“Ярилцъя” булангийн энэ удаагийн зочноор Замын-Үүдийн 0108 дугаар ангийн Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтын сургалт, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан, Хилийн цэргийн офицер Дагвын ОЮУНЧИМЭГ уригдлаа.
-Ярилцлагын маань зочноор хилийн цэргийн офицер бүс­гүй уригдсанд таатай байна. Энэ бол анхны тохиолдол. Ингэхэд яаж яваад цэргийн хүн болчихсон бэ гэсэн асуултаар яриагаа эхэлье?
-Би 1981 онд аравдугаар анги төгсөөд Орос руу сургуульд явж байсан. Тэр үед манай нөхөр Хилийн цэргийн тусгай дунд сургууль төгсөөд Говь-Алтай аймаг руу хуваарилаг­даад очиж байхад нь тэндэхийн онгоцны буудал дээр бид хоёр танилцаж байсан түүхтэй. Манай хүн Говь-Алтайн Алтай сумын гурав­дугаар заставт улс төрийн орлогчоор томилогдоод очиж байсан.
-28 жилийн өмнөх учрал байх нь. Та Орос руу нисэх гээд тэнд байж байсан юм уу?
-Тийм. Би Орос руу нисэх гэж байсан. Нөхөр маань  ирж байсан өдөр л дөө. Ингээд бид танилцаад л хоёр тийшээ салцгааж байсан. Би Орост очоод хаягаа өгөөгүй л дээ. Тэгээд жилийн дараа амралтаараа ирж, бүр сайн танилцсан. Ингээд л  захидлаар харилцаж эхэлсэн дээ.
-Ингэхэд та яг аль нутгийн хүн бэ?
-Би Увс аймгийн Зүүнговь сумын хүн. Ээж маань Зүүнговийнх, аав маань Баруунтурууных.
-Увсын хүн гэж ерөөсөө мэд­сэнгүй. Учир нь та ямар ч аял­гагүй юм. Хүмүүсийн үг ярианы хаа нэгтэйгээс ямар нэгэн өнгө уг нь мэдрэгддэг л юм даа?
-Надад угаасаа байхгүй. Би 1981 онд Увсад аравдугаар анги төгссөн. Улаангомд би багшийндаа байдаг байсан. Тэгээд л дунд сургуулиа төгсөөд Орос руу явж суралцаж ирээд нутагтаа очоогүй. Ирээд Эрдэнэтэд очиж хоёр жил ажилласан. Тэгээд л нөхөртэйгөө гэрлээд Эрдэнэтээс явсан.
-Орост аль хотод суралцаж байв?
-Дон дахь Ростовд.
-Ямар мэргэжлээр?
-Кино операторын мэргэжлээр.
-Онгоцны буудал дээр танилц­сан хоёр маань явсаар их олон жилийн дараа гэрлэж байжээ. Сур­гуулиа төгсөөд, дараа нь хоёр жил Эрдэнэтэд ажилла­сан гэхээр?
-Тэгсэн. Тасралтгүй захидлаар харилцаж байсан. Одоо ч бидний захидлууд бий.
-Гэрлээд Эрдэнэт хотыг орхи­жээ. Тэгээд хаачсан бэ?
-Нөхрөө дагаад хилээр явах зам маань эхэлсэн дээ. Говь-Алтай аймгийн Алтай сумын  гуравдугаар заставт ирсэн.
-Бүр хөдөө биз дээ?
-Бүр хөдөө. (инээв) Манайх сумын төвөөс 15 км зайтай байдаг байсан.
-Заставт чинь тэгээд хэдхэн хүн амьдардаг, анир гүм газар шүү дээ. Их уйтгартай байсан байх даа?
-Манай заставт намайг очиход заставын дарга гэр бүлтэйгээ, жаг­саалын дарга эхнэртэйгээ гээд хоёрхон эмэгтэй  байсан. Жагсаалын даргын эхнэр нь найман хүүхэд тө­рүүлсэн тэр заставт 22 жил амьдар­сан эмэгтэй байсан.
-Бөөн туршлагатай учирч дээ?
