УИХ-ын анхдугаар чуулган үргэлжилж УИХ-ын даргыг шинээр томиллоо. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН, бие даагч гишүүд анхдугаар чуулганд оролцож, хуралдаанд оролцсон гишүдийн 95 хувийн саналаар З.Энхболдыг УИХ-ын даргаар томилов. Харин УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өмнө гаргасан шийдвэрийг  дагаж чуулганы хуралдаанд оролцсонгүй.

Тиймээс хуралдаанд оролцсон нам эвслийн гишүүд “УИХ-д сонгогдсон гишүүдийн хамгийн ахмад нь анхдугаар чуулганыг зарлана” гэсэн хуулийн заалтыг “Тухайн өдрийн чуулганд оролцсон гишүүдийн хамгийн ахмад нь хуралдааныг даргалахад хууль зөрчсөн болохгүй” хэмээн тайлбарлаад гишүүн Л.Цогоор хуралдааныг даргалуулснаар УИХ тав хоног үргэлжилсэн гацаанаас гарлаа. Мөн гишүүн Х.Тэмүүжин УИХ-ын дэгийн тухай хуульд “Чуулганы хуралдаанд саад учруулсан гишүүдэд хариуцлага тооцож, тухайн өдрийн хуралдаанаас гурван цагаар чөлөөлах хуулийн заалт байгаа. Ахмад гишүүн Д.Дэмбэрэл одоо хуралдаанд орж ирсэн ч гэсэн хуралдааныг даргалах эрхгүй болсон” гэдгийг ч давхар сануулсан.

Асуудал нэгэнт ингэж шийдэгдсэн хойно одоо бол хуралдааныг хэн даргалах, даргалахгүйн тухай биш, гацаа үүсгэсэн гол шалтгаан юу байсан бэ гэдгийг эргэж харах нь дээр байх. Анх З.Энхболд гишүүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүсэн Ардчилсан намын шийдвэр дээр эхний эргэлзээ гарсан билээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийнхэн уг асуудлыг “Манай намтай зөвшилцсөнгүй, бидний саналыг асуусангүй” хэмээн айлгаж хурал хаясан. УИХ дахь бусад нам, эвслийн гишүүд өнөөдөр анхдугаар чуулганыг хуралдуулна гэж амласан Д.Дэмбэрэл гишүүний үгээр асуудлыг аажууруулсан байлаа ч гэсэн намын бүлэг нь өмнөх шалтагаа тоочоод л хуралдааныг гацаах байсан нь лав. Тэгэхээр асуудал Д.Дэмбэрэлд биш, З.Энхболдод байжээ гэсэн үг.

Сануулахад Ардчилсан намын даргаас УИХ-д нэр дэвшигчийн талаар зөвшилцөх бичиг авсан МАН-ын бүлгийн гишүүд З.Энхболд гишүүнийг өөрийн намын бүлэг дээр орж, өөрсдийнх нь асуултад хариулахыг шаардсан. МАН-ын бүлгийнхний ингэж бачимдсан шалтгааныг арай өөр нүдээр харж байгаа хүмүүс ч олон бий.

Одоогоор УИХ-ын 76 гишүүнээс дөнгөж 69 нь тангаргаа өргөөд байгаа. Дахиад долоон гишүүний суудал онгорхой. Тэдний гурав нь буюу МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслэс сонгогдсон Ц.Цолмон, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар тангараг өргөхөөс татгалзсан. Үүнээс гадна МАН-аас нэр дэвшиж тойргийн сонгогчдын олонхийн санал авсан Өвөрхангайн С.Чинзориг, Н.Төмөрхүү, Увсын Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудал ч маргаантай хэвээр. Өвөрхангайн хоёрын тухайд сонгуулийн хууль зөрчиж, иргэдийн саналыг худалдан авах үйл ажиллагаа явуулсаныг нь хуулийн байгууллага шалгаж тогтоосон тул тойргийн хороо УИХ-ын гишүүний түр үнэмлэх өгөхөөс татгалзсан. Харин Увсын хоёрын тухайд мөн л санал худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулсаныг нь хуулийн байгууллага шалгаж тогтоосон атал тойргийн хороо хууль зөрчиж тэдэнд түр үнэмлэх гардуулсан гээд маргаантай зүйлүүд бий.

МАН-ын бүлэг УИХ-ын даргад нэр дэвшигчийг бүлгийнхээ хуралдаанд урьж залаад байсны цаана ч бас энэ мэт эрх ашиг нь хөндөгдсөн олон асуудлууд байж магадгүй. Учир нь СЕХ бол УИХ-ын шууд удирдлага дор ажилладаг, УИХ-ын өмнө үйл ажиллагаагаа тайлагнадаг байгууллага. Дарга, дэд дарга нарыг нь УИХ-ын даргын санал болгосноор томилж чөлөөлдөг. Тиймээс энэ удаагийн УИХ-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулахын тулд З.Энхболдын хамгийн түрүүнд барьж авах ёстой ажил нь СЕХ-г ажлыг нь хийлгэх явдал. Магадгүй МАН-ын бүлгийн хуралдаанд уриад байсны цаана “Манай Увсын хоёрыг үлдээчихээрэй, Өвөрхангайгаа танайх ав” гэсэн тохироо ч явах ёстой байсан юм бил үү, хэн мэдлээ.

