Эрнардо дэ Сото өнөөдөр дэлхийн толгой эдийн засагчдын нэг. Тэрээр ойрмогхон хоёр удаа Монголд ирсэн. Хөгжиж байгаа орнуудад эргэлтэнд ороогүй асар их хөрөнгө буйг Сото илрүүлсэн юм. Нэнэт эргэлтэнд ороогүй болохоор энэ бүхэн нь үхмэл хөрөнгө гэсэн үг. Хөрөнгийг эргэлтэнд оруулах гол механизм нь бүртгэлийн систем байдаг аж. Хичнээн өндөр өртөгтэй орд харштай байгаад тэр нь бүртгэгдээгүй, өөрөөр хэлбэл төр, олон нийт, банк санхүүгийн байгууллага, даатгал зэргээр хүлээн зөвшөөрөгдөөгүй бол энэ нь зүгээр л нэг сайхан үнэтэй олдвор, нэг үгэндээ үхмэл хөрөнгө. Капитализм нь биет ба биет бус бүхий л хөрөнгийг эргэлтэнд оруулж үр шимийг нь байнга хүртэж байдаг бол, хөгжиж буй орны иргэд ингэж чаддаггүй, баахан үхмэл хөрөнгө хадгалаад сууж байдгаас болж капиталист харилцаа хөгжиж чаддаггүйг Эрнандо дэ Сото илрүүлсэн юм.

    Сотогийн энэ нээлт тун чухал зүйл байлаа. Тэрээр энэ дэлхийн өөр өөр өнцөгт орших арваад газарт судалгаа хийж ижил дүн гаргасан юм. Египт, Филиппин, Гаити гурав шашин шүтлэг, түүх намтар, хүмүүсийн авир нь шал өөр мөртөө байгуулж буй “капитализм” нь хачин адилхан, үхмэл хөрөнгийн овоолго. Сотогийн судалгааны залуучууд Улаанбаатарт ч товч судалгаа явуулсан чинь перутай адилхан дүн үзүүллээ. Улаанбаатарын захын хорооллуудад эргэлтэнд ороогүй  долоон тэрбум долларын хөрөнгө байгааг “олжээ”.

Бүртгэгдээд хүлээн зөвшөөрөгдсөн эргэлтийн хөрөнгө, хэн ч үл мэдэх, эзэмшил нь хүлээн зөвшөөрөгдөөгүй үхмэл хөрөнгө хоёрын ялгаа юу вэ? Их энгийнээр хэлэхэд өөрийнх нь гэж хүлээн зөвшөөрөгдсөн доржпалам шигтгээтэй бугуйвчтай өрнөдийн авгай энэ хөрөнгөө барьцаалаад мөнгөө өөр зүйлд хөрөнгө оруулчихсан, алдагдвал даатгал эргүүлж төлдөг, нэг үгэндээ нэг үгэндээ ганц бугуйвчаа эргэлтэнд оруулснаар түүнээсээ тогтмол мөнгө сааж байдаг нэгэн. Үүнээс хавьгүй үнэтэй олон арван бугуйвч зүүсэн энэтхэг авгай бол ердөө л баахан чулуу металлын эзэн. Алтыг нь алт, үнэт чулууг нь чулуу гэж бараг өөрөө л мэдэхээс бусад хүн хуурам түрхэц ч байж магадгүй гэж боддог. Авагай энэ гоёлынхоо жинхэнэ эзэн мөн гэдгийг хаана ч баталж чадахгүй.  Сото Улаанбаатарт ирээд нэлээд судалгаа хийн үүнээ олон нийт төр засагт уйгагүй тайлбарласан боловч ихэнх нь үүнийг хүн амын бүртгэлтэй хольж ойлгоод өнгөрч билээ.