-Ёстой тэгсэн. Бүх юманд ингэдэг тэгдэг гэж зааж сургадаг байсан. Манай хүн  тэр үед урдаас машин, хойноос машин өнгөрөхөд хоолоо ч идэхгүй хаяад гардаг. Би тэр үед ажил үүргийг нь сайн ухаарч ойлгоогүй байсан болохоор “Чи машин үзээгүй юм уу” гэж аашилж байж билээ. Дараа нь өөрөө хилийн цэргийн хүн болж байж л бүгдийг бие сэтгэлээрээ ойлгож мэдэрсэн дээ.
-Машин ирэхээр л хамаг юмаа хаяад ухасхийж гарч гүйчихээд байхаар нээрээ эхэндээ гайхах байх л даа?
-Энгийн ард байсан болохоор цэргийн хүний амьдралыг сайн мэдэхгүй байсан. Дээр нь залуухан, туршлагагүй. Болоогүй ээ, ээжийгээ дагуулаад оччихсон. Манай хилийн цэрэг нэг цагаан онгоцтой байсан юм. Заставаас яг зургаан км-т, отрядын төвөөс арваад км-т бууна. Тэр цагаан онгоцоор нүүж очиж байлаа. Намайг очиход застав жагсч хүлээж аваад л, дотроо  гайхаж ядаж байж билээ.
-Гоё юм аа, нөхөр дээрээ цагаан онгоц хөлөглөж ирээд, застав жагсуулж  угтуулж байж шүү дээ? 
-Манай орлогч тэгэхэд намайг харчихаад, хөөе Хүрлээ чи дүүгээ аваад ирчихсэн байна шүү дээ. Яасан адилхан юм бэ гэж дуу алдсаар угтаж байсан.
-Та хоёр нээрээ адилхан юм аа?
-Хүн болгон ямар адилхан юм бэ гэдэг байсан. Тэгээд л намхан цагаан байшингийн хоёр өрөөнд амьдарч эхэлсэн дээ.
-Тэгэхэд танай нөхөр ямар цолтой байв?
-Дэслэгч. Нийтдээ Алтайн отрядад манай хүн найман жил болчихсон, би очоод гурван жил амьдарсан.
-Тэгээд тэндээс хэзээ нүүсэн бэ?
-1986 онд нүүсэн.
-Хаашаа?
-Улаанбаатар.
-Хөөх…шууд нийслэл?
-Манай хүн намын XIX их хуралд төлөөлөгчөөр сонгогдож яваад, дараа нь Намын дээд сургуульд урилгаар суралцах болсон юм. Тэгээд хүү бид гурав Улаанбаатарт Амгаланд амьдарч эхэлсэн.
-Баяртай, заставын амьдрал минь гээд л явж өгөв үү. Гэхдээ тэнд хөгжилтэй дурсамжууд үлдсэн л биз дээ?
-Өө, тэгэлгүй яахав. Хот руу нүүж ирэхээсээ өмнө би заставын тогооч хийсэн. Хүү маань дөнгөж зургаан сартай л байсан. Гэнэт манай заставт шалгалт ирнэ гээд намайг заавал түр тогоочийн орон тоон дээр ажилла гэлээ. Тогоочийн орон тоон дээр нь хүн байгаагүй юм. Ингээд хүчээр тогооч хийв ээ. Шалгалт ирэхэд заставыг авч гарах л ёстой учраас бүх ажилд гэр бүлээр нь дайчилдаг байсан. Тэр жил Баян-Өлгийгөөс баахан казах цэргүүд авчихсан. Нөгөө казах цэргүүд маань дарга нарыг ирэхээр матдаг зангаараа алдартай. Застав нэг км-т загаа хураачихсан байдаг байхгүй юу. Говь-Алтайн тэр отряд тэр чигээрээ заг түлдэг байсан. Тэгээд би яаж шуудайтай заг үүрээд тэр хооронд ажлынхаа хажуугаар гүйгээд байж чадах вэ дээ.  Цэргүүдээр зөөлгөнө. Гэтэл орлогчийн авгай нь бид нараар түлээ зөөлгөж байж хоол хийж өгдөг гээд матчихжээ. (инээв) Намын комиссын Намсрайжав гэж хошууч намайг дуудаж байна. Очлоо. Сайн байна уу гээд мэндэллээ. Та чинь яахаараа цэргүүдийг зарж, заг маг зөөлгөөд байдаг хүн билээ л гэж байна. Урдаас нь тэгж яривал би энд чинь түр гуйлгаар ирсэн хүн. Эдний үндсэн ажилчин нь ч биш шүү гээд туучихсан. Ингэж паагталсны төлөө манай хүн хоёр сарынхаа цалингийн 20 хувиар торгуулж байж билээ. Цаг үе тийм л байсан. Авгайгаа хүмүүжүүлж чадаагүй. Авгай нь шалгалтаар очсон даргын өөдөөс олон юм ярьсан гэсэн шалтгаанаар. (инээв)
-Цаг үе нээрээ тийм л байж дээ?
