"Ном хаялцах" гэсэн хэллэг байдаг. Бурхны шашны лам нарын дунд болдог асуудал болов уу. Үүнийг санагдуулам нэг ном унш­лаа. Энэ ном нь "Дэлхийг өөрчилж чадах долоон туршилт" гээд "Хувьс­галч шинжлэх ухааныг хувиараа турших гарын авлага. Руперт Шельд­рейд гэх уртаа нэртэй.  Бас болоогүй "Үр дүнгүүдийг сүүлийн үеийн байдлаар шинэчилсэн шинэ хэвлэлт" гэж сониныхны хэллэгээр бол доогуураа давхар "цагаан гарчиг"-тай.

Одоо чинь "Бээст сэллэр"-гүй ном гэж байх биш. Ард нь дүг­нэснээр бол "Ертөнцийн шилдэг борлуулалттай...Шельдрейк" гэнэ шүү. Тэгэхээр заавал уншаарай бариарай гэх гээгүй. Зүгээр санааг нь яриад өгчихье.

Амьдрал нь тэгширчихсэн аме­рик, европ айлууд толгой дараа­­лан гэртээ нохой мууртай. Тэдгээр амьтад үр хүүхэд нь лугаа эрх танхи гэрт нь хэвтэж байдаг. (АНУ 48, Европ 26 сая нохойтой. Энэ хоёр нийт 60 гаруй сая муур­тай г.м). Мөн цөөнгүй шувуу, шавьж гэх мэт амьтдыг өргөж аван тэжээж байна.

Эрхэм Шельдрейдийн амьдрах АНУ-ын Неварк-Тент хэмээх хотод нэгэн нохой эзнээ гэртээ ирэхийг урьдаас тааж мэдээд байж гэнэ. Эндээс санаа аваад бусад айлын амьтдад иймэрхүү зөн совин аль хэр байдгийг няхуур судалж сураг­лажээ. Дашрамд дурдахад нохой хүний найз болоод 10 мянга, харин муур 4000 жил болж яваа гэсэн шүү. Тийм болоод ч тэр үү нохой нь муурнаасаа илүү эзнээ ирэхэд янз бүрийн эелдэг ааш гаргаж чаддаг.

Хүн ба амьтан хоёр шинжлэх ухааны ололт ашиглахгүйгээр, тухайлбал гар утсаар мессеж би­чээ­гүй байхад гэрийн нохой эзнээ "За харьдаг ч юм билүү" гэхийг хүртэл тааж мэдрээд тасалгаан дотроо гийнаад баярлаад давхи­чихдаг олон тохиолдол бүртгэгд­жээ. Энэ тухай холбогдох эрдэмт­дээс асуухаар "сонин л юм" гэхээс цаашгүй. Харин бөө удган, шидтэн нар бол тэнгэр бурхантай холбож байгаад өчнөөн юм тайлбарлаж чадна.

Энэ хоёр "новш"-ийн алинд ч найдалгүйгээр өөрсдөө шинжлэх ухаанчин болоход яагаад болох­гүй гэж гэсэн санааг энэ ном өгүүл­сэн юм. Тэр дагуу зохиогч өөрийнх нь хэлснээр 60 орчим шинжлэх ухааны өгүүлэл бичсэнээс долоон гол туршилтаа уг номонд оруул­жээ. Тэрний нэг энэ нохой.

Эрдэмтэд эрдэмтэд л гэнэ, тэгж яривал Ч.Дарвин биологийн ихэнх нээлтээ гэртээ тэжээж байсан хавч, тагтаан дээр хүү Франсистайгаа хамт гэр зуураа амьдрангаа амжуул­­чихсан аж. Түүнд нүсэр лаборатори институци боловсон хүчин гэхээр юм байгаагүй. Хожим  XIX зуунаас л шинжлэх ухаан гэгч юм гарч ирсэн ба дээд хэмжээний төсөв зардал хаясан туршилт турш­­лагууд нь бүр саяхан 1950-иад оны явдал гэнэ. Эрдэмтдийн гарт анхны компьютер, шинэ техноло­гиуд байх хэсэгхэн үед тэд моно­поль зан гарган мэдэмхийрдэг бай­лаа. Түүгээр ч зогсохгүй хүссэн санаагаа зөвтгөн олон нийтэд зарладаг тал ч бий. Магадгүй буруу юм хийчихээд өөрийгөө зөвтгөөд байгааг бид мэдэхгүй ш дээ. Гадуур жиг жуг ярих нь үнэн бол анагаахын салбарт гэхэд л шинэ өвчин тар­хаа­гаад араас нь вакцин "нээж" баяжиж байх магадлал бий.

