Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөдөө орон нутагт ажиллаж байгаа томилолт үргэлжилж байна. Энэ удаа Булган, Хөвсгөл аймгуудад ажиллахаар гуравдугаар сарын 9-ний өглөө эртлэн гарсан юм. Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир, Л.Гүндалай, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр болон албаны бусад хүн дагалдан явав. Ерөнхийлөгч ажилласан орон нутаг болгондоо шүүх, прокурорын үйл ажиллагаатай биечлэн танилцаж байгаа. Булганд ч энэ жишгээр албан томилолтоо эхлүүлэв.

Аймгийн шүүх шиг нэр муутай, хаалттай, аймгийнхаа засаг даргын тамгын газрын  харъяа газар шиг л буулганд нь намирч байдаг хачирхалтай байгууллага байгаагүй. Тэдний хувьд өмсч зогсох ёстой цорын ганц малгай нь өнө мөнхийн хараат бус статус. Гэвч хөрсөн дээр оршиж байгаа өнгө төрх нь засаг захиргааныхныхаа хараат, хавсрага маягийн айл шиг үзэгдээд байдаг. Үүнд нь ард иргэд дургүй. Байдал даамжирсаар сүүлдээ бүр шүүхийг  засаг ноёдын хамжлага төдийнхнөөр хардаг жишиг тогтсон байсан. Ажлаас хууль бусаар халагдсан, элдэв хэрэг төвөгт хоморголж хамрагдсан, гүтгэгдсэн, хилсээр ял тулгуулсан, ах дүү амраг садан муутай хэргээс татаад авчих элдэв “кран” байхгүй энгийн иргэд шүүх төр хоёроос өөр хараах юмгүй цөхөрдөг байсан нь үнэн. Тэрхүү цул үе одоо л нэг захаасаа ханзарч, салхи савир орж өгдөггүй Шүүх засаглалд урин цагийн дохио мэдрэгдэж эхэлжээ.

Энэ айлд дээрээс эхлүүлсэн их өөрчлөлт явагдаж эхэлснийг бид бүгдээрээ анхааралтай харж байгаа. Дороос биш дээрээс эхлүүлсэн бодлогын цогц шинэчлэл болохоор барьцтайхан, элдэв дуулиан шуугиангүй, хийрхэл багатай явагдаж байх шиг. Булганы шүүх ч булхайтай, будлиантайгаараа, хаалттай түгжээтэйгээрээ бишгүй дуудагддаг байсан. Одоо бол ямартай ч үүднээсээ эхлээд л “нээгдэж” эхлэсэн шинж харагдаж байна. Эднийх 34 хүний орон тоотой. Энэ тоо манай орон нутгийнхны хувьд дундаж жишиг.  Хүний олон цөөн, цалингийн их багыг хөндөж уруулаа унжуулах эрх монголын шүүх засаглалд одоогоор хараахан байхгүй. Улс төр, бизнес, захиргааны байгууллагынхны урт гарыг гүн рүүгээ гүнзгий шургуулсан нь угтаа бол өөрсдийнх нь чанд биш, дархлаагүй байсны балаг. Тийм ч учраас тэд энэ удаагийн давалгаанд тэсэх, харин ч өөрсөддөө ашигтайгаар эргүүлэн их цэвэрлэгээ хийж, шүүхийн тунгалаг толийг ахиж юу ч буртаглахааргүй арчиж авахаар шийдсэн ч байж магадгүй юм.  Булган аймгийн шүүх орон даяар өрнөж буй шинэ жишгээр үйл ажиллагаагаа ил тод нээлттэй болгох ажлыг эхлүүлжээ. Ерөнхийлөгч шүүхийн хаалгаар оронгуут үүдний хананд байрлуулсан дэлгэц рүү очиж шүүхийн вэб сайт руу орж үзсэн. Тус вэб сайт дээр гаргасан бүх шийдвэрүүд нь тавигдсанаас гадна, шүүхтэй холбоотой гарч буй бусад эрх зүйн баримт бичиг, хууль дүрмүүд тавигджээ. Шүүхийн вэб сайт аймагтаа хамгийн хандалт өргөнтэй сайт байж магадгүй санагдсан. 2011 он гарсаар 28000 гаруй хүн энэхүү сайтаас шүүхийн үйл ажиллагаатай танилцсаныг үзээд Ерөнхийлөгч “Танай сайт руу хүмүүс сайн ордог юм байна” гэж үнэлсэн. Өөр нэг гэрэл гэгээ төрүүлсэн юм шүүх хүүхдийн өрөө ажиллуулж байгаа нь. Энэ өрөөг гэмт хэрэгт холбогдсон болон сэжиглэгдсэн хүүхдэд сэтгэлзүй, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зорилготойгоор байгуулжээ. Дараа нь Ерөнхийлөгч  Булган аймгийн төвд байгуулагдсан Монгол улсын хамгийн отгон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв рүү очсон. Нэг хэсэг манайд үүд хаалгаа хаасан үйлдвэрүүд, өмч хувьчлалын дараа сөхөрч унасан улсын өмчийн газруудыг санагалзсан бухимдлууд уулзалт ярианы гол сэдэв болдог байсан. Одоо бол хаа ч очсон шинээр үүдээ нээсэн газруудын тухай сайхан мэдээ угтдаг болжээ. Хуучнаар ТМС буюу одоогийн нэршлээр мэргэжлийн сургалтын төвүүдийг олноор нь байгуулах бодлогыг төрөөс хүчтэй дэмжиж байгаа. Бүгдээрээ дээд боловсролын дипломны төлөөх аянд мордсон хийрхлийн үед цэг тавигдаж боловсролын салбарт бодитой бодлогууд явагдаж эхэлсний үр дүн гарч эхэлж байгаагийн жишээ будаг нь ханхалсан энэ сургууль юм. 