-Тийм ээ. Ийм л байсан.
-Тэгээд удалгүй хот руу нүүсэн юм байна шүү дээ?
-Хотод ирлээ. Манай хүн дөрвөн жил намын дээдийн оюутны байранд амьдарч, би хоёр хүүхэдтэйгээ хадмынхаа хажууд гэрт амьдарсан. 1988 онд манай охин гарсан л даа. Нөхөр маань хагас бүтэн сайн өдөр л гэртээ ирнэ. Бусад өдөр ирэхгүй. Яг төгсдөг жил сургууль нь намын дээд биш, улс төрийн дээд сургууль болсон. 1991 он. Яг ардчиллын ха­луун үе. Сургуулиа төгслөө. Замын-Үүдийн Хилийн цэргийн 0108 дугаар ангид офицер шалгагчаар томи­логдсон.
-Тэгж ирээд л яваагүй юм уу?
-Тийм ээ. Одоо 19 жил болж байна.
-Их уджээ. Энэ бүх хугацаанд таны өөрийн түүхэнд ямар ямар үйл явдал болов. Мэдээж зөндөө юм байгаа?
-Энд ирээд 1991 оны арван­хоёрдугаар сард би яг шалгагчаар томилогдсон. Хотод байхдаа би Хилийн цэргийн ансамбльд ажиллаж байлаа. Барилгын цэргийн соёлын төвд заалны зохион байгуулагч гээд олон ажил хийж байсан. Надад бол үнэндээ хийгээгүй ажил цөөхөн л дөө. Заставт тогооч, угаагч, отрядын төв дээр ирээд мөн л ажиллаж байсан. Манай цэргийнхэн энгийн орон тоо гэж ярьдаг юм даа. Тэр бүх орон тоонд ихэнхид нь би ажиллаж байсан. Нөхрөө дагаад л ажилд гардаг байлаа. Ажил хийхгүй бол амьдрахад ч амаргүй цаг үе байсан. Барилгын цэргийн соёлын төвд ажиллаж байхад нөхөр маань наашаа томилогдсон. Ирээд бас л надад ажиллах мест байхгүй. Ангийн захиргаанд шалгагчаар ажилд орох хүсэлтээ гаргаж өргөдлөө өглөө. Тэр үед цэргийн газар эмэгтэй хүн авах асар дургүй байсан. Нарийн ч шаардлага тавина. Тэгээд 1.70-аас дээш нуруутай байх ёстой гээд ханан дээр метр 70-ыг тэмдэглээд зураас татчихсан шалгаж авч байсан. Нүүрэндээ хүмүүсийн анхаарлыг татах сорви, мэнгэ, элдэв танигдах содон тэмдэг байхгүй, зохих боловсролтой эмэгтэйчүүдээс шалгаж тэнцсэн тохиолдолд ажилд авч болно гээд миний материалыг хот руу Удирдах газарт явуулж байсан. Үнэхээр нарийн шалгаж авдаг байсан л даа. Яагаад гэвэл Монгол Улсын нүүр царай болох хүмүүс учир хайнга хандаж болохгүй. Тэгээд хүлээж байтал арванхоёр­дугаар сарын 18-нд таны тушаал ирлээ, та шалгагчаар ажиллах боллоо гэсэн. Ингээд Байгалмаа гэж эмэгтэй бид хоёр хоёулхнаа тэнцэж орж байлаа. Тэр үед автозамын боомт гэж байгаагүй. Ганцхан төмөр замын боомттой. Ерөөсөө төмөр замаар явж байгаа хүмүүсийг шалгадаг. Байгалмаа бид хоёртой нийлээд гуравхан эмэгтэй шалгагчтай. Бусад нь эрэгтэй. Нийтдээ наймхан шалгагч үүрэг гүйцэтгэдэг байсан. Ажил асар их. Дээр нь жижүүрт гарна. Тэр үед манай анги дөнгөж Улаан-Уулын