Харин одоо бол цаг өөр болсон. Дурын оюутан, жирийн иргэн Дар­винаас хэдэн зуу дахин илүү бөөн боломж, техник хэрэгсэл, технологи дээр сууж байна. Ац санаатай асуулт болгон дээр бид эрдэмтэд ба бөөгөөс асуулгүйгээр өөрсдөө мэдээд авчих, цаашлаад нээлт хийх нөхцөл бүрдсэн гэж Шельд­рейк бичжээ. Ялангуяа байгалийн салбар дахь үл ойлгогдом асуул­туудыг жирийн хүн сонирхдог. Ингэхэд байгаль өөрөө амьд уу эсвэл механик эд үү? Тэнд ямар нэгэн ухамсар, далд хүч үйлчилдэг үү? Үүнийг цөмөөрөө л "газар дээр нь" туршаад үзэцгээе. Туршилт гэдэг бол байгалиас асуух цорын ганц арга. Харин бид шилдэг таа­маг­лал дэвшүүлэх нь зүй. Тэр бидэнд юу гэж хариулах нь үнэхээр сонин байна. Орчлонгийн үл ойл­гог­дом бүрийг зөвхөн эрдэмтэд хариулна гэсэн юм байхгүй. Хүн түүхэндээ зөндөө олон нээлт хийжээ. Нээлт бүрийн дараа мөд хөдөлж өгөхгүй ягшмал номлол бий болон түүнд нь хамгийн түрүүн онолчид, суутнууд хүлэгдчихдэг юм. Тэгэхээр тэднээс шинэ санаа, шилдэг таамаглал мөд гарахгүй гэсэн үг. Нэг юм руу зүтгэх гэхээр "энэ чинь ийм учир жанцантай бөлгөө" гээд баахан томьёо гар­гаад ирдэг биздээ. Гэтэл нохой яагаад эзнээ ирэхийг таагаад байна вэ? Байгаль дээр өөр хариу нь олдоогүй учрал зөндөө бий. Уг нь бүх зүйл нэг л хуулиар явах ёстой бөгөөд энд тэнд ганц нэг хачин сонин үлдэгдэл байх ёсгүй. Байлаа гэхэд тэрнийг "хачин л юм" гээд хаяж болохгүй.

Биологийн эрдэмтэд мэргэ­жилдээ хэт явцуураад уг салбарыг өөр шинжлэх ухаантай холбож чадаагүй дутагдал байсан. Тухайл­бал ихэнх биологчид квант меха­ник, физикийн онолыг мэддэггүй.

"Дэлхийг өөрчлөх" өөр нэг тур­шилтаа тагтаан дээр хийжээ. Энэ шувуу ямар ч нөхцөлд үүрэндээ төөрөлгүй ирдэг амьтан аж. Тийм болохоор нь хүн эрт цагаас тагтааг гаршуулан шуудангийн албанд зүтгүүлжээ.  Хамгийн сүүлд Швей­царийн арми 1970 онд тагтаатай холбооны ангиа татан буулгасан гэдэг. Тагнуулууд баахан тагтаа торонд хийж нэг газар руу очоод л хөлөнд нь мэдээ бичээд цувуулаад нисгэчихдэг. Тагтааны үүр мэдээж штабын дэргэд байна. Мөн хоёр буюу хэд хэдэн хот харилцан тагтаагаа солбилцон мэдээнд гүйлгэнэ.

