„Ярилцъя” булан та бүхэнтэй шинэ зочныхоо хамт мэндчилж байна. Энэ удаагийн зочин маань УИХ-ын гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин.
-Та бол миний ярилцлагын шинэ зочин. Уг нь өөр сэдвээр л яримаар байна. Гэвч өнөөдөр олон нийтийн анхаарал тэр чигээрээ саарал ордонд хийгдэж байгаа хэлэлцээр лүү чиглэгдчихжээ. Тэгэхээр хоёулаа ч гэсэн ийш нь анхаарлаа хандуулах ёстой байх. Ингэхэд тэр зүгээс яг өнөөдөр манай уншигчдад хүргэчихмээр шинэ, содон, чухал мэдээлэл юу байна вэ?
-Оюу толгой болон уул уурхай тойрсон гэрээ хэлцлийн чиглэл дээр би уг нь өөр бодолтой байсан юм. Болж өгвөл энэ уул уурхайн чиглэлээр бага ярих юмсан гэсэн.

-Яагаад. Бүгд ярьж байгаа болохоор уу?

-Нэг талаас бүгд ярьж байгаа болохоор. Нөгөө талаас миний өөрийн дотоод итгэл үнэмшил мэргэжлийн хүмүүс нь яривал нийгэмд илүү зөв мэдээлэл очих юм болов уу гэсэн ойлголт дээр зогсч байсан. Харамсалтай нь хүн бүхэн бүх юмыг мэддэг болчихсон. Бүгд мэдэмхийрдэг болчихсон. Монголчуудын сүүлийн зургаан жилийн байдал төрх ямар байв. Уул уурхай гэдэг сэдвээр л хэтэрхий их хөөрлөө. Ярихгүй хүн байхгүй, мэдэхгүй хүн байхгүй болоод ирэхээр сүүлдээ аль нь мэргэжилтэн, аль нь мэргэжилтэн биш. Аль нь хувийн ашиг сонирхлыг тээж байна. Аль нь нийтийн ашиг сонирхлын төлөө явж байна гэдэг нь ойлгогдохоо больчихсон. Уг нь яг мэргэжлийнхэн нь, эдийн засагчид нь гарч ирээд монголын эдийн засагт, монголын ирээдүйд ашигтай хувилбаруудын төлөө ухаан бодлоо уралдуулаасай гэж хүсч байсан.Гэвч энэ хэлбэрээр цэвэр утгаараа юу ч явагдсангүй.  Яг миний хувьд бол үндсэн хуулиар мэргэшчихсэн, төрийн байгуулалт, ардчиллын үзэл санаагаар илүү их өөрийгөө цэнэглэчихсэн хүн учраас уул уурхайн ард улс төрд, ардчилалд сөрөг юм юу гарч ирдэг вэ гэдгийг л илүү харахыг хүссэн юм л даа. Харамсалтай нь бүх хүн уул уурхайгаар хэтэрхий их мэдэмхийрээд ирэхээр би өөрөө хүртэл дунд нь явж байгаа мөртлөө аль нь үнэн, аль нь худлаа, аль нь монголд ашигтайг нь мэдэхээ байх хүртлээ явчихлаа. Би бол гурван зүйл дээр л илүү их анхаарч  уул уурхайг харж байгаа. Нэгдүгээрт, монголын эдийн засаг нэлээн бэрхшээлтэй тулгарчихлаа. Уул уурхайг ашиглаад ирэхээр эдийн засаг руу мөнгө орж ирээд гацчихсан, зогсчихоод байгаа энэ байдлыг өөрчлөөд, эргэлтэнд оруулж, хөдөлгөөнд оруулах байх гэж найдаж байна. Нөгөө талаасаа бас нэг зүйл дээр нэлээн болгоомжилж байгаа. Энэ гэрээтэй холбоотой асуудлууд „Бороо гоулд”-ын хоёр дахь хувилбар болчих вий. Монголд эдийн засгийн ямар ч үр ашиг байдаггүй. Зөвхөн газрыг нь сэндийччихээд, ажиллаж байгаа цөөхөн хүн нь л цалинтай байдаг. Магадгүй цөөн улстөрч тохироотой гэрээн дээрээсээ хувь хүртээд илүү баяжчихдаг. Нөгөө улсууд нь ашгаа аваад гараад явчихдаг.Ийм юм болчих вий дээ гэсэн болгоомжлол байгаа. Тэр болгоомжлол нь мэдээж хэрэг татварын хөнгөлөлтгүй байх ёстой, монгол улс татвараа авч чаддаг, хянаж чаддаг бололцоотой байх ёстой шүү гэсэн байр суурин дээр хатуу зогссоноор илэрч байгаа юм. Гурав дахь зүйл нь нөгөө голланд өвчин гэж яриад байдаг зүйл. Уул уурхайгаас мөнгө орж байна. Энэ бол яг үндсэндээ эзэнгүй байхгүй юу. Хэн нэгэн бизнес хийх санаа олоод, өөрөө хяналтаа тавиад хөрөнгө оруулж байгаа бол энэ эзэнтэй гэсэн үг. Гэтэл уул уурхайн энэ чиглэлийн юм чинь эзэнгүй бөөн мөнгө босгоод ирдэг. Нэг хэсэг нь хөрөнгө оруулж байгаа хэсэгт нь байхад нөгөө хэсэг нь улстөрчдийн гарт үлдчихээд байдаг. Улстөрчид үүний тусламжтайгаар монголд арай чүү төлөвшиж ядаж байгаа ардчиллын байгууламжуудыг худалдаж аваад дампууруулчих вий. Нөгөө талаасаа засаглал өөрөө сайжирч чадаагүй байгаа энэ нөхцөлд засаглал жирийн иргэдэд үйлчилдэг гэхээсээ илүүтэй цөөн тооны мөнгөтэй хүмүүсийн гарын аясаар хөдөлдөг тийм тогтолцоо руу ороод явчих вий гэсэн болгоомжлол байгаа юм. Ийм гурван зүйл дээр л би анхаарч харж байгаа. Мэдээж цаана нь ондоо өдий төдий асуудал бий.