Цалинтай оюутнууд цагаан цамцтай дэрвэлзэж байна

Булган аймгийн дөрөвдүгээр баг буюу Зүүн түрүүнд байрлах уг МСҮТ үйл ажиллагаагаа эхлүүлээд хэдхэн сар болж байна. Уг сургуулийг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир санаачлан байгуулжээ. өнөөдрийн байдлаар энэ сургуульд 100 гаад оюутан  сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сүү ариутгах хөргөх операторчин, ойн мэргэжлийн ажилчин, хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмжийн засварчин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчин гэсэн мэргэжлүүдээр суралцаж байна. Уг сургуульд ес арваннэгдүгээр анги төгссөн буюу бүрэн дунд боловсролтой иргэд нэгээс хоёр аравны таван жил суралцаж бүрэн боловсрол эзэмшихийн зэрэгцээ хөдөө аж ахуйн нарийн мэргэжитэй болж төгсөх юм байна. Одоогоор энэ сургуульд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт,Архангай, Өвөрхангай, Булган аймгийн бүх сумдаас оюутан сурагчид ирж суралцаж байгаа. Цаашдаа бүс нутагт өрсөлдөх хэмжээний чадвартай хөдөө аж ахуйн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргах зорилттой гэж тэндэхийн багш нар ярьж байлаа. Тус сургуулийн дотуур байранд нь 70 гаруй хүүхэд амьдарч байна. Эдний оюутнууд Улаанбаатарын их дээд сургуулийн оюутнуудаас илүү хангамжтай. Өнөө цагт өдрөөр дэнлүү бариад явсан ч үл таарах энэ ховорууд бол цалинтай оюутнууд юм. Тэд сарын 45000 төгрөгийн тэтгэмж авдаг бөгөөд энэ нь тэднийг урам зоригтой, хариуцлагатай, ирээдүйдээ итгэл төгс суралцахад хөшүүрэг болж байна. Тийм ч учраас хичээл завсардах, таслах гэх мэтийн түгээмэл үзэгдлүүд энд нэг ч удаа гардаггүйг багш нар нь онцолж байна лээ. Э.Мөнх-Очир гишүүний  Улсын Их Хурлаас хуваарилсан тэрбум төгрөг ийнхүү Зүүн түрүүний саруулхан дэнж дээр эрдмийн өргөө болон сүндэрлэжээ.  Эднийх аж ахуйн нэгж компаниудтай гэрээ байгуулж оюутан сурагчдаа дадлага хийлгэх болсон гэнэ. Түрүүчээсээ ойн , сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлээр сурч байгаа оюутан сурагчид дадлагатаа гараад явчихаж. Ажлын байрны захиалга нь ч ирж эхэлсэн гэх мэдээ яг л чихэр шиг амттай сонсогдоно.