Тагтааны энэ чадварыг Дарвин "Тэд замаа тооцоолж бүртгэх чад­вартай" гэж "Натур" сонинд 1873 онд бичсэн байдаг. Тэр өөрөө тагтаа тэжээдэг байсныг дээр өгүүл­сэн. Гэтэл саяхан уг амьтны харахуй, сонсохуй, үнэрлэхүй гээд таван мэдрэхүйгээс нь салгаад хаячихад үүрээ олоод ирсэн гэнэ. Дарвин худалч?. Энэ туршилтыг та ч хийж нотолж чадна. Туршилтын явцад өөр шинэ юм нээж ч болно. Даанч тэжээвэр амьтныг туршил­тад оруулж болохгүй гэсэн олон улсын хуультай. Дэлхий дээр тагтаа сонирхогч таван сая хүн байдаг юм билээ. Хөөрхий мал гахайд бол харин хүмүүс адилхан амьтан байсаар атал маш харгис ханддаг. Дэргэд нь тэжээвэр тагтаа, нохой муур ямар атаархмаар. За тэр яахав. Бусад амьтны хувьд хөхөө гэхэд эх нь өөр шувууны үүрэнд өндгөө хаячихаад халуун орон руу нисдэг уламжлалтай. Харин араас нь өсч торнисон залуу хөхөө хаанаасаа "гар утас" олоод араас нь очдог байна.

1840 онд М.Фрадай цахилгаан соронзон орон нээсэн. Түүнээс улбаалаад биологчид энергийн эх үүсвэр гаргагч цахилгаан соронзон орон зай дотор эзнээ урьдчилж мэддэг нохой, гэрээ олдог тагтааны учрыг тайлбарлах боллоо. Уг нь овоо үнэмшилтэй шилдэг таамаг­лал. Гэвч энергиэс хамаарахгүй үйл хөдлөлүүд дэндүү олноор бүрт­гэгдлээ. Ойн улаан шоргоолжнууд бүлээрээ ажиллаж амьдрахдаа аль нэг мэдрэхүйгээрээ огт харилц­даггүй. Дундаа нэг оюун ухаантай мэт гайхалтай зохицон үүрээ чив чимээгүй барьчихдаг аж. Хаа нэг­тэй­гээс хөгжмийн удирдаач шиг саваа барьсан нөхөр зааж байгаа харагдаагүй. Ингэж байтал З.Фрейд далд ухамсар гээч юм яриад унасан. Түүнийг нь К.Юнг өлгөж аван "Сэтгэц нь нэг амьтны толгойд явдаг юм биш. Бүлгээрээ нийлсэн оюун ухаан бий" гэсэн философиуд гараад ирлээ. Орон бүрийн аман ярианд "Зүрх сэтгэл" гэхчилэн толгой биш дотор эрхтэн "юм боддог" тухай юунд өгүүлдэг юм бол. Дэмий үг ч биш байх нь.

Хэрэв оюун ухаан зөвхөн тар­хинд байдаг юм бол хуруугаа эсгэхэд тархи өвдөх нь яагаав. Ухаангүй тэнэг хуруу тасраад уначихсан байхад бээлийгээ хаячих­­сан юм шиг л яваад өгөх ёстойсон доо. Тэгэхээр ухаан бүх биенд тархаастай, цаашлаад зураг­­лавал нэг бөмбөлөг дотор өөртөө хамаатай болгонтойгоо хамтлаг болон оршдог. Орон зай холдлоо гэхэд резин шиг сунаад  харахад хоёр бөмбөлөг болчихсон мэт боловч холбоо сүлбээ тас явчихдаггүй тийм л юм байна гэж дүгнэжээ. Тийм болохоороо тагтаа үүрнээсээ хэдий хол нисэвч, үүр нь өөр газар шилживч шилэн кабе­лархуу сэжмээр ухаан нь хөтлөөд биеэ чирээд ирдэг ухаантай юмдаг уу даа. Үүнийг зохиогч хөл гараа тасдуулсан өрөөл татанхай олон хүн дээр туршсан юм билээ. Тасар­сан хөл гар хаа нэгтээ эмнэлгийн морг дотор байхад өөр газар байгаа их биед даарах, загатнах гэх мэт мэдрэмж олон хүнд төрдөг юм гэнэ. Эндээс үүдээд ертөнцөд обьект, субьект гэсэн ялгаатай ойлголт байх учиргүй нэг зүйл гэсэн гаргалгаа гарч ирэв. Эндээс шинжлэх ухааны шинэ утга гарч ирж байна.

