-фельетон-
 Эндүүрч үл дуусах хорвоо юм аа. Энэ Эрүүлийг хамгаалах яамыг чинь манийгээ эрүүл байвал л баярладаг юм санасан чинь, бишээ. Далаад оны нэгэн дуунд “харах нүд минь эндүүрчээ” хэмээн гардаг нь ирээдүйн олон юмыг зөгнөсөн байж. Өмнөх нэг сайд нь шинээр ДОХ гарах тоолонд л хүлээн авалт хийдэг байж билээ. Сая гахайн томуу гарснаас хойш энэ яамныхан ёстой цог заль бадрав гээч боллоо. Гахайн томуу ч гахайн томуу, гахай мундсан биш хүнд хүртэл тусаж явдаг нь юу ч билээ.

Яам хавийн нэг дарга нь “үнээрийн талархжээнаа” гэсэн ярилцлага хүртэл өгсөн байх юм. Учир нь гадаад найз нар нь “одоо болтол ганц ч гахайн томуу олдоггүй ээ, хи хи” гэж шоолоод байсан юм байх аа. Гадаадын эмч нар ч манай хэдийн өрөөсөн дугуй байдаг болтой юм. Өөрийн оронд өвчин гарахад баярлахын сацуу, өрөөл бусад оронд өвчин гарахгүй бол сэтгэл санаагаар явчихдаг, мэргэжил нэгтнүүдээ “нэг юм сэтгээч” гэхчлэнгээр шорддог улс болж таарлаа.

Зөвхөн эмч ч биш, өөр салбарт ч ийм бодолтой улс бишгүй байдаг аж. Саяхан хөдөө нутгийн нэгэн "аравт” малчинд доорхи явдал тохиолджээ. Ойлгож байгаа биз дээ? Мянган малтай хүнийг “мянгат малчин” гэж нэрлэн мөнгөн хувин, мөнгөлсөн гэргээр шагнадаг даа. Улс нь ардчилсан, хүн мал адилхан тэгш эрхтэй болсныг хэлэх үү? Үлдснийг орхихгүй байхаар шийджээ, ачит гэгээн төр минь. Ингээд зуун малтайг нь “зуут малчин”, арван малтайг “аравт малчин” гэж цоллон, тохирох хувин саваар мялаах болж. Харин ганц морьтой, юмуу үнээтэй хүнийг “монгол улсын нэгт малчин” хэмээн нэрийдэж, цагаан сараар сияан аяга, мэрзээвтэр гэргэгээр мялаах болсон юм гэсэн.

Тэгсэн чинь тэр “улсын аравт малчин” яасан гээ. Хотонд нь боохой ороод мань хүний цол зэргийг “Улсын гуравт малчин” болтол бууруулаатахжээ. Харамсаж халаглахын оронд тэрээр “Би маш их баяртай байна. Дэлхийн хонь мэндийн байгууллагын нөхдүүд намайг “Өдий болтол ганц малаа чононд идүүлэхгүй ичмээр юм. Чи ер нь чоныг танихгүй байх шиг байна” гэж шоолоод байсан. Одоо тэд намайг “чоно мэдэхгүй дурак” гэж хэлээд үзэг л дээ" гэсэн байна.

Эргээд яамны асуудал руугаа орье. Нэг сайд нь өчигдөрийн сонинд “Ер нь гахайн томуу тусах нь их ашигтай байгаа. Учир нь дархлаа тогтоод, дахиж гахайтахаа больдог. Гахайтай амьдарсан ч айх юмгүй. Ээ мөнч сайхан хэрэг шүү” гэж ярьсан байх юм. Сайдынхаа яриаг бататгаж ярьсан өөр нэг мэргэжилтэн “ Манайхан үхэхээс айж байгаа нь туйлын гэнэн хэрэг мөн. Манай яамны үзэж байгаагаар бол үхэх ихээхэн ашигтай. Учир нь хүн нэг л үхвэл дахиж хэзээ ч үхдэггүй гэдгийг манай эмч нарын хийсэн судалгаа нэгэнт бататгасан” гэсэн байгаа юм. Бурхан өршөөг. Ингэхэд, яаж ч бодсон биднийг биднийг бурхан өршөөгөө л байна л даа...тийм үү?

Манай нийслэл шинэ нүхэн гарцтай боллоо гээд л бөөн баяр. Зарим сонинд “монголын ирээдүй-нүхэн гарц” гэсэн, логиктой нь аргагүй гарчиг хүртэл харагдана. Ер нь манайхан чинь хямралаас нүхэн гарцаар гарах юм биш үү?

Хийсэн улс нь нүхэн гарцаа дэлхийд ганцхан гэж нотолж байна. Тэд “Дэлхий хаа нэгтэйгээс өөр Улаанбаатар олоод, тэндээ яг ийм багтрам утаа бий болгоод, тэндээсээ мөн ийм “багшийн дээд” гаргаж ирээд, манай нүхэн гарцын ижлийг заагаад аль л даа” хэмээн ам асууж байна.

