Гар утас гэдэг сэтгүүлч бидний хувьд уншигчидтай холбох амьд холбоо. АН засгаас гарах болсонтой холбогдуулан “Тэргүүн шадар сайд, шагналын, томилолтын дэд сайд нарыг цомхотгох” санаа дэвшүүлсэн нийтлэлийг маань уншсан олон хүн амралтын өдрүүдэд утасдлаа. Дархан, Булган, бүр Баян-Өлгийгөөс ч ярив. Дандаа дэмжсэн үгс. Ярьсан хүмүүсийн олонхи нь үлдэж байгаа богино хугацаанд зарим салбарт сайдаар улстөрч хүн томилох хэрэггүй, үүний оронд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд танигдсан мэргэжлийн  хүмүүсийг томилуулах хүсэлт тээв. Зарим нь бүр, батлан хамгаалахын салбарт улстөрч очвол ёсолж сурч, хэдэн генералуудынхаа өмнө хий нь гарч дуусч байтал л хугацаа нь дуусна. Эрүүл мэндийн салбарт бол хэдэн эмнэлэгүүдээрээ явж ажилтай нь танилцаж явтал л сонгууль дуусна шүү гэх үнэн үгтэй ёжлол хүртэл дайв. Эрүүл мэнд, барилгын салбараа тоглуулж, үргэлжлүүлж унтуулбал МАН сонгуульд дууслаа л гэсэн үг гэж байхад  тус намын гишүүн бололтой нэгэн “Манай нам одоо л энэ томилгоон дээр нэр хүндээ өсгөмөөр байна. Огт намын харьяалалгүй, нийгэмд эерэг нэр хүндтэй, тэгээд мэргэжлийн хүмүүсийг сайдаар томилбол их гоё харагдана даа. Дараа нь тэр хүн өөрийг нь сайд болгосон намд элсэх л байлгүй” гэх санаа хэлэв. Намдаа авчихмаар тэр нэр хүндтэй хүн нь фэнг-шү Ганбаатар уу гэвэл, тийм олон хүн бий гэснээр утсаа таслав.  Нэг уншигч бүр, “Нийгмийн хүлээлт” гэж гарчиглаж байгаад дараагийн нийтлэлээ бичихийг даалгав. Төрийн өндөр албанд жаахан ч болов шударга томилгоо болох нь  хувийн амьдралд нь цохилт болж байгаа бензин, махны үнийн өсөлтөөс ч илүү чухал бололтой. Монголын ард түмэн үнэхээр агуу ажээ. Гэтэл агуу ард түмний сонгосон төрийн түшээд ямар жижиг эрх ашгийн төлөө улсынхаа эдийн засгийг улстөржүүлж байгааг зарим хүнээс сонсоод уншигчийнхаа захиснаар “нийгмийн хүлээлт”-ийг МАН-ын даргад  дайсан өгүүлэл бичих санаа минь өөрчлөгдөв. Монголын төрд эзэн байгаа эсэхийг асуумаар,  төрийн нэгдмэл бодлого хаана байгааг хаймаар санагдлаа. Ард түмэн улс орны хэмжээний юм сэтгэж байхад тэднээс санал авах улстөрчид нэгэн сонгуулийн, зургаан сарын сайдын хор хутгаж явааг сонсоод урам минь хугарав. Тийм ээ, тэнд \бензинийн үнийн өсөлтөд\ телевизийн камер хараад ярьдагаас тэс ондоо юм явж байна.   

Төрийн ордонд, өчигдөр Ерөнхий сайд С.Батболдын өрөөний үүдэнд уртаас урт дараалал үүсчээ. АН засгаас гарах болсноор зургаан сайд, найман дэд сайдыг нөхөн томилгоонд горилогсод, өөрийгөө үл гологсод ийнхүү албан тушаалын дараалалд зогсоно.   

Төрийн ордны гадаа, хаа сайгүй иргэд ихээс ихэд бухимдаж явна. Тэдний олонхи нь АН засгаас гарах гэж байгааг эхлээд байдаг л улс төр гээд тоосонгүй. Гэтэл өнөөх улс төр нь улсын эдийн засаг болон хувирч бензин, махны үнийн урьд байгаагүй, огцом өсөлтөөр дамжин хүн бүрийн халааснаас хулгай хийж эхэлсэн тул иргэд дэлгүүр, шатахуун түгээгүүрийн дараалалд бухимдаж зогсоно. Энэ бол ойрын өдрүүдийн Монголын нийгмийн бодит дүр төрх. 