Ерөнхийлөгч орсон ангийнхаа оюутнууд руу хандан та нар дотор цэрэгт явсан хүн байна уу гэж гэнэт асуухад би хувьдаа дотроо шууд гайхсан. Юун цэрэг вэ…найм, есдүгээр анги төгссөн хүүхдүүд л байлгүй дээ гэсэн бодлыг минь сарниаж хоёр гурван залуу гараа өргөх нь тэр. Хөдөөгийн залуус дөнгөж 11 дүгээр анги төгсөөд л бушуухан том эр болохын мөрөөсөлд умбаж цэрэгт морддог. Тэгээд ганц жил алба хааж ирээд л дийлэнх нь нутгаараа хөндлөн гулд тэнэж, архи айрганд автаж хайран залуу насыг хамаа намаагүй үрдэг. Энэ бол нийт монголын жишиг. Зүүн түрүүний цэнхэр дэнж энэ жишгийг халж эхэлж байна. Үүнээс өөр сайхан мэдээ юу байх билээ. 

 Монгол Улсын Ерөнхийлөгч тус сургуультай танилцах үеэрээ “Өнөөдөр мэргэжлийн сургууль төгсөгчдийн арван хүүхэд тутмын найм нь ажилтай болдог. Гэтэл их дээд сургууль төгсөгчдийн найм нь ажил хайдаг. Өөрөөр хэлбэл манай улсад мэргэжилтэй ажилчин ямар их шаардлагатай байгааг энэ тоо харуулж байна. Ядуурлыг арилгах гол хүчин зүйл бол хүмүүс орлоготой болох явдал. Орлогтой байхын тулд мэргэжилтэй байх хэрэгтэй. Ийм учраас манай улсад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулахыг төр засгийн түвшинд бүх талаар дэмжин ажиллана. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нь боловсролын салбарын тэргүүлэх үүргийн нэг юм” гэж онцолсон.

Тэртээх соц нийгмийн үеийн дуу дурсамж хоёрт л үлдсэн оюутан цагийн ганган амьдрал эргэж ирсэн ч юм шиг, сэтгэл хөнгөн гэгэлзэж тэндэхийн залууст гэгээхэн атаархаж аваад иргэдийн уулзалт руу хөдөллөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Булган аймагт ажиллах үеэрээ “Их санаачилга” хэмээх нэртэй нэгэн хуримтлалын бүлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Иргэд айл хөршөөрөө, хамт олноороо нэгдэн бүлэг болж, багахан мөнгөөр хуримтлал үүсгэж, сан бий болгон тохьтой тухтай амьдрах орчин нөхцлөө өөрсдийнхөө хүчээр сайжруулдаг хуримтлалын бүлгийн үйл ажиллагаа өнгөрсөн жилээс идэвхжиж байгаа билээ. Ерөнхийлөгч өнгөрсөн жил хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг дэмжих, энэ чиглэлийн идэвхи санаачилгыг орон даяар өрнүүлэх тухай зарлиг гаргасан. Энэ дагуу орон нутагт хуримтлалын бүлгүүд олноороо байгуулагдаж байна. Булган аймгийн хэмжээнд гэхэд зургаан хуримтлалын бүлэг ажиллаж байгаа аж.  Хуримтлалын бүлэг үүсгэж амьдарснаас хойш эргэн тойронд нь гэрэл гэгээтэй сайн сайхан өөрчлөлтүүд гарч байгаа талаар иргэд түүнд чин сэтгэлээсээ  ярьж байсан. “Их санаачилга” бүлэг 16 өрхийн 80 гишүүнтэй. Өдөрт 100 төгрөгийн хуримтлалаар сан үүсгэж, оршин суугаа орчин тойрноо тохижуулах, цэвэрлэх, өнгө зүсийг нь засахаас ажлаа эхэлжээ. “Хүүхдийн тоглоомын талбай тохижуулсны дараа эцэг эхчүүд хүүхдүүдээ хаанаас хайхаа мэддэг болсон. Бид өөрсдөдөө байгаа банз, хадаасаа нийлүүлж энэ тоглоомын талбай, ахмадууд суух саравч зэргийг барилаа. Бас хурлаа хийж, ажлаа ярьж байх байртай болсон.  Манай хуримтлалын бүлгийнхэн голдуу тэтгэврийн хөгшид. Өндөр настнууд идэвхтэй амьдарч, асуудлаа шийдэхэд оролцдог болсондоо туйлын баяртай байдаг” гэж тус хуримтлалын бүлгийн ахлагч Д.Санжаажамц ярьсан. Тэд бол залуу насандаа гараа эвхэж суугаагүй үеийнхэн. Тийм болохоор тэтгэвэрийн насныхан гэх гунигтай хүлээснээс өөрсдийгөө гаргаж идэвхтэй амьдралын хэлбэр лүү ийнхүү орж эхэлсэн нь тэдний хувьд амьдрах урам зориг нэмсэн, таатай явдал.  “Монголчууд дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг. Бид хөрш айлдаа дэм болж, аль нэгэн даргаас гуйхгүйгээр өөрсдөө асуудлаа шийдэж амьдарч байна. Үүсгэсэн хуримтлалаараа жижиг үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй  гишүүддээ зээл өгөх зэргээр ажиллаж байна” гэж тэд ярьж байна.