Ёстой иж бүрэн эд гэнэ ээ, тэр гарц. Дотроо гэрэлтэй, гэрлийг нь яг л санал тоолох үед тасалдаг шиг шиг унтраах боломжтой, дээрэмчдэд зориулсан булантай, юмаа булаалгачихаад гараад ирлээ гэхэд хажууханд цагдаагийн пост бэлэн. Хүсвэл нүхэн гарцыг тойрч гүйгээд машинд мөргүүлэх бүрэн боломжтой төдийгүй, урдхан талд нь бэлэн зэхээний эмнэлэгтэй. Нүхэн гарцаар орсон хүн зүв зүгээр гараад ирж ч болдог. Нэгэнт гараад ирсэн хойноо гэртээ харьсан ч болдог, бас дэмий тэнээд алга болсон ч өөрийн дур гэлцэнэ. Үнэхээр тасархай гарц ажгуу.

Хямралын ийм гарц байгааг төр, засаг нь хүртэл мэдээгүй явжээ. Гэтэл барилгын компанийхэн аль хэдийнэ мэдээд хэрэглээд ирсэн байх аж. Дээхнэ ерөнхий сайд ба барилгын компанийн боссын хооронд ийм нэгэн яриа болсныг бид зурагтаар харав даа.

Ер.Сайд:Чи Их тэнгэрийн гүүрийг барина гээд ноднин хоёр тэрбум төгрөг авсан гэсэн

Бар.босс:Та зөв юм харсан байна.

Ер.сайд:Тэр гүүр хаана байна?

Бар.босс:Та буруу юм хараад байна...

Сая мэдэхнээ, Их тэнгэрт чинь гүүрний оронд “усны нүхэн гарц" барьчихсан юм байж. Хүн хичнээн сайхан нүхэн гарц барьчихаад байхад тэнэг юм шиг “гүүр хаа байна?” гээд байгаа хүнийг яана билээ, аан?. Ер нь ийм амьтныг “та буруу юм хараад байна” гэх нь бүү хэл алгадаад авсан ч багадана биз дээ.

Усан гарц бас л хямралын нэгэн гарц болсон сайхан эд гэнэ лээ. Төрийн ихэс дээдэс явах учраас яалаа гэж хотын төвийнхтэй ижил нүх хийх билээ. Архитектурийн шинэ шийдэл төдийгүй байгаль экологи талдаа хачин эд гэдэг. Гадаадынхан үүнийг “байгаль орчинд хэтэрхий ээлтэй технологи” гэж нэрлэх санал гаргасан гэж байгаа. Нэг ч чулуу, мод хөндөөгүй, нэг ч барилгын материал ороогүй хийгдсэн гээд л бодчих... Дарга нар машинаараа давхиад гүүр байсан ором дээр ирнэ. Байгальд хэтэрхий халгүй технологиор хийсэн болохоор эрэг дээр ямар ч ул мөр байхгүй. Харин манай тагнуулын гярхай ажилтнууд “усны нүхэн гарц”-ын амсар хаа байгааг андахгүй мэднэ. Ингээд манай төр зөсгийн тэргүүнүүд бэлэн зэхээний хүчилтөрөгчтэй баллон үүрээд усны нүхэн гарц руу орж явчихна. Доороо голын гүний цэнгэг устай, гэрэлтүүлэг сайтай, лусын ТҮЦ энэ тэртэй, үнэн тансаг “усан нүхэн гарц” гэсээн. Онгон байгалиа хамгаалах үүднээс дарга нарын машиныг усан нүхээр гаргаж, гол бохирдуулахгүй, харин Зайсангаар тойрч очоод даргыгаа хүлээнэ. Гараад ирлээ гэхэд цааш нь суулгаад явна гэдгийг хүртэл тооцоолжээ. Ийм юм бүтээчихээд байхад “Гүүр хаана байна, гүүр хаана байна” гэж мангартахаар ямарч хүн “та буруу юм хараад байна” л гэнэ биз дээ.

Ер нь манайхны ажил хэрэг ч лут чамбай байна аа. Энэ хил хамгаалах газар цэргүүдээ хэрхэн “хамгаалахаас өөр юм мэддэггүй” болгон хүмүүжүүлж байгааг хар л даа. Сэлэнгэ дэх ...дугаар ангийн удирдлага хоёр цэргийг тусгайлан хүмүүжүүлж мал хамгаалах эрдэмд сургасан юм байна. Тэд ангийнхаа малыг амжилттай хамгаалж байжээ. Гэтэл өнгөрөгч 9 сард тэдэнтэй нэг хэсэг хамгаалалтгүй мал тааралдахаар дагаж хамгаалаад бүр Заамар хүртэл явчихжээ. Малын эзэн нэг л найдваргүй санагдсан тул мөнөөх цэргүүд эх орны баялаг болсон малыг цаашид хамгаалаа л байж, хамгаалаа л байж. Үндсэн хуулинд “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэж заасан юм чинь арга байж уу? Ингээд өчигдөр ангиас нь очиж автал огт танихгүй айлын хонийг хамгаалаа л байсан байгаа юм. Хэрвээ тэднийг чоно хамгаалах чиглэлээр сургасан бол хээрийн боохой дагаад арилах байж, хөөрхийс. Хилийн цэргийн сургалт ч бас өөр байна шүү.