отрядаас салаад бие даан шинээр байгуулагдаж байсан. Анги болох нөр их ажил явагдаж байлаа. Отряд анги болж байгаа болохоор ямар хэм­жээний ажил өрнөсөн нь ойлгомжтой шүү дээ. Хүн цөөхөнтэй. Ажил их. Бүх хүн ажиллах ёстой. Шалгагчаа хийнэ. Аж ахуйн ажлаа хийнэ. Жижүүртээ гарна. Хийхгүй ажил гэж байхгүй. Ажлын бус цаг гэж бараг байхгүй. Тэр үед галт тэрэг цагтаа ирнэ ч гэж үгүй. Бид гэрийн бараа бараг харахгүй явж  байсан. Хятадтай харилцаа сайжирч, Монгол Улсын хил дөнгөж нээгдээд байсан үе. Монголын нийгэм задарч, ардчилсан хувьсгалаар иргэддээ хөдөлж хөлхөх эрх чөлөөг нь өгсөн. Энэ боомтоор нийт иргэдийн бараг дөрөвний гурав нь зорчдог. Ачаалал асар ихтэй ажиллаж байлаа. Энд буудал энэ тэр гэж байхгүй. Гэртээ орой болгон таньдаг, таньдаггүй арван хэдэн хүнтэй л хононо. Хүмүүс тэрний тэр, энэний энэ гээд л сураг­лаад хүрээд ирнэ. Адилхан монгол ах дүү нар болохоор хонуу­лаад явуулна. Сүүлдээ бүр тэр амьд­ралдаа дасал болчихсон. 
-Хөдөө анир гүмхэн застав дээр амьдарч байсан хүнд түм түчигнэсэн дуулиант том хаал­ган дээр ирээд, өдөр шөнөгүй пижигнэж амьдрах сонин байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Орвонгоороо өөрчлөгдсөн. Говь-Алтайн Алтай суманд бол зорьж ирсэн ганц нэг ах дүү л ирнэ үү гэхээс өөр хүн ирэхгүй шүү дээ. Алтайн заставт бидний амьдралын хамгийн дурсгалтай, сайхан мөчүүд өнгөрсөн. Алтайн заставын буйдхан амьдрал дунд угаагч, тогоочоо хийх үед нь хийж, цэргүүдийнхээ уранхай цоорхойг оёж, ёстой хий гэснийг нь хийж, нөхөртөө хань бараа болж явахдаа би асар их зүйлд суралцсан. Тийм болохоор Алтайн заставтаа хайртай. Байгалийнх нь сайхныг яана. Бүх юм хосолсон.
-Тийм гоё байгалтай газраас ийм элсэн цөлд ирчихдэг. Та нарыг анх ирж байх үед одоо­гийнхоосоо ч аймшигтай байсан байх?
-Бид хоёрыг яг анх ирж байхад хоёр давхар байшин гэхэд ердөө сургуулийн хажуу талын хоёр шар, өөдөөс харсан хоёр цагаан л байсан. Давхар барилга нь ингээд л гүйцээ. Бусад нь төмөр замын дан байшингууд. Тэгээд хүмүүс нь гадаанаа унтдаг.
-Яагаад гадаа унтдаг гэж?
-Халуун. Тэр үед чинь  энэ суурин харьцангуй намуухан газар байлаа шүү дээ. Хүн амьтан ингэж их ирдэггүй, амар тайван, дээрээс нь элс нь аягүй гоё торгон ширхэгтэй. Одооных шиг ийм бужигнасан шороо байхгүй. Аягүй гоё ширхэгтэй, цэвэрхэн элстэй. Гишгээд явахад хөлөнд юу ч наалддаггүй  байсан. Хүн ам цөөхөн. Гэр хороолол нь гэхэд хориодхон айлтай. Одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн л дөө.
