Зуншлага сайхан бо­лох нь ээ. Хотоос зүүн тийш  гарч явахад л  хур дагалаа.  Ерөнхий сайд С.Батболд Хэнтий, Дор­нод, Сүхбаатар аймагт хэд хоног ажиллахаар яваа нь энэ. Гурван аймагт Ерөнхий сайдыг яг нэг стандар­таар угтах аж.  Хүндэтгэ­лийн жаг­саал хийж, бүрээ бөмбөр үлээн, улаан хив­сэн дээр алхуулж хүлээн авлаа. Зарим  аймагт бороо оро­хын өмнө сал­хи дэгдсэн нь өнөөх ган­ган хивсийг нь Ерөнхий сайдыг ирэ­хээс өмнө арай л хийсгэ­чих­сэнгүй.   Социализмын үеийнх шиг ингэж угтах хэрэг бай­на уу гэж ал­баны хү­мүүсээс асуу­хад  Засгийн газраас зөв­шөө­рөөгүй ч төрөө хүндэтгэж байгаа хэрэг гэж тайлбар­лав. Иргэд Ерөнхий сай­даа угтах гээд аймгийн тө­вийн­хөө талбай дээр, эсвэл хурлын танхимд дүүрэн цугласан байх аж. Настнууд энгэр дүүрэн одон медалиа гялал­зуулж, гоёлын дээлээ өмсчихөж. Хачирхалтай нь зүүн аймгийнхан бүгд л Ерөнхий сайд С.Бат­болдыг "манай нутгийн хүү" гэцгээх аж.

Сүхбаатар аймгийнхан  гэхэд л аавынх нь нутаг болохоор угшлаа дагавал яалт ч үгүй манайх гэнэ, Дорнод аймагт төрж өссөн боло­хоор бас л манайх гэх юм. Хэнтий­чүүд Цэцэн ханаас төрсөн манай сайд гэх юм. За ямар ч байсан Зүүн аймгийнхан Ерөнхий сайдаа өөр өөрийнхөө­рөө өмчлөөд л суугаа юм байна.  Дээрх аймгуудад хийсэн ажлынх нь талаар дараагийн дугаарт хүргэх учир энэ удаа Ерөн­хий сайдын Зүүн бүсэд ажилласан өдрүүдэд анхаарал татсан нэг зүйлийг онцолъё. Энэ нь Дорнод Тамса­гийн сав газарт газрын тосны хайгуул, олборлол­тын ажил хийж байгаа "Петро­чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагаатай танилц­сан явдал юм. Ирсэн зочдод тус компанийн захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нар танилцуулга хийв. Мэдээж тэд их л сайхан юм хийж байгаа гэж хэлсэн. Сайхан зүйл хийх гэхээр нь саад тотгор учруулаад байгаа нь Монго­лын тал гэх маягийн үгс ч урсав. Мон­голын тал хөшүүн хойрго байхаар Хятадын талын хөрөнгө оруулалт цаанаа л нэг болж бүтэхээ бай­чихаад байна гэж ирээд л учирлаж гуйхын зуур ярьж байх юм. Үнэн хэрэг дээрээ Монгол Улсын 26 хууль тогтоомжийг зөрч­сөн гэж Мэргэжлийн хяналтынхан тус ком­па­нийнхныг дүгнэсэн бай­гаа юм. Ингээд тэдний үнэнээс зөрсөн танилцуулгын дараа Ерөнхий сайд, түүний танхимын гишүүд, УИХ-ын гишүүд, холбогдох албаны хүмүүс асуулт асуулаа. Бас анхаа­руулга ч хэллээ. "Петро­чайна Дачин Тамсаг"-ийнхан үүнд их дургүй бай­гаа бололтой.

