэн автобус хөлхөлдөх боллоо. Гадаадынхан болохоор яг өнөө “камер ажиллаж” байна гэсэн бичиг шиг бодоод үзтэл үнэхээр автобусан дотор вайреласс ажиллаж байхыг мэдээд хүний ухаан нь самуурахаа дөхжээ.

    Нарийн яривал“Ажиллаж байна” гэж бичсэн атлаа ажиллах нь хүний ухааны элемент тул гайхахаас өөр яах билээ. Гэтэл цаана нь монгол ухаан байгаа хэрэг. Учир нь арай ядан чихэлдэж яваа хүмүүс комьютерээ хаанаасаа гаргаж ирээд, хаана аа тавьж, интернэтэд орох билээ. Хэрвээ автобусны, эсвэл онгоц буудалд “Вайрелас ажиллаж байна” гэсэн бичиг байвал тэндээс интернэтэд орох боломжгүй байх учиртай. Учир нь тэнд комьпютерээ гаргаж ирээд интэрнэтэд холбогдоод эхэлнэ. Монгол ухааны ундрага энд л байгаа юм.

    Монгол ухаан ундарсаар л...Ойрын үед уул уурхайгаас орж ирэх нөр их мөнгөөр Алтай таван богдын оройд 3 Ди зурагт байрлуулах,  хөдөөгийн сурагчдыг комьпютержүүлэх хүрээнд хурдан удмын морины хондлойд өндөр хурдны вайрелас зоох,  бог малыг Юү Эс Би (USB)  поорттой болгох, Хөвсгөл нуурыг усжуулах,  Хонгорын элсэнд  хөргөлтийн систем суулгах замаар жуучлал хөгжүүлэх гээд олон арван монгол ухааны төслүүд яригдаж эхэлжээ.

    Төрийн хамгаалалтад байдаг мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс малын төрөх эмнэлэг шинээр барих, хүндрэлтэй төрдөг зарим хонийг хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх төслийн хүрээнд малд аборт хийх төхөөрөмж импортлох, өндөр настай малын асрамжийн газар байгуулах санаачилгууд өргөн дэмжлэг хүлээж байна. Ингээд зогссонгүй мал сүрэг нь манай тусгаар тогтнолын баталгаа байдаг учраас бүх эр малыг цэргийн алба хаалгах тухай хуулийн төсөл ч яригдаж байна.

    Хүн амаа малжуулах ажил амжилттай хэрэгжсэн тул малаа хүнжүүлэх буюу нэг малд ногдох хүний тоог нэмэгдүүлэх ажил бас хийх гэнэ.

    Манайд ажиллах гадаадынхан чинь монгол хэлний курст суухаасаа илүү монгол ухааны дамжаанд суудаг болсон төдийгүй “Хүний ухаан-монгол ухаан, монгол ухаан-хүний ухааны” хадмал толь бичгийн борлуулалт учиргүй ихэссэн байна.

     Ярих юм дэндүү их тул ингэсгээд зогссон нь дээр байх. Бүх хүндээ “эх орны хишиг хувь” маягаар үнэгүй тараахаар зэхэж байгаа “ярьдаггүй утас”, гэрэл үл тусгах  технологиор хийгдсэн  гудамжны чийдэнгүүд,  айл бүрт 10-ыг өгөх шүдний нано чигжлүүр, зудтай тэмцэх зорилгоор тараах үхрийн баасны дулааныг фарангейтын хуваариар хэмжих багаж энээ тэрээг бол орхилоо шүү.

    Одоо өөр юм ярина аа...Мартснаас өнөө хятадууд чинь дахиа л паакталсан байна. Бөөнөөрөө малын бөөр угааж байгаад баригдсан байх юм.  Монгол улсын хуулиар бол насанд хүрсэн, монгол улсын иргэн л бөөр угаах эрхтэй, тэгэхдээ нэг удаа угаах бөөрийн хэмжээг дөрвөөс хэтрүүлж болохгүй,  мөн бүлэглэн бөөр угаах оролдлогыг гэмт хэрэг гэж үзнэ хэмээн заасаар байтал ингэнэ гэж байх уу? Яаж ч бодсон монгол ухаанд заналхийлж байна аа.

    Манай муусайн хилчдийг хөөрхий, сүүлдээ чоно хүртэл шоглоод1 байх боллоо. Тэр, манаанд гарахад  бүснээс нь чонын хор зүүлгээд явуулдаг болсон нь ч бас зөв шүү. Харин эхэлж тэдэндээ чонын хор идүүлээд чоныг дам устгах тухай санааг бол би эрс эсэргүүцнэ.  Энэ бол хэтэрхий харгис санаа.  Эхийн сүү сорж өссөн монгол хүний цээжинд ийм бодол төрөх ч гэж. Хэд дамжсан хор хүч нь сулраад, хоёрын хооронд юм болоод, эцсийн эцэст чоно л зовно шүү дээ.

    Аа тийн. Төр засгаас байгаль хамгаалах чиглэлээр сайхан тогтоол гарч байна. Жишээлэхэд барьсан загасаа эргүүлж тавьдаг болох гэх мэт. Цаашлаад нядалсан малаа ч гэсэн босгож бэлчээх тухай хууль гарах юм гэв үү? Түүгээр ч барахгүй эмнэлэгүүдэд нас баруулсан хүмүүсээ босгож явуулахад бэлтгэх чиглэл өгсөн ч гэх шиг... мэдэхгүй ээ, мэдэхгүй.

1 http://local.news.mn/content/45038.shtml -ийг үзмү