Испанид Сото хэмээгдэх бас нэг ланжгар эдийн засагч гараад ирлээ. Жэсүс Хуэрта дэ Сото гэдэг юм байна. 2008 оны эдийн засгийн хямралыг түрүүлж харж чадсан цөөхөн хүний нэг. Тэр үед мань эрийн үгийг бараг хэн ч тоогоогүй. Харин Сото дараагийн хямралыг ердөө ойрын нэг хоёр жилийн дотор болно гэж “зөгнөж” байна. Түрүүний хямралыг шинээр босож буй Хятад, Энэтхэг, Бразилийн эдийн засаг аваад гарсан бол одоо шинээр ирж яваа аймшгийг даах газар байхгүй гэнэ. Герег, Потугаль, Испани улсууд эхлээд Европын холбоог татаж унагах гэнэ. Бараг л татаад унагачихлаа л даа. Хэзээ ч гэдэс цатгалан байж үзээгүй герегчүүд Европын холбоонд орж еврогоор наймаа хийгээд эхлэнгүүтээ диваажин руу давхиад орчихлоо гэж буруу ойлгосон юм болов уу! Германчууд ажиллаж герегчүүд тэр мөнгөөр нь далайн зах дээр найлайж үнэгүй хооллож болно гэж бодсон бололтой. Үнэгүй хоол гэж хаана ч байхгүй л дээ. Герег маягаар ажиллаж скандинав маягаар амьдрах гэж байгаа бол төлбөрөө төлнө. Тэдний долоон сарын нэгэн гурван жилийн өмнө эхлээд одоо дуусах яагаа ч үгүй байна. Энэ бол төлбөрийнх нь нэг хэсэг л дээ.

Жэсүс Сото саяхан хийсэн судалгаагаараа хямралын ерөнхий томъёог олжээ. 1928 оны Америкаас эхэлж бүх дэлхийг нөмөрсөн их хямралын цаад шалтгааныг тэрээр гүн гүнзгий судалж гаргаж ирсэн нь их л үнэмшилтэй сонсогдож байна. Нэрт эдийн засагч Милтон Фридман энэ шалтгааны талаар олон жил судалгаа хийж Америкийн төв банк болох Холбооны нөөцийг голлон буруутгасан. Мөнгөний буруу бодлого явуулсныг нь тун баттайгаар нотолсон. Тэгвэл Сото үүнийг нь шалтаг нь мөн боловч жинхэнэ шалтгаан нь түүнээс нэлээд цаана байгааг илрүүлжээ.

Америкчууд тогтвортой хөгжлийнхөө үр шимд  ХХ зуун гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болжээ. Дэлхийн нэгдүгээр дайн Европыг тэр чигээр нь баллаад хаячихсан учир манай гаригийн улс төр эдийн засаг цэрэг соёлын төв далай гатлан Шинэ тивд очжээ. Фордын автомашинжуулах хөдөлгөөн тэднийг дөрвөн дугуйн дээр гаргав. Хөргөгч, радио, автомашин айл болгоны хэрэглэгдэхүүн болж дэлхийн хамгийн өндөр цалинтай америкчууд мөнгөөрөө найрлаж өгчээ. Яг л диваажинд оччихсон мэт, маргаашийн тухай хэн ч бодохоо болив. Илүү мөнгөө бирж дээр тавьчихана, тэр нь дорхноо нэмэгдэнэ, азтай нэгнийх нь болохоор бүр үржигдэнэ гээч. Кино үйлдвэрлэл дээд цэгтээ хөгжин хүмүүс бодит амьдарлаас тасарчээ.

Мөнгөөрөө цааш мөнгө хийх үйлдвэрлэлд оруулах талаар ихэнх нь бодсонгүй. Аргагүй, диваажинд оччихсон юм чинь. Идээд, зугаацаад, үрээд олсноо дор нь цааш нь харуулж байв. Билжийг мөнгө үржүүлдэг машин гээд ойлгочихсон учир тийш нь хэдэн цаас хийвэл тэгээд л болоо. Гэнэт хямрал боллоо. Бирж дээрх мөнгө бараг өдөртөө хайлан алга болов. Хуримтлал үүсгээгүй, хөрөнгө оруулалтанд санаа зовоогүй байсан тэд нэг л өдөр диваажингаас шууд там руу гулсан орсон байна. Тэд тансаг байшин, гоё машинаа эргээд мөнгө болгож чадахаа больсон, Талх мах иддэг болохоос машин идэж болохгүй шүү дээ. Баярхуу үрэн таран амьдрал нь эргээд өөрсдийг нь төдийгүй бүхий л хорвоог золиосолсон юм.   