Биднийг очихоос өмнө ажилч­дадаа хэвлэл мэдээл­лийнхэнд янз бүрийн юм хэлж болохгүй гэж анхааруулсан байгаа юм. Өнөө­дүүл нь элдэв юм асуух гэхээр дөлж зугтаад болдоггүй. Уг нь саяхан цалингийн доод хэмжээг нь 300 ам.доллартай тэнцэхээр  болгосон гэж байсан. Сумын иргэ­дийн хурал хуралдаад мон­гол ажилчдын цалинг нэмүүлэхээр шийдвэр гар­гаж нөгөөдүүл ч үүнийг нь хүлээн зөвшөөрчээ. Дорнодчууд Ерөнхий сайдыг очиход "Газрын тосны баялгаас орон нутгийн иргэд хүртэх ёстой" гэсэн утгатай уриа лоозон барьж угтсан нь ч учиртай аж. Орон нутгийн иргэд эдний үйл ажил­лагаанд таагүй ханддаг гэнэ. Үнэн хэрэгтээ Монгол Улсад асуудал нь байгаа юм биш. Нөгөө тал асуу­далтай байгаа нь уулзалтын явцад тов тодорхой болов. Угаас гэрээ­ний олон заал­тыг зөрчиж заримыг нь биелүү­лэхгүй байгаа юм байна. Сайд дарга нар юм асуухаар тоймтой юм ч хэлэхгүй юм. Асуул­тад хариулж чадахгүй болох үедээ нүүрэнд нь илт уур хилэн тодроод ирэх аж.   

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл "Та нар ирэх болгонд л ийм юм ярьж суух юм. Нөөцийн гуравны хоёрыг нь Монголын Засгийн газар баталж өгсөн атлаа үлдсэнийг нь баталж өгөхгүй байгаа нь байгаль орчны нөхөн сэргээлт бусад асуу­далд нөлөөлөөд байна гэж ярих юм. Та нарын энэ барьсан юмнууд хэзээд ачаад явахад бэлэн. Дээр нь хэт хямдхан материалаар хийгд­сэн байдаг. Монголд юу үлдэх юм. Зам барина гэчихээд яагаад одоо бол­тол худлаа яриад байж байдаг юм" гэтэл тус компанийн захиралд хэлэх үг олдсонгүй. Нөгөө л танил­цуулгад дурдсан зүйлийг давтан "Манай илрүүлсэн нөөцийн гурав­ны хоёрыг Монголын Засгийн газар баталж гуравны нэгийг нь батлаагүй. Бүгдийг батлахгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхэд саад­тай байгаа гэв. Нөөцийн асууд­лыг бүрэн шийдэхгүй бол манай ком­панийн үйл ажилла­гаанд нөлөөлж байна гэлээ. Ч.Улаан гишүүн "Гэрээнд заасан үүргээ биелүү­лэхгүй байж хандив тусламжаар ам хаах нь зохисгүй"-г дурдав. Д.Одбаяр гишүүн "Газрын тос олборло­­хоосоо өмнө газрын тос боловс­руулах дунд оврын үйлдвэр барина гэсэн яасан" гээд мөн хатуу хучилттай зам барих ажил одоо хүртэл хийг­дэх­гүй байгаа талаар асуухад Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчны яам асуудлыг нь шийдэж өгөхгүйгээс болсон гэв. Түүнээс болоод гэрээнд хатуу хучилттай зам барихаар тусга­чихаад одоо хайрган хучилттай болгож өөрчилсөн төдийгүй  хөрөнгө оруулалт нь ч шийдэг­дэхгүй байгаа тухай ярилаа. Гэтэл  Байгаль орчны дэд сайд Ч.Жаргал­сайхан Замын элэгдэл маш их байгаа. Байгаль орчны яамнаас бүх замыг хатуу хучилттай байлга­хаар зорьж байгаа. Гэтэл тус компанийн захирал газрын тосны хайгуулын онцлогоос шалтгаалж эхний үед тодорхой хэм­жээгээр байгаль орчинд нөлөөлдөг гээд олигтой зүйл хэлсэнгүй. Гэсэн атлаа гэрээнд заасан амласан зүйлээ огт хийхгүй байгаа нь энд ирсэн албаны хүмүү­сийн дургүйц­лийг хүргэж байв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэ­рийн сайд Т.Бадам­­­жунай  монгол, хятад ажилчдын цалинг сонирхов. 500-1000 ам.долларын цалин авч байгаа гэж байна. Манай ажилчид цалиндаа сэтгэл хангалуун байдаг хэмээн өнөөх эрхэм заллаа. 