-19 жил гэдэг бол нэг хүний хувийн түүхэнд том хугацаа юм шиг. Нийт амьдралтай харь­цуу­лахад бага хугацаа ч юм шиг. Гэхдээ л залуу насныхаа бүхэл бүтэн том үеийг энд өнгөрөөжээ?
-Энд ирээд миний амьдралд их өөрчлөлт орсон л доо. Энгийн хүн байж байгаад цэргийн хүн болсон. Цэргийн хүн болно гэдэг нь өөрөөс асар их зүйлийг шаарддаг. Өндөр хариуцлагаас гадна сахилга, дэг журмын дор амьдрах болдог. Тэр дэглэмд дасна гэдэг амаргүй. Өнөөдөр би цэргийн алба хаагч болсноор миний бүх юм цэгцтэй байх ёстой. Мөн би мэдлэг боловсролоо ч дээшлүүлэх ёстой. Тэгж байж би дараа нь цэргүүдтэйгээ харилцана. Ганцхан цэргүүдтэй ч биш олон хүнтэй харилцаж ажиллана. Биеийн хөгжил, хувийн соёл гээд бүх зүйлээ анхаарч хөгжүүлэх шаардлагатай болно. Хамгийн гол нь урьд өмнө нь энгийн амьдралаар амьдарч явсан хүн маань хатуу чанд  тушаалын дор амьдрах болно. Цэргийн алба хүнийг тэсвэр хатуужилд сургадаг. Хэдийгээр би цэргийн хүний гэр бүл ч гэсэн бүх зүйлд өөрийн биеэр төлөвшин зохицох шаардлага гарч ирсэн. Цэргийн албанд ороод би МУИС-ийн Эдийн засгийн ангид суралцаж төгссөн. Дараа нь би Тагнуулын дээд сургуулийг төгссөн. Замын-Үүд бол Монгол Улсын номер нэг боомт. Энэ том боомтын хамгийн эхний нүүр царай болон “Таны амрыг эрье” гээд зогсч угтдагаараа бахар­хаж, энэ албандаа чин үнэнчээр зүтгэж ирсэн. Би бичиг баримтын шалгагчаас эхлээд боомтын орлогч хүртэлх албан тушаалуудыг бүгдийг хашлаа. Эргээд дурсахад кино шиг л амьдрал нүдний өмнө хөвөрч байна.Офицер болоод цэргүүдтэй ажиллах анхны үүргээ хүлээж аваад бараг нэг бүтэн жил цэргийн хуаранд амьдарч байлаа. Гэрээсээ утас зүүнээс авахуулаад лаа хүртэл хулгайлаад анги руугаа жирийл­гэчихнэ. Ингээд л дурсаад байвал үнэхээр барагдашгүй их зүйл байдаг юм байна.
-Өөрийг тань тэтгэвэртээ гар­чихсан гэж хэлэхээр үнэхээр гайхлаа. Итгэх арга алга. Яагаад ийм залуухнаараа, ид хийж бүтээх үедээ тэтгэвэрт гарч байгаа юм бэ?
-Мэдэхгүй. Гэнэт л мэдэгдэл ирсэн.
-Сонин юм. Яг тийм мэдэгдэл хүлээж авахад сэтгэл зүйн хувьд амар биш байсан байх даа?