-Гэвч яг өнөөдрийн тулаад ирчихсэн нөхцөл байдал биднээс шийдвэр гаргахыг шаардаж байна шүү дээ?

-Тийм ээ. Яг өнөөгийн энэ нөхцөл байдал дээр бол ялангуяа „Рио Тинто” ороод  ирчихсэн байгаа ийм нөхцөлд боломжийн хувилбараар гэрээ байгуулчихвал Монголд л илүү ашигтай юм даа.

-Үнэндээ монголчууд бид Оюу толгойн гэрээг байгуулж чадахгүй бол яг юу алдахаа сайн тунгаахгүй байна. Нийтийн ухамсрын төвшинд энэ талаар тийм ч дорвитой бодол алга. Энэ талаар та цэгцтэй байр суурь илэрхийлж өгөөч?

-Би өөрөө ч дундаж монголчуудын төвшний ойлголттой байгаа шүү дээ. Харьцангуйгаар ингээд хараад үзэхээр „Айвонхо Майнз” яахав нэг бол „Рио Тинто”-гоор дамжина, нэг бол „Чайналко”-оор дамжиж монголын уул уурхай руу орж ирэх бололцоотой юм шиг байна лээ. Хэрвээ бид барууны хөрөнгө оруулагчдыг алдах юм бол ухаад гаргах нь мөн худалдаж авах нь Хятад л болж хувирах байхгүй юу. Ийм нөхцөлд хоёр боломжийг ашиглаж байгаа улсууд  байнга л үнээ бидэнд тулгаж чадна шүү дээ. Нөгөөтэйгүүр эдийн засгийн үр ашиг нь зүгээр л механикаар Хятадын эдийн засгийг дэмжиж ажиллана. Түүхий эд нь Хятадыг л дэмжинэ. Бүгд ойлгомжтой. Гэхдээ бид ашигтай гэрээ хэлцэл хийгээд авах юм бол эдийн засгийн эргэлт нь ямар ч байсан манайд эргээд байх бололцоотой юм болов уу гэж хараад байгаа юм. Хэрэв манайх энэ гэрээг алдах юм бол олон талаараа хүнд байдалд орно. Гэрээний нөгөө тал дан Хятадын хөрөнгө оруулагчид болно. Хятадын компаниуд болно. Худалдан авагч нь тэртээ тэргүй Хятад байгаа ийм нөхцөлд тэр аяараа эдийн засгийн тодорхой хэсэг зөвхөн Хятад руу чиглэсэн хараат байдал руу орчих болов уу гэсэн болгоомжлол байна. Би эдийн засагч биш ч гэсэн үүнийг илүү бодитой зүйл гэж харж байгаа.