Үнэн хэрэгтээ монгол ажилчдын цалинг 300 ам.доллар болгохыг Монголын тал сая л зөвшөөрүүлж талаар дээр мэдээлсэн. Дараа нь Зам тээвэр, барилга, хот байгуулал­тын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ "Танай компани батлагдсан чиглэлд баталгаатай аюулгүй тээвэр хийх ёстой. Танайх хайрган хучилт­тай замын төслөө маш нарийхан, хоёр машин зөрөх зайгүй, тийм санал оруулж ирсэн. Бид та бүхэнд өргөн болгоод ир гэсэн даалгавар өгсөн" гэлээ. Ингээд Монголын талаас л болохгүй байгаа юм шиг зүйл яриад байсан тус компанийн удирдлага  сүүлдээ хэлэх үггүй болов. Энэ бүхний эцэст Ерөн­хий сайд үг хэллээ. Газрын тосны хуульд Засгийн газраас шинэчил­сэн найруулга хийх санал оруулж байгаа. Газрын тосны нөөц ашиг­ласны төлбөр, бүтээгдэхүүн хуваах гэрээг нэмж тусгах шаард­лага байна. Тэгэхгүй бол хуучин гэрээ­нээс болж Монгол Улс алдаг­­далтай байгаа талаар хэлээд энэ онд багтааж цуглуу­лах, хадга­лах, цэвэршүүлэх олбор­­лолтын бай­гууламж  бари­хыг үүрэг болгов. Хийж байгаа, хийх гэж байгаа гэсэн шалтаг шалтгаан дахиж сонсох­гүй гэдгээ ч хэлсэн юм. Мөн тэрээр нүүрс олборлож буй дотоодын компа­нийн­хаа тээвэр­лэл­тийн үйл ажил­лагааг зогсоож болж байхад гадаадын компанид ч адилхан арга хэмжээ авч болохыг анхааруулав.

Ерөнхий сайд энэ уулзалтын дараа Байгаль орчны дэд сайд Ч.Жаргалсайханыг тус ком­па­нийн удирдлагуудтай дахин уулза­хыг үүрэг болгосон юм. Дэд сайд Ч.Жаргалсайхан тус компа­нийн удирдлагуудтай уулзахдаа хэд хэдэн шаардлага хэлсэн юм. Тэрээр "2007 оны тавдугаар сард та нар Ерөнхий сайд С.Баяр­тай намайг энд ирэхэд техник, эдийн засгийн үндэслэлээ бэлэн болгосон. Нэг жилийн хугацаанд хатуу хучилт­тай зам барина гэж байсныг чинь би санаж байна. Гурван жилийн дараа  ирлээ. Та нар ч юу хийгээ­гүй байна. Бүр ухраад хайрган зам барих тухай ярьж байна. Энэ байдлыг бид хүлээж авах боломжгүй. Хатуу хучилттай зам барихыг Байгаль орчны яам хатуу шаардана. Та нарт нэг сарын хугацаа өгнө. Энэ хуга­цаанд багтааж хатуу хучилт­тай замын техник, эдийн засгийн үндэслэ­лийг хийлгэж оруулж ирэх ёстой. Өөр тайлбар сонсох­гүй. Үгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно. Нөгөө талаас техни­кийн болон биологийн нөхөн сэргээлт хийг­дэх­гүй байна. Газрын хөрсний бохирдуулалтыг саармагжуулах ажил хангалтгүй. Ахуйн болон үйлдвэржилтийн хогны асуудал одоо болтол хийгдээгүй. Хог хаягдлаа шууд газарт булж бай­гаа. Энэ тухай нутгийн иргэдээс гомдол ирж байна. Байгаль орчныг хам­гаалах, нөхөн сэргээх ажил хийгээ­­гүй. Энэ жилийн хөрөнгийн  фон­дод байгаль орчинд зарцуу­лах мөнгө төвлөрүүлээгүй. Энэ бүх байдлыг чинь ойрын хуга­цаанд газар дээр нь ирж шалгах ажлын хэсэг явуулна" гэлээ. Ямар ч байсан "Петрочайна дачин Там­са­г"-ийн асуудлыг Засгийн газар хэлэлцэ­хээс өмнө Ерөнхий сайд байдлыг газар дээр нь очиж үзлээ.