2011 онд Монголчууд дөрвөн үеэ нийлүүлж "төрсөн өдөр"-өө тэм­дэг­лэж байна. Тав дахь сэр­гэн мандлын үеэ нод­нин "Ардчилсан хувьсгал-20" гээд баяр хүргэсэн.  Баяр наадмаар дурдаад байгаа эдгээр дөрөв та­ван онууд тус тусдаа их учир утгатай бөгөөд тэд­гээр жилүүдээс эхлэн ма­най хувь заяа өөрчлөг­дөж байсан юм.

Үүнээс эхэнд нь дур­даад байгаа "Монголын тулгар төр үүссэний 2220 жил"-ийн  тухайд бид мэ­дэхээсээ мэдэхгүй нь их. Багадаа сурлагаар гайгүй явсан нэгэн нь дөрөв­дүгээр ангийн түүхийн сурах бичгэн дээр хальт гардаг Хүннүгийн  тухай өгүүлбэрийг бүүр түүр санаж магадгүй. Тэгээд Жужан, Кидан, Түрэг, Ся­ньби ч гэх шиг хачин хачин нэртэй улсууд Төв Азид дараалан оршин тогтож явсаар сая нэг юм Чин­гэсийн Монгол дээр тог­тож өнөөг хүрсэн түүхийг уншдаг. Нийтийн он тоол­лоос ч өмнө оршин тогтож байсан үеэ бай­тугай саях­ны 1930-аад оны шаш­дир ч будилаан­тай бол­чихсон тул манай орны үүх түүхэнд тодруу­лах ажил их бий. Өнөө­дөр гэхэд л Улаанбаа­тарт дэлхийн монголч эрдэм­тэд чуулж Мон­го­лын түүхийн сэдвээр илт­гэл тавьж байна. Энэ нь олон ой давхацсан бая­рын нэгэн үргэлжлэл юм.  Баярыг зөвхөн эрийн гур­ван наадмаар өндөр­лүү­лэхийг хүсээгүй. Энэ да­лимд нийт монголчууд өвөг дээдэс угсаа гарва­лаа мэдээд авахыг , бусад орны хувьд мэдрүүлэхийг зорьж байгаа билээ.

Саяхан О.Энхжаргал, Ж.Баттулга нараас эмх­лэн гаргасан Ч.Хаянхяр­ваа агсны "Модун Ша­ньюй" хэмээх ном ун­шигч­дын гар дээр очоод байна. Ер нь Хүннүгийн тухай хэд хэдэн бүтээл, ном, кино туурвигдан, эрдэм шинжилгээний хур­лууд ч болоод байгаа. Энэ бүгдээс харж уншиж байхад одоогоос 2220 жилийн өмнө манай га­зар нутаг дээр байгуу­лагдаж байсан Хүннү гү­рэн буюу бидний дээд өвгийн тухай баримт бид­ний гарт хангалттай олд­жээ. Арай дэндүү олон жил, мянга мянган оны тэртээх аж амьдралыг нотолсон булш бунхан, бичиг соёл одоо ч энд тэндээс гарч ирсээр бай­на.

Нийтийн тооллоос өм­нөх хасах 209 жилийн өмнө одоогийн Монголын нутаг дэвсгэр дээр албан ёсны төрт улс байгуу­лагдсаныг баттай нотолж чадаад байна. Гэхдээ энэ нь Модун Шаньюйгийн хаанчлалаар тасалж ав­сан он цаг юм. Модунаас өмнөх түүний аав Түмэн, Түмэнгийн дээд олон үеийн Хүннүчүүдийн  ту­хай дурдах гэхээр бараг гурав, дөрвөн мянган жи­лийн өмнөх үйл явдал болчих гээд байгаа. Тийм эрт үед дэлхий дээр хүн байсан болохоос төрт улс хаа ч бүрэлдэх хэмжээ­ний хөгжөөгүй үе.

Хүннүгийн хаант гү­рэн нүүдэлчдийн дунд бий болж байх үед дэл­хий дээр Хятад, Мисир, Герег, Перс зэрэг бараг арваад газарт төрт улс үүсчихсэн байв. Гэлээ ч нийтийн он тоолол би­чигдээгүй эрт цаг буюу Хүннү байгуулагдсан жи­лээс хойш даруй 209 жи­лийн дараа 1 он, 2220 жилийн дараа 2011 он гэж тоологдож байгаа би­лээ.