-Яг үнэнийг хэлэхэд эхлээд надад хүлээж авахад маш эвгүй байсан. Тэр мэдээг надад хамгийн анх дуулгасан хүн ч их эвгүй дуул­гасан. Сэтгэл үнэхээр хачин болсон. Тэр үед нөхөр маань хот руу явчихсан эзгүй, хүүтэйгээ гэртээ хоёулхнаа байсан. Утсаа тавиад эргэхдээ үнэхээр барьц алдаж, сэтгэл хачин болсон. Ямар ч байсан энэ албанд би 19 жил зүтгэчихсэн. Энэ жилдээ би ажиллана. Тэр хугацаандаа миний ажлыг авах хүнд бүгдийг зааж, сургаж, бэлтгэж өгнө. Дараагийн хүн надаас илүү ажиллаасай. Ямар ч байсан би өөрийн мэддэг чаддаг бүх зүйлийг, амьдралаас хуримтлуулсан туршлага дадлагаа өвлүүлнэ гэж бодож байсан. Гэтэл гэв гэнэт тушаал ирсэн. Нас чинь 45 хүрсэн. Жил чинь болсон учраас цэргийн тэтгэвэрт гаргалаа гэсэн бичиг. Тэр бичгийг би анги дээр очиж авсан. Авахдаа миний нулимс цийлэлзэж, гар салгалж байсан ч би тэнд байгаа хүмүүст тэрийгээ харуулахгүй байхыг хичээсэн. Яагаад гэвэл би тэнд удирдлага байсан хүн. Өөрийн манлайлан удирдаж явсан хүмүүстээ тийм байдалтай харагдаж болохгүй шүү дээ. Тийм учраас би дотроо уйлсан, бүгдийг дотогш нь залгисан. Тэгээд л нүүрэн дээрээ инээмсэглээд гарсан. Тэр өдөр манай хилийн цэргийн 190 алба хаагч нэг өдөр нэг тушаалаар тэтгэвэрт гарсан юм билээ. Тэдний нэг нь би байсан.
-Нэг өдөр 190 хүн үү?
-Тийм. Ахиад ирэх есөн сард ч олон арван алба хаагчдыг гаргах юм гэсэн.
-Аймшигтай юм. Төр насаар нь зүтгүүлсэн албатуудаа явуу­лах­даа сэтгэл зүйн хувьд их хайнга, харгис ханддаг тухай их олон уншигч захидал бичдэг л дээ. Мэдээж та цэргийн хүн бо­лохоор их тэвчээртэй хандсан байна?
-Тэр бүх төлөвшлийг цэргийн алба өөрөө надад олгосон л доо.
-Замын-Үүд чинь сум биз дээ?
-Тийм ээ, сум.
-Тийм сүрхий боловсон хүч­нээр хахчихсан газар уу. Орост тусгай дунд боловсрол эзэмш­сэн. Эх орондоо хоёр дээд сургууль дүүргэсэн. Хилийн цэргийн албыг янз бүрийн төвшинд хашчихсан. Дээр нь ийм залуухан боловсон хүч­нийг яагаад ашиглахгүй байгаа юм бэ?
-Би өөрөө ч гайхаж байна. Хараад байхад нас нь арай залуу  ч гэсэн ямар нэгэн байдлаар төрийн албанд тэнцэхгүй улсууд зөндөө л байх юм. Манай төрийн бодлого энэ тал дээр жаахан учир дутагдалтай санагддаг. Зүгээр бие бялдрын хувьд гэхэд л гар дээрээ ганц суниаж чадахгүй, хамаг бие нь сулбайгаад унжчихсан залуучууд явж л байна шүү дээ. Мэд­лэг боловсролын хувьд дорой, төрийн албан хаагчийн хувьд ёс зүй­гүй улсууд өдий төдийгөөрөө явж ха­раг­дах харамсалтай л санагддаг юм.
-Одоо бол үнэндээ огт өөр замаар асуудал шийдэгддэг болчихсон шүү дээ. Танд дээ­рээс нөлөөлчих “мотор” байх­гүй хэрэг үү. Та чинь Монголын хамгийн чухал боомт дээр 19 жил мөрдэс зүүсэн хариуцлага­тай албан тушаалтан байсан хүн шүү дээ. Танил тал баймаар л юм?
-Надад тэр “мотор” гэгч чинь даанч алга даа. Яагаад гэвэл намайг анх энэ албанд орж байхад ямар ч тийм “ мотор” байгаагүй. Бүх зүйл дэг журмын дагуу явагддаг байлаа. Бид зөвхөн ажлаа л хийхийг боддог бай­сан. Өөр юу ч бодох сөхөө байсангүй. Одоо энэ бидний амьдарч байгаа хоёр өрөө байрыг гэхэд сая л 10 жилийн зээлээр авсан гээд бод доо. Урьд нь албаны сууцанд л амьдарч ирсэн. Тэрэндээ дасчихсан. Ангийн албан хаагчдын байранд шүү дээ. Тэгээд ноднин Азийн хөгжлийн сангаас 10 жилийн цалингийн зээлээр энэ байрыг аваад орчихоод байна. Өөр бид хоёрт юу ч байхгүй. Үр хүүхэддээ өвлүүлж үлдээх юм маань л энэ болох юм. Манай нөхөр заставт найман жил, энд ирээд 19 жил гээд хорин хэдэн жил ажиллаж байгаа. Бид бүх амьдралаа хилээр өнгөрөөсөн. Хүмүүс Замын-Үүдэд ирээд л баяждаг гэж ойлгодог. Үнэндээ бидэн шиг социализмын үеийн ухамсартай цэр­гийн хүмүүс  өөрөөр амьдарч чадах ч үгүй. Яаж энэ хоёр өрөөг зээлээр авав аа. Тэгээгүй бол гудамжинд л нэг өдөр палхийтэл гарах байж дээ гэж би бодож сууна.
