Шатахуун шилтэй ундаанаас хямд байсан социализмын үед дотооддоо бензин үйлдвэрлэх нь арай ч утгагүй байж.

Зах зээлд орсон энэ хорь гаруй жилийн дотор Монгол орныг зөв­хөн шатахуун л хямраасаар ирсэн. "Шатахууны үнэ өссөнтэй холбог­дуулан..." гэсэн тайлбарыг бид эхлээд төр засгаас, хамгийн сүүлд биеэ үнэлэгчдээс сонсож авцгаа­даг. Одоо бүх үнэ ханшийн орой дээр "Роснефть"-ийн колонкийн эрхлэгч гээд нэг нөхөр сууж байна. Түүнд  манай орон ямар нэгэн байдлаар онцгүй санагдсан бол  Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол  энэ тэр нь дөрөв хоногийн дотор төгсгөвөр болчих нь байна ш дээ. (Манай шатахууны жоор дөрөв хоног гэж өчигдөр мэдээллээ). Тэгвэл өөр компаниас авч болдог­гүй юм уу гэхээр бусад нь их үнэтэй дэмий гэх юм. Яагаад заавал Орос­той нефтийн худалдаа хийдэг тухайд "Өөр ямар ч гарц байхгүй" гэнэ. Хажуу дахь Хятад, хамгийн ойр казахстанчууд Оросын неф­тийн цаламнаас аль эрт зугтаж өөрсдөө бензин нэрж чаддаг бол­сон ч гэлээ гадагш нь илүүчилж болохгүй хууль гаргажээ. Уг нь Хятадад байхгүй юм байхгүй тэгээд хямдхан сан. Тэгсэн атлаа ганцхан бензин дээр "Эрээний хулхи"-аа ч зардаггүй. Сонирхолтой нь зөвхөн Монголд шүү дээ. Хөлбөмбөгийн дэргэдэх шар будаа шиг өчүүхэн Монголын зах зээлд том гүрнүү­дийн хувьд хэдэн торх бензин өгсөн байсан ч ялгаагүй өчүүхэн наймаа.

Тэгэхээр бүх юмны учир манай төр засагт өөрт нь байгаа юм. Зах зээлд орсон цаг үеэс хойших ма­най эдийн засгийг коммунист уг­шил­тай хэдэн нөхөд  хуваагаад авчихсан. Тэд МАХН гэдэг улс төрийн  байгууллагыг удаан амьд­руулахын тулд үүрэг хүлээнэ. МАХН ба МАН  хариуд нь шатахуун импортлох нөхцөлийг нь засгийн зүгээс бүрдүүлж өгөх өртэй явдаг. Ийм харилцан тогтолцоог нь нийг­мийн цөөнх гадарлаж, түрүүлж мэдсэн нь бүлэгт нь элсэж орсон бол одоо нууц биш ил цагаан харагдах боллоо.

Улс орны хөгжил гээд л цоглог сайхан юм яриад байгаа МХЗЭ-ийн гишүүн байрын хүүгээс "Өөрс­дөө бензин үйлдвэрлэдэг болчих­вол яасан юм" гэхээр  "Харин тийм" гэсхийгээд дуугүй болчихдог. Тэр чаргуулдаад байгаа намыг нь няцлахгүй бол бид торон дотор жиргэж байгаа болжмор хэвээрээ л байх юм байна.

Сүү химийн урвалд ороод яа­гаад шимийн архи болчихдог про­цессыг монголчууд огт гайхдаггүй. Тэгвэл Мэнэнгийн талд мэлтийж байгаа нефть хэрхэн дизель түлш болдог нь тийм ой тойнд багташ­гүй илбэ жатга гэж үү?

Ноднин нэг япон нөхөр манайд ирчихсэн хөргөгчний хэрийн аппа­ратанд хог хаягдал чихээд шата­хуун бүр дизель түлш гаргаад үзүүлээд байсан биз дээ. Оросын зарим тосгонд жирийн иргэд само­гон нэрж байгаа юм шиг түүхий нефтьнээс шатахуун гаргаад сууж байдаг юм билээ. Тэрнийг нь цуг­луулж аваад Монголд гаргачихдаг ч юм шиг санагдсан. Нефть нэрэх том жижиг төрөл бүрийн үйлдвэр дэлхийгээр дүүрэн бөгөөд даанч хөрсөн дороо баялагтай нь цөөн гэсэн. Манай орон газрын тос экспортлогч цөөн хэдийн тоонд албан ёсоор саяхан ороод байгаа.