Мөн Булганчууд Ерөнхийлөгчид шинэхэн байгуулсан “Иргэний танхим”-аа үзүүлж, иргэний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа ажлудаа танилцуулсан. Аймгийн ИТХ-аас 2011 оныг иргэдийн оролцоо, ил тод байдлыг өргөтгөх жил болгон зарлаж, Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсийн “Эрхзүйн мэдээлэл өгөх төв”-ийг “Иргэний танхим”-ын хэлбэрээр засан тохижуулжээ.  “Энд иргэдийн санал хүсэлтийг тэмдэглэн авч, хууль эрхзүйн талаар болон төр засаг,  аймгийн удирдлагын шийдвэрийг сурталчлах, гарах гэж байгаа шийдвэрийн төслийг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг юм байна. Сар бүр цаг үеийн асуудлаар, төсөв мөнгөтэй холбоотой асуудлаар эсвэл Иргэдийн хурлын тухайн жилийн хэлэлцэх асуудал дээр тулгуурлаж нэгдсэн хэлэлцүүлэг явуулна. “Иргэний танхим” байгуулагдаад удаагүй учраас иргэд энд ирж үгээ хэлэх эрхтэй, аливаа шийдвэрт өөрсдийнх нь санал тусах ёстой гэдгийг төдийлөн мэдэхгүй байна. Тиймээс бид иргэдийг идэвхжүүлэх тал дээр анхаарч байна” гэж Иргэдийн хурлын төлөөлөгч А.Ганболд танилцуулав. 

“Шийдвэр гаргах үйл явцад иргэн өөрийнхөө эрх, үүргийг мэдэхгүй байх нь олон сөрөг зүйл дагуулдаг. Хамгийн наад зах нь иргэний санал тусаагүй шийдвэр хэрэгжихдээ удаан, муу байх талтай. Иргэний оролцоо бол жагсаал цуглаан гэх мэт тулган шаардах хэлбэр биш юм. Иргэн иргэнлэг биш байвал төр иргэнлэг биш байна.Төр болон иргэнд сонсох, зөвшилцөх, хэлэлцэх гэх мэт харилцан нөлөөлөх боломж байдаг гэдгийг “Иргэний танхим” харуулах учиртай” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд хандаж хэлсэн.  

“Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлж Булган аймгийн хэмжээнд бүх нийтээрээ хоёр удаа мод тарьжээ. Шинээр “Хүүхдийн инээд” цэцэрлэгт хүрээлэнтэй болж, “Монголоо ногооруулья” хөдөлгөөн өрнүүлж, бүх суманд мод тарьсны дүнд 160 мянга гаруй мод бут, суулгац, жимсний бут, цэцэгтэй болжээ. Мод бут тарих үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг ч өрнүүлж байгаа юм байна.

Ерөнхийлөгчийн хөдөө орон нутагт хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд болж буй үйл явдлуудаас хамгийн их анхаарал татдаг нь орон нутгийн иргэдтэй хийх уулзалт.

Тэнд л иргэд жинхэнэ цээжний үгээ хэлдэг. Ерөнхийлөгч ч бүх асуудлуудаар тэдэнтэй дэлгэрэнгүй ярилцаж санаа оноог нь сонсч, өөрийн байр суурийг ч илэн далангүй  илэрхийлдэг. Ёстой хаалга цоожгүй халуухан яриа энд өрнөдөг гэсэн үг.  Дарга даамлууддаа цөхөрсөн, төр засгийнханд гомдсон, элдэв хүнд суртлуудын өмнө хүчин мөхөсдсөн иргэд аавдаа ховлож байгаа юм шиг нулимстай үгээ ч унагана. Улс орны хэмжээнд болохгүй бүтэхгүй байгаа асуудлуудыг хөндөж санал бодлоо ч ярина. Энэ улс орны эзэд нь юм болохоор эрхийг нь хязгаарлах аргагүй. Зарим үед танхим шүүмжлэлд улайсч халширмаар халуухан агаараар төөнөх энүүхэнд. Гэхдээ бусад аймгуудаас ялгаатай нь Булганыхнаас концертод ирсэн мэт алга нижгэнүүлж, болж байна, бүтэж байна, баярлалаа гэх бурам шиг үгээр жигүүрлэмтгий өөлсөн хүнд бол жаахан дулдуй өнгө аяс ханхалж байсан. М.Оюунбат даргадаа баярлалаа, хоёр гишүүндээ баярлалаа гэх мэтийн тал засалтууд нь жижигхэн хэтрүүлэгтэй санагдсаныг эс тооцвол ерөнхий уур амьсгал нь тогтуун юм. (Хөвсгөлтэй зүйрлэхэд)