-Мөнхийн хөршүүдийнхээ дохио зангаанаас ядаж энэ том төсөл дээр түр холдож, гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нь стратегийн хувьд зөв шийдэл гэх байр суурь түлхүү байна. Гэтэл гадаа хашгираад байгаа эх орончид маань өөр юм яриад байгаа?

-Би ярианыхаа эхэнд хэлсэн. Мэргэжлийн хүмүүсийн байр суурийг илүү хүндэтгэдэг гэж. Гэвч манайд бүх юм хавтгайрчихлаа л даа. Энэ мэдээллийг хэн хэлж байгаа юм. Тэр мэдээллийг хэлж байгаа хүн үнэхээр тэр чиглэлээр мэргэшсэн хүн мөн үү гэдгийг ерөөсөө нягтлалгүй хүлээж авдаг. Энэ байдал Хадгаламж зээлийн хоршоодын хямралын үеэр ямар олон хүмүүсийг дампууруулав. Жишээ нь мөнгөө алдчихсан хүмүүсээс асуулаа. Та тэр ХЗХ-нд байраа барьцаалаад мөнгөө аваачиж өгөх шийдвэрийг гаргахдаа хэнээс зөвөлгөө авсан юм бэ гэж. Манай найз зөвөлсөн юм гэдэг. Найз чинь хэн юм бэ. Юу хийдэг юм бэ гэхээр манай найз энд ТҮЦ ажиллуулдаг юм аа гэх жишээтэй. Тэр дайны эрсдлийг урьдчилан харах ямар ч туршлагагүй, эдийн засгийн ямар ч мэдлэггүй хүмүүс хоорондоо зөвлөлдөөд шийдвэрээ гаргаад явцгаачихсан байгаа байхгүй юу. Байдал ийм л байгаа. Яг адилхан. Уул уурхайтай ямар ч холбоогүй, эсвэл ямар боловсролгүй, юу ч тунгаагаагүй улсууд л цээжээ дэлдээд байгаа. Эх оронч байна гэдэг хоосон цээжээ дэлдсэнээр болчихдог юм биш шүү дээ. Бид чинь илүү их мэдлэгжчихсэн, мэдээлэлжчихсэн, олон төрлийн харилцаагаар дэлхийн төвшинд харилцдаг болчихсон ийм нийгэмд амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Асуудалд жаахан бодитой,ухаалаг ханддаг баймаар байна. Харамсалтай нь бид хэтэрхий хийсвэр байна. Бараг л мухар сүсгийн төвшинд шинжлэх ухааныг, эсвэл мэдээллийг үнэлж байна. Ийм нийгэмд эрсдэлтэй л амьдарна гэсэн үг ш дээ. Энэ эрсдэл нь монголыг дампуурах эрсдэл байх вий л гэж айгаад байгаа байхгүй юу. Тийм учраас хүмүүс хэнийг сонсох, хэнд итгэхээ бодож байх хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүсийн үгийг илүү сонсох хэрэгтэй. Илүү туршлагатай хүмүүсийн үгийг сонссон нь дээр шүү дээ. Илүү эрсдлээ зөв харж чадах хүмүүсийн үгийг сонссон нь дээр юм биш үү л гэж хэлмээр байна. Би гудамжинд гэдэг үгэнд дургүй. Гэхдээ тэнд жагсч байгаа, өөрсдийнхөө эрх ашгийг илэрхийлж байгаа иргэдийн талд олон тохиолдолд зогсдог. Энэ удаа бол арай биш байна гэж харж байгаа.

-Сүүлийн үед энэ асуудлаар талцах, байр сууриар хуваагдах байдал руу түлхэх оролдлого ажиглагдаж байна. „Рио Тинто” явбал ч явна л биз. Цаана нь „Чайналко” сайхан сэтгэл өвөрлөөд сууж байгаа юм чинь гэх маягийн үг энд тэндээс цухалзаад ч байх шиг. Яг том улс төр дотор энэ асуудал дээр айхтар том хуваагдал байгаа юм уу?