Харин З.Энхболд гишүүн “Албан ёсоор байгуулагдаагүй бүлэг дээр орох шаардлагагүй” гэсэн эрс хатуу хариултаараа өөрийнхөө хэр зэрэг “хатуу самар” болохоо тус намынханд дахин нэг сануулаад амжлаа. Магадгүй тэр өөрөө ч гэсэн ямар нэг зүйлийн “үнэр” авчихсан байсан учраас ингэж эрсхэн татгалзсан биз. Ямар ч байсан өнгөрсөн сонгуулийн өмнөх шиг СЕХ нь нэг намын төлөөлөлтэй Засгийн газрын даалгавраар ажиллаад, Хууль зүй, дотоод хэргийн сайддаа загнуулаад, өмнөөс нь “сонгуулийг цахим үнэмлэхээр явуулж чадахгүй” гэдэг бичиг үйлдээд УИХ дээр орж ирдэг цаг хугацаа өнгөрсөн. Үүнийг МАН-ын бүлгийнхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Сонгуулийн дараа маш олон хүн З.Энхболдыг Сангийн сайд болно, Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэх мэт таамгуудыг уралдуулж байсан. Өөрт нь ч үг хаясан хүн цөөнгүй байх. Гэвч нэг яамны сайд хийгээд Ерөнхий сайдад загнуулаад сууж байна гэдэг түүний зиндаа биш. Өөрөө ч үүнийг сайн мэдэж байгаа. Тиймээс Ардчилсан намын жагсаалтын хоёрт бичигдэж, өөрийнхөө дэмжигчдийн саналыг намдаа цуглуулан цөөнх суудлыг олон болгож чадсан түүнд нам нь УИХ-ын даргын суудлыг санал болгосон хэрэг. Магадгүй өнгөрсөн 22 жил парламентыг удирдсан бусад улстөрчдөөс хамгийн тод томруунаар үлдэх мөрийг тэр л гаргаж чадна.

Бага зэрэг хүйтэн, хэтэрхий зарчимч, шаардлагатай, өөртөө итгэлтэй зан чанар нь түүнийг бусдаас ялгаруулдаг тул өрсөлдөгчид нь түүнд 16 жилийн өмнө “бэлтрэг” хэмээх нэр хайрлаад тархиныхаа мухарт түгжчихсэнээ одоо хэр нь залруулж чаддаггүй юм шиг. Анх ТӨХ-ны даргаар ажиллах үеэсээ өмч хувьчлалын том ажлыг нуруундаа үүрч, монголчууд зах зээлийн нийгэмд төлөвших, хувийн өмч дээр тулгуурласан эдийн засгийн хөгжлийн үүд хаалгыг нээснийх нь төлөө өгсөн энэ нэрийг нөгөө талаас магтаал шигээр ойлгож болно. Ямар ч асуудалд хэтэрхий ул суурьтай ханддаг, бараг л сэтгэлийн хөдөлгөөнгүй, шаардлага өндөртэй, барууны боловсрол, ачаалал даах чадвар, амьдралын зөв хэмнэл зэрэг нь түүнийг улс төрд хэр “хатуу самар” вэ гэдгийг бэлхнээ тодорхойлдог учраас өрсөлдөгчид нь түүнээс тэгтлээ айж ширвээтэхдэг нь аргагүй.

Мэдээж УИХ-ын дарга гэдэг гишүүдийн дарга биш, яг л бусад гишүүдийн адил ганцхан саналын эрхтэй. Гэхдээ парламентад үлгэрлэл гэж нэг юм байдаг. Өмнөх спикерүүдийн хувьд барагтай бол алдаа гаргадаггүй, аливаа өөрчлөлтөд хөшүүн хойрго ханддаг, уламжлалаа хэт их барьдагаа “төрийн хүний хүний ноён нуруу” гэж үздэг байсан бол З.Энхболдын хувьд өөрчлөлтийн үргэлж түрүүнд нь явдаг, ажлаа хэтэрхий сайн мэддэгээрээ одоогийн шинэ гишүүдэд үлгэр дуурайл болохуйц хүн. З.Энхболд хуралдаан даргалж байхад лав гишүүд дуртай дуугаа дуулаад, дунд чөмгөөрөө жиргээд, айлын эрх хүүхдүүд шиг аашлаад суух нь юу л бол. Аль нэг намын эрх ашиг түрүүлж ярьдаггүй, өөрөөсөө өөр хүний үгэнд төдийлөн ордоггүй энэ хүн л хуулийг хэлбэрэлтгүй мөрдөж чадна. Энэ бол төрийн хүний жинхэнэ мөн чанар, өмнөх спикерүүдээс ялгарах бас нэг онцлог нь. Өөрчлөлтийн салхи улс төрд хувь хүнээр дэмжиж орж ирдэг гэвэл шинэ спикер Монголын парламентад хэрэгтэй шинэчлэлт өөрчлөлтийн хамгийн түрүүнд нь явах болтугай. Амжилт хүсье!