Гуниг зовлонгоо гавъяа юм шиг, жаргал таашаалыг нүгэл юмшиг ойлгодог хүмүүс үйлийн үрийн жамыг даанч хол эндүүрч. Энэ агшнаас дараах агшин, энэ төрлөөс дараах төрөл ургана. Гэрлээс гэрэл, харанхуйгаас харанхуй л төрдөг. Эргэж ирэлгүй урсах хором бүртээ хайранд умбаж, гэгээрэлд уусч, эрх чөлөөгөө эдлэн таашаах. Үйлийн үрийн ухаарлыг өөр юугаар нотлох вэ.

Энэ хорвоо зуурдынх, Энхжингийн оронд төрвөл үүрдийн жаргал эдэлнэ гэж итгэдэг нэгэн хүн байжээ. Диваажинд очсон хойно таван тансаг идээнд ханатлаа умбах юм чинь энүүхэн хооронд тэвчье гээд шүлсээ залгин байж мацаг барина. Тэнгэрийн гоо дагинас дунд мөнхөд жаргахаас хойш хэдхэн жил тэвчье гээд санваар сахина. Удахгүй үүрдийн амралтаа авах юм чинь цөөхөн өдөр зүдэрсэндээ яах вэ гээд эцэж унатлаа эргэл мөргөл хийж, амаа аргатал маань мэгзэм уншин суудаг байж. Тааваараа амьдарч байгаа хүмүүсийг харахдаа “Хөөрхий эд нар удахгүй тамдаа тарчилна. Харин над шиг насан турш буян үйлдсэн хүн диваажинд очиж таараа. Тэр цагт та нар надад атаархана даа” гэж өөрийгөө тайтгаруулна.

Тэгж явсаар хүсэн хүлээсэн өдөртэйгөө золгож, сая нэг тамын хорвоог орхив гэнэ. Унтаж байгаад сэрэх шиг болж, “За одоо л диваажинд төрлөө дөө” гээд эргэн тойрноо хартал энд тэндгүй маань уншиж, мацаг барьж, эргэл мөргөл хийсэн хүмүүс байх юм. Тэнгэрийн гоо охид, найрын тансаг ширээ юу ч алга. Хүлээлгийн өрөөнд байгаа юм бол уу гэж гайхаж эргэлзсэн мань эр хажууханд эрхи эргүүлж, намбайн сууж байсан өвгөнөөс “Хүүе настан гуай би диваажинд төрөх учиртай хүн юм сан. Энэ чинь ямар гээчийн газар вэ?” гэж асуухад “Энэ бол диваажин” гэж өвгөн их л сүжиглэнгүй хариулав. Тэр хариултыг сонсоод муужирч унахаан шахсан хөөрхий эр “Үгүй байлгүй дээ, бурхан минь! Диваажинд хүртэл маань уншиж, мацаг барьж суух хэрэг үү? Би үүнийг чинь нөгөө ертөнцөд залхаж үхтлээ хийж байгаад ирлээ шүү дээ” гэж гаслахад өвгөн “Иш хүү минь, гэгээн хүний хаа байгаа тэр газар чинь дивааижн шүү дээ” гэж хэлжээ.

“Агнистын гэгээ” цуврал-“Ухаарал, бясалгал, гэгээрэл” номоос.