-Формоо эргээд хураалгав уу. Өөртөө дурсгал болгож хад­галав уу?
-Ногоон формоо дурсгал болгож үлдээх шив дээ. Формоо живхийтэл  өмсчихөөд, тэвхийтэл алхах ч бас сайхан шүү. Гэртээ суугаад би удаагүй байна л даа. Нэг сар л болж байна. Эхлээд өглөө босоод ажил руугаа алхчих гээд байсан. Одоо бол энэ амьдралдаа дасан зохицож эхэлж байх шиг байна. Би бол энэ ангийн бараг амьд архив. Анх ямар байлаа. Эрээн ч гэж юу байлаа. Замын-Үүд ч гэж ямар байлаа. Анги маань яаж байгуулагдаж байлаа гээд яривал бага биш зүйлийг ярих юм шиг. Анх манай Замын-Үүд хөгжлөөрөө Эрээнээс илүү айл байлаа. Гэтэл одоо тэдэндээ хол хаягдсан. Ёстой тоосоороо булуулсан. Эрээн үсрэнгүй хөгжсөн. Тэндэхийнхний харц, харилцаа тэс өөр болсон. Яг энэ дэнсэн дээр бол сэтгэл үнэхээр гутарч, хор шар хөдөлдөг. Монголчууд бид яагаад ийм арчаагүй юм бэ гэж өөрийн эрхгүй өвддөг. Замын-Үүд бол сайхан нутаг. Ганцхан хүмүүс яагаад энэ нутгийг дандаа буруу ашиглахыг санаархдаг юм бэ. Энэ сайхан нутгийн заяа нь гомдоно шүү дээ.      
-Та бүр эндэхийн хүн болчих­жээ. Хүмүүс ийм үед за за төрж өссөн нутгаа бараадъя даа гэ­дэг юм билээ?
-Энэ газар чинь би ээжийгээ дагуулж ирээд, хөрсөнд нь нутаглуул­сан юм шүү дээ. Тэгэхээр ээжийгээ би яаж орхиж явах юм бэ. Эндээс би хаашаа ч явахгүй. Явж чадахгүй юм шиг санагддаг.
-Тийм бол аргагүй юм аа. Та ингэхэд ямар дуунд дуртай вэ. Сэтгэлд дотно, хааяа аялчихаар санаа сэтгэлд хөг эгшиг нэмдэг халаасны дуу гэж байдаг даа?
-Би “Хилийн тэнгэр цэлмэг байгаа­сай” гэдэг дуунд л хамгийн их дуртай даа. Яагаад гэвэл хилийн тэнгэр цэл­мэг л байвал хилчин бидний сэтгэлийн тэнгэр ч цэлмэг байдаг. Нөгөө талаар энэ дуу өөрөө их тийм жавхаатай дуу. Хам­гийн анх энэ дууг Наранцэцэг, От­гон хоёр дуулдаг байсан. Хоёр сай­хан залуухан дуучин хоёр хоолой сал­гаж дуулаад л. Ямар гоё дуу вэ. Яасан сайхан дуучид вэ гэж боддог байлаа. Одоо тэр хоёр эгч маань хоёулаа тэт­гэвэртээ суусан. Гэвч сэтгэлд анх л сонссоноороо хадгалагдаж дээ. Хи­лийн цэрэг гэж үнэхээр дотор нь амь­дарсан хүнд гайхамшигтай сайхан алба. Их ч том алба. Өндөр ч ёс сурта­хуун. Сүрлэг ч айл. Тийм айлын нэгэн цэрэг явлаа. Гэхдээ зүгээр нэг дундаж цэрэг нь биш шүү. Өргөсөн тангараг­таа үнэнч, гишгэсэн мөр нь ариун алба хаагч нь байсан. Өнөөдөр би энэ үгийг бардам хэлнэ.
