Ирэх онд инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн зорилт бүхий төрөөс баримтлах мөнгөний бодлогын төслийг  УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Монголбанкнаас боловсруулдаг жил жилийн бодлогууд өөр хоорондоо тун адилхан. Нийгэм, эдийн засгийн бодлогод дорвитой ямар өөрчлөлт оруулдаг нь тодорхой харагддаггүй ч жил бүр баталдаг баримтуудын нэг нь энэ. Гэхдээ ирэх оны мөнгөний бодлогыг хүлээх шалтгаан бий.

Төрийн албан хаагч, төсвийн байгууллагынхны цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн.., иргэн бүрт сар бүр мөнгө тарааж эхэлсэн... Энэ нь “инфляцийг хэрхэн тогтоож барих вэ” гэсэн хүлээлтийг хэдийнэ бий болгожээ. Учир нь инфляци бол мөнгөний илүүдэл юм. Мөнгөний илүүдэл гэдэг өмнө нь 500 төгрөгөөр худалдан авдаг байсан барааг 1000 төгрөгөөр авахыг хэлэх ба энэ утгаараа мөнгөний ханшийн уналт. Нөгөө талаас бол худалдан авалт, үйлдвэрлэл нийлүүлэлтийн тэнцвэр алдагдахыг хэлнэ. 

Төр албан хаагчдадаа, иргэддээ “худалдан ав, худалдан ав” гээд мөнгө тараачихлаа. Харин одоо худалдан авах барааных  нь нийлүүлэлтийг яаж хангах ёстой вэ? Энэ бол “инфляцийг яаж барих вэ” гэдэгтэй бараг ижил утгатай асуулт юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, зах зээл дээрх барааны нийлүүлэлтийг нэмэх замаар инфляцийг барих боломжтой ч ийм “бодлого” л Төрийн мөнгөний бодлогод үгүйлэгдэж байна.

Харин үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэхийн тулд үйлдвэрлэгч, бизнесийнхнийг дэмжих ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Монголбанкнаас боловсруулсан бодлогод инфляцийг нэг оронтой тоонд барина гээд хэрэв шаардлагатай бол бодлогын хүүгээ нэмнэ гэдгийг сануулжээ. Инфляцийг барихын тулд бодлогын хүүг өсгөх нь үр нөлөөтэй арга ч гэлээ бизнесмэн, үйлдвэрлэгчдэд сөргөөр тусдаг арга хэмжээ юм. Тэртэй тэргүй мөнгө илүүдэж, бараа хомсдоод байхад мөнөөх бараа бүтээгдэхүүнийг нь нийлүүлэх ёстой үйлдвэрлэгчдийг боомилоод эхлэхээр байдал хэрхэх билээ? Уг нь бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжих замаар л мөнгөний илүүдлийг шингээх ёстой юм.  

Бодлогын хүү нэмэгдсэн тохиолдолд арилжааны банкууд үйлдвэрлэгчдэд зээл олгосноос Монголбанкинд өндөр хүүтэйгээр мөнгөө хадгалуулахыг илүүд үзнэ. Үр дагаварт нь банкуудын зээлийн эх үүсвэр хомсдохын хэрээр зээлийн хүү нэмэгдэнэ. Гэтэл өнөөдөр Монголын арилжааны банкуудын аль нь ч үйлдвэрлэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн зээлийг өгч чадахгүй л байгаа. Бизнесийн орчин урт хугацаатай, хүү багатай, их хэмжээтэй зээлийг хүсч байгаа бол банкууд барьцаа өндөртэй, хүү ихтэй, хэмжээ багатай, хугацаа богинотой зээлийг л үйлдвэрлэгчдэд санал болгодог. Үүн дээр нэмээд зээлийн эх үүсвэрээ багасгачихбал бизнес, хувийн хэвшлийнхэн улам бүр хүнд байдалд орох болов уу. Тэгэхээр мөнгөний илүүдлийг гүйцэж түрүүлэх бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тухай ярих ч хэрэггүй болж таарна.

УИХ, Засгийн газраас явуулж буй бодлого уул уурхайгаас бодитойгоор орж ирэх мөнгөөр сонгуулийн амлалтаа биелүүлэх, сайнаар хэлбэл иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэж буй. Иргэдэд тарааж буй мөнгө, цалингийн нэмэгдэл зэрэг нь дотоодын хэрэглээний зах зээл рүү, тэр дундаа хүнсний салбар руу шууд урсан орж байгааг судалгаа харуулжээ. Инфляци үүсгээд байгаа учир шалтгаан нь Монголбанкны мөнгөний бодлогын баримт бичигт тусгаснаар мах, шатахуун түлш, тээвэр холбоо, цахилгаан дулаан...

Дотоодын хэрэглээний зах зээл, тэр тусмаа хүнсний салбарт бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар урт хугацааны явцад инфляцийг бууруулах тухай Монголбанкны бодлогод лав л сүүлийн арваад жил дорвитой зүйл туссангүй. /Инфляцийн уршгийг нэг хэсэгтээ хаацайлсан Атрын III аянд Монголбанк оролцоогүй байх/

Уг нь үе үеийн УИХ, Засгийн газар иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааг дээшлүүлэх бодлогыг баримталсаар ирсэн. Энэ бодлого нь гайхамшигтай мэргэн байгаагүй юм гэхэд арга ядахад бэлэн мөнгө тараах байдлаар илэрч ирсэн. Үр дагаварт нь инфляци буюу бэлэн мөнгөний илүүдэл, барааны хомсдол нүүрлэж ирсэн. Хэрэв Засгийн газрынхаа үйл ажиллагааг Монголбанк дэмжих үүрэгтэй л юм бол инфляцийн эсрэг бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэх, ингэхийн тулд үйлдвэрлэгчид, худалдаачид, бизнесмэнүүдийг мөнгөний бодлогоороо дэмжих ёстой байсан биз дээ? Монголбанк Засгийн газартайгаа хамтран инфляцийг жинхэнэ утгаар онилон тэмцье гэвэл одоо ч бодлогоо эргэн харахад оройтоогүй байх аа. Хүнсний үйлдвэрлэгчдэд санхүүгийн тогтолцооны дэмжлэг үзүүлэх, нефть бүтээгдэхүүний гадаад зах зээлээс хамаарсан үнийг савлагаа, өсөлтийн сөрөг нөлөөллийг санхүүгийн хэрэгсэл ашиглан бууруулах зэрэг олон гарц байгааг мэргэжилтнүүд өөр зуураа хэлэлцэж байна. Тэдний санаа оноог бас сонсоод үзвэл яах бол?