-Улстөрчдийн хувьд хуваагдал байна л даа. Гэхдээ тэр нь айхтар тийм хатуу эсэхийг би мэдэхгүй байна. Зүгээр байр суурийн ялгаатай улсууд байх шиг л  байна. Байр суурийн ялгаа нь юун дээрээ байна гэхээр нэг бол дан хараар харж болж байна. Эсвэл дан цагаанаар. Хараар харах юм бол олон улс төр судлаачид нэг л зүйлийг үнэлээд байна лээ. Би бол үүнийг бас бодитой байхыг үгүйсгэхгүй. Эсвэл бас эрсдлийн 50 хувь ийм байж магадгүй гэж бодоод байгаа байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр улс төрийн бүлэглэлүүд хэний үед энэ гэрээ хэлцлийг хийх вэ, мөнгө нь хэдий үед орж ирэхэв, мөнгө  орж ирж байгаа дээр улс төрийн аль бүлэглэл хяналт тавьж байх вэ гэдэг дээр бас өрсөлдөж байна гэсэн нэг дүгнэлт бас яригдаж байна. Энэ өрсөлдөөн эцсийн дүнд юу руу очиж байна вэ гэхээр цаад хөрөнгө оруулагч хэн байх вэ, хэнтэй бид илүү ойртож чадах вэ гэдгээр бас хуваагдчихаад байх шиг байна. Нэг бол хятадуудтай бид илүү их ойртож чадна гэсэн бүлэглэл байхад нөгөө хэсэг нь барууныхантай бид түлхүү ойлголцож чадна гэсэн итгэл үнэмшилтэй хэсэг байх жишээтэй. Ойлголцлынх нь хэм хэмжээ юу байна вэ гэхээр авилгынх нь хувь хэмжээ байх шиг байнаа гэсэн ажиглагчид бас байна. Өөрөөр хэлбэл хэн илүү өөрсдийнх нь халаас руу мөнгө хийж чадах вэ, хэн илүү зах зээлийн гэрээ хэлцлийн дүрмийн дагуу шударга тоглож чадах вэ гэдгээрээ ялгарчихаад байнаа гэж харж байгаа хэсэг байна. Яг иймэрхүү яриануудыг аваад үзэхээр эцсийн дүнд юун очиж тайлагдаж харагдах вэ. 2012 оны сонгууль дээр. Хэний халаасанд илүү их мөнгө байх вэ. Мөнгө өнөөдөр монголын зах зээл дээр яг шударгаар хөдөлмөрлөж байгаа бизнесменүүдийн гараас улстөрчдийн халаасанд орохгүй шүү дээ. Улстөрчдийн халааснаас хаанаас илүү их мөнгө орж ирэх вэ. Эзэнгүй баялагтай гэж би түрүүн хэлж байсан. Уул уурхайгаас л орж ирнэ. Тийм учраас уул уурхай дээр хяналтаа тавихын тулд хэнтэй илүү ярилцаж ойлголцож чадах вэ гэдгээрээ улстөрчид хуваагдаад байгаа юм бишүү гэсэн болгоомжлол хүмүүст байгаа байхыг би үгүйсгэхгүй.  Асуудлын нөгөө талд бас нэг зүйл байгаа байхгүй юу. Улстөрчдийг бас бүгдийг нь ингэж хараар будаж харж болохгүй. Зарим хэсэг нь монголд зөвхөн орж ирэх мөнгөө бодоод  байх шиг байна. Зарим хэсэг нь нөгөө цээжээ дэлдсэн эх орончид шиг тэнд ямар ч байсан бид эзэн нь байх ёстой гэсэн хувь тойрсон асуудлыг тээж бухимдаад байх шиг байна. Би хоёр талаас нь ингэж л харж байна. Би илүү прагматик харах ёстой гэж бодож байна. Мөнгө орж ирээд тэр мөнгө нь монголын эдийн засгийг эрүүлжүүлэхэд, монголын улс төрийг өөрийг нь эрүүл байхад нь л дэмтэй мөнгө байх ёстой болохоос биш тэр мөнгө буцаагаад л уул уурхай руу ороод явчих юм бол энэ голланд өвчин болчих гээд байгаа байхгүй юу. Уул уурхай руу орсон мөнгө хэзээ ч буцаж ирдэггүй гэдэг дүрэм байдаг юм. Эсвэл нөгөө мөнгө нь улстөрчдийн амлалтуудыг биелүүлэхэд цацагдах мөнгө болоод хувирчих юм бол энэ улс оронд хөгжлийг авчрахгүй. Тэгэхээр нэг л энийг зарчмаар хаах ёстой юм. Мөнгө нь эдийн засгийн үр өгөөжтэй байх ёстой. Түүнээс биш орж ирсэн мөнгө уул уурхай руу яваад, дараа нь бид 50 хувийг нь эзэмшдэг гээд ухсан нүхтэй, эвдэрхий тоног төхөөрөмжтэй үлдэж болохгүй. Ямар ч байсан мөнгө авах ёстой. Татварын хөнгөлтгүйгээр, зөв эрүүл хяналттайгаар мөнгөө авах ёстой. Энэ мөнгө уул уурхайг биш өөр бизнесийг дэмжих ёстой. Олон хүнийг ажлын байртай болгодог. Олон талаас монгол улсыг хөгжүүлдэг тийм бизнесийг дэмжих ёстой. Энэ мөнгө эрүүл мэнд, боловсрол гээд монгол хүнийг өөрийг нь хүчирхэгжүүлэхэд туслах салбарт дэмжлэг өгөх ёстой. Энэ мөнгө монголд орчин үеийн хүчирхэг нийгмийг бий болгоход хөрөнгө оруулалт болох ёстой.   