-Тийм ээ. Гэхдээ тэр хайртай Хилийн цэрэг тань танд жаахан хүндэтгэлтэй хандаж болох байж. Ядаж сарын өмнө сэтгэл зүйг тань бэлтгэж, урьдчилан тэтгэвэрт гаргах болсноо дуулгаж болно оо доо?
-Сая шинэ Ерөнхийлөгчийн танга­раг өргөх ёслолын парадыг телеви­зээр харахад өөрийн эрхгүй энэ дотор нэг юм огшоод ирсэн. Өөрөө хувцсаа өмсөөд, тушаалаа гүйцэтгээд гүйж явахдаа хүн анзаардаггүй юм байна. Өнөөдөр би насаараа өмссөн тэр сай­хан формоо өмсөхгүй гэж бодохоор гуниг төрөөд, тэр параданд хөл тавьж яваа цэргийн алба хаагчид дэндүү гоё, дэндүү дотно харагдаад энэ дотор зангираад байгаа байхгүй юу.
-Энэ боомт дээр хорин жил ёсолсон хүн хятад хэл гадар­лана биз дээ?
-Ойлгоно. Ойлголцоно. Албаны­хаа хэлээр бол харилцчихна. Орос хэл бол ойлгомжтой. Оросууд ороод ирэхээр цаанаа л сэтгэлд дотно байдаг юм. Сонин юм шүү.  Хар багадаа оросуудын дунд амьдарч, тэнд суралцаж, усыг нь ууж, ёсыг нь дагаж  явсан болохоор тэр байх даа.

Д.Оюунчимэг гэж үргэлж инээм­сэглэж явдаг, өндөр дүү­хэлз­сэн гоё офицер хүүхэн. Хүмүүс бухимдаж, хашгичиж, дайрч дав­шилж байхад өчүүхэн ч санаа сэт­гэлийн тэнцвэрээ алдаж, тэдний нөлөөнд автахгүй. Хилийн цэр­гийн эмэгтэй алба хаагчид бүг­дээрээ ийм сүрлэг, ноён нуруутай, зан чанарын хувьд чанд төлөв­шил­тэй байдаг бол сайхан аа гэж бахархмаар. Бас бүсгүй хүнийхээ хувьд тэр бүр цаанаасаа гэрэл гэ­гээтэй. Бүр цаанаасаа л аз жар­гал­тай…
Бодоод байхад Монгол Улсын хилийн хаалгаар ороод ирэхэд ун­жийж нурмайсан, сүр сүлдгүй, дээр нь уурлаж барайсан царайтай, төрийн мөрдэсийг гутаасан ёс зүйгүй алба хаагчид угтах ёсгүй шүү дээ. Энэ бол улсын маань нүүр царай.  Тийм болохоор л Оюу­наа ийм гэрэл гэгээтэй, тийм сүр хүчтэй төлөвшсөн байх.
Сэт­гүүлч миний бие жил гаруйн өмнө хил дээр саатуу­лагдаж, галт тэ­рэгнээс бууж бөөн адал явдал дунд анх түүнийг олж харсан юм. Бус­даасаа толгой дээгүүр ялгарч үзэгдэх эрхэмсэг төрх төлөв, төрийн алба хаагчийн сүр жавхаа өөрт нь дэндүү гоё зохисон тэр эмэгтэйг олж уулзахаар хайсаар очтол сарын өмнө тэтгэвэрт гарсан гэх хариу авч, хоёр нүд орой дээрээ гарах нь тэр. Тэт­гэвэрт хижээл насныхан л гардаг гэж бодож явсан минь эндүүрэл байжээ. Манай Монгол Улс чинь цэл залуухан, ид хийж бүтээх насан дээрээ яваа боловсон хүчнүүдээ л гэрт нь хуйгаар нь суулгадаг болж байгаа юм байна шүү  дээ.