Энэ мэтийн зүйлийг турших явцад "сүжгээр эдгэж, сэжгээр өвдөнө" гэдэгтэй адил үйл явдал хажуугаар нь болоод байх юм гэж алдарт туршигч зовлонгоо ярьжээ. Яацарсан гэхээр "Үүнийг туршаад үзэхэд олигтой юм ч гарахгүй дээ" гэж бодохоор бодсончлон тэгж ёрлоно. Тухайлбал оюутнуудад хоёр савнаас хоёр талбайн тариаг услуулж байгаа юм. Нэг нь бордоо­той шүү гэж хэлээдэхсэн. Тэр хэл­сэн савнаас услагдсан талбай илүү ургав. Уг нь адилхан ус. Шинжлэх ухааны туршилтад ийм давхар мэхлэлт бишгүй л бий. Эрдэмтэд шударга туршилт хийлээ ч хүсэл зоригоос нь болж бодит байдал хазайх нь цөөн биш. Тэр­нийгээ ч мэддэг. "Суралцах чад­варыг сорих Харвардын тест"-ийг нэгдүгээр ангийнхнаас эрдэмтэд багш нар авахдаа хэн ч хамаагүй арван хүүхдийг "Эд л Харвардад яг сурна" гээд заажээ. Хавар гэхэд нээрэн тэд хэд тасархай IQ-тай байна гэнэ. Тэг тэгсээр сургууль ч анхаарахаа больж эрдэмтэд ч мартсан. Нөгөө хүүхдүүд бусдын л адил хэвэндээ орсон. Юм ийм хачин. Анагаах дахь Плэсийбо Эффект хэлбэрийн эмчилгээг гэж бид сайн мэднэ дээ. Туршилтаар бол дээд тал нь тавин хувийн үр дүнтэй гэнэ шүү. Өвчтөнд зүгээр ус уулгангаа "лаг эм нээгдэж" гэж хуурахад л тал нь босоод ирэх нь байна л даа. Одоо эмч нар "Шинэ эмийг шинэ дээр нь хэдэн өвчтөнөө бушуухан эдгээгээд авъя" гэлцдэг болсон. Энэ нь Плэсийбо Эффек­тээс гадна өөр хүсэл зоригийн эрч сулрахаас өмнө амжих гэсэн санаа юм. Хаа нэгтээгээс "Аа наадах чинь тийм ч олигтой..." гэх маягийн мессеж ирвэл шинэ эм тэр дороо "миа" болох нь л дээ.

Том том эрдэмтэд зөндөө алдсан байх юм гэж уг номонд дурдсан нь сонин.  Гэхдээ томчуул алдсан ч гүрийдэг. Ямар өөр хүн ойлгох биш. Бас шагнал, төр зас­гийн захиалгаар шинжлэх ухааныг хүссэнээрээ мурийлгасан өөдгүй явдал одоо ч байсаар. 1913 онд АНУ-ын физикч Р.Милликан Авст­рийн Ф.Эхренфельдтэй  элект­рон цэнэгийн асуудал дээр мар­галдсан байгаа юм. Гахай нохой­доо тулсан юм байгаа биз.  Милли­кан дараа нь жар хоног дараалсан туршилт хийснээ олонд дэлгэж улмаар "Нобель" авчээ. Бүр хожим Милли­каныг үхсэнээс хойш лабораторийг нь ухаад үзсэн чинь 140 хоног хийсэн туршилтынхаа аль өөртөө хүссэн хэсгийг нь түүвэр­лээд тавьсан байдаг.

XIX зуунд Пол Брока хүний тархины том бага хүнээсээ болдог гээд эр хүний, цагаан арьстны, эрдэмтний тархи нь бусдаас том гэжээ. Туршигчид таван ширхэг цагаан арьст, эрэгтэй, эрдэмтний  толгойг үхсэнийх нь дараа хиллэж үзээд бусдаас ялгаагүй л байна ш дээ гэж. Пол жишим ч үгүй "Наад тав чинь олигтой эрдэмтэн бай­гаагүй юм" гэсэн гэдэг.