Улс төрийн сонгууль дөхөж байгаа нь үнэн л дээ. Тэглээ гээд иргэдийнхээ амьдралаар, улсынхаа эдийн засгаар улс төр хийдэг нам,  улстөрчидтэй, төрийн албан тушаалтнуудтай гэж  яг таг боддог хүн олонгүй байлаа. Зарим хувийн хэвшилд нэг намын эрх ашиг хэрэглэгчдээс нь илүү хаан суудалтайг ингэж мэдрээгүй бол мэдэхгүй өнгөрөх хүн ч олон байв. АН-ынхан болохоор “ биднийг улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэсэн болгохын тулд МАН-ынхан бензинийн үнийг зориуд хөөргөлөө” гэв. МАН-ынхан нь “АН-ын гишүүдийн шатахуун түгээгүүрүүд л бензинийн үнээ огцом нэмсэн, манайхан нэмээгүй. Арилжааны банкуудын ихэнх нь АН-ын гишүүн эзэдтэй. Тэд “Найман шарга”-аас зориуд доллар бөөндөж зохиомлоор ханш өсгөлөө” гэх. Төрийн ордонд өчигдөр нэг хэсэг нь шаварт унасан шарын эзний хувьд гарц хайн асуудал ярьж байхад нөгөө хэсэг нь ингэж л улстөржиж суув. Бас энэ бужигнаанаар улс төрийн өшөө авалт хийж,  зургаан сайд, найман дэд сайдаас ч том “бялуу” хуваарилах  холын санаатай хэсэг ч байгаа бололтой. Үнэндээ бензин, мах хүртэл улс төртэй холилдсон, улсынхаа эдийн засгаар улс төр хийж, ард түмнийхээ амьжиргааг золиосолж зорилгодоо хүрдэг төрийн түшээдтэй  гэдэгт итгэмээргүй ч, үйл явдлаас  тэгж эргэлзмээр асуултууд гарч  байна. Жишээ нь, манай улсын ОХУ-аас авдаг автобензинийн худалдан авах хилийн үнэ огт нэмэгдээгүй. ОХУ ч экспортын татвараа өсгөөгүй. Тийм байхад яагаад бензинийн үнэ нэмэгдэв. Монголд  долларын ханш өссөн учраас нэмэхээс өөр аргагүй гэх. Тэгвэл өмнө нь долларын ханш 1500-г давж бараг 1650 хүрч байхад литр бензинийг бүх импортлогчид 1200 төгрөгөөр зарж байсныг монголчууд сайн мэднэ. Бүр нарийн жишээ гэвэл ноднин яг өдийд, Цагаан сарын өмнө  Монголд ам.доллар 1450 төгрөг байхад нэг литр бензинийг 1390 төгрөгөөр зарж болоод л байжээ. Үүнийг өнөөдрийн ханштай харьцуулахад доллар нь ноднингийн мөн үетэйгээ адилхан байхад нэг литр бензин 1850 төгрөг  буюу 460 төгрөгөөр илүү гарав. Тэгэхээр долларын ханш өсөөгүй, бензинийн үнэ л өссөн ч юмшиг.   Үнэхээр эзэд нь АН-ын гишүүнчлэлтэй “Шунхлай”, бас энэ намыг дэмжигч гэж хардагддаг “Магнай трейд”  яаран сандран шөнө дөлөөр үнээ нэмж байхад, МАН-ын Бага хурлын гишүүд болох Ж.Оюунгэрэл, Ц.Анандбазар нарын “Петровис”, “Содмонгол” компаниуд яагаад хоёр өдөр хуучин үнээрээ үйлчлэв.  Тэд улс төрийн захиалгаар  үнээ барив уу, үнэ нэмэх шалтгаан үнэхээр байгаагүй хэрэг үү. Байсан бол урьдынх шигээ, үгсэн хуйвалдлаа гэж хардуулдаг шигээ бүх импортлогчид бүгдээрээ нэгэн зэрэг нэмэхгүй яагаад намын харьяаллаар талцсан юм. Ер нь Монголын нефть бүтээгдэхүүний салбарын бодлого улс төрийн намын хамгаалалтад  орсон эзэдтэй  хэдхэн ипмпортлогчдын халаасанд хэр удаан явах вэ, Ерөнхий сайд аа.  ОХУ-ын “Роснефть” компанийн Улаанбаатар дахь гэрээт борлуулагчид тэд улс төрийн намуудыг ч, ард түмнийг ч халаасандаа багтаан Синдикатын монгол хуьилбар болжээ.