Тамсагбулагт газрын тос илрэ­хээс бүр өмнө Зүүнбаянд олбор­лолт явуулж бензин үйлдвэрлэж байсан. Бид дотооддоо хамгийн жижиг ч хамаагүй өөрийн үйлдвэр­тэй байсан бол өдөр хоног тутам юмны үнэ өсөөд байх шалтгаан гарахгүй байхсан. Одоо бензинээс болж Монголд зөвхөн наймаа хийж амьдрахаас өөр аргагүй болж байна. Хувьдаа ТҮЦ-тэй байвал бензиний үнэ өсмөгц ширхгийн тамхиныхаа үнийг дагаад өсгөчих­нө. Тэгээд цөмөөрөө наймаачин, ченж болчихоор хэн нь эмч, багш, мужаан, малчин хийх болж байна. Нийгмийн баялаг үйлдвэрлэх урам хугарснаар нийгэм даяараа хоо­сон орон зай үүсч оронд нь Зүүн өмнөд Ази зүгийн үгээгүйчүүд цутгах нөхцөл бүрдэнэ. Өнөөгийн төр засаг бензиний үйлдвэрийг бай­гуулахыг зориуд боож хаас­наас болж ийм нөхцөл байдалд улс орныг аваачиж өглөө.

Гадуур шатахууны хомсдол үүссэнээр өөрийгөө чадан ядан болгоод явдаг нийгмийн дунд давхаргынхан л хамгийн түрүүнд зо­вох юм даа. Хамаг ажлаа ам­жуул­даг нөгөө муу "Поортер" нь зог­сож, нүүж ч чаддаггүй, түлээ түлшиндээ явахаа байж, жижиг дунд үйлдвэрүүд зогсов. Сүүлийн жилүүдэд иргэд хашаандаа ногоо тарьж Хятадын хортой төмснөөс овоо салмаар болчихсон байсан. Ди­зель түлш дахиад хэд хоног саатвал зөвхөн хэдхэн том аж ахуй л тариалалтаа хийж амжина. Бусад нь энэ зун "нинжа" болцгооно.

Одоо байгаа жаахан түлшийг томчууд үнийг нь хөөрөгдөн хуу хамж уул уурхай руугаа зөөсөн байна. Жижиг дунд үйлдвэр гэдэг шиг жижиг дунд гарын ченжүүд бий болон бензин колонкийн топьлийг бөөндөн уурхай руу шахаж улам хомсдол үүсгэв. Нефть импорлогч томчууд эрхбиш ичиж социа­лизмын үе шиг иргэддээ картын барааны систем хэрэглэж байна.

С.Эрдэнийн "Эх Бүрдийн домог"-т өгүүлдэгтэй төстэй юм болох нь байна. Балга түлшнээс хайртай охиноо Догшин хард өгөх л үлдлээ. Улс орныхоо нийгмийн тогтолцоогоо ингэж өөрчил тэгвэл бензинээ зарна гэхэд зөвшөөрө­хөд бэлэн байдалд очих нь. Дотоод­доо шатахуун үйлдвэрлэж чадахгүй биш, чадуулахгүй байгаа дотоод гадаад хоёр хүчин зүйл хавсраад улс орныг ямар аймаар хорлож чадаж байна вэ?

Энэ бүх будлианы аман дээр сууж байгаа тэр Даш Зоригт гэдэг сайд ямар учиртай хүн бэ? Тэр бүгдийг мэдсээр байж "Оросуудтай ярьчихлаа. Орост ч шатахуун тасалдаад Буриад, Тувагийн колон­кууд бүр хаалгаа барьчихсан байна лээ. Гэхдээ манайд бол өгнө гэсэн" гэх том юм ярьж хэд хоносон. Тийм л байдаг юм байх даа, хачин юм гэж гайхаад юу ч гэсэн хүлээлээ. Одоо болсон чинь "Гадуур түлш тасарчихсан юм уу. Тэгвэл Таван толгой руу зөөлгөхийг болиулдаг юм билүү. Оросууд нааш нь ачуул­на л гэсэн ш дээ. Унаа л саатаад байна даа. Ер нь түлш мөддөө ирэхгүй байх аа" ч гэх шиг. Өнөө­дөр биш гэхэд маргааш ийм нөх­цөл байдал бий болохыг мэдсээр байж үндэсний нефтийн үйлдвэ­рийг огт дэмжээгүйг дайсагнал гэхэд ч багадна. Зөвхөн энэ үндэс­лэлээр энэ сайдыг байтугай энэ­нийг хүүхэлдэй шиг хөдөлгөж залдаг тэр Засгийн газрыг нь огцруулах хангалттай нөхцөл бүрдлээ.   

Монгол бол Сингапур биш уудам, явган яваад баршгүй орон. Бүх л түүхэндээ унаа хэрэглэж амьдарсан ард түмэн. Унаа мориныхоо өвс тэжээлийг  хамт шийддэг уламжлалтай. Энэ зуунд мориор амжуулах ажил устсан. Машин энэ уудам нутгийн амьдрал болсон. Машины тэжээлийг зөвхөн Роснефть мөнх даана гэж ятгаж яаж чадаж байна вэ?