 Ерөнхийлөгчийг аймгийн төвд иргэдтэй уулзах сурагаар сумдаас цөөнгүй хүмүүс зорьж иржээ.  Тэдний дотроос Хишиг-Өндөр сумын засаг дарга Зоригт гэдэг залуугийн шүүмжлэл илүү анхаарал татсан. Ер нь бол бие биенээ магтах, дөгөөх, зулгуйдах цаг ямагт олддог. Харин болохгүй байгаа, доголдоод байгаа, буруу яваад байгаа асуудлуудаа барьж аваад нухацтай ярих нь цаашдын үйл хэрэгт илүү чухал хөшүүрэг болдог болохоор сэтгүүлч би бээр ч магтаалтай харшилдаж, шүүмжлэлд чихээ наамтгай араншин тээх дуртай. 

“Хаан” банк гэж нэг аймшиг байнаа, Ерөнхийлөгч өө

Хишиг-өндөр сумын засаг дарга Ерөнхийлөгчид хандан “Манай иргэдийн язгуур эрх ашиг улсын дээд шүүх дээр очоод л нурж унаад байна. Нутаг орноо хэрсэн энэ лиценз гэгчээс салгаж авах гээд бидний хүч лав хүрэхгүй юм байна. Та Монгол улсыг удирдаж байгаа хүн. Харин би Хишиг-Өндөр сумыг удирддаг. Ард иргэд маань намайг танаас тодорхой үгтэй ир гэж явуулсан гээд нэлээн хурцхан шүүмжлэл өрнүүлсэн. “ Цагаан удам” гэдэг компанитай холбоотой асуудлуудаас болж  Хишиг-Өндөрийн ард түмнийг балай гэж басч байгаа юм шиг дур зоргоороо авирлаж байгааг хэн хэзээ таслан зогсоох юм бэ гэсэн асуултыг түүгээр дамжуулж иргэд нь илгээсэн бололтой. Мөн “Хаан” банктай холбоотой шүүмжлэлүүд хавтгай яригдаж байна. Ажилтнуудынх нь ёс бус харьцаа, дангаар ноёрхсон буруу эзэрхийлэл дэндсэнийг хөдөөгийнхөн хатуу хэлж байна. “Хаан” банкны гадаа дугаарлаад тэсвэрлэхгүй зарим нь ойчиж байна. Яагаад энэ банк ганцаараа ийм монополь эрх дарх эдэлж байдаг юм бэ гэсэн үгийг олон хүн хэлж байв. Тэдний ярьж байгаагаар бол “Хаан” банк хөдөөд дэндүү эрээ цээргүй бодлого явуулдаг бололтой. Зээл олгохдоо шударга бус ханддаг. Хүнд суртал нь дааж давшгүй их. Тэр бүү хэл жинхэнэ өмчийн эзнийг нь мэдээгүй явахад ар хударгаар нь хаа хамаагүй нөхдүүдэд хөрөнгийг нь барьцаалаад зээл өгчихсөн тохиолдлууд ч гардаг гэнэ. Өөрөөр хэлбэл Доржийн эзгүйд хоттой хонийг нь барьцаалаад хэн нэгэн холын хамаатанд нь  зээл олгочихсон байсан гэсэн үг. Энэ бол үнэхээр байж болшгүй явдал. Жишээ нь Бугат сумын банкны ажилтан нь мөнгө шамшигдуулаад ял эдэлж байгаа бол Хишиг-Өндөрийн банкны ажилтан нь  гадаадад гараад зугтчихсан гэнэ. Иргэдийн итгэл найдвар Банкны салбарт энэ мэт зүй бус явдлуудаас болон алдагдаж байгааг тэд ийнхүү жишээ дурьдан хэлж байна. 