Агуу Ньютон бол өөрийгөө галзуу хамгаалдаг нэгэн байж. Гарцаа байхгүй тоо томьёогоор бөмбөгдөөд загначихаар өөдөөс нь сөрдөг хүн байдаггүй. Түүний нээсэн таталцлын хүчний тогтмол хэмжигдэхүүн G-гийн тэгшитгэл ихээхэн алдаатай байсан. Мөн Эйнштэйний "Вакуум доторх гэр­лийн хурд" тогтмол байх ёстой атал метр нь буруу заадаг уу эсвэл гэрэл янз бүрийн хурдтай байдаг уу бүү мэд. Хожим айхавтар нарийв­чилсан багаж гараад ирсэн чинь 299,...гээд хөвөрдөг гэрлийн хурд маань янз бүр гарсан байна. Ер нь их нарийн хэмжээ өөрөө хийсвэр шахуу эд. Цөмийн физикчид хам­гийн өчүүхэн атомыг нээчихээд тэрнээс цаашхийг нээх гэхээсээ илүү зохиочихсон байдаг. Араас нь практик дээр хэмжих  багаж нь овоо хэдэн ногоон зарлагадаж байж бүтнэ. Тэр хэрээр физикчид орло­го­той болно гэсэн үг. Бидний мэдэх метрийн хэмжээсийг тодорхой­лохдоо "Парис хотоор дайран гарсан уртрагийн дөрөв­ний нэгийг арван саяд хуваасны нэг ..зайг нэг метр урт гэмой"  гэх­чилэн батал­гаажуулдаг. Тэр метр ба Эйнштей­ний гэрлийн мөнх тогтмол хурд хоёрт нэг согог лав бий. Метр гэдэг хэмжигдэхүүнтэй болоод хүн төрөлх­төн одоогоор дөрвөн удаа өөрчлөөд байгаа. Мэдээж нүдэнд үл үзэгдэх тийм өчүүхэн өөрчлөлт. Гэхдээ л сансар огторгуйг "метрлэх" хэрэг гарвал алд дэлэм зөрнө биз дээ. Сүүлдээ энэ тухайд "Орчлон­гийн насжилт, сансрын хэт алс­лалттай холбоотой тогтмол хэмжээ­сүүд өөрчлөгддөг" гэх боллоо. Тэгвэл бүх юм орвон­гоороо солиг­дох хэрэг үү. Нөгөөх л ягшмал үзэл маань яг таг хэм­жигдэхүүнээр дамжин хүлэгдсэн байх нь уу? Нээрэн хэмжигдэхүүн маань өөр болчихвол манай мах ногооны ченжүүдээс өгсүүлээд будлиан хутгах нөхөд мундахгүй.

Хэрэв байгаль дээрх юмс үзэг­дэл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг юм бол түүнийг зохицуулагч  хууль нь ч бас өөрчлөгддөг байж таарна биз дээ. Байгалийн хуулийн дагуу юмс өөрчлөгдөхийн сацуу байгалийн хууль өөрөө зүгээр суух­гүй гэсэн логик гараад ирчихлээ.

Тэглээ гээд шинжлэх ухааны барилга нуртлаа өдий. Эрдэмтэд, математикчид шинэ хэмжиг­дэхүү­ний шинэ загварчлалыг дор нь бодоод гаргачихна. Энэ мэтчилэн шинжлэх ухаанд хийх ажил, нээлт зөндөө байдаг. Тэрнийг орчин үед заавал эрдэмтэн энэ тэр гэлгүй бүгдээрээ туршиж үзмээр байгаа юм. Ямартай ч байгаль орчныг амьгүй учраас дураар эзэрхийлж болохгүй юм билээ шүү гэдгийг сануулмаар байна. Германд Ханс гэдэг морь олон оронтой тоо бодож хариуг нь түвэггүй гаргаад байсан. Үүнийг тайлбарлаж чадаагүй. Орчлонд ийм санамсаргүй юм байх учиргүй. Бид мэдэхгүйн дунд бай­саар ирсэн. Одоо ч хэвээрээ байна. Янз бүрийн туршлага хийж тэр­нийгээ дахиад олон янзаар сорьж үзээрэй гэж энэ номонд бичсэн байх юм.

Зохиогч өөрөө бол Кэмбрижид тэнхимийн эрхлэгч зэрэг байсан шинжлэх ухаанаар таггүй намтар­тай харагдана. Тэгэхээр түүнийг дагаад сэвнэ гэвэл бас чиг шинжлэх ухааны "А" ч үгүй байж болохгүй биз ээ. Харин хэл уран зохиолд маруу­хан байрын ягиа англи эрийн чалчаа үгс нь уншихад даанч түвэгтэй. Эсвэл манайхан ч тэгж тааруухан орчуулсан байж магад­гүй.