-Ерөнхийдөө бид олон жил хүлээлээ. Тойрч удаан хэрэлдлээ. Үнэнийг хэлэхэд ядарсан орны зовхи нь буучихсан гунигтай иргэн явсаар туйлдаж байна шүү дээ. Өнөөдрийн ээлжит бус чуулган эцсийн шийдвэрийг гаргаж чадах уу. Хөшигний цаана олон уулзалтууд болж байгаа. Тохиролцоонд хэр хүрч байгаа бол?

-Би бол чадах байх гэсэн горьдлоготой байна. Одоо бол ерөнхийдөө улстөрчид нь ч гэсэн хийрхлээс залхаж байгаа байх. Хоёрт, маш хурдан үүнийгээ шийдээд галт тэргийг хөдөлгөчихөөд, хөдөлгөсөн даруйдаа дараагийнхаа асуудлыг шийдэхгүй бол галт тэрэг маань өөрөө хөдөлж өгөхгүй байна шүү дээ.

-Зарим гишүүд чинь ноднин зунжин ярьж явсан популист амлалтуудаа мартчихаад тэс хөндлөн юм яриад байна шүү дээ. Тэдэнтэй хэр учраа олж байгаа юм бол гэж л?

-Зарим нь утасдаж байр суурь ямар байна гэж лавлаж л байна лээ. Би өөрийн байр сууриа л хэлж байгаа.

-Нэг захидал сүүлийн үед нэлээн шуугиан тарьлаа. „Айвонхоу майнз” компаниас гишүүдэд хандаж илгээсэн тэр захидал бизнесийн зовлон амсаж яваа тэр айлын зүгээс ирж болох л зүйл биз дээ. Та нар тэрэнд нь эгдүүцээд тамгын газартаа ховлож загнуулаад байгаа ч юм шиг хошин дүр зураг харагдаад өнгөрөв үү дээ?