Ё.Отгонбаяр сайд төсвийн мөнгөөр л шоудаад байх юм


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонсдог, хүндэлдэг дарга байхгүй  байна. Булганд махны, сүүний үйлдвэр байгуулмаар байна. Төрийн одон медалийг эзнийг нь олж өгмөөр байна гэх мэт олон шүүмжлэл өрнөснөөс хамгийн сонирхолтой нь БСШУ-яамны сайд Ё.Отгонбаярыг байн байн энүүгээр эргэлдээд байх боллоо гэсэн шүүмжлэл байв. Үнэхээр тэсвэрлэж чадалгүй пис хийтэл инээлгэсэн шүүмжлэл сайдын нэр дээр хаягласан  шүүмжлэлүүд байсан. Нэгэн залуухан сонгогч босч ирснээ Ё.Отгонбаяр сайд Булган руу гүйдэлтэй болсон. Төсвийн урсгал зардлаар шийдвэрлэгдэж байгаа сургууль цэцэрлэг засварлах, барих, сэргээх ажлуудыг энэ хүн бүгдийг нь өөрийн хувиас хийж байгаа ажил шиг сурталчилж явдаг болсон. Булганы ард иргэдийг тэнэг зөнөг юм шиг үзэж байхаасаа ичих хэрэгтэй. Би хувьдаа энэ хүнийг төсвийн мөнгөөр шоу хийгээд байна гэж хардаж байна гэж хэлчихээд гараад явчихсан.  Хаа нэгтэйгээс хавчуулагдсан явуулгын шинжтэй шүүмжлэл юм болов уу гэсэн улс төрийн хар төрж суутал ахиад л нэг эмэгтэй босч ирээд сайдыг загнаж гарах нь тэр. Ер нь Ё.Отгонбаяр сайд ямар санаатай Булганаар байн байн ирээд байдаг юм бэ. Энэ хоёрынхоо (Э.Мөнх-Очир, Ц.Цэнгэл) хэнийг нь хусч гарч ирэх гээд байгаа юм. Ерөөсөө 2012 оны сонгууль бодож яваа нь илт байна шүү дээ гээд л авч өгөв. Танхим ч инээлдээд л, алга ташаад л биш болоод явчихсан. Гэтэл насаараа хүүхдийн байгууллагад ажилласан Сэрээжав гуай босч ирээд цаадуулаа зэмлэв. Ё.Отгонбаяр сайд наашаа ирлээ гээд, энд юм хийлээ гээд Булганчуудаас хорж хотойх юм юу байгаа юм бэ нөхдөө, ийм хачин юм ярьж болохгүй гэснээр Ё.Отгонбаяраас үүдэлтэй шуугиан намссан.  

Булганыхан одон хүсэв

Алтан гадас одонг юм хийж бүтээсэн улсуудад өгмөөр байна. Манай аймагт гавъяат болох ёстой хүмүүс байна. Жишээ нь аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга их эмч Шижирбаатар, аймгийн театрын гоцлол дуучин Очирбат зэрэг хүмүүсээс гадна гавъяат багш болох гавъяатай ганц хоёр хүн байдгийг нэр зааж хэлсэн нь нийтийн хүсэл болох нь тодорхой харагдаж байв. Ерөнхийлөгч ч тэдний хүсэлтийг анхааралтай судалж үзэхээ амласан. Одонгийн тухай яриа явсаар дөрвөн хүүхэдтэй нэгэн аав эхийн одон авч болох уу гэсэн хүсэлтээр өндөрлөсөн. Ерөнхийлөгч уучлаарай, энэ бол алдарт эхийн одон юм шүү гэж эелдгээр хариулж танхимыг хөгжөөсөн.

Аймгийн иргэд манай аймгийн удирдлагууд, сонгогдсон гишүүд маань юм хийж байгаа. Энэ зам харгуйг хар. Аймгийн доторх замаар маань та явж үзээ л байлгүй. Манай аймгийн төвийн замын дэргэд хотын зам бол онигоо шүү. Гишүүддээ баярлалаа….гээд л алга нижигнүүлсэн. Нэг үеэ бодвол хүмүүсийн ам дандаа муугаар биш гэрэл гэгээтэй сайн зүйлсээр дүүрч байдаг болжээ. Амны билгээ бараа юу даа гэж гайхширмаар үеүд зөндөө байдаг байсан. Одоо бол иргэд төрдөө ажил өгөөч, бид юм хиймээр байна. Бидний сэтгэлд урам зориг асч байна гэж хэлдэг болжээ. Энэ бол монголчуудын маань сэтгэлд ирээдүйдээ итгэсэн гэрэл гэгээ тусч буйн илрэл биз ээ….