О.Энхжаргалын эрх­лэн гаргасан "Модун Ша­ньюй" номыг уншиж бай­хад их сонин үйл явдлууд болсон байдаг. Эх түүхээ олон мянган жилээр урагш­луулан судлах ба эргээд дүгнэн анзаара­хад манай уудам нутаг дээр хэд хэдэн Чингэсийн хэмжээний лидер төрөн  гарч түүний үр сад нь 200-500 жил үргэлжлүүлэн аваад явдаг байсан юм уу даа. Энэ бол наян жил болохгүй дампууран унаж байгаа коммунист дэглэмийн Монгол орны дэргэд хангалттай урт хугацаа. Тэгээд зогсохгүй дараа үеийн гарч ирсэн улсдаа уусч сарниагүй ард түмэн, уудам дэлгэр нутаг, үүх түүхээ аман хэлбэрээр ч боловч бүрэн бүтэн хүлээлгэн өгсөөр ирсэн нь гайхалтай. Чин­гэс хаан бол талд гозой­сон ганц уул биш Гима­лайн өндөр оргилуудын нэг юм гэдгийг Модуны жишээнээс харж болно. Хэсэг байж байгаад л дэлхийг эзэлсэн том гүр­нийг байгуулдаг нь бид­ний гэм биш зан аж. Хэ­рэв одоогоо байг дундаж зууны үеийн хэмжээний бичиг үсэг шашин энэ тэр хөгжсөн үе байсан бол өөр олон суутнууд тал нутгаас дэлхийд нэрээ мөнхлөх байж дээ. Хэн анх түмэн газрын цагаан хэрмийг бариулахад хүр­гэв гэхчилэн олон үйл явдлууд бүгд эзэнтэй байж таараа.

Хүннүчүүд одоогийн Орхон Сэлэнгийн бэл­чирээсээ урагшлан говийг гатлан одоогийн Хятадын хойд нутгаар он удаан амьдарсан аж. Тэгэх явц­даа Цагаан хэрэм барих болтлоо дайтан он цагийг элээсэн. Тэгээд Түмэн­гийн үед уналтын бай­далд орон уугуул нутгаа­даа буцаж ирсэн. Мон­гол­чууд үеийн үед гурван голын бэлчир дээрээ ирэ­хээрээ хатгалдах дайс­наа­саа холдож тэнхэрч авдаг аж. Харин Түмэн­гийн хувьд дахин хүчээ авсан атлаа их нүүдлийг зогсоон ажин түжин мөрөөрөө амьдрах бол­сон гэсэн. Араатнаас ялгагдамгүй тэр зэрлэг цаг үед ийм алгуурлал мөхөлтэй ял­гаагүй гэсэн үг. Энд тэн­дээс хуучин дайснууд нь босч ирэн довтлоод бай­хад Түмэн эхнэр хүүх­дийнхээ үгээр хэт жижиг улс төр хийгээд байдаг. Ингээд түрүүчийн хатны том хүү Модунд орших эс оршихын хоёр­хон зам үлддэг. Тэрээр ойр той­рон­доо хатуу дэглэм тог­тоон эхлээд хаан эцгийгээ хөнөөж тал нутагт урьд хожид болж байгаагүй аймаар алхам хийж эхэл­сэн. Хүннү гүрнийг хөл дээр нь босгохын дэргэд хаан эцэг, хайрт хатан,  хөлөг морь , ихэс ноёдын амь нас юу ч биш шүү   гэдгийг тунхаглан биетээр үзүүлснээр бусдыг хо­ромхон зуур өөртөө та­таж чаджээ. Тэр алдагд­сан бүх нутгаа эргүүлж авснаар барахгүй үргэлж мөнх тэнгэрт ивээгддэг жишгийн дагуу өчнөөн олон улс орныг дайлаар морджээ. Үүнээс хойш Хүннү улсыг нийтийн тоол­лын 100 оныг хүртэл буюу Модунаас хойш да­руй 300 орчим жил ор­шин тогтнохоор насыг нь уртасгаж өгсөн гавьяатай. Хүннүгийн Шаньюй то­дордог тэргүүлэх аймаг нь  Хиядь буюу Хиадууд байсан гэж тэмдэглэжээ.