-(инээв) Надад тэр захиа ирсэн л дээ. Би бол тэр компанийг сайн мэдэхгүй шүү дээ. Нэг ч хүнтэй нь уулзаж үзээгүй. Хэвлэлийн мэдээллээс надад төрсөн сэтгэгдэл юу вэ гэхээр өмнөх засгийн газруудтай, өмнөх улстөрчидтэй юм уу, эсвэл улс төрийн хүчнүүдтэй тэд нарын ярьдаг, хэлэлцдэг байсан юм нь авилгалын хэлбэртэй харилцаанууд байсан юм болов уу гэж бодогдсон. Олон талаасаа ч тэгж харагддаг байсан. Гэтэл өнөөдөр захидал бичиж байгаа нь харин ч дэвшил баймаар. Илүү соёлжчихсон харилцаа баймаар. Захидал гэдэг бол иргэншсэн нийгмийн харилцаанд зүгээр л нэг байдаг хэв маяг шүү дээ. Надад бол илүү зөв санагдсан. Улстөрчдийн халаас руу мөнгө хийгээгүй. Харин байр сууриа соёлтой аргаар илэрхийлсэн нь өөрөө эрүүл үзэгдэл байна гэж харсан. Гэтэл олон хүн үүнд эгдүүцэж хүлээж авсан байна лээ. Би бухимдсан шалтгааныг нь ойлгоогүй. Юундаа бухимдсан юм бэ. Б.Цэнддоогийн хэлснээр дугтуйнд нь мөнгө байгаагүй учраас улстөрчид уурлалаа гэдэг арай болсон юм биш биз. (инээв) Захидал дотор дурьдагдсан зарим үг өгүүлбэр надад ч бас таалагдахгүй л байсан. Гэхдээ бүх юмыг тааламжтайгаар өгүүлэх албагүй шүү дээ. Би захидал хүлээж аваад хариуг нь буцаагаад бичих ёстой юм байна гэж бодож байтал УИХ-ын Тамгын газар захиа биччихэж. Одоо надад юу бодогдож байна гээч. Байж байгаарай, ингэхэд энэ тамгын газар намайг төлөөлж ажиллах эрх мэдэлтэй юу. Үгүй юу. Энэ гэрээ хэлцэл дууссаны дараа тамгын газар руу  албан тоот явуулах гэж байна л даа.   Ямар хуулинд заасан эрхээр УИХ-ын гишүүдийн нэрийн өмнөөс тамгын газар захидал биччихэв ээ. Хаанаас, хэн ийм үүрэг даалгавар өгөв өө. Ямар гишүүдтэй зөвшилцсөн юм бэ. Надтай бол жишээ нь зөвшилцөөгүй. Яриагүй. Тэгсэн атлаа миний өмнөөс захидал биччихсэн байгаа байхгүй юу. Би тамгын газраас асуугаад байна л даа. Та нарын явуулсан захидал УИХ-ын гишүүдийн хэдийг нь төлөөлж байгаа юм бэ. Гарын үсгүүдийг нь авсан юм уу. Авсан бол тэр хүмүүсээ л төлөөлж, нэр усыг нь бичиж явуул. Би бол өөрөө захидалд нь хариу бичнэ. Ийм байдлаар УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг булааж авч болохгүй ээ. Тамгын газрынхнаас дам сонсоход Д.Дэмбрэл дарга тийм заавар өгсөн юм шиг байна. Одоо би Д.Дэмбрэл даргад асуулга тавих гээд байна.

-Ямар?

-Та ингэхэд спикер юм уу, Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд юм уу. УИХ бол танхимаар ажилладаг Засгийн газар бишээ. Та хуралдаанаа даргалдаг, хуралдаантай холбоотой асуудлаа шийддэг бол тэр замаараа л эрх мэдлээ хэрэгжүүл. УИХ-н гишүүдийн эрх мэдлийг битгий булааж аваачээ гэж асууна. Яг энэ үзэгдлийн эсрэг би бараг дөрвөн сар үзэж байна л даа. УИХ-ын тухай хууль, УИХ-ын эрх зүйн байдлын тухай хуулийг хүртэл санаачилж байна. Үнэхээр эргээд харахаар манайд улс төрийн соёл гэдэг юм алга. Тийм учраас энэ удаагийн захиа тойрсон үйл явдал надад нэг шинэ сэдэл төрүүлсэн гэж хэлж болно. Нууцгүй хэлэхэд тухайн үед нэлээн бухимдсан.

-Гэрээ дэлхийн стандартын дагуу хийгдэж байгаа. Санал болгож байгаа технологи нь ч хамгийн супер нь гэсэн таниулгууд хангалттай явлаа. Гэвч нэг хэсэг нь үл итгэсэн хэвээр. Эх орныг маань харийнханд худалдах гэж байна. Ерөөсөө хоёр толгойгоо дараад хэвтээд байя. Малаа хариулаад болоод л байсан шүү дээ гээд тэд маань орилж байна. Эх захгүй бөмбөр нүдэж байхад пийпаа хөгжмийн аялгуу сонсогддоггүй гэсэн энэтхэгийн нэг эртний үгийг та жишээ нь ишлэх дуртай. Эдэнтэйгээ тэгээд яаж учраа олох вэ?