Хар зах дээр доллар 50-60 төгрөгөөр огцом нэмэгдэж, эдийн засгийн амьдралд ч, онолд ч байж боломгүй савалгаа үүсэв. Ингэж байхад гурван тэрбум долларын нөөцтэй Монголбанк яагаад интервенц хийдэггүй юм. Тэдэнд бодлогын хүүгээс өөр бодлого байдаггүй юм уу гэж шүүмжилмээр. Чухамдаа Монгол Улс ийм хэмжээний валютын нөөцтэй байгаа нь Засгийн газрын ганхсан тал хариуцлагаа Монголбанкинд үүрүүлэх далим болж байх шиг байна. Гэтэл Монголбанкны удирдлагуудын УИХ-ын гишүүдэд мэдэгдснээр валютын ханш хэлбэлзэх бүрт бага хэмжээгээр интервенц хийдэг бөгөөд хамгийн сүүлд гэхэд сар орчмын хугацаанд нийт 310 сая долларын интервенц хийжээ. 310 сая бол гурван тэрбум долларын нөөцийн 10 хувь. Хэрвээ энэ эрчээр, улс төрийн зорилготой зорилгогүй ханшийн савалгаа гарах бүрт ийм хэмжээний доллараар интервенц хийгээд байвал Монгол Улсын валютын нөөц жил хүрэхгүй хугацааны дотор дуусах нь. Валютын их хэмжээний нөөцтэй байж, зөв буруу нь хамаагүй интервенц хийсэнгүй гэж Монголбанкны ерөнхийлөгчөө шүүмжилж суух нь монголчуудад хэрэгтэй юү, хэн байх нь хамаагүй  валютын нөөц нь дууссан банкны ерөнхийлөгчтэй байх нь Монголд хэрэгтэй юү гэдгийг жингийн туухай дээр тавих юмсан. Бензинийн үнийн өсөлтийн өмнө ингэж сөгдөж байгаа юм чинь мөнгөний бодлого нь алдагдвал шууд сөхөрнө биз дээ. Үүнийг улстөрчид энгийн биднээс илүү ойлгомоор л юм. 

Зуд болоход нохой зоолно, зовлон болоход лам таргална гэдэг шиг улс төрөөс үүдэлтэй эдийн засгийн зохиолмол “зудад” ард түмэн зовж байхад улстөрчид, улстөрч эзэнтэй хувийн хэвшлийнхэн нь таргалах гэж бас зүдэрч явна.  Хэдийгээр улстөрчид Төрийн ордонд тухалж, тэндээс албан тушаалд хүрдэг ч, ордонд оруулдаг  “хугацаатай үнэмлэх”-ийг нь Төрийн ордын гадна байгаа ард түмэн өгдөг. Энэ эрхийг олж авах өрсөлдөөний дөнгөж түрүүч нь ийнхүү ард түмнээ хөлдөө чирж эхэллээ.

Уншигч та өдөр тутмын сонинууд, телевизийн олон сувгуудыг харсан л байх. Бараг албан тушаалтай, толгойтой бүхэн мэдэгдэл хийгээд л. Т.Бадамжунай сайд махаар, Б.Ариунсан дэд сайд бензинээр, Н.Золжаргал дэд ерөнхийлөгч валютын ханшаар тус бүрдээ тайлбар өгөөд л. Би, манайх буруугүй гээд л. Бие бие рүүгээ чихээд л. Улс орын хэмжээний юм ярьж байхад намууд тус тусдаа буруутныг тодруулаад л.  Явж явж эзэн биегүй бензин, доллар хоёр “өөрсдөө” л буруутай болж таарч байх шиг. Монголын ард түмний олонхи нь сүсэг бишрэлтэй нь үнэн. Бүр мухар сүсэгтэй нь ч бий. Гэхдээ зах зээлийн эдийн засгийг “далд гар” зохицуулдаг гэдэгт тэгтлээ итгэдэггүй. Тус тусын салбараа, албан тушаалаа хамгаалсан энэ олон зөрүүтэй байр суурь, мэдэгдлийн хаана нь Монголын төрийн нэгдсэн байдал, нэгдмэл бодлого байна вэ. Төрийн хар, бор хайрцагны бодлогыг ч далд гар зохицуулдаг болсон хэрэг үү.

Саяын үйл явдлынх нь төлөө үргэлж л бензинийн үнээр ард түмнийг бухимдуулж байдаг Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлагуудтай хариуцлага тооцож яагаад болдоггүй юм. 

Энэ төрд эзэн байхгүй учраас л салбарын сайдад мэргэжлийн, нам бус, нийгмийн зүтгэлтэн  хүн томилуулах уншигчдын  хүсэлт сонгуулийн цаадахийг харснаараа  бас л агуу ажээ.

Төрийн ордонд улстөрчид албан тушаалд дугаарлаад завгүй. Төрийн ордны гадаа ард түмэн утаа, бухимдалд зэрэг зодуулаад завгүй. Хоёр завгүйн дунд хавчуулагдсан төрийн нэгдмэл бодлого нь хаана байна аа.