Мөнгө олох амархан, чухам зарцуулахад л ухаан хэрэгтэй байдаг юм гэнэлээ. Ядуу гуйлгачин түрийвчтэй мөнгө олж болно л доо, тэр мөнгийг яаж зарцуулах дээр л ухаан хэрэгтэй. Хагас сая доллароор адгуус худалдаж аваад л, аймгийн арслан цолыг 200 сая төгрөгөөр зодож аваад л, сая долларын лимүзэн 10 ширхэг нь долоо хоногт зарагдаад л, ам метр талбай нь 10 саяар үнэлэгдэх байшин оочирт дарагдаж олдоцгүй болоод л...  төр ч бүр солиорч өгсөн. 2000 онтой харьцуулахад улсын төсөв 20 дахин нэмэгдсэн гээд л бодчих. Одоо УИХ-д уралдаж мөнгө үрэх уралдаан болж байгаа. Тэгээд л турж үхэж байгаагаа харилцан гайхалцаад л. Дундаж иргэн нь жилдээ зуу гаруй кг мах иддэг орон дэлхий дээр тийм ч олон биш байх. 

Өдгөө манай ДНБ-ий бараг 80 хувийг  хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж байна. Нэг үгэндээ улс орныг тэд тэжээж байна гэсэн үг. Үлдэх хорин хувь нь төрийн мэдлийнх, нэг үгэндээ хээл хахуульд зориулж үйлдвэрлэл явуулдаг юм. Хэрвээ тэднийг хувьчилчих юм бол мөнөөх 80 хувиас их юм хийнэ дээ. Манайд хувийн хэвшил үүсээд хорин жил болж байна, анхдагчууд болох Наран, Бодь, Жэнко, Буян зэрэг олон компани ойгоо тэмдэглэсэн буюу тэмдэглэх гэж байна.

Тэмдэглэлт ойгоо хийж буй балчирууд нь гэвэл таван ой хүрсэн Нэпко, Юнитэл гэх мэт эх орны зах зээлд хэдийнээ брэнд болсон компаниуд байна. Нэпко зөвхөн Британника толийг монгол хэлээр төдийгүй монгол хувилбараар бүтээсэн нь  дэлхийн жишигт ойртсоны илрэл юм. Манай оронд буй ажиллаж буй гар утас бараг хүн амынхаа тоотой тэнцэх гэж байна. 2.2 сая гэсэн аймаар тоо гарна. Энд үйлчилж буй 4-5 компани бий. Ийм шахцалдсан зах зээлд нүх байгааг Юнитэл ажиглаж чаджээ. Тэд одоо залуучуудын зах зээлийг бараг бүхлээр нь авчихсан. Юнитэлтэй бол залуу гэсэн имиж араасаа дагуулж байна. Монголын зах зээл бол үнэндээ асар их орон зайтай сийрэг эд. Бид өөрснөө үүнийгээ олж харж чаддаггүй. Гэтэл хармай хоосон солонгос орж ирээд л зах зээлийн сул орон зайг дор нь ажиглан эгшин зуур мөнгөний машин хийж байна. Түүнээс гадна тэд олсон анхны мөнгөөрөө шууд л Ройлс ройс Фантом авахгүй л дээ. Ингэхээр зах зээлээ ажиглаж чадаж байгаагаас гадна хөдөлмөрч шургуу зан, хямгач араншин, ирээдүйгээ зөв тодорхойлдог хараа, нэг үгэндээ соёл нь биднийхээс өөр юм.

2008 оных шиг гэнэт дэлхийг хамарсан хямрал дахиад болбол яах вэ? Жэсүс дэ Сото үнэн хэлсэн байвал яана? Ялангуяа хүний мөнгөөр хүүдэгнэж байгаа манай төр засаг яана даа? Гайгүй ч юм болов уу, учир нь онгоц живхэд хамгийн түрүүн хархнууд гарч зугтаадаг гээ биз дээ?
2011 оны 8 дугаар сар 22