-Бидний яриа эхэлж байхад энэ сэдвийг хөндсөн. Үнэндээ бүх хүн мэддэг юм шиг хашгирч байгаа болохоор мэддэг хүмүүс нь дуугарч чадахаа байчихаад байна л даа. Эсвэл тэд хичнээн хашгираад нөгөөдүүлийнхэд дарагдаад сонсогдохгүй байна. Ахин хэлэхэд бид хэтэрхий их хийрхчихжээ. Бас нэг юмыг мэдрэх ёстой байна. Энэ нийгэмд чинь бүх хүн тэгш эрхтэй төрдөг ч гэсэн авъяас чадварын хувьд харилцан адилгүй төрдөг юм байнаа. Зарим нэг нь математиктаа сайн байхад, зарим нь дуулах авъяастай байдаг. Тэрэнтэй адилхан мэдлэг боловсрол ч гэсэн хүмүүст сав саваар нь ялгаатай орж ирдэг юм байна. Энэ ялгаануудаараа нэг нэгийгээ хүлээн зөвшөөрч сурах явдал манай нийгэмд үнэхээр үгүйлэгдэж байна. Тэгэхгүй бол гудамжинд гараад илүү чанга хашгирдаг нь бүх юмыг тодорхойлчихдог. Илүү чанга орилсноороо бүх юм шийдэгдчихдэг бол улс орон хөгжвөл хөгжихөөр л болсон. Эсвэл бүх юмыг нууж дарснаар юм шийдэгдчихдэг бол олон юмны ард гарвал гарчихаар л цаг хугацааг бид үрэн таран хийж байна шүү дээ. Хоёр туйл хэтэрхий хоёр тийш чангаачихаад байна. Анх „Оюу толгой”-н гэрээг нууцын зэрэглэлд аваад л дараад далд хийх гэж оролдсон. Энэ л олон хүний дургүйг хүргэсэн. Балаг нь одоо болтол үргэлжилж байгаа нь энэ. Нөгөө талд нь бүх юмыг мэддэг юм шиг гадаа өчнөөн л хашгирлаа шүү дээ. Би жишээ нь зарим хүмүүсээс нь асуумаар санагддаг юм. Ер нь та уул уурхайн чиглэлээр яг юу хийсэн хүн юм бэ гэж. Гэтэл хоосон нэртэй нөхдүүд дунд нь хашгираад л яваад байгаа байхгүй юу.

-Үнэн?

-Би зарим хүмүүсийнх нь түүхийг мэднэ л дээ. Хэдэн компани дампууруулсныг нь ч мэднэ. Зүгээр уул уурхайн чиглэлээр хашгирдаг биш, өөрөө уул уурхайг шантаажилж мөнгө олдог хүмүүсийг нь ч би мэднэ. Иймэрхүү юмнуудыг хараад бухимдах, дургүй хүрэх үе зөндөө гарах юм. Хэтэрхий баг зүүж хашгирах, өөрийнхөө үнэн нүүр царай, хүсэл шуналаа ардаа нууж явах хэрэггүй дээ. Яг үнэндээ хүн зүгээр л бодитой, мэргэжилдээ үнэнч байвал сайхан санагддаг юм. Харамсалтай нь мэргэжлээ зарчихсан хүмүүс ч бас байх л юм байна ш дээ. Энэ байдлуудаас жаахан залхаад л байна. Гэхдээ цаг хугацаа энийг шүүнэ. Энэ хийрхлийн хариу ч хэдхэн жилийн дараа гараад ирнэ. Тэр үед зарчимдаа үнэнч байсан хүмүүс л шалгарч үлдэнэ. Хоосон цээжээ дэлдээд, мэдэмхийрээд, хувийн эрх ашгийнхаа төлөө жүжиглэж явсан хүмүүсийн нүүр царай мөдхөн илчлэгдэнэ. Монгол улс 20 жил явсан замаасаа ухарчихгүй байгаасай. Казакстаны араас орчихгүй байгаасай. Уул уурхайн энэ баялаг нь монголын улс төрийг цөөн олигархын гарт улам бүр оруулчихгүй байгаасай л гэж би хүсч байна. Тэгэхэд нэг зүйл надад арай эрсдэл багатай харагдаж байгаа нь юув гэхээр барууны хөрөнгө оруулагч. Хятадууд бол ойлгомжтой шүү дээ. Тохиролцож явж байгаа хэсгийгээ хахуульдаад, эсвэл тэр хэсэг рүүгээ хөрөнгө оруулалтаа хийгээд л явчихна ш дээ. Барууны хөрөнгө оруулалт илүү соёлтой. Ядаж цаана нь хувьцаа эзэмшиж байгаа хүмүүстээ тайлагнадаг системтэй биз дээ. Тэрүүгээр нь дамжаад ч бид бас монголд үлдэж байгаа баялгууд нь хэний гарт байна вэ гэдгийг нь хяначих байх гэж найдаж байгаа юм. Тийм учраас миний дэмжиж байгаа тал ардчиллыг дэмжих бололцоотой, ижил соёлтой улсынхаа хөрөнгө оруулагчийг оруулж ирсэн нь дараагийн бидний хийх алхамд чухал үр нөлөөтэй гэж харж байгаа.    