Хаант буюу шаньюйн төр Модуны их хүү Гүеү­гээр үргэлжлэн Гүнчин, Ичишэ, Увей, Ушил, Гүли­хүү, Зүйдихүү, Хулугу гэх зэрэг хаадууд их бага хугацаагаар төр барьж явсаар Үжүлю Жуди Ша­ньюйн үед хүрэхэд ний­тийн тооллын 0060-аад онд очсон байв. Түүхэнд Хүннүгийн 30 орчим Шаньюйн цадиг намтар, амьдрал тэмдэглэгдэн үлдсэн юм билээ. Тэр нь зөвхөн энэ орны мөнхийн дайсан эртний Цинь, Минь, Гоу зэрэг хятадын нутагт үүсч байсан суурин иргэншлийн орнуудын  "номын сан"-гаас олдсон баримтууд. Тийм боло­хоороо дандаа муучил­сан, доош нь хийсэн ха­раал зүхлээр дүүрэн. Чин­гэсийн сүүлчийн удам Лигдэн хаан шиг Модуны угсаа Үжүлю жуди Ша­ньюйгаар үндсэндээ дуус­сан. Шаньюйг өөд болоход энд тэндээс өө­рийгөө хаанд өргөмж­лөгчид тодрон нэг жил бүр 15 Шаньюйтай болчих­сон ч тууж явсан байгаа юм. Хаадын алтан ураг нь харь улстай ихээхэн цус холилдон өмнөд хөр­шөө­сөө гүнж авч найрамдал тогтоож байсны гор гарч Хүннү нь говь цөлөөс урагш ба арагш гэж хоёр тасран хэсэг торж байс­наа шинээр тодрон гарч ирсэн  нүүдэлчин аймаг Сяньбид Хойд Хүннү нам цохиулсан. Тал нутагт өөрсдийгөө Сүмбэ гэж нэрлэсэн Модуны уг­саа­ны бус монгол хэлтнүүд төрийн буухиаг залган авч түүх дахиад давтагд­сан байх жишээтэй. Өм­нөдөд салан одсон Хүн­нүчүүд нь улам цаашлан эрлийз хаанаа даган ца­гаан хэрэм даван оджээ. Тэндээ суурин амьдралд уусан мянган жилийн дараа Чингэс хааны ач Хубилай хааныг эзлэх  хүртэл дахиж тал нутгийн  мэдэлд эргэж ирээгүй юм гэдэг. Хүннү нь Төв Азийг тэр чигээр нь атгасан хэт том гүрэн байсан нь мэд­рэгддэг. Аль ч Шаньюйн үед 300,000 цэрэгтэй мо­рьт арми гаргаад байсан нь одоо ч аймаар тоо. Модуны удмынхны нэг Аттила гэгч цэрэг цуух ард иргэдээ дагуулаад баруун тийш тасраад явчихжээ. Тэд бүр Европ тив хүрэн Мажар оронд тухлан сууж эртний Ром хүртэл довтлон цагийг эзэлсэн намтар цадиг  түүхэнд бичүүлжээ. 

2220 жилийн турш  төр улс төвхнүүлж байсан нүүдэлчдийн хаад, тол­гойлогч нар бүгд одоо­гийн Монгол орны нутаг дэвсгэр дээр бүр нарийв­чилбал  төв халхын "Гур­ван гол" гэгддэг орчмоос өсч өндийн бас ирж ясаа тавьцгаасан баримтууд л байх юм. Эндээс эрч хүчээ авч дэлхийгээр нэг бужиг­нуулж яваад ядрахаараа эндээ буцаад бүгчихдэг. Бүр арга тасарвал хой­шоо тайга руу зугтана. Хоорондоо тангараг тас­ра­хаараа гомдогсод нь Алтай даван баруун тийш хэдэн мянган бээр нүүж дундад Ази, зүүн Европ руу үүрд одно. Манай түүхэнд ийм давтамж олон­­таа тохиолджээ. Хүн­­нү мөн л тэр замыг туулсан.

Үжүлю Жуди Шаньюйг ихийг онголдог Хүн ууландаа одоогоос 1900 жилийн өмнө оршуулжээ. Түүнийг нь Сүмбэчүүд хорсон ухаж төнхсөн гэж байгаа. Бодвол дотроос нь баахан алт эрдэнэс тоноо биз. Ингээд булш­ны том онгорхой нүх хэ­дэн зуун жил оршин байс­ныг сүүлд гадаадын хайгуулчин Баллод гэгч алтны орд гэж андуураад ухжээ. Гэтэл дотроос нь аль ч цаг үед байгаагүй хачин эд өлгийн зүйлс гарч ирэн түүхчдийг ажил­тай болгосон. Тэр нь одоо­гийн Зүүнхараа дахь Ноён уул юм.

"Модун Шаньюй"-г Мон­голчууд энэ цаг үеэр уншаад мэдээд авчихад илүүдэхгүй. Бид их урт настай, өнө удаан нам­тар­тай, үлгэр домог шиг амьдарч байсан, цааш­даа бас л ямар нэгэн ер бусын амьдралыг үзэх тавилантай үндэстэн юм шиг санагдана. Монго­лын түүх нь миний, таны л түүх учраас бидэнд хамаатай байлгүй яахав.  Сайн судлавал та өөрөө Модуны садан ч юм билүү.