-Таныг хуульч хүн болохоор асууж байгаа юм шүү. Шинэ Ерөнхийлөгч маань шүүх засаглалд бугласан идээ бээрийг шахна. Хог новшийг нь туужуудаж цэвэрлэнэ гэж амласан. Энэ амлалтыг нь тойрсон хүлээлт нийгэмд үүсч байх шиг байна. Үүний хажуугаар шүүх рүү ямар ч алхам хийж чадахаа байсан гэнээ. Тэрийг нь ч нэг нь гуйсан гэнэ. Энийг нь ч хөдөлгөхгүй байхыг хийчихсэн гэнэ гэсэн яриа гарч эхэлжээ. Энэ талаар танд ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Монголд байгаа шүүхийн тогтолцоог эрүүлжүүлье гэвэл зөвхөн гаднаас л эрүүлжүүлж чадна. Шүүх дотор байгаа аль нэг фракцуудын туслалцаатайгаар эрүүлжүүлнэ гэвэл хамгийн том эндүүрэл. Одоо байгаа ерөнхий шүүгчийг хуучин байсан Ганбатаар нь солино гэж байгаа бол шүүхийн систем эрүүлжих ч үгүй. Энэ хоёр фракцийн аль нэг дээр тулж шүүхийг эрүүлжүүлнэ гэж байгаа бол бүтэхгүй. Болохгүй байгаа, бүтэхгүй байгаа зүйлүүдийг хийж байгаа хоёр бүлэглэлийн нэгийг нь нэгээр нь ялуулна л гэсэн үг ш дээ. Тийм учраас би энэ санаагаа Ерөнхийлөгчид ч гэсэн хэлж байгаа. Шүүхийн тогтолцоог эрүүлжүүлнэ гэж байгаа бол шүүхээс хоол иддэг, эсвэл шүүхтэй үй зайгүй хэлхээ холбоотой болчихсон хүмүүсийн тусламжтайгаар биш шүүхийг хөндлөнгөөс нь харж чадаж байгаа, өөрчилье гэсэн эрмэлзэлтэй байгаа сонирхлын зөрчилгүй тийм хүмүүсээр, тийм багаар л эрүүлжүүлж чадна ш дээ.

-Шүүх засаглалын оройд байгаа нөхдүүдтэй халуун хөнжилдөө амьдардаг ганц хоёр нөхдүүд танай намд байгаа шүү дээ. Тэд чинь баглачихаад байгаа юм биш үү?

-Ерөнхийлөгч сонгуулиар амласан, сонгогчдын дийлэнхийнх нь итгэлийг авч чадсан тэр амлалтаасаа буцахгүй байх гэж би итгэж байгаа. Тэрнийхээ төлөө бас эрсдэл гаргаж чадах байх. Нөгөө талаар шударга байх гэж оролдох нь тухайн нийгэмд байгаа хамгийн хүчирхэг хүмүүстэй тэмцэнэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчид тийм эрсдэл байгаа. Энэ эрсдлийг өөрөө мэдэрч байгаа учраас энэ амлалтыг өгсөн байх.

-Та М.Энхболдын үед Ельциний үеийнх шиг олигархиуд гаарсан бол С.Баярын үед Путины үеийнх шиг бюрократууд хүчээ авч байна гэж нэгэнтээ бичиж байсан. Бюрократуудтайтэгээд хэр бөөр нийлж байна даа. Та нар чинь бүгдээрээ л эвтэй найртай амьдарцгааж байгаа юм биш үү. Хамтдаа биднийгээ засаглаад л...

-(инээв) Яг ний нуугүй хэлэхэд шийдэх асуудлуудаа урдаа өрж тавиад одоо алийг нь барьж авах, алийг нь жаахан хойш нь тавих вэ гэдгээ л ангилж байна. Яг үнэнээ хэлэхэд шүү.